| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0458/З |
| Дугаар | 128/ШШ2024/0817 |
| Огноо | 2024-10-16 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 128/ШШ2024/0817
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “О*******” ХХК /РД:*******/,
Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нарын хооронд үүссэн тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглах эрхийг хүчингүй болгосон тушаалыг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түмэндэмбэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч “О*******” ХХК нь “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны ******* дугаартай “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаар тушаалаар[1] Б дүүргийн нутаг дэвсгэр, Б уулын дархан цаазат газрын 40.000 м.кв талбай бүхий газрыг аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар ашиглах эрхийг “О*******” ХХК-д олгож, дугаартай гэрчилгээ[2] олгож, Б уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гурвалсан гэрээг[3] 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан байна.
2.2.Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн тоот албан бичгээр[4] газар ашиглагч нэр бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдэд тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглах эрхийг цуцлах болсныг мэдэгдсэний дотор нэхэмжлэгч “О*******” ХХК-ийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасан зөрчил гаргасан талаар дурдсан байна.
2.3.Улмаар Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаартай албан бичгээр[5] Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалтай газар нутгийн бодлого зохицуулалтын газарт газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэрсийг хавсарган газар ашиглах эрхийг цуцлах болон хэвээр үлдээх саналыг уламжилжээ.
2.4.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай тушаалаар[6] нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө заасан хугацаанд бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр хүчингүй болгожээ.
2.5.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан.
2.6.Нэхэмжлэгчийн талаас “Бодит байдал дээр газрыг зориулалтын дагуу ашиглах үүднээс зураг төслийн ажлуудыг хийж гүйцэтгэсэн ба 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан, мөн нэхэмжлэгчийн зүгээс газрын төлбөрийг хугацаандаа төлөөгүй зөрчил байгаа ч энэ тохиолдолд захиргаа бодит нөхцөлд тохирсон буюу хэмжээнээс хэтрээгүй байх зарчмын үүднээс 2021 оны 06 дугаар сарын 10-ы өдрийн Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаатай байгуулсан газар ашиглах гэрээний 5.5-д заасны дагуу алданги тооцуулан авах боломжтой байсан, гэтэл гэрээний уг заалтыг үл харгалзан шууд газар ашиглах эрхийг цуцалсан нь бодит нөхцөлд тохироогүй, түүнчлэн захиргааны байгууллага сонсох ажиллагаа явуулаагүй, хэрэв маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан нөхцөл байдлыг тогтоох, 25 дугаар зүйлд заасан нотлох баримт цуглуулах, 26 дугаар зүйлд заасан оролцогчийг сонсох, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах зэрэг ажиллагаануудыг хуульд заасны дагуу хийсэн бол нэхэмжлэгчийн хүндэтгэн үзэх шалтгаантайгаар газрыг зориулалтын дагуу ашиглаагүй үйл баримтыг болоод нэхэмжлэгчийн албан ёсны хаягийг мэдэх, улмаар нэхэмжлэгч хуульд заасны дагуу газрын төлбөрийг алдангийн хамт төлж зөрчлийг арилгах ч бүрэн боломжтой байсан, гэтэл дээрх ажиллагаануудын алийг нь ч хийгээгүйн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн” гэж, хариуцагч талаас “нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй болох нь Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар албан бичигт ирүүлсэн саналаар нотлогддог, сонсох ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлтэй” гэж тайлбарлан маргаж байна.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:
