| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0520/З |
| Дугаар | 128/ШШ2024/0758 |
| Огноо | 2024-09-30 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 128/ШШ2024/0758
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Д*******” ХХК /РД:*******/,
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Э, О.Б нарт холбогдох нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгохтой холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, Ц.Б, Э.И, Б.Б, хариуцагч Ш.Э, О.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түмэндэмбэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч анх шүүхэд “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Э, О.Б нарын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн НА- дугаартай актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Э, О.Б нарын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн НА- дугаар актаар тогтоосон 495,257,964.31 төгрөгийн төлбөрөөс 2 дугаар зөрчил буюу чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалтыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч төлөх албан татварыг бууруулсан зөрчлийн нийт дүн 480,527,308.93 төгрөгийг 291,979,001 төгрөгөөр багасгаж, 120,610,343 төгрөгийн нөхөн татвар, 48,244,137 төгрөгийн торгууль, 19,693,827 төгрөгийн алдангийг хүчингүй болгож, нийт 188,548,308 төгрөг болгуулах” гэж өөрчилсөн.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Нэхэмжлэгч хуулийн этгээд нь анх “М” ХХК оноосон нэртэй байсныг 2015 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Д*******” ХХК болгон өөрчлөн улсын бүрд бүртгэгдсэн байна.[1]
2.2.Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс “Д*******” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд тус татварын хэлтсийн даргын олгосон тоот томилолт[2], Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн дугаартай тушаалаар[3] батлагдсан Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамжийн дагуу эрсдэлд суурилсан шалгалтыг 2023 оны 05 дугаар сарын 30-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг дуусах хүртэлх хугацаанд хийжээ.
2.3.Шалгалтаар “Д*******” ХХК-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1, 82 дугаар зүйлийн 82.1, 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 307,530,566.59 төгрөгийн нөхөн татвар, 128,625,508.64 төгрөгийн торгууль, 59,101,889.08 төгрөгийн алданги, нийт 495,257,964.31 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн Татварын улсын байцаагч Ш.Э, О.Б нараас 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн НА- дугаар бүхий нөхөн ногдуулалтын акт[4] тогтоожээ.
2.4.Нэхэмжлэгчээс Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд маргаж буй нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар хандсан байх бөгөөд тус зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 15 дугаартай тогтоолоор[5] Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйл, Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.7, 14 дүгээр зүйлийн 14.6.3, 14.9, 16.1.1 дэх заалтыг тус тус баримтлан НА- дугаартай нөхөн ногдуулалтын актаар нийт 3,184,819,146.24 төгрөгийн зөрчилд ногдуулсан 307,530,566.59 төгрөгийн нөхөн татвар, 128,625,508.64 төгрөгийн торгууль, 59,101,889.08 төгрөгийн алданги, нийт 495,257,964.31 төгрөгийн төлбөрөөс татварын тайлангаар ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй 56,132,813.98 төгрөгийн зөрчилд ногдуулсан 1,122,656.40 төгрөгийн торгууль, 6,136,720.54 төгрөгийн алданги, нийт 7,259,376.94 төгрөгийн төлбөрийг Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэлд хамааруулан чөлөөлж, 3,184,819,146.24 төгрөгийн зөрчилд ногдуулсан 307,530,566.59 төгрөгийн нөхөн татвар, 127,502,852.24 төгрөгийн торгууль, 52,965,168.54 төгрөгийн алданги, нийт 487,998,587.37 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэжээ.
2.5.Нэхэмжлэгчийн зүгээс “...татварын улсын байцаагч нар 10 жилийн хугацаатай урт хугацааны санхүүгийн түрээсийн гэрээнүүдийг цогцоор нь авч үзэлгүй зөвхөн татварын шалгалт хийж байгаа хугацаа буюу 2021, 2022 оныг авч тооцоолол хийсэн буюу мөн онуудын татвар ногдох болон чөлөөлөгдөх борлуулалтын хувийн жинд үндэслэн худалдан авалтын НӨАТ-ыг бараг 100 хувь хасагдахгүй болгож дүгнэж, нөхөн ногдуулалтын акт тавьсан нь үндэслэлгүй. Тодруулбал, Санхүүгийн түрээсийн гэрээ 1-ийн хувьд 10 жилийн хугацаатай бөгөөд гэрээний НӨАТ ногдох нийт дүнгийн 46 хувь буюу 5.8 тэрбум төгрөгөөс 582 сая төгрөгийн НӨАТ ногдохоос 2024 оны 5 сарын байдлаар төлбөрийн хуваарийн дагуу 1 тэрбум 5 сая төгрөгийн үндсэн төлбөр тайлагнаж, 105 сая төгрөгийн НӨАТ ногдуулж төлсөн. Санхүүгийн түрээсийн гэрээ 2 болон 3-ийн хувьд 2022 оны 4 болон 9 сард үргэлжлээд дууссан бөгөөд 836 сая, 604 сая төгрөгийн төлбөрт 83.6 сая, 60.4 сая төгрөгийн НӨАТ ногдуулж, улсын төсөвт төлсөн. Татварын улсын байцаагчид урт хугацаатай санхүүгийн түрээсийн шинж чанар болон гэрээ тус бүрийн нийт дүнг авч үзэхгүйгээр зөвхөн 2020, 2021 оны татвар ногдох болон чөлөөлөгдөх борлуулалтын хувийн жинд үндэслэн худалдан авалтын НӨАТ-ыг хасагдахгүй болгосон нь Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан шударга байх зарчмыг зөрчсөн. ...