Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2023/ДШМ/28

 

 

  Т.Сод холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Ц.Чингүүн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг,

Нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/159 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлээр Т.Сод холбогдох ..................... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тогос овогт Тын С, ….. оны .... дугаар сарын …..-ний өдөр Хөвсгөл аймгийн А суманд төрсөн, . настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Хөвсгөл аймгийн А сумын .... дугаар багт оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ................./.

Т.С нь Монгол Улсын Их сургуулийн Математик компьютерын сургуулийг багш, математик мэдээлэл зүй мэргэжлээр 2014 онд төгссөн гэх бакалаврын зэргийн П дугаартай боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Хөвсгөл аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуульд математикийн үндсэн багшаар 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл ажиллахдаа ашиглаж, “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/159 дүгээр шийтгэх тогтоолоор

Шүүгдэгч Тогос овогт Тын Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тын Сыг 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.С нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, Эрүүгийн 2309000000327 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Монгол Улсын Их сургуулийн математик компьютерын сургуулийн багш, математик мэдээлэл зүй мэргэжлийн “Боловсролын бакалавр” зэргийн Э201429282 дугаартай цэнхэр өнгийн хавтастай дипломыг устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: ...Шийтгэх тогтоолыг 2023 оны 06 .дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч танилцаад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Тус хэрэгт Хөвсгөл аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байх бөгөөд Хөвсгөл аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 65 тоот албан бичгээр санал гомдолгүй, нэхэмжпэх зүйлгүй гэсэн хүсэлт шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Т.С нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.” гэж дүгнэн, тогтоох хэсгийн 4 дэх заалтаар “...бусдад төлөх төлбөргүй...” гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” гэж хоёрдмол утгагүй, ойлгомжтой, тодорхой заасан байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үүрэг болгосон дээрх зүйл заалт, хэм хэмжээг шүүх аливаа нэгэн урьдач нөхцөлгүйгээр, ямар ч тохиолдолд заавал хэрэглэх үүрэгтэйгээр хуульчлагдсан байхад шүүхээс зөвхөн иргэний нэхэмжлэгч болох Хөвсгөл аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 65 дугаартай албан бичгийг үндэслэн бусдад төлөх төлбөргүй гэж үзэн, шүүгдэгч Т.Сын гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүгдэгчийн ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах албадлагын арга хэмжээг аваагүй нь хуульд нийцэхгүй.

Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Т.С нь Монгол Улсын Их сургуулийн Математик компьютерын сургуулийг багш, математик мэдээлэл зүйн мэргэжлээр 2014 онд төгссөн гэх бакалаврын зэргийн 0201429282 дугаартай боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Хөвсгөл аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Л.Даваадоржийн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 83 дугаартай тушаалаар тус сургуульд математикийн үндсэн багшаар томилогдон ажиллаж эхэлснээс хойш гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, таслан зогсоогдсон үе буюу ажпаас чөлөөлөгдсөн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл ажиллахдаа хуурамч бичиг баримт ашигласан гэмт хэргийг үйлдэж, гэмт хэрэг үйлдэгдсэн хугацаанд 125,104,216.32 төгрөгийг төсвөөс авсан байх тул мөн дүнгээр шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулах нь хуульд нийцнэ.

Шүүгдэгч Т.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын дипломыг... хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн, ингэснээрээ эрхлэх ёсгүй албан тушаалыг хашиж, олгогдох учиргүй цалин хөлсийг авч орлого олж, хуурамч диплом гэдгийг мэдсээр байж ашиглан гэмт санаагаа хэрэгжүүлсээр байсан тул түүний энэхүү хууль бус үйлдлийн улмаас олсон ашгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан тул үүнийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж дүгнэх нь хууль ёсны ба үндэслэл бүхий болно.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, олсон орлого болох 125,104,216.32 төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулах зүйтэй гэж үзэж байна ” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Анхан шатны шүүх миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлж зөв шийдвэр гаргасан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Прокуророос Т.Сын Монгол Улсын Их сургуулийн Математик компьютерын сургуулийг багш, математик мэдээлэл зүй мэргэжлээр 2014 онд төгссөн гэх бакалаврын зэргийн П дугаартай боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Хөвсгөл аймгийн А сумын Ерөнхий боловсролын сургуульд математикийн үндсэн багшаар 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл ажиллахдаа ашигласан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тодорхойлжээ.

Гэтэл шүүх дээрх хуулийн хэм хэмжээг баримтлахгүйгээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэсэн нь тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого болох түүний Хөвсгөл аймгийн А сумын ерөнхий боловсролын сургуульд математикийн үндсэн багшаар ажиллаж байсан үеийн цалин хөлс, тэтгэмжийг хохиролд тооцож, гэм буруутай этгээдээс гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцнэ.

Түүнчлэн “Ихмөрөн-Аудит” ХХК-ийн аудитор Ц.Мөнхтуяагийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №1 дугаартай Шинжээчийн ажлын тайлан буюу дүгнэлт үндэслэлтэй гарсан гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Учир нь дээрх дүгнэлтэд шүүгдэгчийг хэдэн оны хэдэн сараас эхлэн хэдэн оны хэдэн сарын хүртэлх хугацааны цалин хөлс, тэтгэмж авсан, байгууллагын зүгээс ажил олгогчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаар тодорхой заагаагүй 2013-2023 онд төрөөс 122,139,728.33 төгрөг авч байсан гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Мөн прокурорын яллах дүгнэлтэд Т.Сод 125,104,216.32 төгрөг төсвөөс олгогдсон гэж дурджээ.

Боловсролын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-т “сум, баг, тосгон дахь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгч, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын захирал, сургалтын менежер, сургуулийн нийгмийн ажилтан, дотуур байрны багш, албан бус боловсролын багш, цэцэрлэгийн арга зүйч, сургуулийн номын санч, эмч, хоол зүйч, тогооч, багш, багшийн туслах, сэтгэл зүйчид эхний тав дахь жил болон дараагийн гурав дахь жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс олгохгэж заасны дагуу Т.Сын үндсэн цалинг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн тэтгэмжийг ажил олгогчийн зүгээс түүнд олгосон эсэх талаарх дүгнээгүй орхигдуулсан байгааг шүүх анхаарч үзээгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж зохицуулжээ.

Гэвч хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн объектив талын шинжээс шалтгаалан гэмт хэрэг төгссөн цаг хугацаа өөр өөрөөр тогтоогдож болно. Тухайлбал, “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн тухайд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тэрхүү цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол “Хуурамч баримт ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой юм.

Ашиглах үйлдлийн тухайд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3-т заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоосон байна. 

Шүүгдэгч Т.Сын дээд боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл нь 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хөвсгөл аймгийн А сумын ерөнхий боловсролын сургуульд математикийн үндсэн багшаар томилогдон ажиллаж эхэлсэн өдрөөс эхэлж, улмаар түүнийг ажлаас чөлөөлөх хүртэл буюу  2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжилсэн гэж үзэхээр байна.

Иймд шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй тул дээд шатны прокурорын гаргасан “...хууль бус үйлдлийн улмаас олсон ашгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан тул үүнийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж дүгнэх нь хууль ёсны ба үндэслэл бүхий болно...” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/159 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Т.Сод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.СОСОРБАРАМ

                             ШҮҮГЧИД                                 Л.ЭРДЭНЭБАТ

                                                                               Н.БАЯРХҮҮ