Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 20

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Оюунбат даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Г.Э-, П.Б- нарт холбогдох эрүүгийн 201701070078 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч прокурорт буцаах тогтоол гаргасныг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасныг үндэслэн хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                  З.Ганцоож  

 Улсын яллагч                                                   Х.Эрдэнэтуяа  

 Шүүгдэгч                                                     Г.Э-

 Шүүгдэгч                                                     П.Б-

 Шүүгдэгч Г.Э-ын өмгөөлөгч            Л.Ганганбарс

 Шүүгдэгч П.Б-ийн өмгөөлөгч       Д.Цэнд-Аюуш нар оролцов.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хот, Багануур дүүрэгт төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл .., хамтран амьдрагч Б, .. настай хүүхэд нарын хамт Багануур дүүргийн .. дугаар хороо, .. дугаар гудамжны ..тоот оршин суух, .. аймгийн Б сумын ... аманд өвөлжөөтэй, 2011 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Багануур дүүргийн шүүхийн 54 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар 351 цагийн албадан ажил хийлгэх ялаар, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 125 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай,  Б овгийн Г-ын Э

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Багануур дүүргийн .. дугаар хороо, .. дугаар гудамжны .. тоот  оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн П-ийн Б- /РД: СЖ93052713/.

 

  Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас:

             Яллагдагч Г.Э-ын 2017 оны 04 дүгээр сарын 23-наас 2017 оны 04 дүгээр сарын 24-нд шилжих шөнө 24 цагийн үед Багануур дүүрэг дэх Соронз баарны гадна иргэн Н.М-г зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

            Яллагдагч П.Б-ийн 2017 оны 04 дүгээр сарын 23-наас 2017 оны 04 дүгээр сарын 24-нд шилжих шөнө 24 цагийн үед Багануур дүүрэг дэх Соронз баарны гадна иргэн А.Д-ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргүүдийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

            Г.Э-, П.Б- нарт холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв Үүнд:

 

Хохирогч Н.М-ын мөрдөн байцаалтад өгсөн:

“...2017 оны 4 дүгээр сарын 23-ны шөнө 23 цагийн үед ганц нэг пиво уух санаатай Соронз баар луу орсон.  Хэсэг хугацааны дараа М-тэй баарны гадна үүдэнд тамхи татаад зогсож байхад зурагчин хийдэг 3 залуу зогсож байсан. Бид хоёрыг гарч байхад Э- зөрөөд орж байсан. Э- найзуудаа дагуулан гарч ирээд “эд нар байна” гэж хэлэхэд тэд зурагчин хийдэг жижиг хар савхитай залуутай маргалдаж байгаад салцгаасан. Тэд нарын цаана Б- гэгч залуу нэг залуутай зодолдож эхэлсэн. Тэр хоёрыг зодолдож байхад хар савхитай залуу салгах гэхэд Э- араас нь гүйж очиж хар савхитай залууг цохиж унагаагаад босч ирэх гэж байхад нь өшиглөөд унагаасан. Тэнд зурагчин хийдэг хамраа цохиулсан залуу Э-ын найз Тамиртай нь барьцалдаад байхаар нь би салгах гэж байтал миний араас нэг хүн цохисон. Тэгээд л Э-ын найзууд намайг газар унагааж тал талаас өшиглөсөн. Тухайн үед бакалтай хүн миний дух хэсэг рүү /намайг тонгойчихсон байхад/ бакалаараа өшиглөсөн. Би тэгж өшиглөхийг харсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Хохирогч А.Д-ийн мөрдөн байцаалтад өгсөн:  

“2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 23 цаг өнгөрөөгөөд Соронз бааранд Б, Т нарын хамт орж, 1 шил архи хувааж уусан. Бид харихаар баарнаас гарахад Э- гэгч дээлтэй залуу “тамхи байна уу” гэхэд нь байхгүй гэж хэлтэл “тамхитай байхад яадаг юм” гээд дээлний ханцуйгаараа нүүр лүү шүргээд гарсан. Би “чи яаж байна” гэхэд “яасан ч яадаг юм бэ” гэж хэлж байхад баарнаас Т, Б нар гарч ирээд Э-ыг надаас холдуулсан. Тэгтэл Э- баар луу гүйж ороод найз нараа дагуулж гарч ирсэн. Тэд баарны үүдэнд зогсож байсан хоёр цагдаагийн Мөнх-Эрдэнэ гэгчтэй Б- муудалцаад тэр хоёр зодолдож эхэлсэн. Б тэр хоёр луу очиход Э- Батбаярыг цохиод унагаасан. Би юу болоод байна гээд очтол Э- намайг цохиод авсан тул би зөрүүлж цохиод бид хоёр зодолдож би Амтлаг нэртэй хүнсний дэлгүүрийн зүг зугатаж байхад Б- араас ирээд намайг тэвэрч аваад газар унагааж цохиж зодсон. Бас Э- намайг өшиглөж зодсон. Б-, Э- хоёр намайг газар унагааж толгой руу өшиглөөд байсан. Би тэрүүхэн хугацаанд ухаан балартсан байсан. Намайг зодсон залуучууд яваад өгөхөөр нь би Соронз баар луу алхаж байхад нөгөө хоёр цагдаа залуу зам дээр такси барих гэж байгаа бололтой зогсож байсан. Мөнх-Эрдэнийн нөгөө цагдаа нь зодуулсан байдалтай, зогсож чадахгүй, Мөнх-Эрдэнээр сугадуулсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/