нөхөн ногдуулалтын актад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн аль хэсэг, заалтыг зөрчсөн, Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасан 5 гипотез бүхий дэд хэсгээс аль заалтыг зөрчсөн болохыг татварын улсын байцаагч нар тогтоох хэсэгтээ бичээгүй, тогтоосон гэх зөрчил нь хуульд заасан таван нөхцөл бүхий аль үйлдэл, эс үйлдэхүйд хамаарч буйг тогтоогоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалтыг зөрчсөн ...” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.6.Хариуцагч нарын зүгээс “...“Д*******” ХХК-ийн 2020 онд нийт борлуулалтын орлогын 97,34 хувь, 2021 онд нийт борлуулалтын орлогын 73,64 хувийг чөлөөлөгдөх борлуулалтын орлого эзэлж байхад тухайн онуудын НӨАТ-тай худалдан авалтыг хувь тэнцүүлэхгүйгээр нийт худалдан авалтын дүнгээр хасч улсын төсөвт төлөх НӨАТ-ыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3, 14.9 дэх хэсгийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл НӨАТ-аас чөлөөлөгдсөн бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдохгүй учир түүнтэй холбогдон гарсан бараа, ажил, үйлчилгээний худалдан авалтын хасалтыг хийхгүй байхаар хуульчилсан. НӨАТ ногдох болон чөлөөлөгдөх борлуулалттай байгаа тохиолдолд чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалтын хасалтыг Сангийн сайдын 2015 оны ******* дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүрд тусгах журам”-ын 2.2.3-т заасныг үндэслэн хувь тэнцүүлэн тооцсон нь хууль, журамд бүрэн нийцсэн. Нэхэмжлэгч нь чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалтыг Нэмэгдсэн өртгийн албан татварын /ТТ-03/ тайлангийн /46 дугаар мөрөнд буюу хуулийн 13 дугаар зүйлд заасан чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортолсон болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн НӨАТ/ тавьж төсөвт төлөх албан татварыг нэмэгдүүлэх ёстой байтал худалдан авалтын хасалт хийж, төсөвт төлөх албан татварыг бууруулсан нь цахим татварын системд илгээж баталгаажуулсан НӨАТ-ын тайлангаар нотлогддог” гэх агуулгаар тайлбарлаж байна.
Гурав.Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын хяналт шалгалт хийсэн хугацаанд 3 гэрээ байгаа. Эхний гэрээ нь 10 жилийн хугацаатай 12,000,000,000 төгрөгийн дүнтэй гэрээ байдаг. Дараагийн гэрээнүүд нь харьцангуй жижигхэн 700,000,000-900,000,000 төгрөгийн дүнтэй гэрээнүүд байдаг. Бид үндсэн худалдан авалт хийгээд борлуулахдаа үндсэн төлбөр дээрээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулж байгаа. Нийт 3 гэрээтэй холбоотой 730,000,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар улсын төсөвт төлөхөөр байгаа. 2 болон 3 дугаар гэрээний хувьд 2 жилийн хугацаанд хуваагаад, 1 дүгээр гэрээний хувьд 10 жил хуваагаад нийт 730,000,000 төгрөг төлж байгаа. Үүнээс 283,000,000 төгрөгийг улсын төсөвт төлчихсөн. Тухайн 3 гэрээтэй холбоотой худалдан авалтын нэмэгдсэн өртгийн албан татвар 363,000,000 төгрөг байгаа. Уг 3 гэрээтэй холбоотой 2 дахин их нэмэгдсэн өртгийн албан татвар улсад төлсөн. Бид санхүүгийн түрээсээ нийлүүлж төлж чадахгүй учраас төлбөрийг нь хувааж авдаг. Худалдан авсан тоног төхөөрөмждөө айлд нэмэгдсэн өртгийн албан татвараа ногдуулаад өгчихсөн. Төлбөрөө хойшлуулж авч байгаа, хувааж авч байгаа тохиолдолд хүү тооцоод тэр нь нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгддөг. Тэрийгээ эхний 2 жил хүү тайлагнаснаас болоод худалдан авалтын 100 хувь авч чадахгүй болчхож байгаа. Яагаад гэхээр санхүүгийн түрээсийн хувьд худалдан авалт эхний 1-2 жилдээ л хийгдэнэ. Түүнээс хойшоо айлд тоног төхөөрөмж бүх юмаа өгчихсөн учраас бид нарт 2020-2021 оноос хойш нэмэгдсэн өртгийн албан татвар хасна гэдэг ойлголт байхгүй. Яагаад гэхээр гэрээнээс өмнө бид нар худалдан авалтаа хийгээд бэлдчихсэн байгаа. Тэгтэл худалдан авалтын 100 хувь зөвхөн 1-2 жилийн үр дүнгээр хасахгүй болгож байгаа нь татвар төлөгчид шударга бус байна. Нэмэгдсэн өртгийн албан татвараа төлбөрийн хуваарийн дагуу төлнө