Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/25

 

 

 

 

 

 

 

  2023         08        02                                         2023/ДШМ/25

 

   Б.Пд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч*******хүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам,  шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Л*******,

Шүүгдэгч: Б.П,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Энхтуяа,*******,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Л,*******,

Хохирогч, иргэний хариуцагч Ө.Уийн өмгөөлөгч: Б.Батдорж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Д,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ж.Ө, Ю.Ж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ж.Ө, Ю.Ж нарын  өмгөөлөгч: Н.Тэрбиш,

Нарийн бичгийн дарга: Б.Баяржаргал нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/134 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л, хохирогч, иргэний хариуцагч Ө.Уийн өмгөөлөгч Б.Батдорж нарын гаргасан давж заалдах гомдлоор Б.Пд холбогдох .................. дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

“Н” овогт Б-ын П, ........ оны .... дугаар сарын .....-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “Д” өрхийн эрүүл мэндийн төвийн дарга ажилтай, ам бүл 4, эцэг, эх, ах нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дүгээр багийн .... дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн ....................дугаартай/.

Б.П нь Хөвсгөл аймгийн Асумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр “Х” гэх газрын засмал зам дээр 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 4ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Хг уруудаж яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Ю.Ц, Т.Аа нарын амь нас хохирч гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон, мөн хохирогч Ч.Эгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/134 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Пд Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Нягт овогт Батбаярын Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар шүүгдэгч Батбаярын Пгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пд оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн) хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялаас 2 (хоёр) жилийн хорих ялыг өршөөн хасч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пд оногдуулсан 5 (тав) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, түүнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн 2138000400176 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хариуцагч Ө.У нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, амь хохирогч Т.Аын хууль ёсны төлөөлөгч Б.Д нь оршуулгатай холбогдон гарсан зардал 10,019,621 (арван сая арван есөн мянга зургаан зуун хорин нэгэн мянга) төгрөгийн хохирол, 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин А.Нын тэжээгчээ алдсаны тэтгэмж 107,743,794 (нэг зуун долоон сая долоон зуун дөчин гурван мянга долоон зуун ерэн дөрөв) төгрөгийн хохирлоо, амь хохирогч Ю.Цгийн хууль ёсны төлөөлөгч Б.Л, Ж.Ө нар оршуулгатай холбогдон гарсан зардал 6,891,143 (зургаан сая найман зуун ерэн нэгэн мянга нэг зуун дөчин гурав) төгрөгийн хохирол, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Л.Анандын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү мөнгөний хохирлоо тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.П, иргэний хариуцагч О.У нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т зааснаар хохирогч, иргэний хариуцагч Ө.Уийн шүүгдэгч Б.Пгээс нэхэмжилсэн гэм хорын хохирол 5,641,000 (таван сая зургаан зургаан зуун дөчин нэгэн мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн 2138000400176 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын урд болон хойд дугуй, архины хагархай шил зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л давж заалдах гомдолдоо: Б.Л би тус аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1.Энэ хэргийн улмаас 2 хүний алтан амь хохирч, 2 хүүхэд өнчирч үлдсэн, хохирогч миний нэхэмжилсэн хохирол, нэхэмжлэлийг бүрэн төлж барагдуулаагүй байхад шүүхээс шүүгдэгч Б.Пд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан, 2 жилийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хасаж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохироогүй, шударга бус шийдвэр боллоо гэж дүгнэхэд хүргэж байна.

2.Шүүх нь шийтгэх тогтоолынхоо тодорхойлох хэсэгт “...Үлдэх хохирлоос оршуулгын зардал 6,591,143 төгрөгийн хохирол, 2016 оны 12 дугаар сарын 23-ний өдөр төрсөн охин Аын Нд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү мөнгийг нэхэмжилсэн байх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул амь хохирогч Ю.Цгийн хууль ёсны төлөөлөгч Б.Л, Ж.Ө нар нь дээрх хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж заасан нь ойлгомжгүй, хүү Л.Анандад тэжээгчээ алдсаны зөрүүг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхиж байгааг тодорхойлоогүй, амь хохирогч Ю.Цгийн нас барсан талаар лавлагаа мэдээлэл, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн баримт зэргийг хэрэгт гаргаж өгсөөр байхад ямар шалтгаан, үндэслэлээр тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг шүүгдэгчээс гаргуулахгүй орхиж байгаа нь тодорхойгүй байна. Хэрэг гарснаас хойш бүтэн 2 жил 4 сарын хугацаа өнгөрч, миний хүү эхийнхээ хайр халамжаар дутаж, бие махбодь, сэтгэл санаагаар маш их хор хохирол амсаж байхад хохирол, хор уршгийн өчүүхэн хэсэг болох тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй гэж орхиж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Хохирогч бид Б.Пгээс зөвхөн оршуулгын зардал, хүүхдийн тэжээгчээ адсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн, гэтэл энэ хэргийн уршгаар хүү бид хоёрт сэтгэл санааны хувьд үнэлж баршгүй хор уршиг учирч байгааг шүүх харж үзсэнгүй, оршуулгын зардлыг хүртэл бүрэн олгоогүй маш их гомдолтой байна.

