Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 2018/ШЦТ/027

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Д.А даргалж

улсын яллагч М.Ф

нарийн бичгийн дарга Б.Ж

шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.К

шүүгдэгч Ө.Б, С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт С-ны Б, Ш овогт Ө-ийн Б нарт холбогдох 1813000000013 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, 1992 оны 01 дүгээр сарын 02-нд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, урьд   ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт С-ны Б, 

2. Шүүгдэгч: Монгол Улсын харьяат, 1993 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай,  эрэгтэй, яс үндэс казах, дээд боловсролтой, экскаваторын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суух, урьд ял шийтгүүлж   байгаагүй, Ш овогт Ө-ийн Б, 

Шүүгдэгч  Ө.Б, С.Б нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Б нь нөхөр болох Ө.Б-тай бүлэглэн интернет банкаар үйлчлүүлсэн иргэн Х.А-гийн 5180530444 дугаартай дансны нууц кодыг ашиглан интернет банкны гүйлгээ хийх аргаар  түүний данснаас 2017 оны 12 дугаар сарын 02-ний өдөр 100000 төгрөг хулгайлсан, мөн шүүгдэгч Ө.Б-тай бүлэглэн интернет банкаар үйлчлүүлсэн Б.Ж-гийн 5180991712 дугаартай дансны нууц кодыг ашиглан интернет банкны гүйлгээ хийх аргаар түүний данснаас  2018 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр 800000 төгрөг хулгайлсан, шүүгдэгч Ө.Б нь Хаан банканд ажилладаг эхнэр С.Б-тэй бүлэглэн тус банкны интернет банкаар үйлчлүүлсэн иргэн Х.А-гийн 5180530444 дугаартай дансны нууц кодыг ашиглан интернет банкны гүйлгээ хийх аргаар  түүний данснаас 2017 оны 12 дугаар сарын 02-ний өдөр 100000 төгрөг хулгайлсан, мөн интернет банкаар үйлчлүүлсэн Б.Ж-гийн 5180991712 дугаартай дансны нууц кодыг ашиглан интернет банкны гүйлгээ хийх аргаар түүний данснаас 2018 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр 800000 төгрөг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1.            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч С.Б нь нөхөр болох Ө.Б-тай бүлэглэн интернет банкаар үйлчлүүлсэн иргэн Х.А-гийн 5180530444 дугаартай дансны нууц кодыг ашиглан интернет банкны гүйлгээ хийх аргаар түүний данснаас 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 12 цаг 08 минутын үед 100000 төгрөгийг иргэн Ө.Бекнурын дансаар дамжуулан авсан, мөн шүүгдэгч Ө.Б-тай бүлэглэн интернет банкаар үйлчлүүлсэн Б.Ж-гийн 5180991712 дугаартай дансны нууц кодыг ашиглан интернет банкны гүйлгээ хийх аргаар түүний данснаас 2018 оны 01 дүгээр сарын 02-ний өдрийн 20 цаг 20 минутын үед 800000 төгрөгийг иргэн Х.Б-тын дансаар дамжуулан авсан,

 Шүүгдэгч Ө.Б нь Хаан банканд ажилладаг эхнэр С.Б-тэй бүлэглэн тус банкны интернет банкаар үйлчлүүлсэн иргэн Х.А-гийн 5180530444 дугаартай дансны нууц кодыг ашиглан интернет банкны гүйлгээ хийх аргаар  түүний данснаас 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 12 цаг 08 минутын үед 100000 төгрөгийг иргэн Ө.Б-ын дансаар дамжуулан авсан, мөн интернет банкаар үйлчлүүлсэн Б.Ж-гийн 5180991712 дугаартай дансны нууц кодыг ашиглан интернет банкны гүйлгээ хийх аргаар түүний данснаас 2018 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр 800000 төгрөгийг иргэн Х.Б-тын дансаар дамжуулан авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох

- Шүүгдэгч Ө.Б-ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “....Би Ж, А нарын мөнгийг авсан нь үнэн. Банкны зээл төлөх хугацаа өнгөрсөн байсан. Мөнгөгүй байсан болохоор ийм хэрэг хийсэн, хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх  мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

- Шүүгдэгч С.Б-ийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...Банканд зээлтэй байсан. ...Би үйлдсэн хэрэгтээ харамсаж байна...” гэх  мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, болон мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,

- Хохирогч Х.А-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би ХААН  банкны 5180530444 тоот данс эзэмшдэг. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 12 цаг 08 минутад миний 99425762 дугаарын   утсанд  данснаас  зарлага   гарсан  талаар  ХААН   банкны   131917  дугаараас илгээмж ирсэн. Дээрх илгээмжийн утга "зээл" гэсэн утгатай 100,000 төгрөгийн зарлага гарсан юм. Тухайн үед миний данснаас ямар нэгэн зээл татах ёсгүй байсан...би 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 10 цагийн үед Хаан банканд очиж үүдэнд нь байдаг компьютер дээр интернет банкныхаа нууц кодоо..сольсон. Энэ үед интернетэд хэрхэн орох талаар банкны угтах ажилтнаас зөвлөгөө авсан юм. Өөр сэжиглэж буй хүн байхгүй...Удалгүй миний дансанд эргүүлэн тушаах гэсэн утгатайгаар 100000 орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/

