Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2021/00334

 

 

 

Ж.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/03155 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Бгийн хариуцагч Г.Бод холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзсантай холбогдуулан учирсан хохиролд 30 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017 онд Г.Б нь Ж.Бгаас мөн оны Лексус 570 маркийн 0881 УБО улсын дугаартай автомашиныг худалдан авахаар тохиролцсон. Г.Б нь 4 сарын хугацаанд уг автомашиныг унаж хэрэглэхдээ мөргөлдүүлж эвдрэл учруулсан.

2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Ж.Б нь Г.Бтой уулзаж тодорхойлолт гарган өгөхдөө автомашиныг худалдан авахаар тохиролцож, 4 сар хэрэглэхдээ эвдрэл учруулснаа хүлээн зөвшөөрч, автомашин хэрэглэсэн төлбөр, эвдрэлд нийт 30 000 000 төгрөг төлнө гэсэн. Г.Б нь автомашиныг буцааж өгөхдөө учруулсан эвдрэлээ огт засаагүй өгсөн. Нэхэмжлэгч Ж.Б нь өөрийн хөрөнгөөр уг автомашиныг буцааж хэвийн байдалд нь оруулж засварлуулсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан баримтаас харахад эвдрэлийн жагсаалтыг нэг бүрчлэн гаргаад үнийн дүнг бичсэн байгаа.

Иймд хариуцагчаас автомашины 4 сарын түрээсийн төлбөрт 3 900 000 төгрөг, автомашины эвдрэл, гэмтэл засуулсан зардалд 26 100 000 төгрөг нийт 30 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Б нь Лексус 570 маркийн 08-81 УБО дугаартай тээврийн хэрэгслийг Ж.Бгаас худалдаж авахаар амаар тохиролцож байсан. Тухайн үед Г.Б нь гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажилладаг байсан бөгөөд Ковид-19 цар тахал гарснаас болж 2020 онд үйл ажиллагаа явуулаагүй тул тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авах боломжгүй болсон. Энэ хугацаанд Г.Б зам тээврийн зөрчил гаргаж 0081 дугаартай тээврийн хэрэгслийг мөргөлдүүлсэн. Энэ тухай Ж.Бд хэлсэн байдаг.

Мөн Г.Быг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр бичиг хийж өгсөн гэж нэхэмжлэгч тал тайлбарлаад байгаа боловч Эрүүгийн цагдаагийн газрын төлөөлөгч гэх хүн Г.Бын гэрт ирж ажлын үнэмлэхээ үзүүлж залилангийн хэрэг үүссэн гэх байдлаар тухайн бичгийг хийлгэж авсан. Тухайн ажилтны овог нэрийг мэдээгүй учраас шалгуулах боломж олдоогүй. Г.Б 0081 дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн хөрөнгөөр засаж янзлуулаад Ж.Бд хүлээлгэж өгсөн байдаг.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түрээсийн гэрээний хохирол гэж тайлбарлаж байна. Гэвч Ж.Бтай түрээслэнэ гэж ярьсан зүйл байхгүй. Автомашиныг мөргөлдүүлээд засуулаад буцаагаад өгөхөд нэхэмжлэгч нь 4 сарын хугацаанд худалдаж авсангүй, ашиглачихлаа гээд энэ мөнгийг өг гээд байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус хэлцэл хийгдсэн. Эд хөрөнгө хөлслөөгүй, түрээсэлсэн гэж байгаа тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дах хэсэгт заасан түрээсийн гэрээг бичгээр байгуулах шаардлагыг биелүүлээгүй. Мөн худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй. Тухайн үед худалдан авна гэж ярьж байсан боловч худалдаж аваагүй, авах боломжгүй болсон талаар тайлбарлаж байсан бөгөөд тээврийн хэрэгслийг буцааж өгсөн. Нэхэмжлэгч тал машины засвар үйлчилгээг өөрөө хийлгэсэн гэх ямар ч баримт байхгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасныг баримтлан хариуцагч Г.Боос түрээсийн гэрээний үүрэгт 3 900 000 төгрөг, гэрээний зүйл болох автомашиныг засварласан зардалд 26 100 000 төгрөг, нийт 30 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Хичээнгүй овогт Ж.Б /ЧР..../-н нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц давж заалдах гомдолдоо:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Хариуцагч талаас гаргасан “А.А" ХХК гэсэн тамга дарсан 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн зарлагын баримтыг гаргаж, 26 100 000 төгрөгөөр 08-81 УБО улсын дугаартай автомашинд учруулсан эвдрэл гэмтлийг засварласан” гэх нотлох баримтыг хариуцагч шүүхэд гаргадаг хэдий ч хэрэгт хамааралгүй баримт юм. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхдээ хууль буруу хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримтаар хариуцагч тал нэхэмжлэгчид гараар бичсэн тайлбарт талууд хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д заасны дагуу талууд гол нөхцлийн талаар хэлэлцэн тохиролцсон байх тул мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна. Мөн хариуцагч Г.Б нь нэхэмжлэгчийн автомашиныг унаж байхдаа эвдрэл гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр бичгээр тайлбар гаргасан нь Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар гэм хорыг мөнгөөр нөхөн төлөхөө бичгээр тайлбарлажээ. Дээрх нотлох баримтаас үзвэл хариуцагч тал нэхэмжлэгч талд худалдах-худалдан авах гэрээнээс үүдэлтэй гэм хорын хохирол учруулсан гэж үзэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч хариуцагч талууд хооронд ямар нэгэн түрээсийн гэрээ байгуулагдаагүй харин худалдах-худалдах авах хэлцэл хийгдсэн юм. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг дутуу үнэлж, хууль буруу хэрэглэсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Г.Бод холбогдуулан гэрээнээс татгалзсантай холбогдуулан учирсан хохиролд 30 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Талууд 2017 онд 0881 УБО улсын дугаартай, Лексус 570 маркийн автомашиныг худалдах-худалдан авахаар амаар харилцан тохиролцоод худалдагч Ж.Б нь худалдан авагч Г.Бын эзэмшилд шилжүүлсэн, Г.Б автомашины үнэ төлөөгүйн улмаас талууд гэрээнээс татгалзаж, гэрээний зүйлийг худалдагчид буцаан шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна. /хх-35/ Анхан шатны шүүх энэ үйл баримтыг зөв тогтоосон боловч зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлохдоо Иргэний хуулийн 318, 42 дугаар зүйлийн 42.10, 56 дугаар зүйлийн 56.1.8, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэснийг давж заалдах шатны шүүхээс  зөвтгөх боломжтой гэж үзлээ.