3.1.Нэхэмжлэгч “О*******” ХХК-ийн төлөөлөгч Т.Б******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газар ашиглах эрх олгосон захирамж болон гэрээнд газрыг “Аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах” зориулалтаар ашиглахыг тогтоосон. Үүнээс хойш тухайн газар дээр зориулалтын дагуу орон байр барихаар төсөл хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Төслийн гол бүтээн байгуулалт буюу барилга байгууламж, орон байрыг газар ашиглах эрхтэй болмогц шууд бариад явах боломжгүй, судалгаа шинжилгээ, зураг төсөл, дэд бүтцийн шийдэл, тэдгээрийг эрх бүхий байгууллагуудаар хянуулах, батлуулах гээд шат дараатай, нэг нь нөгөөгөөсөө хамаарах, цаг хугацааны хувьд дараалах олон ажлууд байдаг. 2020 оноос хойш дэлхий дахинд, Монгол Улсад Ковид-19 цар тахал дэгдэж, удаан хугацааны хөл хорио, онцгой байдлын дэглэм тогтож байсан бөгөөд үүнээс шалтгаалж хил гааль хаагдах, ачаа тээвэрлэлт зогсох зэргээр ямар ч бүтээн байгуулалтад хүндрэл учирч байсан. Гэхдээ нэхэмжлэгч компанийн хувьд бүхий л нөөц бололцоог эрэлхийлэн ажиллаж, хэрэгжүүлэх төсөл дээрээ Архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан. Өөрөөр хэлбэл тухайн газар дээр барилга, орон байр барих үндсэн баримт бичгийг боловсруулж, түүнийг Нийслэлийн ерөнхий архитектор хянан шалгаж, зөвшөөрч 2023 оны 02 дугаар сарын 10-нд дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталсан болно. Газар ашиглах эрх олгосон захирамж, газар ашиглах гэрээнд аль алинд газар дээрээ тодорхой бүтээн байгуулалт хийх байдлаар зориулалтын дагуу ашиглахыг тусгасан тул түүний зөвшөөрөлтэй холбоотой бичиг баримтын ажил нь тухайн төслийн нэг хэсэг гэж ойлгож байгаа. Аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах гэдэг зориулалтын дагуу газрыг ашиглах боломж хэдийд үүсэх вэ. Тухайн газрыг хоосноор нь ашиглах зориулалтаар олгогдоогүй. Иймд зайлшгүй бүтээн байгуулалт хийгдэх учиртай. Архитектур төлөвлөлтийн даалгавар нь нэхэмжлэгч хүссэндээ хийлгэж, батлуулж байгаа зүйл биш. Барилгын тухай хуулийн шаардлагын дагуу хийгдэх үйл ажиллагаа. Архитектур төлөвлөлтийн даалгавар боловсруулах, хянуулах, батлуулахтай холбоотой бүхий л ажиллагаа нь газраа зориулалтын дагуу ашиглах зорилгын хүрээнд хийгдэж буй ажил гэдэг нь ойлгомжтой. Иймд энэ тохиолдлыг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа ашиглаагүй” гэж үзэх боломжгүй. 2 жил гэдэг хугацааны хувьд ч гэсэн, 2023 оны 2 дугаар сард даалгавар батлагдсанаас хойш маргаан бүхий акт гарах хүртэл хугацаа 2 жил хүрэхгүй. Хуульд “дараалан 2 жил” гэж шууд заасан байдаг. Эдгээр нөхцөл байдлуудаас үзэхэд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил ашиглаагүй” гэсэн нөхцөлийг хангахгүй байгаа юм.
Захиргааны байгууллага, албан тушаалтан захиргааны үйл ажиллагааны тусгай зарчим зөрчсөн тухайд: Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны зүгээс нэхэмжлэгч компанийн газар ашиглалтын нөхцөл байдал буюу төлөвлөгөө даалгавар батлагдсаныг мэдэж байгаа, мэдэх боломжтой байсан. Төрд байгаа мэдээлэл төрийн байгууллага хоорондоо чөлөөтэй дамждаг гэж ойлгож байгаа. Нэг төрийн байгууллага нь тухайн газарт хэрэгжүүлэх төслийн бүтээн байгуулалтад зөвшөөрөл олгож байхад нөгөө байгууллага, албан тушаалтан нь газрын эрхийг нь цуцалж байгаа нь харамсалтай. Захиргааны байгууллага үйл ажиллагаандаа “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-ыг баримтлах ёстой боловч хариуцагчийн зүгээс баримталсангүй. Одоогийн бидэнд мэдэгдэж байгаагаар 2023 оны 8, 9-р сард Б уулын дархан цаазат газарт олгогдсон маш олон газар ашиглах эрхийг сайдын зүгээс цуцалсан байна. Хууль дүрмийн дагуу төр эрх олгосон бол дараагийн сайд нь “Бүх газар олголтыг цэгцэлж, цуцална” гэж улс төрийн шийдвэр гаргаад бөөнөөр нь цуцалж байгаа нь “хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим”-д харш юм.