- Хохирогч Б.Ж-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би Баян-Өлгий аймгийн "Тирлик" ХХК-д нягтлан бодогч хийдэг бөгөөд ХААН банкны 5180991712 тоот дугаартай данс эзэмшдэг байсан. Тэгээд 2018 оны 01  дүгээр сарын 02-ны өдөр өглөө 09 цагийн үед аймгийн ХААН  банкны тооцооны төвд очоод интернет банкны нууц кодоо мартсан байсан тул интернет банкны нууц кодоо сэргээж шинээр код авахаар очоод банкны дансны ажилтнаас зөвлөгөө авч кодоо хийгээд сольж явсан юм. Тэр угтах ажилтнаас би нууц кодоо солихдоо асууж зөвлөгөө авахад тэр эмэгтэй миний хажууд байсан юм...Орой 20 цагийн орчим миний 9942...... дугаартай утсанд 800,000 төгрөг хасагдсан талаар мессеж ирсэн, тэр үед би яагаад миний дансанд байгаа мөнгө гарчихсан юм бол гээд ХААН банкны лавлахаас асуухад таны данснаас 800,000 төгрөг гараад 5183025576 дугаартай дансанд шилжүүлсэн талаар хэлсэн юм. Тэгээд маргааш өдөр нь цагдаагийн байгууллагад болсон асуудлын талаар хэлсэн байсан ба уг өдөр үдээс хойш миний дансанд буцаад дахин 800,000 төгрөг орж ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/

- Гэрч Х.А-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр найзынхаа гэрт цайллагад сууж байтал 20 цагийн үед интернет орсон, энэ үед манай нөхрийн дээрх данснаас 800,000 төгрөгийн зарлага гарлаа гэсэн мессеж ирсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/

            - Гэрч З.Ү-ний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2О18 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр харилцагч иргэн Х.А миний данснаас 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр миний данснаас зээл гэсэн утгатайгаар 100,000 төгрөг гарсан байна, энэ учиртай бэ?, би цалингийн зээлээ төлсөн, өөр байдлаар зээлд мөнгө татах учиргүй гэсэн. Дээрх гомдлын дагуу шалгахад Х.А-гийн 5180530444 тоот данснаас 2017 оны 12 дугаар сарын 29-ний едөр 13 цаг 08 минутад   Ө.Б-тын 5749672409 тоот дансанд 100,000 төгрөгийг зээл гэсэн утгатайгаар шилжүүлсэн, мөн өдөр Ө.Б-тын данснаас 13  цаг 13 минутад Ө.Б-ын дансанд "б" гэсэн утгаар 90,000 төгрөг шилжүүлсэн байна. Ө.Б-ын данснаас тус өдөр 42350, 42,000 төгрөгүүдийг худалдааны төвийн пост машинаар тус тус худалдан авалт хийсэн байсан. 2018 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр миний 5180991712 тоот данснаас зөвшөөрөлгүй 800000 төгрөг гарсан байна, энэ дансанд хэн нэвтэрсэн, нууц дугаарыг яаж мэдсэн гэх гомдол гаргаж ирсэн юм. Би уг гомдлыг шалгахад  2018 оны 01 дүгээр сарын 02-ний өдөр 20 цаг 17 минутад интернет банкаар иргэн Х.Б-тын 5183022576 тоот дансанд иргэн Б.Ж-гийн 5180991712 тоот данснаас 800.000 төгрөгийг шилжүүлсэн байна...”гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/

- Гэрч Х.Б-тын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Баяннуур сумаас өөрийн хувийн машинтай Улаанбаатар хот явахаар болж аймгийн төвд ирсэн. Уг өдөр орой 20 цагийн орчим өөрийнхөө данснаас мөнгө гаргаж авахаар гүүрийн цаад талд шинээр баригдсан банкны АТМ-д очиж мөнгө авахаар зогсож байсан, тэр үед хамт байсан. Үл таних залуу миний данс болохгүй байна, таны данс руу эхнэр мөнгө хийхээр нь би гаргаж авъя тэгэх үү гэхээр нь за гэж зөвшөөрсөн, тэр үед нөгөө залуу миний дансны дугаарыг аваад нэг эмэгтэй хүнтэй ярьж дугаарыг хэлж өгсөн удалгүй миний данс руу 800.000 төгрөг орсон талаар мессеж ирсэн тэгээд би АТМ-д картаа хийгээд 800.000 төгрөг гарч ирэхэд нь тэр залууд өөрөө аваарай гээд өөрөөр нь мөнгийг нь авахуулсан. Тэр залуу надад хандаж баярлалаа эхнэрээс мөнгө ирэх ёстой байсан. Тэр мөнгөө авлаа гээд явчихсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/

