Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/27

 

 

 

 

 

 

 

   Ц.Бод холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Л.Отгончимэг,

Яллагдагчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг,

Нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/315 дугаар захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Гэрэлтуяагийн гаргасан эсэргүүцлээр Ц.Бод холбогдох 2338000000103 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Халиучин овогт Цын Б, ..... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл ...., эцэг, эхийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дугаар баг ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /Регистрийн дугаар ..................../.

Ц.Б нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дугаар баг ....... тоотод 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хохирогч Д.Рын чих, хүзүү, гарт хутгалж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт, мөн Б.Дын гуянд шөвгөөр хатгасны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/315 дугаар захирамжаар яллагдагч Ц.Бод холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол яллагдагч Ц.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн 2338000000103 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ажпын хэсэг нь 12 см, бариул хэсэг нь 10 см нийт 22 см урттай бор шаргал өнгийн бариултай хутга 1 ширхгийг Хөвсгөл аймгийн прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Цацралд даалгаж шийдвэрлэжээ.

Прокурор Э.Гэрэлтуяа эсэргүүцэлдээ: ...Шүүхээс ...хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлгүй, хэргийн зүйлчлэлийг зөвтгөж ирүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн байна.

Шүүгчийн захирамжийг 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүгчийн захирамжийн үндэслэлийн тухайд:

1. 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/315 дугаар шүүгчийн захирамжид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт тусгах зүйлсийг зөрүүтэй тусгажээ. Дээрх зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэргийн дугаарыг “2338000000103” дугаартай хэргийг хэлэлцсэн байхад “2238000000103” гэж буруу бичсэн, 1.5-т зааснаар шүүгдэгчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийг “Цын Бод” холбогдох хэргийг хэлэлцсэн байхад “Бөртийн М” гэж өөр яллагдагчид холбогдох хэргийг хэлэлцсэн мэтээр зөрүүтэй тусгасан байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэлд “шүүх хуралдаанд оролцогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хэлэлцэж байгаа хэргийн дугаар зэргийг нэг бүрчлэн тусгахаар заасан.

Гэвч 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 315 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэлд “Г.Бод холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн тухай” гэж яллагдагчийн овгийг буруу бичсэн. Мөн “яллагдагч Г.Б нарыг оролцуулан” гэж, “Г.Бод холбогдох эрүүгийн 2238000000103 дугаартай хэргийг” гэж шүүх хуралдаанд оролцогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хэлэлцэж байгаа хэргийн дугаарыг буруу бичсэн байх ба шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцээгүй байна.

2.Яллагдагч Ц.Б, хохирогч Д.Р нар нь хамтын амьдралтай, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болох нь тогтоогдож байна гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэж байна.

Учир нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд “...3.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд; 3.1.2. тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү, 3.2. Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж заасан.

Хохирогч Д.Р нь ам бүл 5, эмээ, эх, дүү нарын хамт амьдардаг, яллагдагч Ц.Б нь ам бүл 3, эцэг эхийн хамт амьдардаг талаар мэдүүлдэг. Мөн оршин суугаа газрын Засаг даргын тодорхойлолт хэрэгт авагдсан ба Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг, 12 дугаар гудамж 8 тоотод хохирогч Д.Р, яллагдагч Ц.Б нар нь хамт амьдарч байгаа болох нь тогтоогддоггүй. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5.1.6-т "хамтран амьдрагч" гэж гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг хэлнэ гэж заасан байх ба гэр бүлийн харилцаа нь тодорхой хугацаанд хамт амьдарч, эдийн засгийн болон бусад харилцан хамааралтай байхыг ойлгоно.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар яллагдагч Ц.Б нь 21 настай, хохирогч Д.Р нь 17 настай байхдаа 2022 оны 04 дүгээр сараас үерхэж эхэлсэн, Ц.Бын гэрт очиж хонодог байсан үйл баримт тогтоогддог. Үүнийг хамтран амьдардаг байсан гэж үзэх нь өрөөсгөл юм.

Иймд Д.Р, Ц.Б нарыг хамтын амьдралтай, гэр бүлийн харилцаатай байсан гэж үзэх боломжгүй тул анхан шатны шүүхийн “яллагдагчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан гэр бүлийн хүчирхийллийн шинжид хамаарч байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4-т заасан нотолбол зохих байдлыг нарийн шалгаж тогтоогоогүй байна” гэсэн нь үндэслэл бүхий дүгнэлт болж чадаагүй байна.