Маргаан бүхий акт буюу нэхэмжлэгчийн хувьд маш их хохирол дагуулах, эрх ашиг сонирхлыг нь шууд хөндөх акт гаргахдаа захиргааны зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6-д заасан “...тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” зарчмыг заавал баримтлах ёстой байсан. Хариуцагчийн зүгээс сонсох ажиллагаа явуулаагүй. Ийм төрлийн акт гаргах талаар судалж байгаагаа урьдчилан мэдэгдэж, актын чиглэгдэж байгаа этгээд буюу нэхэмжлэгчээс байр суурь, тайлбарыг нь сонссон бол энэхүү маргаан бүхий акт гарахгүй байх боломжтой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан үйл ажиллагаа хийгдээгүй нь дангаараа маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болно. Дээр дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагч маргаан бүхий актыг гаргахдаа захиргааны үйл ажиллагааны тусгай журмууд, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн, үндэслэлгүй буюу хууль бус байна. Аж ахуйн нэгжийн хувьд энэхүү төслийг хэрэгжүүлэх гээд зургийн компанитай гэрээ байгуулсан. Мөн тухайн газар ашиглалттай холбоотой ямар төлөвлөгөөнүүд гаргасан гэхлээр ерөнхий үнэлгээ хийлгэхэд аж ахуйн нэгж дээр мөн зардал гарсан байдаг. Эхний байдлаар зардлуудаа гаргаад зураг төслийнхөө мөнгийг гаргаад явж байсан байгаа. Хэрвээ тухайн цуцлагдсан шийдвэрийг хэвээр үлдээвэл аж ахуйн нэгжүүд хохиролтой болж байна. Түүнчлэн аж ахуйн нэгжийн төсөв төлөвлөгөө нь нурна гэдэг нь дагаад олон хүний ажил амьдралд нөлөөлөхүйц тийм байдал үүсчхээд байгаа. Энэ талаар бичгээр Байгаль орчны сайдад хэд хэдэн удаа мэдэгдэж байсан” гэв.
3.3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41-т заасан гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл бий болсон гэдэг үндэслэлээр хүндэтгэн үзэх шалтгаантайгаар газрын төлбөрийн хугацаа хэтрүүлсэн асуудал байгаа. Ковид 19-ийн нөхцөл байдлыг хариуцагчаас хэлж байна. Гэхдээ энэ нь компани, байгууллагын тухайд шууд дуусаад үйл ажиллагаагаа явуулчихдаг зүйл биш заавал эдийн засгийн эргэлтэд орж хил дамнасан худалдаа, эдийн засгийн тооцооллуудыг хийнэ. Байгууллагын тухайд энэ нөхцөл байдал нь удаан үргэлжилсэн. Манай зүгээс боломжтой болсон үедээ буюу 2023 онд татвараа төлье гэдэг асуудлыг гаргасан. Тухайн үед газрын төлбөр төлөх хугацааг сунгуулах талаар Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийг үндэслэж гаргасан гэж үзэх боломжтой. Уг хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт доор дурдсан нөхцөл байдлын аль нэг нь үүсэж татвар төлөгч татварын өрийг төлөх боломжгүй болох нь тогтоогдсон бол татвар төлөгчийн бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргасан хүсэлтийг үндэслэн харьяа татварын алба татвар төлөх хугацааг 1 жил хүртэлх хугацаагаар сунгаж хөнгөлөлт үзүүлж болно гэж заасан. Үүний үндэслэл нь Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4.1.1 дэх хэсэгт заасан гамшиг болсон гэж байгаа. Тухайн хуулийн 4.1.1 дэх хэсэгт гамшиг гэдгийг юу гэж тодорхойлсон байна гэхээр Ковид 19-ийн нөхцөл байдал ч байгаа. Тэгэхээр манайх ковид 19-н нөхцөл байдлын улмаас татвар төлөх буюу газрын төлбөр, Татварын нэг хэлбэрийг төлөх хугацааг нь энэ хуульд заасны дагуу хойшлуулж өгөөч гэдэг хүсэлт өгөөд үүнийг шийдвэрлэх процесс дээр газрыг цуцалчихсан байсан талаар татварын байгууллага ч мэдэж байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд төрийн нэгдмэл байдлын зарчмын дагуу захиргааны байгууллага болох хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тухайн маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа татварын албанаас ямар ч холбогдох мэдээллийг аваагүй байгаа нь энэ үйл баримтаар нотлогдож байгаа. Энэ үйл баримтаас гадна 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Б дүүргийн татварын хэлтсээс “О*******” ХХК-д газрын төлбөрөө төл гэдэг зүйлийг хэлж байгаа. 