гэдэг. Үүнээс үүдэж төлбөрийн хуваариа яаж зохиосноос хамаараад аж ахуйн нэгжүүд хуулийг маш өөрөөр буюу нэг нь 100 хувь нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийж байхад нэг нь нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийж чадахгүй болчхож байгаа юм. Эхний жилээ зөвхөн үндсэн төлбөр гээд төлбөрийн хуваарь дээрээ тавиад хүүгээ 2-3 дахь жилээсээ хүүгийн орлогоо олсон гээд төлбөрийн хуваариа өөрсдөө зохиох боломжтой. Гэтэл манайх эхний хамгийн өндөр дүнтэй гэрээ болох 12,000,000,000 төгрөгийн гэрээний хүүгийн орлого гэж өндөр дүнтэйгээр тайлагнаад чөлөөлөгдөх орлогын дүн нь өндөр байгаа учраас манай худалдан авалтын албан татвар хасагдахгүй болчхож байгаа. Зөвхөн эхний нэг жилийн үр дүнгээр л үндсэндээ хасахгүй болгочхож байгаа юм. Тэгтэл энэ нь цаашаа 10 жил үргэлжилнэ. Дахиад 730,000,000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна. Худалдан авалтаасаа 2 дахин илүү албан татвар төлж байгаа. Манайх үндсэн үйл ажиллагааны худалдан авсан тоног төхөөрөмж, барилга, тухайн ажлууд дээрээ албан татвар ногдуулчихсан бид нарын анхны өгсөн нэхэмжлэх дээр харагддаг. Ийм учраас төлбөрийн хуваарь яаж зохиогдсоноос хамаараад 100 хувийн хасалтаа хийчхэж байхад нөгөөх нь 100 хувь хасаж чадахгүй байна. Манайх бүтэн гэрээнийхээ нийт хугацаагаар авч үзвэл нэгдүгээр гэрээ 12,000,000,000 төгрөгийн гэрээний 46 хувьд нь НӨАТ ногдуулж байгаа. Хоёр болон гуравдугаар гэрээний 86 хувь дээр нь НӨАТ ногдуулах байсан. Гэрээний нийт хугацаагаараа бодоод үзэхээр бид нарын гаргасан 243,000,000 төгрөг хасагдах боломжтой. Үүнээс татварын байцаагч нар эхний жил 97 хувийг нь хоёр дахь жил 74 хувийг нь хасагдахгүй болгоод нийт 307,000,000 төгрөгийг хасагдахгүй болгосон. Бид нарын тооцооллоор 307,000,000 төгрөг биш, 243,000,000 төгрөгийг хасах боломжтой байна. Мөн 307,000,000 төгрөг гаргасан хувийн жин нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийнхаа дүнгүүдийг ашиглачхаж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн дүн гэдэг нь нийт дүн. Тэр дотор ямар үйл ажиллагаа юу байгааг нь харах боломжгүй. Нийт орлого, нийт худалдан авалт, үүнээс нийт чөлөөлөлт гээд компанийн хувьд эрхэлж байгаа бүх үйл ажиллагааг базаад нэг л дүн тавьж байгаа. Тэрнийхээ хувийн жингээр бодсон буюу Сангийн сайдын 2015 оны ******* дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан худалдан авалтын хасалтыг хийх журмын 2.2.3-ыг ашигласан. Зөвхөн татварын тайлангийнхаа тоог ашигласан. Тэгтэл бид нар анхан шатны баримтаараа болон нягтлан бодох бүрээрээ гурван тусдаа гэрээ байсан. Манай зүгээс уг журмын 2.2.1 дэх хэсэгт зааснаар яг анхан шатны баримт, нягтлан бодох бүр дээрээ үндэслээд 243,000,000 төгрөг нь хасагдах боломжтой байна. Ингээд үзэхэд манай хасагдахгүй нэмэгдсэн өртгийн албан татвар нь 120,000,000 төгрөг торгууль болон алдангитайгаа 188,000,000 төгрөгийг бидний зүгээс хасахгүй гэж хүлээн зөвшөөрөх боломжтой байна. Хамгийн гол зүйл нь манайх нэмэгдсэн өртгийн албан татвараа төлчихсөн хэр нь дараагийн 2022 оныг шалгахад бид нарт худалдан авалт байхгүй. Гэтэл бид нэмэгдсэн өртгийн албан татвараа ногдуулаад төлөөд л явж байгаа. Нэгдүгээр гэрээний хувьд 10 жил үргэлжилж байгаа учраас бизнес эрхлэгчид үнэхээр хохиролтой гэж үзэж байна” гэв.
3.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Санхүүгийн түрээсийн гэрээ нь өөрөө 10 жилийн хугацаатай, урт хугацаатай буюу талууд гэрээний чөлөөт байдлын зарчмынхаа дагуу гэрээнийхээ нөхцөлийг тохирсон. Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаар татварын үйл ажиллагаанд баримтлах зарчим гэж байдаг. Тухайн зарчимд тодорхой байх, шударга байх гэсэн үндсэн зарчмыг бид нар мөрдөж ажиллаж байна. Татвар ногдуулахдаа чөлөөлөх, хөнгөлөх үйл ажиллагаанд эдгээр зарчмуудыг мөрдөж байх ёстой. Иргэний хуульд заасны дагуу гэрээ тайлбарлах гэрээний үндсэн болон гэрээний гол нөхцөлийг талууд гэрээний чөлөөт байдлын зарчимтай үндэслээд тогтоосон атал тухайн хуваарийг яаж тогтоосноос хамаараад татвар ногдвол татвар хасаж, чөлөөлөлт нь шударга бус мөн тодорхойгүй байж болохгүй. Тэгэхээр тодорхой байлгах мөн бодит байдлыг тогтоох зарчмынхаа дагуу бодит татвар ногдуулах, хяналт шалгалт маань өөрөө бодит нөхцөл байдлыг тогтоох ёстой. Тэгэхээр бодит нөхцөл байдал юу гэхээр талууд гэрээгээр яг юу тохирсон тухайн тохирсон нөхцөл байдалд танилцуулсан татварыг орлого, чөлөөлөгдөх орлого, олж байгаа орлогод нь тохируулж татвараа ногдуулж байх ёстой. Мөн нэмэгдсэн өртгийн албан татвараа хасаж байх ёстой. Гэтэл энэ зарчим алдагдаж байна” гэв.
