| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржготовын Чанцалням |
| Хэргийн индекс | 128/2024/0084/З |
| Дугаар | 128/ШШ2024/1023 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2024/1023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны тавдугаар танхимд нээлттэйгээр хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: П ХХК
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Р.А,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Г,
Хариуцагч: Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.О, Б.Г
Хариуцагч: Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан Гэрээ дүгнэх ажлын хэсэг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б нарын хоорондын авто зам, гүүрийн барилгын ажлын гүйцэтгэлийн ажлын тухай маргааныг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, Б.Г, Б.Б, шүүх хурлдааны нарийн бичгийн даргаар Н.Анармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч компани нь нэхэмжлэлийн шаардлагаа Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар Авто зам, гүүрийн барилгын ажлын тухай тушаалын П ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж тодорхойлж байгаад Авто замын салбарт 2022 онд улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн төсөл, арга хэмжээний гэрээний биелэлтийг дүгнэсэн ажлын хэсгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тайлангийн П ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж нэмэгдүүлсэн байна.
1. 2021 онд Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулсан зочид буудлаас 3. 4 дүгээр байрны хойд талын уулзвар хүртэлх авто зам, хийдийн 60 автомашины зогсоол, Ж баг, х хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам /, сум/-ын ажил гүйцэтгэх тендерт П ХХК шалгарч, 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 234 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, улмаар Зам, тээврийн яамнаас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаар гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг нэхэмжлэгч компанид хүргүүлж, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны дугаар тушаалаар гэрээг цуцалсныг эс зөвшөөрч 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:
Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:
2.1 Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах тохиолдолд сонсох ажиллагаа явуулах хуулийн зохицуулалттай байхад бидэнд огт мэдэгдэлгүй, тайлбар авалгүй, оролцуулахгүйгээр дүгнэлт гаргасан нь хууль бус,
2.2 Авто замын трассын өөрчлөлт, орон нутгийн засаг захиргааны эсэргүүцэл гэх зэрэг нөхцөл байдлын улмаас ажил удааширч түүнтэй холбоотойгоор ажлаа гүйцэтгэх боломж байгаагүй, түншлэлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй хариуцлагыг ялгаж салгахгүйгээр гэрээг цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй,
2.3 Гэрээнд зааснаар гэрээг зөрчсөнөөс үүссэн аливаа маргаан, зөрчилдөөнийг харилцан зөвшилцөж, шийдэх ёстой байсан,
2.4 Гэрээнээс үүдэлтэй маргаан зөрчилдөөнийг маргаан шийдвэрлэгчид бичгээр хандан шийдвэрлүүлэх ба хуулбарыг нөгөө талдаа хүргүүлэхээр гэрээнд заасныг зөрчсөн гэжээ.
3. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Р.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П******* ХХК-ийг үүсгэн байгуулаад 19 жил болж байна. Энэ хугацаандаа 2022 онд тендерт шалгарч Зам, тээврийн яамтай хамтарч ажиллахаар болсон. Энд байгаа хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар тухайн цаг мөчид байгаагүй хүмүүс учраас юу болсон талаар ярья. Гэрээгээ байгуулаад аймагт очсон. Аймгийн Засаг даргын орлогч дэд бүтэц хариуцсан Н.Ч гэдэг хүнтэй хамгийн анх уулзсан. Уулзалтаар түлхүүр гардуулах нөхцөлтэй төслөөр манай компани шалгарч ирлээ ажлаа хийж гүйцэтгэе гэдэг байдлаар уулзалтыг хийсэн. Сайн байна уу гэдгээс эхлүүлээд бид хоёр муудаж эхэлсэн. Тухайн хүн бид нарыг ийм гудамжны нөхөд ирээд ажил хийх гэж байна гэдэг байдлаар хандсан. Бид улсын төсөвтэй, цаг хугацаатай ажил хийж гүйцэтгэх гэж байна гэдгээ хэлсэн. Ингээд уулзалтаа хийгээд байж байтал, тухайн орон нутаг ирэх жил нь хийгдэх ажил дээрээ трасс баталдаг. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталдаг. Энэ трассынхаа дагуу өгсөн тендер зарлагдаад, трассын дагуу бид нар ч гэсэн зургаа хийгээд очсон байдаг юм. Зураг батлагдсанаас бид тодорхой хэмжээний нийт ажлын 40 хувийг нь хийгдэх боломжгүй гэдэг байдлаар маргаж эхэлсэн. Төсвийн тухай хуулиа зөрчих гээд байна гэдэг байдлаар удаа дараа аймгийн удирдах албан тушаалтнуудад хэлсэн. Мөн Зам, тээврийн яам ч гэсэн тухайн орон нутгаас ийм саналууд ирж байна, ийм ийм гацаанууд ирж байна, энэ дээр ингээд дэмжиж ажиллаач, үнэхээр ингээд та нар трасс өөрчлөх гэж байгаа бол одоо энийг өөрчилж болно гэдэг байдлаар манай байгууллагад хандаж албан бичиг өгөөч гэдэг байдлаар долоо хоног болгон л албан бичиг өгч байсан. Тухайн үед Зам тээвэр хөгжлийн төвийн хяналтын инженер хамт ажиллаж байсан. Тухайн инженер дээр хүртэл өгч байсан. Трасстай холбоотой нэг ч албан бичиг манайд хандаж ирээгүй. Ингээд байж байтал, хүйтрээд 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр зам барилгын ажил бүрэн зогсож бүгдээрээ буусан. 2022 оны 05 дугаар сар гэхэд нөгөө энэ асуудал маань ахиад шийдэгдээгүй маргасаар л байсан. Энэ маргааны асуудлыг шийдэгдэх ер нь явцгүй юм байна, бид нар 1050 километрийн цаана ажил хийхдээ бүрэн бүрэлдэхүүнээр ажиллахаар орж байгаа. Хувийн аж ахуйн нэгж буюу ашгийн төлөө л ажиллаж байгаа байгууллагууд учраас тооцооллоо хийгээд үзсэн чинь Зам, тээврийн яамнаас тооцоолол бичиг ирсэн. Энэ хэсгийг нь орхи гэдэг байдлаар бичиг ирүүлсэн. Гэхдээ бичиг өгөхөөс өмнө Төрийн нарийн бичгийн дарга өөрөө ирсэн байдаг юм. 06 дугаар сард уулзахдаа Улсын Их Хурлын гишүүн Н.Э*******/хуучин Зам, тээврийн сайд байсан/ бид нартай биечилж уулзсан. Орон нутгийн Н.Ч даргыг дуудсан ирээгүй. намын гишүүд очсон учраас ирээгүй. Өөрөө ******* намын гишүүн учраас очих шаардлага байхгүй байсан гэдэг. Ингээд улс төрийн ч юм уу, ажил явуулах сонирхол ерөөсөө байгаагүй. Төрийн нарийн бичгийн дарга хэлэхдээ боломжтой бол энэ трассыг нь өөрчлөөд төсвийн нэр томьёо өөрчлөхөөр бол Р.А зургийг нь өөрчлөөд дахиад батлуулаад ороод ир гэж аман байдлаар хэлсэн байдаг. Ингээд тухайн трасс зургийг гурван удаа өөрчлүүлж санал болгосон. Гэтэл саналыг дэмжээгүй. Ингээд байж байтал зуны улирал болсон. Манай компани төсөл шийдэгдэхгүй байдалтай зунжин тэнд байсан. Ингээд зүгээр байгаад байна гэсэн ойлголт бол байхгүй. Иймд Улаанбаатар хотод нөгөө төсөл хэрэгжүүлж байсан учраас зарим ажилтан, техникүүдээ хот руу татсан. Зам, тээвэр хөгжлийн яам руу энэ асуудлыг бүрэн гүйцэт шийдэж өг гэдэг байдлаар албан бичгээ явуулж байсан. Намайг байхгүй үеэр яамнаас хэсэг хүмүүс очиж газар дээр үзсэн байсан. Яамнаас танай компанид техник тоног төхөөрөмж байхгүй байна, ажилчид байхгүй байна гэж дүгнэлт хийгээд буцаад явсан. Энэ төсөл бүрэн бүтэн хэрэгжихийн тулд бид нар эндээ завод үйлдвэрлэлд тээвэрлэж аваачих ёстой. Гэтэл тэр завод үйлдвэрлээд аваачих зардал маань бараг энэ хасаж байгаа ажлын нийт төсвийн 40 хувь нь хасагдах гээд байсан. Ингээд