- Гэрч Б.Б-тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017  оны  12 дугаар сарын 29-ний  өдөр Ө.Б над руу залгаад чиний дансанд 100.000 төгрөг орсон уу, мөнгийг миний данс руу буцаагаад хийчих гэсэн. Ө.Б ямар учиртай миний дансанд мөнгө хийгээд буцаагаад авч байгаа талаараа хэлээгүй...”гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/

-Хохирогч Х.А-гийн 5180530444 дугаартай харилцах дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 86 дугаар хуудас/

-Хохирогч Б.Ж-гийн 5180991712 дугаартай харилцах дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 87 дугаар хуудас/

-Х.Б-тын 5183025576 дугаартай харилцах дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 89 дүгээр хуудас/

-Шүүгдэгч Ө.Б-ын 5749794982 дугаартай харилцах дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 91 дүгээр хуудас/

-Ө.Б-тын 5749672409 дугаартай харилцах дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 92 дугаар хуудас/

-шүүгдэгч С.Б-ийн 5180212150 дугаартай харилцах дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 94-95 дугаар хуудас/

-Хохирогч Б.Ж-гийн 5180991712 дугаартай харилцах дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 100 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу  мөрдөн байцаалтаар хэргийн нотлогдвол зохих байдлуудыг хангалттай шалгаж, бүрэн тогтоосон байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нар нь амар хялбар аргаар мөнгө олж, банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээлээ төлөх зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр уг гэмт хэргийг санаатайгаар хийж бусдын өмчлөх эрхэд халдсан байна. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бусдын нууцыг хадгалах талаарх Хаан банкны удирдлага, хяналт, сургалтын үйл ажиллагаа хангалтгүй хийгдсэний улмаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлд нөлөөлсөн байна.

Шүүгдэгч С.Б, Ө.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, авч хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 Уг гэмт хэргийн улмаас хохирогч Х.А-д 100000 төгрөг, хохирогч Б.Ж-т 800000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч нар нь учруулсан хохирлоо төлж барагдуулсан, хохирогч нар нь шүүгдэгч нараас өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул уг тогтоолоор шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй, хор уршиг арилсан гэж үзлээ. Мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

1.            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ө.Б, С.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний үйлдсэн гэмт хэргийнх нь төлөө цээрлүүлэн, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлж тэднийг нийгэмшүүлэх зорилгоор, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг тэдний хувийн байдал, нас, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ оролцсон оролцоо зэргийг тус тус харгалзан, мөн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзаж тэдэнд хуульд заасан ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон хуульд заасан ялыг шүүгдэгч нарт ялгамжтай оногдуулж,  шүүгдэгч С.Б нь өөрийн албан тушаалаа ашиглан, бусдын нууц мэдээллийг санаатайгаар хууль бусаар олж мэдэн, гэмт хэрэг үйлдэхийг санаачлан, төлөвлөж, удирдан нөхөр  болох Ө.Б-ыг гэмт хэрэгт татан оролцуулж, хамтран үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 3.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийг зохион байгуулсан гэж үзэж, түүнд хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэх нь зүйтэй ба, харин шүүгдэгч Ө.Б нь гэмт хэргийг гардан үйлдсэн байх тул түүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн ял болох нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь урьдаас төлөвлөж, удаа дараагийн үйлдлээр энэхүү гэмт хэргийг үйлдсэн байх тул шүүх Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүйг дурдаж байна.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Бекнурт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан Ө.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Харин шүүгдэгч С.Б нь 2016 оны 09 дүгээр сарын 15-нд төрсөн хүүхэдтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “шүүх анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн...гурав хүртэлх насны хүүхэдтэй эх...-т оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэл хугацаагаар хойшлуулж болно” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Б-д 6 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан цагдаагийн байгууллагын лавлагааг үндэслэн шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэсэн болно.

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдэнд хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ аваагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Б-ийн өмчлөлийн Самсунг Эс-1 маркийн гар утас, шүүгдэгч Ө.Б-ын өмчлөлийн нокиа 2610 маркийн гар утас битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болголоо.

Шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирүүлсэн  шүүгдэгч нарын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг тус тус өөрт нь буцаан олгож, тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг заасныг тус тус удирдлага болгон                                                                                                                                                                                      ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Ш овогт С-ны Б-ийг бусдын  эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Ш овогт Ө-ийн Б-ыг бусдын  эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах”  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-ыг 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан Ө.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Б-ийн өмчлөлийн Самсунг Эс-1 маркийн гар утас, шүүгдэгч Ө.Б-ын өмчлөлийн нокиа 2610 маркийн гар утас битүүмжилсэн прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол нь хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирүүлсэн  шүүгдэгч нарын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг өөрт нь буцаан олгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 6 сарын хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

10. Ялтан С.Б-д оногдуулсан хорих ял биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд хяналт тавихыг  Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.А