2023 оны 08 дугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тухайн газрыг цуцлаад байхад татварын байгууллага нь түүнийг мэдэхгүй татвараа төл гэдэг зүйлийг явуулсан байна. Тэгэхээр энэ тохиолдолд татварын албатай ямар ч мэдээлэл солилцоогүй байгаа нь үйл баримтаар нотлогдож байна. Захиргааны ерөнхий хуулийн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийсэн тухайд захиргааны актыг гаргахдаа тусгай хамгаалалттай газар нутгийг газар ашиглах хэрэг хянан шийдвэрлэх зөвлөл гэж байдаг. Тэгэхээр тухайн зөвлөл бодит нөхцөл байдлыг тогтоох хүрээнд баримтуудыг цуглуулах ёстой. Нэхэмжлэгчийн зүгээс энэ зөвлөл нь бодит нөхцөл байдлыг хангах хүрээнд ямар баримт цуглуулсныг тодруулах хүсэлтийг өгөхөд ямар нэгэн тодорхой хариу ирүүлээгүй буюу зөвлөл нь хуралдахдаа хүртэл бодит нөхцөл байдлыг тогтоох энэ ажиллагааг хийгээгүй юм байна гэдэг дүгнэлт хийхээр харагдаж байна. Урьдчилан мэдэгдэх буюу хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд ямар нэгэн байдлаар урьдчилан мэдэгдээгүй үйл баримт гарч ирж байгаа. Тэрийг нь баримтаар нотолсон ямар нэгэн зүйл байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2-т заасны дагуу манайх мэдэгдэх, сонсох ажиллагаа явуулсан гэж хариуцагч байгууллагын зүгээс тайлбарладаг. Уг заалтад 21 болон түүнээс дээш тооны этгээдүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонсох ажиллагаа хийнэ гэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдэг нь редакцтай, байнгын тогтмол мэдээ оруулдаг редакцын бодлоготой газрыг хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэнэ. Тэгэхээр өмгөөлөгчийн зүгээс тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд юу хамаарах талаар Харилцаа холбооны зохицуулах хороо, хэвлэл мэдээллийн хэвлэлийн хүрээлэнгээс утсаар тодруулсан. Албан бичгээр хариугаа өгөөч гэсэн хэдий ч хариу нь ирж амжаагүй байхад уг шүүх хурал болчихлоо. Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгсэл төрийн байгууллагын цахим сайт орохгүй. Хэрвээ орно гэж үзэх юм бол Монгол Улсад байгаа 4000 гаруй төрийн байгууллагын тал нь хэвлэл мэдээллийн өөрсдийн гэсэн сайт байлаа гэхэд 2000 гаруй нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл Монгол Улсад үйл ажиллагаа явуулна гэж байхгүй. Энэ нь төрийн байгууллага өөрсдийнхөө үйл ажиллагааг л танилцуулж байгаа гэдэг хэлбэр болохоос хэвлэл мэдээллийн хэрэгсэл биш. Тэгэхээр сонсох ажиллагааг хуульд заасны дагуу хийгээгүй байна гэдэг нь харагдаж байна. Захиргааны байгууллагын зүгээс манайх шуудангаар явуулсан гэдэг зүйлийг хэлдэг. Шуудангаар явуулсан үйл баримтын тухайд анх гэрээ байгуулж байгаа хаяг руу нь явуулчхаад хаяг нь дээрээ байхгүй байна гэдэг албан бичиг өгдөг. Хариуцагч байгууллага хүсвэл Улсын бүртгэлийн ерөнхий газар, Татварын ерөнхий газраас манай байгууллагын мэдээллийг авах боломжтой. Энэ нь төрийн нэгдмэл байх зарчмын хүрээнд төрд өөрт нь байгаа мэдээлэл тэгэхээр энэхүү зарчмынхаа хүрээнд энэ мэдээллээ хороондоо солилцоогүйгээр өмнөх хаяг руу нь явуулчхаад хариу тайлбар ирээгүй гэдэг байдлаар шийдвэр гаргах журмыг баримтлаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26, 27 дугаар зүйлүүдэд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримталснаар энэхүү 40.