боломжгүй нөхцөл байдал үүссэн учраас энэ гэрээгээ сунгаад, яг энэ чигээрээ батлагдсан зургаараа энэ ажлаа хийлгээч л гэдэг байдлаар ярьсаар л байсан. Ингээд гэрээ 10 сард дуусгавар болсон байдаг. Ямар нэгэн байдлаар дуудаад шийдэл гараагүй байж байгаад, 12 сард Зам, тээвэр хөгжлийн яамнаас гэрээ дүгнэх хурал хийж байна гэсэн. Хуралд хорь гаруй хүмүүс байсан. Тухайн хурлын үеэр миний хоолой өвдөөд, бие тааруу байдалтай байсан. Энэ төслийг үргэлжлүүлээд дуусгамаар байна бид үлдсэн зардлаа гаргаад дуусгая гэж хэлтэл нэг хүүхэнд загнуулсаар байгаад л гэрээ цуцаллаа гээд л хөөгөөд гаргасан. 2022 онд улс даяар цементийн хомсдолд орсон нөхцөл байдалтай байсан. Зам, тээвэр хөгжлийн яамнаас бараа материалын хомсдолд орсон нөхцөл байдлыг огт хүлээн зөвшөөрөөгүй. Засгийн газраас тогтоол гарч бараа материалын хомсдолтой холбоотой зохицуулалттай гэрээ дээр Зам, тээвэр хөгжлийн яамнаас зөвшөөрөөд гарын үсэг зураад явж байснаа алга болчихсон. Ямар учиртай вэ гэхэд танай гэрээ цуцалсантай холбоотой гэж тайлбарласан. Энэ ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгуулснаас хойш миний хувьд сэтгэл зүйн болоод хүнд дарамттай байна. Яагаад гэвэл У******* гэдэг компанийг түншлэлээр хамтраад энэ төслийг хэрэгжүүлэхээр ажиллаад, авто замын асфальт зон буюу асфальт бетон дээр үйлдвэрлээч гэж хамтарч ажилласан. аймагт олон ажил хийгдэх гэж байна гэдэг байдлаар гуйж дээрх компанитай ажилласан юм. Гэтэл тус компанийг хар жагсаалтад мөн оруулсан хүнд нөхцөл байдалтай байна. аймгийн зүгээс намайг цагдаагаар хоёр удаа шалгуулсан. Мөн Авлигатай тэмцэх газар дээр хүртэл дуудагдаж очсон. Үндэсний аудитын газар хүртэл ингээд дуудаад явж байдаг. Зам, тээвэр хөгжлийн яамнаас манай ажилд хэрэглэгдэх бараа материалыг үнэлж, хүлээж аваагүй, аймаг орон нутаг нь өөрсдөө хувийн өмч шигээ барьцаалаад аваад үлдчихсэн, өгдөггүй ийм нөхцөл байдалтай байна. Өнөөдрийн байдлаар ажилчдаа ажиллуулж чадахгүй болсон. Өр төлбөртэй, татварын өр төлбөртөө шахагдаад байж байна. Бид нарыг ажлаа хийгээгүй юм шиг ийм нөхцөлтэй байлгаад байгаа юм бэ. Ажил хийх боломж бололцоог яагаад хаагаад ийм байдалтай байлгаад байгааг ойлгохгүй байна гэв.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2022 оны 12 дугаар 30-ны өдрийн дугаар Авто зам, гүүрний барилгын ажлын тушаалыг гаргахдаа ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэлээ болгосон байдаг. Бидний маргаад байгаа гол үндэслэл юу вэ гэхээр тухайн тушаалыг ямар эрх зүйн үндэслэлээр гаргасан юм бэ гэхээр ажлын хэсгийн дүгнэлт буюу тайланд үндэслэсэн. Хавтаст хэрэгт Зам, тээвэр хөгжлийн яамнаас гаргасан нотлох баримтууд болоод тайлан мэдээлэлтэй танилцахад ерөнхийдөө ажлын хэсгийн тайлан дээр захиалагч болон гүйцэтгэгч талын үүрэг хариуцлагуудыг оногдуулж зоосон байгаа боловч, ажлын хэсгийг ахалсан хүн нь Ж.Т******* ажлын хэсгийн даргатай, гишүүд нарийн бичгийн даргатай нийлээд 15 хүний бүрэлдэхүүнтэй. Ингээд дүгнэлт тайлан гаргажээ. Энэ тайлан дүгнэлтэд үндэслэл юу байсан бэ гэхээр гүйцэтгэгч талыг төлөөлөөд П******* ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд буюу захирал нь гарын үсэг зураагүй байдаг. 