3.4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татвар төлөгчийн зүгээс Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн актыг захиргааны актын үндсэн шинжийг агуулаагүй гэж маргаагүй. Харин актын тэмдэглэх хэсгийн хоёрт заасныг нь эрх зүйн зөрчил агуулсан байна гэж үзэж маргаж байгаа. Өмнө нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа татварын улсын байцаагч нар нь илэрсэн зөрчил болон холбогдох үүргийг хэвлэн хариуцлага хүлээлгэсэн. Нөхөн ногдуулалтын акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үндсэн шинжийг агуулж байна. Ийм учраас түүний хууль бус эрх зүйн зөрчилтэй, үндэслэлгүй гэсэн тайлбар ирүүлсэн. Өөрөөр хэлбэл маргаан бүхий актын тогтоох хэсгийн хоёрдугаарт заасан эрх зүйн зөрчилтэй юу үгүй юу гэдэг дээр тодорхой хариу өгөөгүй байгаа. Татварын улсын байцаагчийн хариу тайлбарын хоёр дахь хэсэгт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгтэй холбоотой нэмэгдсэн өртгийн албан татварын хасаж тооцох заалт Сангийн сайдын 2015 оны ******* дугаар тушаалаар батлагдсан ба Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалтыг буцаан олгодог, түүнийг нягтлан бодох бүрийн журамтай холбоотойгоор тайлбарлаж ирүүлсэн. Уг журмын 2.2.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны баримт, нягтлан бодох бүрийн дансны бичилтийг үндэслэн НӨАТ-ын хасалтыг хийх боломжтой байхад тус журмын 2.2.3-т заасныг баримлан худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасах худалдан авалтын мөн чанарыг ангилж үзээгүйтэй холбоотой гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байгаа. Нэхэмжлэгч компанийн хувьд энэ нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаа тухайн үедээ гаргаад татварын албанд илгээсэн, татварын албанаас ямар нэгэн байдлаар уг тайланг буцаах, тайлбар ирүүлэх, хүчингүй болгох тиймэрхүү байдлаар тухайн үедээ шаардлага тавьж байгаагүй. 2019, 2020, 2021 оны гэрээнүүд байдаг. Уг гэрээ нь 10 жилийн хугацаатайгаар хэрэгжих гэрээ байгаа. Эхний хоёр жилийг чөлөөлсөнтэй холбоотойгоор татварын улсын байцаагч нар нь чөлөөлөх борлуулалтаар тооцсон. Үүний дээр хасалт хийх боломжгүй гэдэг байдлаар нөхөн торгуулиуд ногдуулж байгаа хариуцлага хүлээлгэсэн шийдвэр гаргасан. Бидний зүгээс тооцоолол хийж үзээд 291,000,000 төгрөгөөр багасгаад 120,000,000 төгрөгийн нөхөн татвар 48,244,000 төгрөгийн торгууль, 19,693,827 төгрөгийн алданги, нийт 188,548,300 төгрөг болгож өгнө үү. Ийм байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж гаргаж байна. Мөн өмнө нь шүүх хуралдаанд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцож байгаа” гэв.
3.5.Хариуцагч Ш.Э, О.Б нараас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол улсын татварын систем нь татварын тайлангаа өөрөө тодорхойлж төлөх татвараа үнэн зөв тайлагнах энэ системийн дагуу явдаг. Үүний дагуу “Д*******” ХХК нь 2020-2021 онд татварын тайлангаа ирүүлсэн. Нэхэмжлэгч талыг хэлсэнчлэн ямар нэгэн залруулга хийгдээгүй. Тэгэхээр татварын хяналт шалгалт 2020-2021 онд хийгдсэн учраас бид нар татварынхаа хуулиар тухайн оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрөөр татвар, санхүүгийн жил дуусдаг. Бид зөвхөн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн татвар төлөгчийн тайлагнасан тайланд хяналт шалгалтын ажил хийж гүйцэтгэсэн. 2020 онд тус компанийн нийт 1,830,000,000 төгрөгийн борлуулалтын орлого олсноос 1,054,000,000 төгрөг буюу 97.34 хувь нь чөлөөлөгдөх борлуулалт, үлдсэн 2.66 нь нэмэгдсэн өртгийн албан татвараар борлуулагдсан. Мөн 2021 онд нийтдээ 1,054,000,000 төгрөгийн борлуулалтын орлого олсноос 28,700,000 төгрөг нь НӨАТ бондоор борлуулна гээд 73.64 хувь нь чөлөөлөгдөх борлуулалт байсан. Тэгэхээр нэгэнт санхүүгийн түрээсийн гэрээний дагуу зөвхөн эхний 3 жилдээ үндсэн төлбөрөө чөлөөлөөд санхүүгийн түрээснийхээ хүүгээ авч байгаа учраас энэ нь чөлөөлөгдөх борлуулалт мөн гэж үзэж байна. Гагцхүү чөлөөлөгдөх борлуулалтын орлого олж байгаа тохиолдолд тухайн нийт борлуулалтын орлогын 97.34 хувь нь чөлөөлөгдөж байхад нэхэмжлэгч тал 2020 онд нийтдээ 1,630,000.000 төгрөгийн худалдан авалтыг тэр чигээр нь тайлан тооцоо санхүүгийн түрээсийн орлого үйл ажиллагаатай холбоотой гарсан гээд 100 хувь худалдан авалтын хасалт хийчихсэн байгаа. Өөрөөр хэлбэл төсвөөс ийм мөнгө бид нар буцааж авна гээд хасалт хийчихсэн байгаа нь буруу юм. Тэгэхээр бид зөвхөн тайлагнасан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар тухайн оны орлого олох үйл ажиллагаатай холбогдон гарсан худалдан авалтыг л хасах ёстой. Хүүгийн орлого нь чөлөөлөгдөх учраас үүнтэй холбоотой худалдан авалтын нэр төрөл хасах ёсгүй. Тийм учраас бид нар Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр хэсэгт заасныг баримталсан. Мөн Сангийн сайдын тушаалын дагуу энэ онуудын чөлөөлөгдөх орлогод ногдох худалдан авалтыг хувь тэнцүүлж хасах нь хуульд нийцэж байгаа. Санхүүгийн жилийг 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-нд дуусдаг гэж бүгд мэдэж байгаа. Нэхэмжлэгч талын санхүүгийн түрээстэй холбоотой 10 жилийн хугацааны буюу ирээдүйн зүйлийг харж хийх үндэслэл байхгүй. Татварын албанд татвар төлөгчийн тайлагнасан тайлан дээр л үүнийг хийж байгаа. Манай зүгээс татварын хяналт шалгалт хийх төрийн захиргааны эрх бүхий байгууллага мөн. Иймээс чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалтын хасалт хийж улсын төсөвт төлөх НӨАТ-ыг бууруулсан зөрчилд ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги нь хуульд нийцэж байгаа тул “Д*******” ХХК-ийн төлбөрийн дүн багасгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч нарын зүгээс шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч “Д*******” ХХК-ийн “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Э, О.