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлийг нь үгүйсгэх зүйлийг нь захиргааны байгууллага олох боломжтой. Дээрх заасан бүх журмыг баримталсан бол материаллаг эрх зүйн тэрхүү үндэслэл өөрөө байхгүй байх боломжтой байсан учраас манайх захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн нэг үндэслэл нь гэж харж байгаа. Иймд дээрх үндэслэлүүдээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаартай газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бгаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа тайлбартаа: “...Анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаар тушаалаар “О” ХХК-д Б дүүрэг, Б уулын дархан цаазат газрын 40,000 м.кв газрыг аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар 5 жилийн хугацаагаар газар ашиглах эрх олгосон. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” ******* дугаар тушаалаар “О” ХХК-д олгосон газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Маргаан бүхий тушаал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж заасныг тус тус үндэслэл болгосон байх бөгөөд нэхэмжлэгч “О” ХХК-д ашиглуулахаар олгосон газрыг газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэж газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй болох нь Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн дугаар албан бичигт ирүүлсэн саналаар нотлогдож байна. Мөн Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр...” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “Мөн зүйл, хэсэгт заасан “зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг. Мөн Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага учраас Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа хийсэн болно” гэжээ.
3.5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газар ашиглах эрхийг цуцалсан тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Газрыг зориулалтын дагуу ашигласан, ашиглаагүй гэж 2 жилийн хугацаанд ковидын нөхцөл байдалтай холбогдуулаад нэхэмжлэгч талаас тайлбарлаад байна. Тухайн газар дээр газар ашиглах эрх үүссэнээс хойш яг ямар бүтээн байгуулалт хийгдсэн юм бэ. Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу шаардлага хангаж байгаа юу гэдэг нь газрын үзлэгээр тодорхой харагдаж байгаа. Газрын төлбөрийг мөн ковидын нөхцөл байдалтай холбогдуулан тайлбарлаад байна. Газрын төлбөрийг төлөөгүй гэдэг нь баримтуудаар болон нэхэмжлэгчийн гаргасан тайлбаруудаас харагдаж байна. Алданги төлчихвөл хариуцлага болох байсан мэтээр тайлбарлаад байгаа. Алданги төлөх, газрыг хүчингүй болгох хоёр нь өөр ойлголт байдаг. Тэгэхээр 2023 оны 11 дүгээр сард нэхэмжлэх үүсээд очиж байгаа нь 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл ашигласан төлбөрийн хэмжээгээр нэхэмжлэх үүсэж тооцоолол гарч байгаа. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар мөн төлбөрөө төлөөгүй гэдэг нь харагдаж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар тушаалаар нэхэмжлэгч “О*******” ХХК-ийн Б уулын дархан цаазат газрын амны хязгаарлалтын бүсэд олгосон 40,000 м.кв газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх үндэслэлээр хүчингүй болгожээ.
3.Нэг.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд:
4.Улсын дээд шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-т “... “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно”, “... зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарлажээ.