3. Хохирогч Д.Р хамгаалах байранд сэтгэлзүйн хувьд ямар байсан талаар асууж тодруулж шалгаагүй, сэтгэлзүйн дүгнэлт гаргуулаагүй, хамгаалах байрны танилцуулга, хүүхэд хүлээн авах бүртгэлийн маягт хэрэгт авагдаагүй, хохирогч Д.Рад нөхцөл байдлын үнэлгээ хийгдээгүй байх тул дээрх ажиллагаануудыг хийж гүйцэтгэх шаардлагатай гэж үзсэн нь үндэслэлгүй байна.

Хэрэгт Б.Тамир нь гэрчээр мэдүүлэхдээ “хохирогч Д.Р нь сэтгэл зүйн хувьд одоо бол хэвийн байгаа” талаар дурдсан бөгөөд хохирогч Д.Рад аюулын зэргийн үнэлгээ хийсэн. Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын шатанд хохирогчийн сэтгэл зүйн байдалд өөрчлөлт ажиглагдаагүй, ажил амьдралаа хэвийн үргэлжлүүлж байгаа тул заавал хийгдэх мөрдөн шалгах ажиллагаа биш юм.

Иймд ...шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Эсэргүүцлээ дэмжиж байна,  шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэсэн саналтай байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч болон хохирогч Д.Р нарыг хамтын амьдралтай байсан гэж үзсэн байдаг боловч тухайн хүмүүс нь гэр  бүлийн харилцаатай хамтран амьдрагч нар биш юм. ... тухайн хоёр хүнийг хамтын амьдралтай байсан эсэх асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэх ёстой болохоос биш хохирогчийн төрсөн эх н.Дын мэдүүлгээр миний үйлчлүүлэгч болон хохирогч нарыг хамтын амьдралтай байсан гэж үзэж хүндрүүлэн зүйлчлэх нь буруу юм.

... Мөн хохирогчид нөхцөл байдлын үнэлгээ заавал хийлгэх шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь Хүүхэд, гэр бүлийн, хүүхэд залуучуудын газрын мэргэжилтэн н.Тамир нь мэдүүлэг өгөхдөө хохирогчийг сэтгэл зүйн хувьд тогтвортой, аюулгүйн зэрэглэлийн үнэлгээ хийсэн талаар мэдүүлдэг байх тул дахин нөхцөл байдлын үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Иймд прокурорын эсэргүүцэл нь үндэслэл бүхий байна гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Яллагдагч Ц.Б нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар баг 12-08 тоотод хохирогч Д.Рын чих, хүзүү, гарыг хутгалж, хүзүүнд нь шөвгөөр хатгаж, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, хохирогч Б.Дын гуянд шөвгөөр хатгаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх “...яллагдагчид холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4-т заасан нотолбол зохих байдлыг нарийн шалгаж тогтоогоогүй” гэсэн дүгнэлт хийж, хэргийг Хөвсгөл аймгийн прокурорын газарт буцаасан байна.

Анхан шатны шүүх шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаахдаа  захирамжийн удиртгал хэсэгт тусгавал зохих зүйлийг зөрүүтэй байдлаар тусгасан 2 өөр захирамж гарган албажуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчжээ. Тодруулбал, прокурорт хүргүүлсэн захирамжийн удиртгал хэсэгт “Бөртийн Мд холбогдох эрүүгийн 2238000000103 дугаартай хэргийг” гэж, хэрэгт хавсаргасан захирамжийн удиртгал хэсэгт “Цын Бод холбогдох эрүүгийн 2238000000103 дугаартай хэргийг” гэж тусгасан 2 өөр захирамж гаргажээ.

Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байхаас гадна хэрэгт хавсаргасан болон прокурор, өмгөөлөгч, бусад оролцогч нарт гардуулж буй шийдвэрийн агуулга адил байх учиртай.

Гэтэл анхан шатны шүүх дээрх шаардлага болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6, 36.6-д заасан шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасан байх тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн  дүгнэв.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож байгаа тул прокурорын эсэргүүцлийн бусад хэсэгт дүгнэлт хийхгүй орхив.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн  2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 05 дугаар сарын 24-ны өдрийн 2023ШЗ/315 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол  яллагдагчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ЭРДЭНЭБАТ

                                        ШҮҮГЧИД                              Н.БАЯРХҮҮ

                                                                            Б.СОСОРБАРАМ