3 дугаар хавтаст хэргийн 215 дахь талд байгаа. Мөн ажлын хэсгийн тайлангийн дүгнэлтийг тухайн үед инженер техникийн ажилчид байхгүй. Тоног төхөөрөмж байршуулаагүй, субьектив талын дүгнэлтийг үндэслэж гаргасан байгаа юм. Гэтэл бидний маргаад байгаа гол зүйл маань тухайн тушаалыг байлцуулалгүй гэрээ дүгнэжээ, талуудын хооронд гэрээ дүгнэсэн юм бол энэ гэрээг дүгнэхэд гүйцэтгэгч болон захиалагч талын ерөнхий ажил гүйцэтгэх гэрээг үндэслэж гэрээ дүгнэх ажлын хэсгийн тайлан гаргасан. Гэтэл энэ гэрээг дүгнэсэн дүгнэлт дээр нэгдүгээрт гүйцэтгэгч талыг төлөөлсөн гарын үсэг байхгүй, хоёрдугаарт хавтаст хэргийн 216 дугаар тал дээр гүйцэтгэгч талыг төлөөлөөд ерөөсөө ямар ч гарын үсэг байхгүй. Үүнийг үндэслээд тушаал гаргасан нь эрх зүйн үндэслэлтэй юм уу, үндэслэлгүй юм уу, энэ нь илт хууль бус байна гэж бид үзэж байгаа. Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь авто замын салбарт 2022 онд улсын төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээний гэрээний биелэлтийг дүгнэсэн ажлын хэсгийн тайлан гэж байгаа юм. Энэ ажлын хэсгийн тайлангаар гэрээ дүгнээд байгаа, гэрээ цуцлах үндэслэл болоод байгаа 15 хүн л гэрээ цуцалчхаад байна гэж нэг талаасаа харж байгаа боловч, нөгөө талаасаа энэ иргэн хоорондын эрх зүйн харилцаа. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд гэрээ байгуулсан юм байна, ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ байгуулсан. Манай П ХХК бол инженер техникийн 30-40 ажилтантай. Бүхэл бүтэн энэ ажлын хэсгийн дүгнэлтээс үүдээд манай компани хар жагсаалтад ороод, тухайн улсын байцаагч үндэслэлгүйгээр сонсох ажиллагааны журам зөрчөөд хар жагсаалтад оруулчихсан байгаа энэ маргаан бас шийдэгдээгүй өнөөдрийг хүртэл жил гаруй хугацаанд манай компани хохироод яваад байна. Гэтэл өнөөдөр бид тэр ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслээд байгаа нь тэр гэрээний эрх зүйн зохицуулалт дээр энэ гэрээг яах гэж байгуулсан юм бэ. Нэг талаасаа Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, нөгөө талаасаа П ХХК болон түншлэгч У******* ХХК-ийн хооронд байгуулсан гэрээ. Гэтэл энэ гэрээг талуудын хооронд дүгнэх нэг талаасаа эрх зүйн үндэслэл буруу, хоёр талаасаа энэ бол иргэн хоорондын маргааныг ингэж гэрээ дүгнэж тушаал гаргахгүй юм гэдэг нэг ойлголт гарч ирж байна.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн маргаан бүхий гэрээ нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдаж, тухайн гэрээний хугацаа нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дуусах хугацаатай байжээ. Гэрээний үргэлжлэх хугацаа буюу тухайн гэрээний хүчин төгөлдөр байдал 2022 оны 09 дүгээр 30-ны өдөр дуусгавар болсон байна. Дуусгавар болсноос хойш 30 хоногийн дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гэрээ цуцлах гэсэн цоо шинэ ойлголт гарч ирээд, Иргэний хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд ямар нэгэн байдлаар заагдаагүй шинэ ойлголтыг гаргаж ирээд тухайн гэрээг цуцалчихжээ. Яагаад цуцалсан гэдгийг сая асуулт хариултын үе шат болон нотлох баримт судлах үе шатуудад маш тодорхой харагдсан. Тухайн гэрээний хугацааг нэг ч удаа талууд сунгаагүй. Талуудыг сунгах эрх бүхий албан тушаалтай этгээдүүд нэг ч гарын үсэг зурж, гэрээний нэмэлт өөрчлөлт хийгээгүй. Гэрээний нэмэлт өөрчлөлт нь тухайн үндсэн гэрээний 2.2-т байгаа. Талууд хүлээн зөвшөөрөөд, төрийн байгууллагын тамга дарагдсанаар тухайн нэмэлт өөрчлөлт батлагдана гэсэн байгаа. Гэтэл ямар нэгэн байдлаар гэрээ сунгасан гэрээний хугацааг өөрчилсөн, дүнг өөрчилсөн, 0.378 км зам нь хэрвээ хийхгүй, хасна, дүнд өөрчлөлт оруулна гэсэн бол гэрээндээ тусгагдах ёстой байжээ. Нэмэлт өөрчлөлт орох ёстой байжээ. Гэвч ямар нэгэн байдлаар ийм зүйл хийгээгүй байна. Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, хэрэгт авагдсан материалуудыг судлаад үзэхээр маргаан бүхий дугаар Төрийн нарийн бичгийн даргын гарын үсэг бүхий тушаал нь өөрөө хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.