5.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч “О*******” ХХК-д Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаар тушаалаар Б дүүрэг, Б уулын дархан цаазат газар нутгийн Хүрэл тогоотын аманд 40,000 м.кв газрыг аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрхийг олгож, Б уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай ******* дугаартай гэрээг 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан байх бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг Нийслэлийн Ерөнхий архитектороор батлуулсан байна.
6.Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:”, 4.1.1-д “барилга байгууламж" гэж орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг”, 4.1.4-т “барилга байгууламжийн баримт бичиг" гэж барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилгын ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай энэ хуульд заасны дагуу боловсруулж, баталгаажуулсан техникийн нөхцөлүүд, зураг төсөл, ил далд ажлын акт, талбайн журнал болон холбогдох бусад баримт бичгийг”, 4.1.20-д “барилгын үйл ажиллагаа” гэж барилга байгууламжийн зураг төсөл, баримт бичиг боловсруулах, магадлал хийх, барилгын ажил гүйцэтгэх, үе шатны ажилд хяналт тавих, чанар аюулгүй байдлын шинжилгээ хийх, ашиглалтад оруулж, гэрчилгээжүүлэх”-ийг ойлгохоор заасан, нэхэмжлэгч компани “Б уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээ”-г 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан, 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан, хариуцагчаас Б уулын дархан цаазат газар нутгийн Хүрэл тогоотын аманд 40,000 м.кв газрыг аялагч түр буудаллах, отоглох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг ашиглах зориулалтаар олгосноос үзэхэд газар ашиглах гэрээ байгуулснаас хойш нэхэмжлэгчийг 2 жил дараалан газрыг зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.
7.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь аялагч түр буудаллах, отоглох зориулалт бүхий орон байрыг барьж газар ашиглах эрхтэй бөгөөд энэ эрхийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Барилгын тухай хуульд заасан барилга байгууламжийн баримт бичиг болох Архитектур төлөвлөлтийн даалгаврыг газар ашиглах гурвалсан гэрээг байгуулснаас хойш 2 жилийн дотор төрийн эрх бүхий байгууллагаар батлуулсан байх тул нэхэмжлэгч газар ашиглах гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаанд газрыг зориулалтын дагуу ашиглаж байсан гэж үзэхээр байна.
8.Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас эхлэн бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоох шийдвэр гарсан, Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан, энэ нь нийтэд илэрхий үйл баримт байх тул дээрх хугацаанд нэхэмжлэгчийг газар ашиглах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж дүгнэх үндэслэлтэй.
9.Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар тушаалд баримталсан Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэх хуулийн үндэслэл үгүйсгэгдэж байна.
10.Хоёр.Газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй гэх үндэслэлийн тухайд:
11.Нэхэмжлэгч талаас энэ үндэслэлд холбогдуулан “... газар ашиглах гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг хугацаанд төлөөгүй бол алдангийн заалтыг ашиглах боломжтой байхад үл харгалзан газар ашиглах эрхийг цуцалсан нь бодит нөхцөл байдалд тохироогүй, ...газрын төлбөрийг төлөөгүй нь Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.41.г-д заасан хуульд заасан эрх бүхий этгээдийн зарласан нийтийг хамарсан аюулт халдварт өвчний улмаас хорио цээр тогтоосон бүсэд хоригдсон хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, газрын төлбөрийг төлөх хугацааг хойшлуулах хүсэлтийг татварын байгууллагад өгөөд шийдвэрлэх процессын явцад манай газар ашиглах эрхийг цуцалсан нь үндэслэлгүй” гэх тайлбар гаргадаг.
12.2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Б уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээний 2.3.б-д “бүгд төлбөрийг жилд 57.604.464 /тавин долоон сая зургаан зуун дөрвөн мянга дөрвөн зуун жаран дөрвөн/ төгрөг” байхаар тооцсон, 5.5-д “Газрын төлбөрийг газрыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх, хугацаанд нь төлөөгүй тохиолдолд төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги төлөх”-өөр, 5.6-д “Газар ашиглах гэрээг жил бүр дүгнэж, төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэх”-ээр тус тус заажээ.