Б нарын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн НА- дугаар актаар тогтоосон 495,257,964.31 төгрөгийн төлбөрөөс 2 дугаар зөрчил буюу чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалтыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч төлөх албан татварыг бууруулсан зөрчлийн нийт дүн 480,527,308.93 төгрөгийг 291,979,001 төгрөгөөр багасгаж, 120,610,343 төгрөгийн нөхөн татвар, 48,244,137 төгрөгийн торгууль, 19,693,827 төгрөгийн алдангийг хүчингүй болгож, нийт 188,548,308 төгрөг болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.1.Маргааны бүхий Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Э, О.Б нарын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн НА- тоот нөхөн ногдуулалтын актаар нэхэмжлэгч компанид холбогдуулан нийт 3,184,819,146.24 төгрөгийн зөрчилд 307,530,566.59 төгрөгийн нөхөн татвар, 128,625,508.64 төгрөгийн торгууль, 59,101,889.08 төгрөгийн алданги, нийт 495,257,964.31 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон байна.
2.2.Нэхэмжлэгчээс Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд маргаж буй нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар хандсан ба тус зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 15 дугаар тогтоолоор Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйл, Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 29 дүгээр зүйлийн 29.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.7, 14 дүгээр зүйлийн 14.6.3, 14.9, 16.1.1 дэх заалтыг тус тус баримтлан НА- дугаартай нөхөн ногдуулалтын актаар нийт 3,184,819,146.24 төгрөгийн зөрчилд ногдуулсан 307,530,566.59 төгрөгийн нөхөн татвар, 128,625,508.64 төгрөгийн торгууль, 59,101,889.08 төгрөгийн алданги, нийт 495,257,964.31 төгрөгийн төлбөрөөс татварын тайлангаар ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй 56,132,813.98 төгрөгийн зөрчилд ногдуулсан 1,122,656.40 төгрөгийн торгууль, 6,136,720.54 төгрөгийн алданги, нийт 7,259,376.94 төгрөгийн төлбөрийг Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн үйлчлэлд хамааруулан чөлөөлж, 3,184,819,146.24 төгрөгийн зөрчилд ногдуулсан 307,530,566.59 төгрөгийн нөхөн татвар, 127,502,852.24 төгрөгийн торгууль, 52,965,168.54 төгрөгийн алданги, нийт 487,998,587.37 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр өөрчилж шийдвэрлэжээ.
3.Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р /нэхэмжлэл гаргах үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан/ анх шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн НА- тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан.
3.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж/2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гүйцэтгэх захирлаар улсын бүрд бүртгэгдсэн[6]/-ий 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай албан бичгээр олгосон итгэмжлэлээр[7] Э.И, Ц.Б, Б.Б нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.1-28.2.8 дахь заалтад заасан төлөөлөгчийн эдлэх эрхийг олгосон байна.
3.3.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Э, О.Б нарын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн НА- дугаар актаар тогтоосон 495,257,964.31 төгрөгийн төлбөрөөс 2 дугаар зөрчил буюу чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалтыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч төлөх албан татварыг бууруулсан зөрчлийн нийт дүн 480,527,308.93 төгрөгийг 291,979,001 төгрөгөөр багасгаж, 120,610,343 төгрөгийн нөхөн татвар, 48,244,137 төгрөгийн торгууль, 19,693,827 төгрөгийн алдангийг хүчингүй болгож, нийт 188,548,308 төгрөг болгуулах” гэж өөрчилсөн[8].
3.4.Тодруулбал, нэхэмжлэгч нь маргаан бүхий Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн НА- дугаартай нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1 болон 3 дахь заалтад заасан зөрчилтэй маргаагүй бөгөөд 2 дахь заалтад заасан “2020 онд 1,630,429,597.43 төгрөг, 2021 онд 1,444,876,068.53 төгрөгийн чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалтыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч төлөх албан татварыг бууруулсан зөрчил”-д ногдуулсан нийт дүнг багасгах буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.6-д заасан “төлбөр тогтоосон захиргааны актын төлбөрийн хэмжээг багасгах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.