 

Гэрч Г.Цэдэвсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн

               “...2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө 03 цагийн үед монгол дээл өмссөн залуу 4 залуугийн хамт манайхаар үйлчлүүлсэн. М-а, М нар Соронз баарны үүдэнд зогсож байхад нөгөө 5 залуу буюу Э-, Т, Л, Б-, Ц гээд залуучууд руу М-а руу гүйж очоод Б- тэр хоёр дээр доороо оролцсон. Тэгэхэд нөгөө хэд нь шавсан байсан. Би очиж салгахад М, М-а хоёр үлдсэн. Б- зурагчин гэх сахалтай хоёр залуутай очиж зодолдохоор нь би салгаад эргээд харахад М-а газар уначихсан хэвтэж байсан. Тэрний хажууд М, Э-, Л нар байж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16 дугаар хуудас/,

 

Гэрч М.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн

                   “...М.М бид хоёр Соронз баар луу ороод үүдэнд зогсож байхад Л гээд байгаа өндөр залуу бүжиглэж байгаад бид хоёр луу заагаад тэр хараа хоёр зоомбийнууд орж ирж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь нөгөө залууг гараад ир гэж дуудаад Л гэх залуутай хэрүүл хийгээд байж байсан чинь барилддаг гэмээр намхан Б- гэх залуу хажуунаас шууд над руу дайраад зууралдаад эхэлсэн. Тэр намайг хөлөөрөө дэгээдэж унагаагаад миний дээр гарч суугаад намайг цохихоор нь би зөрүүлээд цохисон бид хоёр бие биенийхээ нүүр лүү цохилцоогүй. Тэгээд байж байтал Соронз баарны хамгаалагч Ц гарч ирж бид хоёрыг салгасан. Б- бид хоёрыг зууралдаж байхад Соронзын урдах төв зам дээр Э-той хамт явж байсан залуучуудтай маргалдаад байж байсан чинь Э- гэх дээлтэй залуу миний баруун гар аймаар шүү гээд гүйж очоод М-ыг цохиод унагачихсан чинь надтай зууралдаад байсан Б- гүйж очоод М-ыг босгож ирээд дахин унагасан. Тэгээд намайг очихын завдалгүй хэдэн талаас нь цохиж аваад бүгд зугатаасан. Э- Б- хоёр голлож зодсон. Намайг гүйж очиход М-а зам дээр ухаан алдчихсан, хамар амнаас нь  цус гарч, нүүр ам нь битүү цус болоод нүдний шил гар утас зэрэг нь зам дээгүүр бутарсан байдалтай байсан. Би түүнийг нилээн алгадаж байж сэрээгээд машин руу оруулах гэж байхад Түмээ зурагчин найзын хамт зодуулчихсан, дээлтэй залуу хаачсан бэ гээд явж байсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

Гэрч О.Л-ын мөрдөн байцаалтад өгсөн  

“...Б- Мөнх-Эрдэнийг газар унагаад, Амтлаг дэлгүүрийн зүг рүү явж зурагчин хийдэг гурван залууг авч шидээд байсан. Тэнд Э- зурагчин хийдэг гурван залуутай зодолдож байсан. Э- буцаж ирэхдээ Соронз баарны хаалганы хажууд нэг залууг унагасан Б- тэнд өвчигнөж өгч байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/,

 

Гэрч Х.Батбаярын мөрдөн байцаалтад өгсөн:  

