Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2024/0999

 

 

Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, С.М*******гийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.М******* шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: М.Э******* нарын 35 иргэний нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөлд холбогдох захиргааны хэрэг хянан хэлэлцэгдэж байна.

Миний хүсэлтийн дагуу Засаг даргын дэргэдэх Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээг зохицуулах зөвлөл 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хуралдаж 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр ******* дугаар хорооллын хойд талд түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа явуулж болох байршлыг баталсан тул эвлэрлийг баталж өгнө үү гэжээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргаас тус шүүхэд ирүүлсэн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар Санал хүргүүлэх тухай албан бичигт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн зам, талбай, автобусны буудал орчимд Монгол Улсын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор батлагдсан Зорчигч тээврийн үйлчилгээ UCS *******01В:2020 стандартын 4.5 дахь хэсэгт Нийтийн тээврийн хэрэгслийн зогсоолоос 50 метр зайд түргэн үйлчилгээний цэг байж болохгүй гэж заасныг тус тус зөрчиж байршуулсан түргэн үйлчилгээний цэгийг үе шаттай нүүлгэн шилжүүлж, газар чөлөөлөн бүтээн байгуулалт, тохижилтын ажил хийгдэж байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 34 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын 3.4.4 дэх заалтад ТҮЦ, улирлын чанартай түр, сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээ болон явуулын үйлчилгээтэй түргэн хоолны цэгийн байршлыг тогтоож, дүүргийн Засаг даргын захирамжаар батлуулах гэж заасны дагуу иргэн С.М*******гийн хүсэлтийн дагуу Засаг даргын дэргэдэх Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөл 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хуралдаж, 19 дүгээр хороо хорооны нутаг дэвсгэр, ******* дугаар хорооллын хойд талд түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа явуулж болох байршлыг баталсан гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.4 дэх хэсэгт Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч С.М*******гаас 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тус шүүхэд бичгээр гаргасан хүсэлт, хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга болон Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөлөөс тус шүүхэд ирүүлсэн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаар Санал хүргүүлэх тухай албан бичиг зэргээс үзэхэд эвлэрэх хүсэлттэй байгаагаа талууд илэрхийлсэн байна.

Нэгэнт нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрч, С.М*******гийн түргэн үйлчилгээний цэгийн үйл ажиллагаа явуулж болох байршлыг баталсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно, 68.4-д ... шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус зааснаар нэхэмжлэгч болон хариуцагчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, С.М*******гийн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний зохицуулах зөвлөл, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд захирагчийн ажлын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Энэхүү захирамжийн хувийг нэхэмжлэгч, хариуцагч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн энэхүү захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