3.5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу шүүх маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 1 болон 3 дахь заалтад заасан зөрчилд дүгнэлт хийхгүй бөгөөд 2-т заасан зөрчилд ногдуулсан төлбөрийг бууруулах үндэслэлтэй эсэхэд дараах байдлаар дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэв.
4.Тооцооллын алдаатай, зөрүүтэй гэх үндэслэлийн тухайд:
4.1.Маргаан бүхий татварын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн НА- дугаартай нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсэгт
“...Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн /ТТ-03а/ тайлангаар 2020 онд 28,787,470.91 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлоготой, 1,054,595,628.29 төгрөгийн чөлөөлөгдөх борлуулалтын орлоготой, нийт 1,083,383,099.20 төгрөгийн борлуулалтын орлоготой, 1,550,810,572.78 төгрөгийн дотоодын, 124,173,603.75 төгрөгийн импортын, нийт 1,674,984,176.53 төгрөгийн худалдан авалттай, төсвөөс 164,178,216.51 төгрөгийн албан татвар буцаан авахаар,
2021 онд 414,194,380.33 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтын орлоготой, 1,157,325,654.63 төгрөгийн чөлөөлөгдөх борлуулалтын орлоготой нийт 1,571,520,034.96 төгрөгийн борлуулалтын орлоготой, 246,413,278.26 төгрөгийн дотоодын, 1,715,568,365.06 төгрөгийн импортын нийт 1,961,981,643.32 төгрөгийн худалдан авалттай, төсвөөс 176,911,051.00 төгрөгийн албан татвар буцаан авахаар тайлагнасан” гэж,
Нийслэлийн маргаан таслах зөвлөлийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдийн 15 дугаар тогтоолын үндэслэх хэсэгт “... “Д*******” ХХК нь ...тайлагнасан нь татварын бүр мэдээллийн нэгдсэн санд хадгалагдсан” гэж тус тус дүгнэсэн байх бөгөөд нэхэмжлэгч “Д*******” ХХК-иас уг татварын бүр мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн татварын тайлангийн дүнг үгүйсгэж маргаагүй тул шүүх татварын тайланг тооцооллын хувьд алдаатай байсан гэж үзэх үндэслэлгүй.
4.2.Түүнчлэн Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Татвар төлөгч татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд, батлагдсан загвар, зааврын дагуу цахим, эсхүл цаасан хэлбэрээр үйлдэж, харьяа татварын албанд тушаана. Татвар төлөгч дараах үүргийг хүлээнэ:”, 29.1.3-т “суутгасан татварыг хуульд заасан хугацаанд харьяа татварын албанд үнэн зөв тайлагнах” гэж заасны дагуу татвар төлөгч нь татварын тайлан, суутгасан татварыг үнэн зөв татварын албанд тайлагнах үүрэгтэй бөгөөд татварын тайланг алдаатай тайлагнасан нь татварын албыг буруутгах үндэслэл болохгүй.
5.Нэхэмжлэгчийн 2020 онд 1,630,429,597.43 төгрөг, 2021 онд 1,444,876,068.53 төгрөгийн чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалтыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч төлөх албан татварыг бууруулсан гэх зөрчлийн тухайд:
5.1.Хариуцагч татварын улсын байцаагч нараас нэхэмжлэгч “Д*******” ХХК-ийг дээр дурдсан зөрчил гаргасан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6.3 дахь заалтыг зөрчсөн гэж үзжээ.
5.2.Хэрэгт авагдсан баримтаас судлан үзэхэд, нэхэмжлэгч “Д*******” ХХК-иас “Н*******” ХХК-тай
2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан[9], 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан[10] нийт 12,998,042,875.74 төгрөгийн дүн бүхий /5,821,415,593.09 төгрөгийн үндсэн төлбөр, 582,141,559.31 төгрөгийн НӨАТ, 6,594,485,723.34 төгрөгийн хүүгийн төлбөр/ Санхүүгийн түрээсийн гэрээ №1-г 2029 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай,
2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 1,360,928,711.88 төгрөгийн дүн бүхий /үүнээс 836,407,350.36 төгрөгийн үндсэн төлбөр, 83,640,735.04 төгрөгийн НӨАТ, 156,826,378.19 төгрөгийн хүүгийн төлбөр/ Санхүүгийн түрээсийн гэрээ №2-г[11] 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаатай,
2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 847,924,730.24 төгрөгийн дүн бүхий /үүнээс 604,664,514.56 төгрөгийн үндсэн төлбөр, 60,466,451.46 төгрөгийн НӨАТ, 113,072,264.22 төгрөгийн хүүгийн төлбөр/ Санхүүгийн түрээсийн гэрээ №3-г[12] 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаатай тус тус байгуулсан байна.
5.3.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлд албан татвараас чөлөөлөх бараа, үйлчилгээг тодорхойлсон бөгөөд эдгээр бараа, үйлчилгээнд анхнаасаа нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахгүй байхаар, харин хуулийн 14 дүгээр зүйлд төсөвт төлөх албан татвараас өмнө төлсөн татварыг хасч тооцох буюу нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх байдлаар албан татвараас чөлөөлөх болон хасалт хийх харилцааг ялгаатай зохицуулжээ.