             “...би 2017 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад хамт ажилладаг Түмэнбаяр, Д- нарын хамт Соронз бааранд орсон. Тэнд ороод 1 шил 0.75 литрийн Соёрхол нэртэй архи аваад хувааж уусан, ганц нэг дуу дуулж байгаад Түмэнбаяр, Д- хоёртой баарнаас гарсан тэгээд би юу болсныг санахгүй байгаа, тэр хоёр намайг гэрт хүргэж өгсөн. Өглөө бостол миний толгойны баруун тал хавдчихсан баруун талын ташаа, баруун талын тохой хөндүүр болчихсон, зүүн талын хамгийн ар талын араа голоороо хоёр хуваагдчихсан, зүүн талын эрүүн доор хавдчихсан байсан.  Д-ийн эхнэр над руу залгаад та нар зодолдсон юм уу Д-ийн хувцас нь цус болчихсон хамар нь аймаар болчихсон байна гэж хэлэхээр нь би санахгүй байна гэж хэлсэн. Т, Д- хоёр хэлэхдээ “чамайг баарны гадаа нэг дээлтэй залуу цохиод унагачихсан, чи ухаан алдаад уначихсан, чамайг цохисон залууг би бариад авсан чинь намайг бүлэглэж зодсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Түмэнбаярын мөрдөн байцаалтад өгсөн

                “...2017 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ажил дээрээ байж байгаад шөнө 23 цагийн үед хамт ажилладаг Д-, Б нарын хамт Соронз бааранд очсон. Тэнд очиж нэг шил Соёрхол нэртэй 0.75 литрийн архи аваад бид 3 хувааж уусан тэгээд байж байгаад гэр рүүгээ харих гээд баарнаас гарч ирээд зогсож байсан чинь Д-, Э- хоёр маргалдсан. Маргалдах болсон шалтгаан гэвэл Э- гээд байгаа дээлтэй залуу Д-ээс гал асуугаад түүнээсээ болж маргалдаад байж байсан тэхээр нь би боль боль гэж байтал баарнаас Б- гарч ирээд цагдаад ажилладаг Мөнх-Эрдэнэ гэгч залуутай маргалдаж байгаад цагдаа Мөнх-Эрдэнэ түүнтэй зодолдсон. Батбаяр салгах гээд очтол Э- /дээлтэй залуу/ түүнийг цохиж унагахад Д- Э-той зодолдсон. Д- Амтлаг дэлгүүрийн зүг зугтаасан. Тэр үед цохиулж унасан Б босч ирэхэд Э- Б-ын нүүр лүү өшиглөж унагаасан. Тэр хооронд би Д-ийн араас очиход Э- нь М-ыг гүйж очиж цохиж унагаад нүүр лүү нь өшиглөж байсан. М-а нь Э-од цохиулж өшиглүүлчихээд газар ухаан алдаад уначихсан. Д- зодуулсан байдалтай над дээр ирсэн. М-а гэх цагдаа зодуулчихсан нүүр ам нь цус болчихсон Мөнх-Эрдэнэ түүнийг таксинд суулгах гэж байсан ба М-а нь тухайн үед зогсож чадахгүй зогсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Г.Э-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  

              “...2017 оны 4 сарын 24-нд 24 цагийн үед Ц, Л, Т нартай Соронз бааранд архи, пиво уусан. Бүжиглэж байгаад тамхи татахаар гарахад Д-, Түмэнбаяр, Б гурав гадаа байж байхаар нь гал асуусан. Тэд намайг дээлтэй бааранд явж байдаг гээд ярьж байхаар нь би болдоггүй юм уу гээд баар луу орж найз нартаа гадаа гурван залуу янз бүрийн зүйл яриад байна гээд дагуулж гарч ирсэн. Мөнх-Эрдэнэ, М-а нарыг баар луу орж явахад хэн нэг нь М-ыг цохиод авсан. М-ыг газар ойчсон байхад нь би нүүр рүү нь өшиглөсөн. Тэгээд зугатаагаад явсан. М-а надтай харьцаа үүсгээгүй. Би надтай муудсан дээрх хүмүүсийг гэж ойлгосон. Би согтуу байсан, гэрэлтүүлэг муу байсан зэргээс шалтгаалж үйл явдлыг сайн санахгүй байсан. Хохирогч М-а эмчилгээний зардалд 3 440 000 төгрөг нэхсэнээс 2 440 000 төгрөгийг төлж үлдэгдэл 1 000 000 төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 20-нд өгөхөөр харилцан тохирч бичгээр баталгаажуулсан. Надад амины мал бий тул зарж борлуулаад төлнө” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл болон хх-92 хуудас дахь мэдүүлэг/

 

