Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 32

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Р.Машлай,

хохирогч Г.Баярмаа,

шүүгдэгч О.Тунгалагдолгион нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар: 

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Оюунчимэгийн Тунгалагдолгионд холбогдох эрүүгийн 1707003630009 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн, 33 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Налайх дүүрэг, 2 дугаар хороо 33 дугаар байр 09 тоотод оршин суух,

урьд Налайх дүүргийн шүүхийн 2004 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 26 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар, мөн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар тус тус хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5, мөн хуулийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн бүгд 4 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүгчийн 2006 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 98 дугаар захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 1 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, түүнийг мөн хугацаагаар хянан харгалзсан, регистрийн УЕ85071977 дугаартай, Боржигон овогт Оюунчимэгийн Тунгалагдолгион.

Яллах дүгнэлтэд дурдсанаар:

Яллагдагч О.Тунгалагдолгион нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 23 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогчийн гэр болон өөрийн гэрийн гадаа, мөн “Цагаан хаалга” гэх газарт өөрийн найз эмэгтэй Г.Баярмааг аваачиж салах гэлээ гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар түүнийг зодож биед нь тархи доргилт, бүх биеийн доргилт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч О.Тунгалагдолгионд эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Тунгалагдолгион нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 14-ний шөнө 23 цагийн орчимд Налайх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Цагаан хаалга” гэх газарт өөрийн найз эмэгтэй Г.Баярмааг аваачиж салах гэлээ гэх шалтгаанаар хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдан түүнийг зодож биед нь тархи доргилт, бүх биеийн доргилт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Тунгалагдолгионы өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 14-ний өглөө Баярмаа бид хоёр маргалдаад салсан. Орой нь би эвлэрэх гээд гэрт нь очсон. Хоёулаа учраа олъё гэж ярилцахад муудалцсан. Баярмаа машины арын суудалд сууж явж байсан. Бид хоёр цагаан хаалганы тэнд оччихоод буцаад явж байтал Баярмаа намайг “зогс” гэхэд нь би зогссон. Тэгтэл Баярмаа машинаас буух гэж байгаад хальтарч унасан. Тэр үед Баярмаагийн аав нь байрныхаа гадаа байсан. Тэгж байтал аав нь хүрч ирсэн. Би аавтай нь хамт Баярмааг машинд өргөж суулгаад гэрийнх нь гадаа очсон. Тэгтэл ээж нь гарч ирсэн. Бас дүү нь гадаанаа байсан. Баярмааг аав, ээж нь гэрлүүгээ авч ороод цагдаа ирээд намайг аваад явсан. Бид хоёр бага ангидаа нэг ангид сурдаг байсан. Бид хоёр 2017 оны 8 дугаар сард тааралдаад 11 сарын 01-ний өдрөөс эхлэн манайд хамт амьдрах болсон. Манай хүүхдүүд аавтайгаа утсаар ярьмаар байна гэхэд нь би хүүхдүүдтэйгээ утсаар ярихад Баярмаа “утсаар ярьлаа” гэж уурласан. Өөр зүйл болоогүй” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Баярмаагийн өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 15-ны өглөө нь бид хоёр маргалдаад “больцгооё” гэсэн байсан. Би ажлаа тараад аав ээжийндээ шууд очсон. Гэтэл орой нь Тунгалагдолгион аавын гадаа ирээд “гараад ир, уулзая” гээд 1 цаг гаран хүлээхээр нь гараад уулзсан. Уулзчихаад гэртээ ортол миний утас байдаггүй. Тэгэхээр нь ээжийн утаснаас залгаад “утас аваад ир” гэхэд утас авч ирж өгсөн. Би “хоёулаа больцгооё” гэж хэлсэн. Тэгэхэд Тунгалагдолгион уурласан. Манай хоёрын байр хоорондоо ойрхон зайтай. Гэтэл машинаа асуугаад ирсэн байсан. Намайг машиндаа суулгаад цагдаагийн хажуугаар гараад гандангийн хажуу талд зогсож, над руу уурлаад гараа зангидаж байгаад миний толгой, нүүр лүү хэд хэдэн удаа цохьсон. Тэгэхээр нь би “болиочээ, яагаад байгаа юм бэ” гэхэд машинаасаа чирч буулгаад хэд, хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд “босоод машинд суу” гэхээр нь би “босож чадахгүй байна” гэсэн. Намайг машиндаа суулгаад цагаан хаалганы тэнд аваачаад машинаасаа чирч буулгаад бие рүү цохиж, өшиглөсөн. Машин нь цасанд суучихаар нь түрж гаргасан чинь намайг хаяад шууд яваад өгсөн. Би гэрлүүгээ хөл нүцгэн алхаад явж байтал өөдөөс буцаад хүрээд ирсэн. Би дөнгөж гарчихаад ирэх юм чинь гээд гэрээсээ тавчиктай гараад ирсэн байсан. Гэтэл намайг машинаас чирч буулгах үед тавчик хаягдсан байсан. Буцаж ирээд “машинд суу” гэхээр нь би “суухгүй, хөл өвдөөд байна” гэхэд “чамайг ална” гээд боосон. Тэгэхээр нь би “болиочээ, хоёулаа эвлэрье” гээд гуйсан. Намайг машиндаа суулгаад эмнэлгийн хажуу талаар уруудсан. Би “яадаг юм билээ” гээд машины цонхоор харсан чинь аав байрныхаа гадаа байхаар нь машины цонх онгойлгоод “ааваа амь аваарай” гэсэн. Эмнэлгийн тойрог дээр засмал руу ордог зам дээр намайг түлхэж унагаасан. Үүнээс хойш юу болсон талаар би санахгүй байгаа. Нэг сэрэхэд ээж нүүр арчиж байсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг рүү явсан” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч О.Ганбаатарын өгсөн: “...тэгтэл цонхоор нь “амь авраарай ааваа” гэж манай охин Баярмаа орилсон. Би тэгэхээр нь гайхаад хойноос нь зогтусаад харсан. Тэгтэл өнөө машин цагдаагийн хэлтсийн хойд талд шинээр барьж байгаа байшингийн дэргэд уг машины арын тоормосны улаан гэрэл асахаар нь зогслоо гэж бодоод араас нь гүйсэн юм. Гүйгээд очтол уг машин асаалттай зогсож байсан. Охин Баярмаа машины зүүн гар талд газар хэвтэж байсан. Тэгэхээр нь би “яав юу болов” гэтэл Баярмаа дугарахгүй байсан. Би жолоочийг харахад Тунгалагдолгион гэх өмнө нэг ангид сурч байсан залуу харагдсан. Тэр залуу би яагаач үгүй гэж байсан. ...Тунгалагдолгион хөл дээрээ тогтож чадахгүй амнаас нь нэлээн архи үнэртэж байсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 13 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Г.Балдангийн өгсөн: “...Би байрныхаа орц руу орох гэтэл аав араас “Балдан” гэж дуудах шиг болсон. Би эргэж хараад “аав уу” гэхэд миний хүү ирээд эгчийгээ аваад дахь гэж хэлэхээр нь аав дээр гүйгээд очоод “юу болов яав” гэтэл “эгч чинь ухаан алдчихсан юм шиг байна” гэсэн. ...эгч тухайн үед ямар нэгэн юм яриагүй, ухаангүй байдалтай байсан. Хамар орчим нь цус болсон харагдсан. ...би буцаад гарахад Тунгалагдолгион гэх залуугийн машин дээр цагдаа нар ирчихсэн байсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 15 дугаар тал/