5.4.Өөрөөр хэлбэл, нэмэгдсэн өртгийн албан татвар анхнаасаа ногдуулахгүй бараа, үйлчилгээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан албан татварт хасалт хийх харилцаа үйлчлэхгүй.
5.5.Дээр дурдсан санхүүгийн түрээсийн гэрээнүүдээр “Д*******” ХХК нь түрээсийн зүйлд заасан техникийг Б******* аймгийн Б******* сумын М******* багт байрлах Ц******* газарт “Н*******” ХХК-ийн эзэмшил, ашиглалт шилжүүлэх үүргийг хүлээх ба түрээслэгчийн төлсөн түрээсийн зүйлийг ашигласны төлбөрийн хүү/үндсэн төлбөрөөс гадна/ буюу санхүүгийн түрээсийн хүү нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.7-д зааснаар нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөх үйлчилгээнд хамаарахаар байна.
5.6.Тодруулбал, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хууль /2019 оны/-ийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогод дараах орлого хамаарна:”, 10.1.3-т “хувьцаа, үнэт цаас, санхүүгийн бусад хэрэгсэл борлуулсны орлого” гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Дараах үйлчилгээг албан татвараас чөлөөлнө”, 13.5.7-д “... Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн ...10.1.3-т заасан ... санхүүгийн түрээсийн хүү ... төлөх үйлчилгээ” гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч “Д*******” ХХК-ийн “Н*******” ХХК-тай 2019, 2021 онд байгуулсан Санхүүгийн түрээсийн гурван гэрээний үндсэн дээр олсон “санхүүгийн түрээсийн хүүгийн орлого” нь чөлөөлөгдөх борлуулалтын орлого болно.
5.7.Иймд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Дараах бараа, ажил, үйлчилгээг импортоор оруулах, худалдаж авахад төлсөн албан татварыг албан татвар суутган төлөгчийн төлөх уг албан татварын нийт дүнгээс хасахгүй:”, 14.6.3.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулж импортоор оруулсан болон худалдаж авсан бараа, ажил, үйлчилгээ” гэж заасны дагуу “Д*******” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй Санхүүгийн түрээсийн хүүгийн орлого буюу нэмэгдсэн албан татвараас чөлөөлөгдөх борлуулалтын орлогод хасалт хийх үндэслэлгүй юм.
5.8.Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д “Албан татвар суутган төлөгч нь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортоор оруулсан болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг албан татвар ногдох, үлдсэн хэсгийг албан татвараас чөлөөлөгдөх орлого олоход, эсхүл албан татвар ногдох орлого олоход хамааралгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд зориулсан тохиолдолд зөвхөн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ногдох албан татварыг хасч тооцно” гэж заасны дагуу “суутган төлөгч” нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох болон чөлөөлөгдөх борлуулалттай тохиолдолд зөвхөн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ногдох албан татварыг хасч тооцох бөгөөд чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалтын хасалт хийх үндэслэлгүй тул нэхэмжлэгч “Д*******” ХХК-ийг чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалтын хасалт хийж, төсөвт төлөх албан татварыг бууруулсан зөрчил гаргасан гэж дүгнэсэн татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 2 дахь заалт дээрх хуульд нийцсэн байна.
6.Нэхэмжлэгч талаас “анхан шатны баримт, нягтлан бодох бүрийн дансны бичилтийг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх боломжтой байхад нийт борлуулалтад эзлэх албан татвар ногдох борлуулалтын хувийг үндэслэн хасагдах албан татварын дүнг хувь тэнцүүлэн тооцсон нь үндэслэлгүй” гэх агуулгаар тайлбарлан маргадаг.
6.1.Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаа баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийх, буцаан олгох, тэдгээрийг нягтлан бодох бүрд тусгах журмын 2.2-т “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.9-д заасан хасалтыг дараах байдлаар тооцно” гээд,
2.2.1-д “үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэн явуулахад зориулан худалдан авсан үндсэн ба туслах материал, түүхий эд, шатахуун, тослох материал болон дулааны эрчим хүч, шуудан холбооны үйлчилгээ, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр зэргийг зориулалтын дагуу зарцуулж, тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний өртөгт шингээсэн анхан шатны баримт болон нягтлан бодох бүрийн дансны бичилтийг үндэслэн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд зарцуулсан хэсэгт ногдох албан татварыг хасах”,
2.2.3-т “энэ журмын 2.2.1-д заасны дагуу хасалт хийх боломжгүй бол хасагдах албан татварын хэмжээг тодорхойлохдоо тухайн тайлангийн хугацааны албан татвар ногдох борлуулалтын орлогын дүнг мөн хугацааны борлуулалтын орлогын дүнд хувааж, нийт борлуулалтад эзлэх албан татвар ногдох борлуулалтын хувийг тодорхойлон, уг хувиар тайлангийн хугацааны худалдан авалтад төлсөн албан татварын нийт дүнг үржүүлэн, хасагдах албан татварын дүнг гаргана” гэж тус тус заажээ.