Шүүгдэгч П.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

          “Бааранд архи ууж байхад Э- гаднаас орж ирээд /хүмүүс намайг дээлтэй бааранд сууж байна гэх мэт яриад байна/ гэхээр нь бид баарнаас гарсан. Гадаа байсан залуусын нэг болох Д- нь “сүүний шарын баньд явж байна” гэсэн. Би ээжийг доромжиллоо гээд Д-тэй маргалдаж түүнийг цохисны хариуд гарыг нь бариад автал миний хөх махнаас хазсан. Би түүний нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон. Түүний эмчилгээний зардалд 200 000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл болон хх- 88 хуудас дахь мэдүүлэг/

 

Шинжээч эмч Ө.Шийн 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн

        “А.Д-ийн биед хамар ясны шинэ хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 тоот журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 09шэ/137 тоот дүгнэлт  /хх-ийн 59 дүгээр хуудас/,

 

Шинжээч эмч Г.Энхбаатарын 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн

       “М-ын биед дух ясны далд хугарал, зүүн ухархайн дээд, гадна, дотор, хананы хугарал, тархины духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх нимгэн ялтаслаг цус хуралт, дух, суурийн хөндийд цус хуралт, хоёр нүдний дээд, доод зовхи баруун бугалганд цус хуралт, духны зүүн талд, хамрын үзүүрт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсэгт зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн 5655 тоот дүгнэлт

                                                                                                 /хх-ийн 44 дүгээр хуудас/

           

Н.М-ын гэмтэл согог үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хх- 120-127/

 

Хэргийн үйлдлийн талаархи дүгнэлт

           Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн дүгнэхэд Г.Э- нь 2017 оны 04 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 24 цагийн үед Л, Эт, Т, Б- нарын хамт Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Соронз бааранд үйлчлүүлж байхдаа Б, Т, Д- нараас гал асууж өдөөн хоргоосон, улмаар бааранд хамт орсон гэх дээрх найз нараа дагуулан баарнаас гарч ирээд иргэн Н.М-ыг гараараа цохиж газар унагаан толгой руу нь ажлын гуталтай /бакал/ хөлөөрөө өшиглөж бие махбодид нь дух ясны далд хугарал, зүүн ухархайн дээд, гадна, дотор, хананы хугарал, тархины духны дэлбэнгийн хатуу хальсан дээрх нимгэн ялтаслаг цус хуралт, дух, суурийн хөндийд цус хуралт, хоёр нүдний дээд, доод зовхи баруун бугалганд цус хуралт, духны зүүн тал, хамрын үзүүрт зулгаралт зэрэг гэмтэл учруулсан байна.

            П.Б- нь баарны гадаа иргэн А.Д-ийг гараараа цохиж унагаан, газар унасан байхад нь өшиглөх зэргээр зодож бие махбодид нь хамар ясны хугарал бүхий гэмтэл учруулсан байна.

 

Нотлох баримтын талаархи дүгнэлт

Хэргийн үйлдлийг тогтоосон нотлох баримтуудыг дүгнэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж журмын дагуу бэхжүүлж авсан, мэдээллийг хаанаас хэрхэн олж авсан нь тогтоогдсон, мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр давхар батлагдсан. Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгээс зөрөөгүй байна.  Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байна. Дээрх нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр шинжилж судалсан болно.      

Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн гэж дүгнэв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:

 Г.Э-, П.Б- нарын үйлдэл нь баар буюу олон нийтийн үйлчилгээний газар агсамнаж дур зоргоор авирлах сэдэлтээр үйлдэгдсэн, тэд үйлдлээрээ хохирогч М-ыг амь насанд аюултай хүнд гэмтэлд, хохирогч Д-ийг хөнгөн гэмтэлд зориуд хүргэсэн байх тул гэмт үйлдэл болон учруулсан хохиролд санаатай хандсан гэж дүгнэх үндэслэл болно.

Хохирогч Н.М-ын толгойн ясны хугарал, хатуу хальсны цус хуралт зэрэг гэмтлүүд нь Г.Э-ын өшиглөлтөөс, хохирогч Д-ийн хамрын ясны хугарал П.Б-ийн цохилтоос тус тус үүссэн тул шүүгдэгч нарын үйлдэл, хохирогч нарын эрүүл мэндийн хохиролтой шууд хамааралтай гэж үзнэ.

Э-, Б- нар согтуурсан байсан нь шүүгдэгч нарын энэ тухайгаа хүлээн мэдүүлсэн байдал, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Гэвч Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэхь хэсэгт “согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгч нарыг хэрэг хариуцах чадвартайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Хохирогч М-ын эрүүл мэндэд учирсан гэмтэл нь хүнд хохирол болох нь шинжээч эмчийн “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 дахь хэсэгт зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр, хохирогч Б-ийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь хөнгөн хохирол болох нь шинжээч эмчийн “хууль зүйн сайд, эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 тоот журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр тус тус нотлогдсон.

