Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 2018/ШЦТ/029

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж,

нарийн бичгийн дарга Б.Ж,

улсын яллагч Х.Ө

шүүгдэгч Б.З, К.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Өовогт Б-тын З, Т овогт К-ын А нарт холбогдох 1813000190019 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч Ө овогт Б-тын З, Монгол Улсын иргэн, яс үндэс урианхай, 1968 оны 08 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Б сумын 9 дүгээр багт оршин суудаг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,

2. Шүүгдэгч Т овогт  К-ын Ал, Монгол Улсын иргэн, яс үндэс урианхай, 1984 оны 07 дугаар сарын 09-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй,

   Шүүгдэгч Б.З, К.А нарын холбогдсон хэргийн талаар:

   Шүүгдэгч Б.З, К.А нар 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Буянт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт малын бэлчээрийн маргааны улмаас хоорондоо хэрүүл маргаан үүсгэж, улмаар харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.З, К.А нар нь 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Бсумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт малын бэлчээрийн маргааны улмаас хоорондоо хэрүүл маргаан үүсгэж, улмаар харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Замба нь тухайн өдөр шүүгдэгч К.А-ийн мал бэлчээдэг гэх газарт нь хонь хариулсны улмаас К.А ирж харилцан маргалдаж, барьцалдан ноцолдож, улмаар Б.З нь К.А-ийн толгой тус газар нь чулуугаар 1 удаа цохисон, харин К.А нь Б.З-ын аман тус газар нь 1 удаа гараараа цохижээ. Шүүгдэгч нар улсаас өмчлүүлж, эзэмшүүлээгүй нийтийн эзэмшлийн бэлчээрийн газрыг дур мэдэн өөрийн эзэмшилд авч, бусдын малыг бэлчээрлүүлээгүйгээс уг гэмт хэрэг гарч, хувийн сэдэлтээр, энэхүү гэмт хэргийг санаатайгаар хийж бусдын эрүүл мэндэд халдсан байна. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх талаар холбогдох байгууллагаас сургалт, сурталчилгааны ажлыг хангалтгүй хийгдсэн нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна. Дээрх нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох

- Шүүгдэгч Б.З-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, /хх-ийн 75-76 дугаар хуудас/

- Шүүгдэгч К.А-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өөрийн гэм бурууг хүлээсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, /хх-ийн 92-93 дугаар хуудас/

-Шүүгдэгч К.А-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг мэдүүлэг /хх-ийн 37 дугаар хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

-Шүүгдэгч Б.З-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд хохирогчоор өгсөн мэдүүлэг мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

-Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 дугаар хуудас/

-Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

-Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 15 дугаар хуудас/

-Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/

-18 насанд хүрээгүй гэрч А.Б-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр  хуудас/

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №54 дугаартай дүгнэлт /хх-ийн 53 дугаар хуудас/

- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн №81 дугаартай дүгнэлт /хх-ийн 58 дугаар хуудас/ зэргээр болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл харилцан маргалдаж ноцолдсон, зодолдсон болох нь шүүгдэгч Б.З-ын мэдүүлснээр “хүзүүнд нь байсан дурангийн оосор тасарсан, К.А миний ам руу гараараа 1 удаа цохисон” гэх мэдүүлэг, Б.З-ыг үзсэн эмчийн үзлэгийн тэмдэглэл, Б.З-ын биед үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтэнд дурдагдсан “дээд уруул зүсэгдсэн  шархтай, уруул нь  хавдсан” зэргээр, шүүгдэгч К.А-ийн мэдүүлснээр “бид 2 ноцолдож байхад Б.З миний үснээс барьж дарж байгаад толгойн тус газарт чулуугаар 1 удаа цохисон юм” гэх мэдүүлэг, 18 насанд хүрээгүй гэрч А.Б-ны “...Замба нь газраас чулуу аваад аавын толгой руу цохих шиг болсон...” гэх мэдүүлэг, түүний биед үзлэг хийсэн эмчийн тэмдэглэл, болон шинжээчийн “...толгойн хуйхны зөөлөн эд няцарсан...шархтай, шархны хажууд цус хурсан зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо...” гэх дүгнэлт, дээлийн товч тасарсан тухай хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Шүүгдэгч К.А-ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт, шүүгдэгч Б.З-ын биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт тус тус хамаарч байна.

   Иймд шүүгдэгч нарын дээрх зүй бус үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч К.А-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг, шүүгдэгч Б.З-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай гэж шүүх үзлээ.

 Уг гэмт хэргийн улмаас хохирогч К.А, Б.З нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нар ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

2.    Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Замба, К.Алтангэрэл нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин ял хүндрүүлэх нөхцөл байдалгүйг, болон үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөр нэхэмжлэхгүй, харилцан эвлэрсэн зэргийг тус тус харгалзан үзлээ.

            Иймд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч тус бүрийн ажил эрхлэлт, нас, хөрөнгө, орлого зэрэг хувийн байдлыг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын хөнгөн ял болох торгох ялыг сонгон оногдуулж, шүүгдэгч Б.З-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний, шүүгдэгч К.А-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

   Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 нэгж нь 1000 төгрөгтэй тэнцэх ба 450 нэгж нь 450000 төгрөгтэй  тэнцэх юм.

   Шүүх шүүгдэгч нарын ажил эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд, өөрийн боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов. Уг ялыг биелүүлэх 3 сарын хугацаа нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоологдоно.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасны дагуу энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хонины үстэй дээл 1 ширхэг, дээлний товч 1 ширхэг, дурангийн гэр зэргийг болон шүүгдэгч нарын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэхийг тус тус өөрт нь буцаан олгож, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдэнд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ шүүхээс аваагүй тул шүүгдэгч К.А-ийн 8208 БӨА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Б.З-ын 9301 БӨА улсын дугаартай УАЗ 469 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5,  36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                 ТОГТООХ нь :

 1.Шүүгдэгч Ө овогт Б-ын З-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

    шүүгдэгч Т овогт К-ын А-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З-ыг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.А-ийг 450 “дөрвөн зуун тавь” нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар  тус тус шийтгэсүгэй.

   3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З, К.А нарт оногдуулсан торгох ялыг  3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.З, К.А нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг анхааруулсугай.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасны дагуу энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хонины үстэй дээл 1 ширхэг, дээлийн товч 1 ширхэг, дурангийн гэр 1 ширхэг болон шүүгдэгч нарын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус буцаан олгож, шүүгдэгч К.А-ийн 8208 БӨА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Б.З-ын 9301 БӨА улсын дугаартай УАЗ 469 маркийн тээврийн хэрэгсэл битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэлх хугацаанд шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.А