Зохигчдын хооронд үүссэн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу Г.Б гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь Ж.Бд буцаан өгсөн талаар хэн аль нь маргаангүй. Харин гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгасан эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

Хариуцагч Г.Б 0881 УБО улсын дугаартай, Лексус 570 маркийн автомашиныг 4 сар эзэмшилдээ байлгах хугацаандаа мөргөлдүүлж зам тээврийн зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрсөн учир нэхэмжлэгч өөрт учирсан хохирлоо Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.

Нэхэмжлэгч Ж.Б автомашины эвдрэлийг засварлуулсан зардалд 26 100 000 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байгаа тул ийм хэмжээний бодит хохирол учирсан гэдгээ өөрөө баримтаар нотлох үүрэг хүлээнэ. Хариуцагч Г.Бын “... би 4 сарын машин хэрэглэсэн төлбөр төлнө, эсвэл худалдаж авна, төлбөрийг 4 сар машин түрээслэснээр бодож, эвдрэл гэмтэл гэх мэтийг оруулан нийт 30 000 000 төгрөг төлнө” гэсэн бичгээр үйлдсэн баримт нь нэхэмжлэгчид учирсан бодит хохирлын хэмжээг тодорхойлохгүй байна. /хх 5/

Хариуцагч тал автомашины эвдрэл, гэмтлийг өөрийн зардлаар засварлуулсан гэж марган 26 100 000 төгрөгийн үнийн дүн бүхий зарлагын баримтыг шүүхэд гаргаж өгчээ. /хх33/ Уг баримтыг нэхэмжлэгч үгүйсгээгүйн гадна тус баримтад тусгагдсан дүнгээр засварын зардлаа тооцон нэхэмжилж байх тул түүнийг 26 100 000 төгрөг гаргуулах шаардлагаа баримтаар нотлох хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас 3 900 000 төгрөгт холбогдох хэсгийг хангах үндэслэл тогтоогдож байна.

Хариуцагч Г.Б автомашиныг эзэмшилдээ 4 сарын хугацаанд байлгасан, тэрээр автомашиныг мөргөлдүүлж эвдрэл, гэмтэл учруулсан үйл баримт түүний тайлбараар тогтоогдсон тул тухайн эд хөрөнгийн үнэ цэнэ анхны байдлаасаа буурсан гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгчийг дээрх хэмжээгээр олох ёстой орлогоороо хохирсон гэж дүгнэн хариуцагч Г.Боос 3 900 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бд олгож, үлдэх 26 100 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэг заасантай нийцэж байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн      167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2020/03155 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Боос 3 900 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26 100 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагчаас 77 350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж  тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дах хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.МӨНХЗУЛ  

 

                            ШҮҮГЧИД                                      Б.НАРМАНДАХ

 

                                                                                   Ч.ЦЭНД