Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 37

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Бавуу даргалж,

нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

улсын яллагч Р.Машлай,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мягмаржав,

шүүгдэгч С.Шука оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Шавар Дарам овогт Сосорын Шукад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1707002490073 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1951 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймаг Булган суманд төрсөн, 67 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, группт байдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн хурын 1-9 тоотод оршин суух, регистрийн УЕ51020578 дугаартай, Шавар Дарам овогт Сосорын Шука нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2017 оны 09 дүгээр сарын 11-ний оройн 17 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Байтаг богд гэх газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөрш айлын 73 настай Д.Хандсүрэнгийн биед халдаж улмаар түлхэж унагааж биед нь сээрний 12-р бүсэлхий 1-р нугалам шахагдсан хугарал бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Шука нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүргийн 1 дүгээр хороо Байтаг богд гэх газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэн улмаар хөрш оршин суух Д.Хандсүрэнг “манай хашаагаар дамжиж танайх голоос ус авч байна хашаан дундуураа явуулахгүй” гэх зэргээр маргаан үүсгэж улмаар түүнийг түлхэж унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Шукагийн өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр архи уусан байхдаа газраас болж Хандсүрэнтэй маргалдсан. Тэгээд Хандсүрэнг түлхэж унагаагаад нуруунд нь гэмтэл учруулсан нь миний буруу. Буруугаа ойлгож байна” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Хандсүрэнгийн өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 13 цагийн үед Шука согтуу ирээд учиргүй намайг чирээд чамтай унтана би жаран долоон настай чи далтай гурван насны зөрүүтэй гээд намайг чирэнгүүт эхнэр нь ирээд нөхрийгөө салгаад явсан. Тэгтэл 17 цагийн үед намайг гэрийнхээ гадна талд байж байхад Шука дахиад хүрч ирээд чи яахлаараа манай эхнэрт хэлдэг юм бэ гээд миний завжнаас бариад багалзуур шахаж байгаад түлхэж унагаачихаад яваад өгсөн. Тэр өдөр миний дэргэд согтуу ирэхдээ манай хашаагаар дамжиж танайх голоос ус авч байна хашаан дундуураа явуулахгүй гэхээр нь чи туулын усыг сорчихдоггүй л юм бол би хаагуураа ч хамаагүй яваад усаа авна гэж хэлэхэд би мөнгөтэй хүн хашаа татна гээд байсан” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 7-9 дүгээр тал/

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Мөнхтуулын өгсөн: “ээжийн завж нь урагдаж цус гарсан, хоолой нь улайсан байхаар нь юу болов яав гэхэд Шука манайд согтуу орж ирээд намайг чирсэн, хоолой боосон унагаасан, цохисон, хүчиндэх гэж дайрсан гэсэн” гэх мэдүүлэг,

            /хх-ийн 10 дугаар тал/

           Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 526 дугаартай:

      "1. Д.Хандсүрэнгийн биед сээрний 12 бүсэлхийн 1-р нугалам шахагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой.

     3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх үйл баримтуудыг судалж үзэхэд шүүгдэгч С.Шука нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.Хандсүрэнг түлхэж унаган эрүүл мэндэд нь сээрний 12 бүсэлхийн 1-р нугалам шахагдсан хугарал бүхий хүндэвтэр гэмтэл учруулан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон түүний үйлдлийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас С.Шукад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн яллаж байгаа нь үндэслэлтэй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.Шука нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн байцаалтад хохирогч Д.Хандсүрэн нь эмчилгээний зардалтай холбоотой 897.381 төгрөгийн баримт гаргаж өгсөн ба шүүгдэгч нь хохирогчид 1253.000 төгрөг төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Харин хохирогч Д.Хандсүрэн нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй болно.                                                

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6-36.8, 36.10, 36.13, 38.1-38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шавар Дарам овогт Сосорын Шукаг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Шукад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Шукад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.Шукад мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, С.Шука нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Хандсүрэнд 1.253.000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

6. Хохирогч нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар С.Шукад оногдуулсан торгох ял биелүүлэхийг Налайх дүүрэг дэх Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тасагт даалгасугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл С.Шукад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Д.БАВУУ