13.Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д “Газар эзэмших гэрээ нь эрхийн гэрчилгээний хамт хүчин төгөлдөр байх бөгөөд гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэнэ”, 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ, 35.3.3-т “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх”, 45 дугаар зүйлийн 45.1-д “Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж,
Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2-т “Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ”, 10 дугаар зүйлийн 5-д “Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно” гэж заажээ.
14.Дээрх хуулийн хэм хэмжээнээс үзэхэд газар ашиглагч нь газрын жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй хэрнээ хариуцагчийг газрын төлбөрт алданги тооцох ёстой байсан гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй.
15.Учир нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан 2023 оны 01 дүгээр сарын 19, 02 дугаар сарын 01-ний өдөр үүсгэсэн газрын төлбөрийн нэхэмжлэл зэргээс үзвэл нэхэмжлэгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал Т.Б******* газрын төлбөр үүссэн буюу төлбөр төлөх үүрэгтэй болохоо мэдэж байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй байна.
16.Өөрөөр хэлбэл, Т.Б******* нь 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “О*******” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагаар томилогдон улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш компанийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд газрын төлбөрийг төлөх үүрэгтэй болохоо мэдсэн, энэ талаар татварын байгууллагатай уулзаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байх бөгөөд энэхүү үүргээ биелээгүйн улмаас захиргааны байгууллага нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг цуцалсан нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасантай нийцсэн байна.
17.Нэхэмжлэгч компаниас 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр Б дүүргийн Татварын хэлтэст хандан газрын төлбөрийг графикийн дагуу хуваан төлөх хүсэлт гаргаж байсан хэдий ч энэ нь газар ашиглах эрхийг хүчингүй болгосон хариуцагчийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй.
18. Учир нь Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар газрын төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй, хэрэв нэхэмжлэгч газрын төлбөрийг төлөх боломжгүй, Татварын ерөнхий хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д заасан татвар төлөх хугацааны хөнгөлөлт эдлэх хүсэлтэй байгаа тохиолдолд уг хүсэлтээ тухай бүр гарган шийдвэрлүүлэх боломжтой байхад 2023 оны 9 сард хүсэлт гаргасныг “шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох” үүргийг хэрэгжүүлээгүй, анхаарч үзээгүй гэж хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй юм.
19.Гурав.Сонсох ажиллагаа явуулаагүй, урьдчилан мэдэгдээгүй гэх үндэслэлийн тухайд:
20.Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно”, 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:, 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж заасны дагуу захиргааны байгууллага шийдвэр гаргахдаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж буй этгээдээд мэдэгдэж, оролцоог хангах үүрэгтэй.
21.Б уулсын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дугаартай “Сонсох ажиллагааны мэдэгдэл”-ийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудаст нийтэлж, олон нийтэд мэдээлснийг дээрх хуульд заасан хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх боломжтой бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлсэн гэж үзнэ.
22.Түүнчлэн Б уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах тухай гэрээний 5.21-д “Гэрээнд заасан албан ёсны хаяг, утас, цахим хаяг өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ” гэж газар ашиглагчид үүрэг болгожээ.
23.Дээрх гэрээнд заасан үүргийн дагуу нэхэмжлэгч “О*******” ХХК-иас захиргааны байгууллагад албан ёсны хаяг, утасны дугаар өөрчлөгдсөн талаараа мэдэгдээгүй хэрнээ 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр Б уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд газартаа барилгын хашаа барих хүсэлт гаргаж байсан, уг албан бичгийн хэвлэмэл хуудаст тэмдэглэгдсэн хуулийн этгээдийн хаяг, утасны дугаарыг захиргааны байгууллага мэдэх боломжтой байсан гэж буруутгаж байгааг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
24.Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, хэрэгт авагдсан баримт, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар газрын төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй болох нь тогтоогдож байх тул маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн ******* дугаар тушаалын хууль зүйн нэг үндэслэл болох Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн учир нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.
25.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6, 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “О*******” ХХК-ийн гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 08 дугаар сарын 15-ны ******* дугаартай “Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