Шүүхийн шийдвэрээс харахад шүүгдэгч Б.Пгийн надад болон хадам ээжид төлсөн хохиролтой дүйцүүлэн төлөгдөөгүй үлдсэн хохирлыг нотлох баримтгүй гэж үзэж хасаж шийдвэрлэсэн гэж дүгнэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хууль болон шударга ёсны зарчимдаа нийцүүлэн дахин шийдвэрлэж өгнө үү.

Хохирогч би хүүгийнхээ тэжээгчээ адсаны тэтгэмжийн зөрүү болон оршуулгын зардлын үлдэх хэсгээ мөн сэтгэл санааны хохирол 50,000,000 төгрөгийг энэ шийдвэрээр нэг мөр шийдвэрлүүлж авах хүсэлтэй байна. Дахин дахин эрүү, иргэний шүүхэд хандан өргөдөл. Гомдол гаргаж хугацаа алдаж чирэгдмээргүй байгаа тул хохирол, тэтгэмжийг бүрэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хохирогч, иргэний хариуцагч Ө.Уийн өмгөөлөгч Б.Батдорж давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/134 дүгээр шийтгэх тогтоолыг гардан авч танилцаад эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг: Тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

Шүүгдэгч Б.П нь  ...Ө.Уийн биед хөнгөн зэргийн гэмтэл, Ө.Уийн тээврийн хэрэгсэлд 5,641,000 төгрөгийн хохирол, Ч.Эгийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл, Ю.Ц. Т.Аа нарын амь насыг хохироосон болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Тодруулбал 1 дэх хавтасны 121 дүгээр талд авагдсан Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б.Цолмонгийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 79 дугаартай дүгнэлт, 1 дэх хавтасны 147-149 дүгээр талд авагдсан “Ихэр Мөрөн-Аудит” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээний тайланд “...4142 ХӨВ улсын дугаартай Тоёото Приус -20 маркийн автомашины хохирлын үнийг 5,641,000 төгрөгөөр үнэлэв” гэх дүгнэлтүүдээр Ө.У нь эд хөрөнгийн болон эрүүл мэндийн хохирол хүлээсэн болох нь тогтоогдсон.

...Прокурор яллах дүгнэлтэд Ө.Уэд учирсан хохирлыг тусгалгүй орхигдуулж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэхүү прокурорын хууль зөрчсөн алдааг шүүхээс засаж залруулалгүйгээр тогтоол гаргасан.

Тодруулбал шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт  Ө.Уийн эрүүл мэндэд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг бичээгүй.

...Ийнхүү дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нь хохирогч Ө.Уийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын талаар дүгнэлт хийлгүй орхигдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “... шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байгаа учраас 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн зүгээс оршуулгын зардлыг бүрэн төлж барагдуулаагүй. Оршуулгын зардал 9,500,000 төгрөг болсноос 4,500,000 төгрөгийг өгсөн. Хохирол бүрэн төлж барагдуулаагүй байхад шүүгдэгчид тохирох шийтгэлийг оногдуулаагүй гэж үзэж байна” гэв.

Хохирогч, иргэний хариуцагч Ө.Уийн өмгөөлөгч Б.Батдорж шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргасан гэж үзэж байгаа учраас эд хөрөнгө, эрүүл мэндэд учирсан хохирлыг дүгнэсэн дүгнэлт нь хэргийн нөхцөл байдалд нийцэхгүй байна. Гомдлоо дэмжиж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Ө, Ю.Ж нарын өмгөөлөгч Н.Тэрбиш шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах талаар үйлчлүүлэгч маань гомдол гаргаагүй учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Лийн өмгөөлөгч Б.Буяндалай шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Гэм хор учруулсантай холбоотойгоор тэжээгчээ алдсаны зөрүүг нэхэмжилсэн байхад түүнийг тодорхой дүгнээгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцээгүй гэж үзэж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ю.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Мөрдөн байцаах ажиллагаа дутуу хийгдсэн” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүүгээ алдаад сэтгэл санаа, эд хөрөнгийн хувьд хүнд байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Шүүх эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт үйлдсэн гэж үзэж ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч******* шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Хохирол, гомдлын талаар иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн байгаа учраас эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л, хохирогч, иргэний хариуцагч Ө.Уийн өмгөөлөгч Б.Батдорж нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

1.Прокуророос Б.Пг “Хөвсгөл аймгийн Йсумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэр “Х” гэх газрын засмал зам дээр 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 4ХӨВ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Хг уруудаж яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Ю.Ц, Т.Аа нарын амь нас хохирч гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон, мөн хохирогч Ч.Эгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйдлээр үйлдсэн байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг нэгтгэн хамгийн хүндээр нь зүйлчилж ирүүлээгүй гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 болгон өөрчилсөн байна.