6. Тухайн тушаалын үндэслэх хэсэг дээр Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9.8 болон ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн гэсэн хоёр үндэслэх хэсэг байгаад байдаг. Гэвч өнөөдөр цуглаад байгаа 4 хавтаст хэрэг дээр дүгнэлт буюу ажлын хэсгийн дүгнэлт гэсэн баримт байхгүй байгааг шүүх анхаарна уу. Ажлын хэсгийн акт, хурлын тэмдэглэл, ажлын хэсгийн тайлан гэж байсан. Дүгнэлт нь хаана байгаа юм бэ, ямар нэгэн дүгнэлтгүйгээр манай компанийг хохироочихсон байна шүү дээ. Анх шүүх хуралдаан эхлэхээс өмнө бид нар тайлбараа гаргасан. Тайлбар дээрээ маргааныхаа үндэслэлийг юу гэж тайлбарласан бэ гэхээр Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д зааснаар маргаж байсан. Тухайн эрх зүйн актыг гаргах үндэслэл байгаагүй гэж байсан. Өнөөдрийн шүүх хуралдааны явц дээр дахиад нэг үндэслэл гарч ирж байна. Тухайн эрх зүйн акт биелэгдэх ямар ч бодит нөхцөл боломж байгаагүй байна. Яагаад бид нар илт хууль бус гэж анхнаасаа маргасан юм бэ гэхээр бид нар хугацаа алдсандаа ч биш, аль хэдийн гэрээний хугацаа дуусчихсан хойно гэрээ цуцлах тухай акт явуулаад, гэрээ цуцалсан мэдэгдэл явуулаад, сунгаагүй байж, гэрээг цуцалсан гэсэн цоо шинэ эрх зүйн ойлголт гаргаж ирээд, мөн дээрээс нь ганц ч дүгнэлт гэсэн юм гараагүй, дүгнэлтээ бид нарт танилцуулаагүй байж, дүгнэлтээ үндэслээд тушаал гаргасан нь өөрөө илт хууль бус захиргааны акт юм. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
7. Хариуцагч Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : П ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагад дурдаад байгаа захиргааны илт хууль бус буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу аль ч заалтуудтай нь холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж чадсангүй гэж үзэж байна. Энэ нэхэмжлэлийн шаардлагын аль алин дээр нь тухайн захиргааны актыг илт хууль бус гэдэг байдлаар тайлбарыг гаргаад байгаа боловч, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан тайлбартай холбоотойгоор ганц тайлбарыг нэмж хэлсэнгүй гэдгийг тодотгож хэлмээр байна.
8. Нэхэмжлэгч талаас Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хуулийн зохицуулалттай байдаг. Гэтэл бидэнд огт мэдэгдээгүйгээр, биднээс аливаа байдлаар тайлбар аваагүйгээр гэдэг тайлбарыг бол дурддаг. Гэтэл Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай ******* дугаар албан бичиг, мөн 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгүүдээр танай авто замын ажил 2021, 2022 оны график төлөвлөгөөгөөр хоцрогдолтой байна, тодотгосон хөтөлбөрийнхөө заасан хугацаанд нь батлуулаагүй гэж гэрээт хугацаандаа ашиглалтад оруулах талаар мэдэгдлүүдийг гэрээ цуцлахаас өмнө 2 удаа, гэрээ төлөвлөгөөний дагуу ажлаа хийгээч ээ гэдэг байдлаар өгсөн байгаа юм. Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасны дагуу мэдэгдлийг тухайн этгээдэд хүргүүлсэн байдлаар тооцохоор байгаа. Тухайн мэдэгдэл өгснөөрөө сонсох ажиллагаа хийчихсэн гэдгийг тодорхойлж байгаа. Дүгнэсэн хурлын тэмдэглэл дээр мэдэгдээгүй, дүгнэлт дээр оролцуулаагүй гэдэг тайлбар өгсөн байдаг. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн гэрээ дүгнэх хуралдаан дээр тухайн компанийн захирал өөрөө биеэр оролцож, тайлбараа өгснөөр хурлын тэмдэглэл авагдчихсан байгаа. Нэхэмжлэгч 2022 оны улсын төсөвт тусгагдсан хөрөнгийг бүрэн ашиглаагүй, батлагдсан төсөл төлөвлөгөөний дагуу барилгыг хийж гүйцэтгээгүй, тухайн талбай дээр гарах ёстой инженерүүдийн тоо хэмжээ нь дутуу, техникийн ажилтан, машин механизмыг байршуулаагүй, дотоод зохион байгуулалт муу, Улаанбаатар хотод ажилтай байсан гэж хэлж байна. Орон нутгийн ажлаа хийгээгүй байсан атлаа Улаанбаатар хотод хийгдэх