6.2.Дээрх журмын заалтаас судлан үзвэл зөвхөн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээний өртөгт шингээсэн анхан шатны баримт болон нягтлан бодох бүрийн дансны бичилтийг үндэслэн албан татвар ногдох худалдан авалтын хасалтыг хийх зохицуулалттай хэдий ч нэхэмжлэгч хуулийн этгээд нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 2020, 2021 оны чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалтыг төсөвт төлөх албан татвараас бүхэлд нь хасч тооцсон байх тул хариуцагч татварын улсын байцаагч нар нэхэмжлэгчийн нэмэгдсэн өртгийн албан татварын суутган төлөгчийн тухайн оны тайланд үндэслэн дээрх журмын 2.2.3-т зааснаар хувь тэнцүүлэн чөлөөлөгдөх борлуулалтын хувийг тодорхойлж, 2020 оны нийт 1,674,984,175.52 төгрөгийн худалдан авалтын 97.34 хувь буюу 1,630,429,597.43 төгрөгийн чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалт, 2021 оны нийт 1,961,981,643.32 төгрөгийн худалдан авалтын 73.64 хувь буюу 1,444,876,068.53 төгрөгийн чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалтад нөхөн ногдуулалтын акт тавьсан үндэслэлтэй байна.
6.3.Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн маргаан бүхий татварын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн НА- дугаартай нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 2 дахь заалтад заасан төсөвт төлөх албан татвар бууруулсан зөрчлийн дүнг бууруулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Хууль бус захиргааны акт гэх үндэслэлийн тухайд:
7.1.Нэхэмжлэгчээс энэхүү үндэслэлээ “...нөхөн ногдуулалтын актад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн аль хэсэг, заалтыг зөрчсөн, Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасан 5 гипотез бүхий дэд хэсгээс аль заалтыг зөрчсөн болохыг татварын улсын байцаагч нар тогтоох хэсэгтээ бичээгүй, тогтоосон гэх зөрчил нь хуульд заасан таван нөхцөл бүхий аль үйлдэл, эс үйлдэхүйд хамаарч буйг тогтоогоогүй нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалтыг зөрчсөн” гэх агуулгаар тайлбарладаг.
7.2.Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно:” гээд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг зөрчиж, төсөвт төлөх албан татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй зөрчлийн 5 нөхцөлийг тодорхойлж тодорхойлжээ.
7.3.Маргаан бүхий нөхөн ногдуулалтын актын тэмдэглэх хэсгийн 2 дахь заалтад “...2020 онд 1,630,429,497.43 төгрөг, 2021 онд 1,444,876,086.53 төгрөгийн чөлөөлөгдөх борлуулалт ногдох худалдан авалтыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж төлөх албан татварыг бууруулсан” гэж дүгнэсэн, энэ нь Татварын ерөнхий хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.2-т заасан “нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн хувь хүн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй” гэх зөрчилд хамаарахаар байна.
7.4.Хэдийгээр хуулийн дээрх заалтыг нөхөн ногдуулалтын актад тэмдэглээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-т заасан бичгээр гарсан захиргааны актад тавигдах “...хууль зүйн үндэслэлийг заах” шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэхээр байх хэдий ч энэ нь нөхөн ногдуулалтын актыг зөрчилтэй гэж дүгнэж, бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй.
7.5.Учир нь нөхөн ногдуулалтын актад нэхэмжлэгч “Д*******” ХХК-ийг “...чөлөөлөгдөх борлуулалт ногдох худалдан авалтыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасаж төлөх албан татварыг бууруулсан” зөрчил гаргасан талаар тэмдэглэсэн тул захиргааны актын үндсэн агуулга ойлгомжгүй, тодорхой бус гэж үзэхгүй, харин захиргааны актын бичилтийн илэрхий алдаа байх бөгөөд энэхүү алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр хариуцагч өөрөө, эсхүл оролцогчийн хүсэлтээр засах боломжтой.
8.Шүүх хуралдааны явцад шийдвэрлэсэн хүсэлтийн тухайд:
8.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 02 дугаартай ярилцлагын тэмдэглэлийг нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргасан.
8.2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д заасны дагуу шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах зохицуулалттай.
8.3.Уг ярилцлагын тэмдэглэл нь хэрэгт хамааралтай бөгөөд түүнийг хууль бусаар үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, нотолгооны ач холбогдолгүй гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан нотлох баримт хасуулах хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгосон болохыг тэмдэглэж байна.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Татварын ерөнхий хууль /2019 оны/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.7, 14 дүгээр зүйлийн 14.6.3, 14.9 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Д*******” ХХК-ийн гаргасан “Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ш.Э, О.Б нарын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр үйлдсэн НА- дугаар актаар тогтоосон 495,257,964.31 төгрөгийн төлбөрөөс 2 дугаар зөрчил буюу чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалтыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч төлөх албан татварыг бууруулсан зөрчлийн нийт дүн 480,527,308.93 төгрөгийг 291,979,001 төгрөгөөр багасгаж, 120,610,343 төгрөгийн нөхөн татвар, 48,244,137 төгрөгийн торгууль, 19,693,827 төгрөгийн алдангийг хүчингүй болгож, нийт 188,548,308 төгрөг болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ
[1] 1 дүгээр хавтаст хэргийн 38 дахь тал
[2] 1 дүгээр хавтаст хэргийн 69-70 дахь тал
[3] 1 дүгээр хавтаст хэргийн 75-79 дэх тал
[4] 1 дүгээр хавтаст хэргийн 71-74 дэх тал
[5] 1 дүгээр хавтаст хэргийн 51-58 дахь тал
[6] 1 дүгээр хавтаст хэргийн 112 дахь тал
[7] 1 дүгээр хавтаст хэргийн 113 дахь тал
[8] 1 дүгээр хавтаст хэргийн 193-194 дэх тал
[9] 1 дүгээр хавтаст хэргийн 149 дэх тал
[10] 1 дүгээр хавтаст хэргийн 146 дахь тал
[11] 1 дүгээр хавтаст хэргийн 156 дахь тал
[12] 1 дүгээр хавтаст хэргийн 139 дэх тал