Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 305/ШШ2025/00118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ************* нэхэмжлэлтэй,

Мал маллаж байсан байдал тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.

Нэхэмжлэгч ************* нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасан Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэсэн зохицуулалтанд үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Тонхил сумын Зүйл багт мал маллаж байсан байдлыг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Миний бие *************-нд Тонхил суманд төрсөн. Би 8-р ангиа төгсөөд мал дээр гарч аав, ээжийн хамт мал маллаж байсан. Аав маань 1996 онд нас барсан. Ээжтэйгээ хамт амьдарч байсан. 1997 онд гэр бүлтэй болсон. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл А данс өрхийн тэргүүн буюу аавын нэр дээр бүртгэгдсэн байгаа учраас малчнаар ажиллаж байсан жил тооцогдохгүй гэж тэтгэвэрийн хүсэлтийг буцааж шүүхээр тогтоолгож ир гэсэн юм. гэв.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт одон авах ээжүүдийн мэдээлэл

- Төрсний бүртгэлийн лавлагаа/*************/

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 463 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт *************-ийн 1991-1996 онд мал тооллогын А дансны архивын эх баримтын хуулбар

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03-07/1042 дугаартай архивын лавлагаа

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03-07/1041 дугаартай архивын лавлагаа

- Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа/*************/

- Говь-Алтай аймгийн Тонхил сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 19 дугаартай тодорхойлолт

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч *************нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах мал маллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ.

Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.

Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

3. Нэхэмжлэгч ************* нь 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ************* багт мал маллаж байсан байдал нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах бичмэл нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:

- Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 463 дугаартай тус аймгийн Тонхил сумын Нуур багт 1991-1994 онд, Зүйл багт 1995-1996 онд малчин, өрхийн тэргүүлэгч *************-гийн /1991-1992, 1994 онд *************/ мал маллаж байсан хугацаа 1991-1996 онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон архивын лавлагаа,

-Нэхэмжлэгчийн эцэг *************-гийн 1991-1996 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн архивын тасгийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ************* дугаартай **************************-ны өдөр төрснийг *************-ны өдөр Говь-Алтай аймгийн ************* сумын 87 дугаарт бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 72 дугаартай БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1983 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 34 дүгээр зарлигаар тус аймгийн ************* сумын харъяат ************* алдарт эхийн хоёрдугаар одонгоор шагнасугай гэсэн архивын лавлагаа, уг архивын лавлагаанд Говь-Алтай аймгийн Алдарт эхийн 1 дүгээр одонгоор шагнуулах эхчүүдийн бүртгэлийг хавсарган ирүүлжээ.

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ************* дугаартай 1989 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн *************  ***** настай, эхнэр ************* ******* настай, охин *************, ************* настай, охин *************, ************* настай, хүү *************, ************* настай, хүү *************, ************* настай, хүү ************************** настай нар нь Говь-Алтай аймгийн ************* сумын хөдөөд оршин суудаг гэсэн архивын лавлагаа,

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ************* дугаартай 2000 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн *************, ************* настай, эхнэр *************, ************* настай, хүү ************* 0 настай, ************* 1 настай нар нь Говь-Алтай аймгийн ************* сумын ************* багийн хөдөөд оршин суудаг гэсэн архивын лавлагаа,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ************* дугаартай ************* гэж бичигдсэн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа,

- Говь-Алтай аймгийн ************* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 19 дугаартай ************* нь Тонхил сумын 8 жилийн сургуулийн ************* дугаар ангийг 1989 онд ************* гэрчилгээний дугаартай төгссөн нь үнэн болно гэсэн тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ************* нь ************* онд дунд сургуулиа төгсөж, 1991-1996 онуудад эцэг *************-ийн өрхөд харьяалагдаж байсан болох нь нотлогдож байна.

6. Иймд *************-ыг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ************* багт мал маллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *************-ыг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн ************* сумын ************* багт мал маллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОДБАЯР