| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батчулууны Сосорбарам |
| Хэргийн индекс | 2238000000690 |
| Дугаар | 2023/ДШМ/23 |
| Огноо | 2023-06-14 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Б.Т |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 2023/ДШМ/23
2023 06 14 2023/ДШМ/23
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор: Б.Тогтох,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Оюунбилэг,
Нарийн бичгийн дарга: Б.Баяржаргал нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэгийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Бт холбогдох 2238000000690 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Лгийн Б, …... оны … дугаар сарын ….-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй, …. настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .., эцэг, эх, дүүгийн хамт Хөвсгөл аймгийн Асумын 1 дүгээр багт оршин суух, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын 20… оны …. дугаар сарын …..-ний өдрийн ….. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 7 сарын хугацаагаар тэнссэн, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20…. оны …. дугаар сарын ….-ны өдрийн …. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн …. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн /Регистрийн дугаар ......................./.
Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын …. дүгээр багийн ..............тоотод байрлах хохирогч Г.Аын гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь “зүүн 2, 3, 4, 5, 10, 11-р хавирга, баруун 2-р хавирганы хугарал, баруун, зүүн уушигны ателектаз, плеврийн хөндийд хий” бүхий хүнд хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Боржигон овогт Лгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Лгийн Быг 2 (хоёр) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бт оногдуулсан 2 (хоёр) жил 5 (тав) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар Хөвсөл аймгийн Эрүүл мэндийн хэлтэс нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1,306,500 (нэг сая гурван зуун зургаан мянга таван зуу) төгрөгийн зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Л.Боос иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг давж заалдах гомдолдоо: “ ... Шүүгдэгч Л.Б нь шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн болсон явдлын талаар өөрийн санаж байгаа хэсгээ ярьсан, би сайн мэдэхгүй байна гэдгээ мэдүүлсээр байхад гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, үйлдсэн хэргийнхээ үр дагавар, хор холбогдлыг ойлгосон гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнэжээ.
Мөн шүүгдэгч Л.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэм буруутай үйлдэлдээ гэмшиж хохирогчид илүү 2,200,000 төгрөг төлж, эвлэрлийн гэрээ байгуулж, хохирогч гомдол саналгүй болсон байхад Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзжээ.
Дээрх байдлуудаас үзэхэд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх ял оногдуулахад нөлөөлсөн эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байхад хэргийн нөхцөл байдалд дутуу дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь заалтыг зөрчсөн нь анхан шатны шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.
Иймд шүүгдэгч Л.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн өмнө нь шүүхээр ял шийтгүүлж байсан боловч тухай бүр нь ял шийтгэлийг бүрэн эдэлж дууссан байх тул анхан шатны шүүх хуралдаан дээр өмгөөлөгчийн гаргасан арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 сая төгрөгөөр торгох саналыг харгалзан ялыг хөнгөрүүлж эрх зүйн хөнгөлөлт үзүүлж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.
Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байна” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож, хохирогчид хохирол төлбөр төлөөд явж байгаа тул түүнд оногдуулсан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Л.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 11 дүгээр багийн 33-01 тоотод байрлах хохирогч Г.Аын гэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага нь “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” зорилготой.
Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчим, мөн тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нийцсэн байх шударга ёсны зарчмыг хангасан байх шаардлага тавигддаг.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн нийтлэг үндэслэл, ерөнхий болон тусгай ангийн зүйл, заалтыг нарийн чанд баримтлан, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон тохиолдолд хууль ёсны зарчим, шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн гэж үзнэ.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлаж, хуульд заасан, төрөл хэмжээний дотор ял оногдуулсан нь дээрх зарчмуудад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй учир хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий гэж үзсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын хувьд:
1.Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан шүүгдэгчид хуульд заасан ялаас ямар төрөл, хэмжээний ял сонгон оногдуулах нь тухайн шүүхийн эрх хэмжээний асуудал юм. Анхан шатны шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1-д заасан хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
2.Анхан шатны шүүхийн шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй эсэх, үйлдсэн гэмт хэрэгтээ хэрхэн хандаж буй талаар хийсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болжээ. Түүнчлэн шүүхийн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, ял оногдуулахад нөлөөлсөн эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй, хэргийн нөхцөл байдалд дутуу дүгнэлт хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ЭРДЭНЭБАТ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Б.СОСОРБАРАМ