 

Шүүгдэгч нар нь иргэн М-а, Д- нарын Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрүүл аюулгүй орчинд амьдрах” Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг ноцтой зөрчсөн байна.

Шүүгдэгч нарын үйлдэлд нийтийн хэв журам бүлэглэн зөрчсөн шинж байхгүй гэсэн прокурорын эсэргүүцэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр хангагдсан байна.

Иймд Г.Э-ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд П.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй болно.

            Г.Э- нь 2011 онд цагдаагийн ажилтныг эсэргүүцэж хүч хэрэглэсэн хэрэгт ял шийтгүүлж байсан, 2015 онд бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэрэгт гэм буруутайд тооцогдож байсан, 2010 оноос 2015 онуудад согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ танхайрах зөрчил гаргах, эрхгүй байхдаа тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргаж байсан зэрэг нь  Г.Э-, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97/, Багануур дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоол /хх-98-100/, цагдаагийн мэдээллийн сангийн лавлагаа /хх-101-110/  зэрэг баримтуудаас харагдаж хувийн байдлыг тогтоох үндэслэл болж байна.

            П.Б- нь ял шийтгэлгүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-114/ тодорхойлогджээ.   

Шүүгдэгч нар гэм буруугаа сайн дураараа хүлээж,  прокурорын сонсгосон ял болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрснийг үндэслэн прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн тул прокурорын санал болгосон хүрээнд тус бүрт нь торгох ялыг оногдуулна.

                 Шүүгдэгч Г.Э- нь хохирогч Н.М-ын нэхэмжилсэн эмчилгээний болон цаашид хийлгэх эмчилгээний зардал буюу гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг 3.439.276 төгрөг нэхэмжилснээс 2 439 276 төгрөгийг төлж, 1 000 000 төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 20-ны дотор нөхөн төлөхөө илэрхийлсэн нь талуудын гэрээгээр /хх-144, 220/, шүүгдэгч П.Б- нь хохирогч А.Д-ийн нэхэмжилсэн хохирол 200.000 төгрөгийг төлсөн нь хохирогчийн тайлбараар /хх-141, 161/ тодорхойлогдож байна. Хохирогч М-а нь гэмт хэргийн хохирол нэхэмжлээгүй, хохирогч А.Д- нь гэмт хэргийн хор уршиг нэхэмжлээгүй байна.

Хохирогч нь эм тариа авсан болон томограф зураг авхуулсны үнэ 861 713 төгрөг /хх-130-134/, Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлэхдээ гаргасан тээврийн хэрэгслийн шатахууны үнэ 120 000 төгрөг /хх-134/, цалин болон листний мөнгөний зөрүү 475 850 төгрөг /хх-135/ нийт 1 457 563 төгрөгийн баримт хэрэгт авагджээ. Хохирогч Д- нь эмчилгээнд хэдэн төгрөг зарцуулсан талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй, прокурор энэ талаар Эрүүгийн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 заалтад заасан “гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанар хэр хэмжээг” тогтоож ирүүлээгүйг дурдах нь зүйтэй.

Хохирогч нар шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүйг тэмдэглэе.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болно.  Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй.

      Хэрэг хянан шийдвэрлэхэд гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн  5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн  2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Б овгийн Г-н Э-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б овгийн П-ийн Б-ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овгийн Г-ын Э-ыг арван мянган /10.000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван сая /10.000.000/ төгрөгөөр,  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн П-ийн Б-ийг дөрвөн зуун тавин /450/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган /450.000/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Э-ын торгох ялыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний дотор 4 сая төгрөгийн ялыг 2019 оны 10 дугаар сарын 01-ний дотор 6 сая төгрөгийн ялыг тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.
  5. Тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Э-, П.Б- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Э-, П.Б- нар  хохирогч Н.М-ад учирсан хор уршиг хоёр сая дөрвөн зуун гучин есөн мянга хоёр зуун далан зургаан /2 439 276/ төгрөгийг А.Д-эд учирсан хор уршиг 200.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсныг дурдсугай.
  7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Г.Э- нь хохирогч Н.М-ад нэг сая /1 000 000/ төгрөгийг 2018 оны 2 дугаар сарын 20-ний дотор нөхөн төлөхөө илэрхийлснийг баталсугай.
  8. Г.Э-, П.Б- нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

            ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Д.ОЮУНБАТ