ажил дээрээ техник тоног төхөөрөмж, хүн хүч, бусад бүх ажлууд энд төвлөрснөөс тухайн орон нутгийн ажил хаягдсан гээд нэг ёсондоо өөрөө нотолгоогоо бараг хэлж байх шиг байна. Ийм зөрчлүүд гарсан нь захиалагчийн өгч байсан мэдэгдэл, албан бичиг дээр тодорхойлогдож байгаа учраас, захиалагч талаас эдгээр компанийг олон сар хүлээсэн. Гэтэл орон нутгийн иргэдийн эрх ашиг хөндөгдөж байсан учраас тухайн гэрээний 42.2в-д заасны дагуу гүйцэтгэгч нь гэрээний дагуу хийх ёстой гүйцэтгэлээ байнга тасалдуулах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй тохиолдолд захиалагчийн зүгээс гэрээ цуцална гэдэг энэхүү заалтыг, мөн гэрээний ерөнхий нөхцөлийн 42.1.1-д заасны дагуу захиалагч шаардлагатай гэж үзсэн тохиолдолд хэдийд ч тухайн гэрээний 42.1-д заасны дагуу гүйцэтгэгчид мэдэгдлийг өгөөд гэрээг цуцалж болно гэж заасны дагуу энэхүү маргаан бүхий захиргааны актыг гаргасан хүчин төгөлдөр акт байна гэж үзэж байна. Сонсох ажиллагаа хийсэн гэдгийг нотолж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хоёрт нь төлөөлөгч түншлэгчийг тус тусын хүлээх хариуцлагыг ялгаж салгаагүй, хамтад нь хариуцлага хүлээлгэлээ, мөн гэрээ цуцалсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна гэсэн тайлбарыг өгдөг. Одоо хүртэл нэхэмжлэгч маань түншлэл гэдэг зүйлээ ойлгоогүйгээр энэ ажил дээр орж ирсэн. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 12.1-д тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийг ерөнхий байдлаар санхүүгийнх, техникийн чадавх, туршлага гэсэн энэ заалтуудыг харгалзан үзэж байгаад магадална гэдэг. Энэ шаардлага буюу техникийн шаардлага, санхүүгийн тусгай шаардлагуудыг П******* ХХК дангаараа хангахгүй байгаа учраас У******* ХХК-тай нэгдэж түншилж орж ирж байгаа юм. Түншилж орж ирэхдээ туслан гүйцэтгэгч, ерөнхий гүйцэтгэгч гэж яригдахгүй. Энэ дээр хоёулаа гүйцэтгэгч, гэхдээ нэг нь арай илүү давуу байдалтайгаар захиалагчтай харилцах буюу гэрээг байгуулна гэдэг талаас л оролцдог болохоос биш, энэ дээр хэн нэгэн нь оролцоно, оролцохгүй гэсэн байдлаар яригдахгүй. Гэрээнд хоёулаа гүйцэтгэгчээр бол оролцдог. Тэгэхээр яг энэ заалтын дагуу П******* ХХК болон У******* ХХК хоёр түншлэлээр орж ирсэн. Хэрвээ нэхэмжлэгчийн ярьж байгаагаар П******* ХХК эсхүл У******* ХХК-ийн аль нэгийг нь хоорондын байгуулсан түншлэлийн гэрээнийх нь дагуу яамтай гэрээ байгуулаад аль нэг дангаар хууль зүйн хариуцлага тооцоод арга хэмжээ авсан тохиолдолд энэхүү гэрээ маань өөрөө хүчин төгөлдөр бус тооцогдох ёстой. Энэхүү түншлэлээр орж ирж байгаа компаниудыг аль нэгэнд нь гэж салгаж ойлгох боломжгүй, энэ бол хоёулаа гүйцэтгэгч. Хэрвээ нэгэнд нь арга хэмжээ аваад нэгнийх нь гэрээг цуцална гэсэн ойлголт яригдахгүй. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулалттай. Аль нэгэнд нь дангаараа захиалагчийн зүгээс хариуцлага тооцох нь үндэслэлгүй.
9. Гэрээний ерөнхий нөхцөлийн 6.1.1-д заасны дагуу хэрэв захиалагч гүйцэтгэгч хоёрын хооронд гэрээтэй холбоотой маргаан гарсан тохиолдолд зөвшилцөх буюу маргаан зөрчилдөөн шийдвэрлэгчид бичгээр хянан шийдвэрлэнэ гэж заасан. Гэтэл Зам, тээвэр хөгжлийн яам нь дангаар шийдвэрлэсэн гэж ярьдаг. Энэ асуудал дээр Зам, тээвэр хөгжлийн яамнаас энэхүү гэрээний үүрэгтэй холбоотой асуудлыг хөндөж үзсэн. Гэтэл одоо маргаан бүхий захиргааны акттай холбоотой аймгийн зочид буудлын гурав дөрөвдүгээр байрны хойд талын уулзвар хүртэлх авто зам буюу 1,7 километр зам, мөн дээр нь нэмэгдээд 60 автомашины зогсоол хийж гүйцэтгэх гол ажил байсан. Түлхүүр гардуулах нөхцөлөөр Сангийн сайдын 2008 оны 362 дугаар тушаалаар батлагдсан түлхүүр гардуулах нөхцөлтэй буюу тендерийн жишиг баримт бичиг байгаа юм. Дээрх тушаалаар түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг хэрхэн байгуулах талаар зааж өгсөн. Түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээ нь гүйцэтгэгчид ашигтай буюу тухайн гүйцэтгэгч маань тухайн ажлыг хийхдээ өөрсдөө зураг төсвөө гаргаж өгөөд тэрнийхээ дагуу хийх боломжтой гэрээг хэлж байгаа юм. Маргаан шийдвэрлэгчид хандахад боломжгүй шийдвэр яагаад гарч байгаа вэ гэхээр 2008 оны 362 дугаар тушаалаар анх хийгдсэн гэрээ. Гэтэл Сангийн сайдын 2021 оны 145 дугаар тушаалын 3 дахь заалтаар Сангийн сайдын 2008 оны 362, 2019 оны 120 дугаар тушаалуудыг хүчингүй болгосон. Түлхүүр гардуулах нөхцөлтэй жишиг гэрээ гэдэг маань нэг ёсондоо байхгүй болоод явчихсан гэсэн үг. Түлхүүр гардуулах нөхцөлтэй жишиг гэрээ дээр л зөвхөн маргаан шийдвэрлэгч гэдэг байна гээд заачихсан байсан юм. 2023 онд Тендерийн хууль шинэчлэгдсэнтэй холбоотой 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/259 дугаар Сангийн сайдын тушаалаар тендер шалгаруулалтын баримт бичгийг шинэчлэн батлахдаа аль ч гэрээ дээр маргаан шийдвэрлэгддэг зүйл байхгүй, захиргааны журмаар шийдвэрлэнэ гэдгийг заагаад өгсөн. Маргаан шийдвэрлэгч гэж хэн бэ гэдгийг тодорхойлох боломжгүй болсон. Иймд гэрээний ерөнхий нөхцөлд заасны дагуу Зам, тээвэр хөгжлийн яамнаас гүйцэтгэгчтэй хэлцэл хийсэн. Хэлцэл үр дүнд хүрээгүй. Мэдэгдэл хүргэдэг. Мэдэгдлийн дагуу тухайн гүйцэтгэгчээс ямар нэгэн байдлаар энэ ажлын хоцрогдлыг арилгая, энэ ажлыг гүйцэтгэе, дуусгая гэсэн ямар нэг хүчин чармайлт, хариу тайлбар ирэхгүй байсаар байгаад 2022 оны 12 сард нь энэхүү гэрээ дүгнүүлсэн.
10. Нэхэмжлэлийн шаардлагад ажлын хэсгийн захиалагч болон гүйцэтгэгч нар байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ дүгнэх, цуцлах санал гаргах болон цуцлах шийдвэр гаргах эрхтэй этгээд биш, ийм эрхтэйгээр ажлын хэсэг байгуулагдаагүй. Авто замын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.6-д авто зам, замын байгууламж барих, засварлах, арчлах, зураг төсөл боловсруулах, техник, технологийн хяналттай холбоотой норм, норматив, техникийн баримт бичиг батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих; гэж заасны дагуу Авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хамаардаг. Хэрвээ энэ замын асуудлыг шийдвэрлэж дүгнэлт гаргахгүй юм бол өөр хэн гаргах вэ. Зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тухайн жилийн эцэс буюу тухайн онд хэрэгжсэн олон улсын, орон нутгийн улсын чанартай бүх замууд дээр хийгдсэн төсөл хөтөлбөрүүдийг гэрээг дүгнэдэг. Үүнд ажлын хэсгийн дүгнэлтүүдийг гаргаад, хуулиар олгосон эрхийн дагуу хэрэгжилтэд хяналт тавиад, тухайн оны гүйцэтгэлийн ажлын хугацааг сунгах уу, дуусгавар болгох уу, төсөв хөтөлбөрийг нэмэгдүүлэх үү гэдгээр ажлын хэсэг дүгнэлт гаргадаг. Ажлын хэсэгт дүгнэх эрхийг олгоод дүгнэсэн актаар баталгаажиж байгаа. Энэхүү актаар тухайн гэрээг дуусгавар болгох уу, цуцлах уу гэдэг бүх асуудлыг шийдвэрлэж байгаа. Тухайн ажлын хэсэгт явахаас өмнө томилолтын тайлан бүгд хавсрагдаж орж байгаа. Энд Зам, тээвэр хөгжлийн яамнаас 15 хүн дүгнэсэн асуудал зөвхөн яригдахгүй. Тухайн ажлыг гүйцэтгэхэд техник технологийн хяналтыг тавих мэргэжлийн байгууллага гэж байгаа. Зам, тээвэр хөгжлийн яамнаас 15 хүн очиж нэг өдөр дүгнэсэн асуудал бол биш. Зам, тээвэр хөгжлийн төвийн тухайн өдөр тутмын хяналтыг зураг төслийн дагуу хийгдэж байна уу, үгүй юу гэдгийг тухайн өдөр тутмын инженер нь хяналт тавина. Хөгжлийн төвөөс тухайн гүйцэтгэгчид ажлаа хугацааны хувьд батлагдсан төлөвлөгөөний дагуу хоцрогдолтой байгаа талаар байнгын сануулж байсан байгаа юм. 2022.11.22-ны өдрийн улсын төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа нийт барилгын ажлын гэрээ дүгнэх хуралдаан дээр П******* ХХК-ийн захирал Р.