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Нарантуяагийн өгсөн: “...би машин дээр очиход арын суудал дээр охин ухаангүй байдалтай байсан. ...Охиныг гэрт орж ирсэний дараа харахад үс нь сэгсийсэн, оймстойгоо, өрөөсөн тавчиктайгаа байсан. Нүүр нь хавдсан, зүүн чамархай хэсэгт нь хавдсан харагдсан” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17 дугаар тал/

Монгол Улсын Шүүхийн Шинжилгээний Хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №08шэ/41 дүгээр:

  1. “Г.Баярмаагийн биед тархи доргилт, бүх биеийн доргилт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.
  4. Дээрх гэмтэл нь тогтоолд дурьдсан хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт,

/хх-ийн 20 дугаар тал/

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн №14759 дүгээр өвчний түүх,

/хх-ийн 22-27 дугаар тал/

Хохирлын баримтууд /хх-ийн 28-39 дүгээр тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас О.Тунгалагдолгионд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллаж байгаан нь үндэслэлтэй бөгөөд түүнд тухайн зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Иймд Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас О.Тунгалагдолгионыг  хохирогч Г.Баярмаагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, прокурорын саналыг харгалзан түүнд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч О.Тунгалагдолгион нь цагдан хоригдсон хоноггүй бөгөөд хохирогч Г.Баярмаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Оюунчимэгийн Тунгалагдолгионыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Тунгалагдолгионыг 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан О.Тунгалагдолгионд мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, О.Тунгалагдолгион нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Г.Баярмаа нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Тунгалагдолгионд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.                            

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ЧИНЗОРИГ