2.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй,  шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуульд заасан шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь: Шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 7 дахь заалтад “...энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.П, хохирогч, иргэний хариуцагч Ө.У нар нь бусдад төлөх төлбөргүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэж шийдвэрлэсэн атлаа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарыг тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү, оршуулгатай холбогдон гарсан зардал зэргийг тус тус нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.П, иргэний хариуцагч О.У нараас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.

Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний хариуцагч нарын тайлбаруудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Пг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад учруулсан хор уршгийг бүрэн арилгасан, бүрэн арилгахаа илэрхийлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

3. Шүүх ...хохирогч Ч.Эгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан талаар тодорхойлох нь хэсэгтээ дүгнэсэн атлаа тогтоох нь хэсэгтээ энэ үйлдэлд шүүгдэгчийг гэм буруутай эсэхийг шийдвэрлээгүй байна.

Өөрөөр хэлбэл шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 болгон хөнгөрүүлэн зүйлчлэхдээ 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан гэмт хэргийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

Шүүгдэгч Б.Пгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангасан байх тул шүүх Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох учиртай.

4. Шүүхээс Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн) хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялаас 2 (хоёр) жилийн хорих ялыг өршөөн хасч шийдвэрлэхдээ Ч.Эгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэх дээрх үйлдэл өршөөлд хамаарч байгаа эсэхийг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

5. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т хуульчлан тогтоосон.

 1-р хавтаст хэргийн 121 дүгээр талд авагдсан 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 79 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “ ...Ө.Уийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэж иргэн Ө.Уийн эрүүл мэндэд хохирол учирсан нь тогтоогдсон байхад прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасны дагуу яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт, мөн зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т заасны дагуу яллах дүгнэлтийн хавсралт хэсэгтээ энэ талаар тусгаагүй орхигдуулсан алдааг шүүх залруулалгүй хэргийг шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж тодорхойлсон байх бөгөөд шүүх “...тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн Ю.Ц, Т.Аа нарын амь нас хохирч гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон, мөн хохирогч Ч.Эгийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан...” дүгнэж хохирогч, иргэний хариуцагч Ө.Уийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар шийтгэх тогтоолдоо дүгнээгүй байна.

Түүнчлэн  1-р хавтаст хэргийн 147-149 дүгээр талд авагдсан “Ихэр Мөрөн-Аудит” ХХК-ийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн  №2145617200368 дугаартай үнэлгээний тайланд “...4142 ХӨВ улсын дугаартай Toyota Prius-20 маркийн автомашины хохирлын үнийг 5 641 000 (Таван сая зургаан зуун дөчин нэгэн мянга)-н төгрөгөөр үнэлэв.” гэх дүгнэлтээр уг тээврийн хэрэгслийн эзэмшигчид учирсан хохирлын талаар шийтгэх тогтоолд дүгнээгүй орхигдуулжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах” эрхтэй байхаар хохирогчийн эрхийг тодорхойлсноос үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хуулиар олгогдсон эрхийг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэхгүй юм.

6. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...3.Амь хохирогч Ю.Цгийн хууль ёсны төлөөлөгч Б.Л, Ж.Ө нар нь оршуулгын зардал 24,914,096 төгрөг, мөн амь хохирогчийн хүүхэд Л.Анандын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжилсэн байна” гэж дурдсан атлаа “...Аын Нд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү мөнгийг нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул амь хохирогч Ю.Цгийн хууль ёсны төлөөлөгч Б.Л, Ж.Ө нар нь дээрх хохирлоо нотлох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Б.П, иргэний хариуцагч Ө.У нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.” гэсэн нь ойлгомжгүй, хүү Л.Анандад тэжээгчээ алдсаны зөрүүг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулсан байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Лийн гаргасан “...Үлдэх хохирлоос оршуулгын зардал 6,591,143 төгрөгийн хохирол, 2016 оны 12 дугаар сарын 23-ний өдөр төрсөн охин Аын Нд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү мөнгийг нэхэмжилсэн байх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байх тул амь хохирогч Ю.Цгийн хууль ёсны төлөөлөгч Б.Л, Ж.Ө нар нь дээрх хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай” гэж заасан нь ойлгомжгүй, хүү Л.Анандад тэжээгчээ алдсаны зөрүүг нэхэмжилсэн нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхиж байгаа нь тодорхойлоогүй...” гэх агуулга бүхий,

Хохирогч, иргэний хариуцагч Ө.Уийн өмгөөлөгч Б.Батдоржийн гаргасан: “...Прокурор яллах дүгнэлтэд Ө.Уэд учирсан хохирлыг тусгалгүй орхигдуулж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Энэхүү прокурорын хууль зөрчсөн алдааг шүүхээс засаж залруулалгүйгээр тогтоол гаргасан. Тодруулбал шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт  Ө.Уийн эрүүл мэндэд болон эд хөрөнгөд учирсан хохирлыг бичээгүй. Ийнхүү дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нь хохирогч Ө.Уийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлын талаар дүгнэлт хийлгүй орхигдуулж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Л, хохирогч, иргэний хариуцагч Ө.Уийн өмгөөлөгч Б.Батдорж нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 2023/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.