Аг оролцуулан гэрээг дүгнэсэн. Ажил гүйцэтгэхэд удаа дараагийн мэдэгдэл, 2022 онд ямар ч ажил хийж гүйцэтгээгүй, талбайд инженер гараагүй байгаа, трасс өөрчлөлттэй холбоотойгоор асуудлуудыг ярилцсан. 1.7 км замыг тавих гэж 19 жилийн туршлагатай компани нь энэ асуудлыг гаргаад байгаа юм. Захиалагчийн зүгээс 1.7 км замаас зөвхөн 0.378 км замд зөвхөн аймагт трасс таараад байгаа юм. Энэ хэсгийг орхиод, энэ гүйцэтгэлийг үлдээгээд бусад ажлаа хийж дуусга гэхэд ажлаа хийхгүй байсаар, явсаар байгаад 2022 онд ямар ч ажил хийж гүйцэтгээгүй явсаар байгаад улсын төсөвт суусан мөнгийг татуулсан байсан. Тэгэхээр 0.378 км замыг судлаад, дахин баримт бичгийн бүрдлийн шаардлагыг хангаж ажиллаагүйн улмаас ажлын хэсэг гишүүдийн саналаар энэхүү гэрээ төсөл шийдвэрийг гаргасан. Зам, тээвэр хөгжлийн яамнаас зөвхөн гүйцэтгэгчийг буруутгаж байгаа биш. Тухайн гүйцэтгэгчид хэдий орон нутгийн байгууллагаас тухайн трасс шугамыг өөрчлөх ямар ч шийдвэр гаргаж өгөөгүй ч гэсэндээ гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагааг нь үнэлж бид нар дүгнэлт өгсөн. Зөвхөн улсын төсөвт тусгагдсан байсан мөнгийг татуулсан нь хоцролтой байгаа ажлаа төлөвлөгөөнийхөө дагуу хийгээч, 0.378 км замыг орхиод бусад ажлаа хий гэж заавар өгөөд байхад энэ ажил дээрээ л ярьж, хотод хүн хүч төвлөрснөөс ажил орхигдсон байгаа юм. Тайлан үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, бодит байдал дээр нийцэж буй нь тодорхойгүй, бодит байдал дээр хэрэгжих боломжгүй гэсэн тайлбар нэхэмжлэгч өгсөн. Нэхэмжлэгч өөрсдөө ажлаа хийдэггүйгээ хүлээн зөвшөөрсөн гэдгийг бол харуулж байгаа. Хэрвээ ажлын хэсгийн тайлангаар тодорхойлогдоогүй, бодитой хийгдээгүй гэж үзэж байгаа бол энэнтэй холбоотой нотлох баримтуудаа гаргаж, энэ ажлыг өнөөдөр бид нар өнөөдөр хийсэн гэсэн баримтаа гаргаж өгөх байсан. Гэтэл ажлаа хийгээгүй байгаа нь өөрсдөө гүйцэтгэж чадаагүй гэдгийг нотолж байгаа юм. 2022 онд актаар цуцалсан байхад Захиргааны ерөнхий хуулийн 33.14-т заасан хугацаа, 94.1-т заасны дагуу захиргааны байгууллагад гомдлыг гаргасантай холбоотойгоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2-т заасны дагуу гомдлыг гаргах хугацаа байсан. Гэтэл гомдол гаргахгүй байсаар байгаад 2024 онд энэ асуудлыг ярьдаг. Хөөн хэлэлцэх хугацаа болон Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан илт хууль бус захиргааны актын алинд нь ч хамаарахгүй учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.14-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэг авагдсан бичгийн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв
1. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж байгаа зочид буудлаас 3, 4 дүгээр байрны хойд уулзвар хүртэлх авто зам, хийдийн 60 автомашины зогсоол, Ж баг, Х хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэхээр захиалагч, П ХХК, У******* ХХК түншлэлийн хооронд 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 234 дугаартай гэрээг байгуулсан байх бөгөөд тус авто замын барилгын ажил 41 хувьтай хэрэгжсэн байна.
2. Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн дугаартай захиалагч зөвлөхийн зүгээс тус авто замын барилгын ажлыг эрчимжүүлэх талаар хугацаатай үүрэг даалгаврыг удаа дараа хүргүүлсэн боловч танай түншлэлийн дотоод зохион байгуулалттай холбоотойгоор барилгын ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгээгүй, гэрээний үүргээ биелүүлэн ажиллаагүй тул 2022 оны гэрээ дүгнэх ажлын хэсгийн хурлаар гэрээг цуцлах шийдвэр гарсан. Иймд Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны дугаар тушаалаар гэрээ цуцалсан болохыг мэдэгдэж байна гэсэн утга бүхий албан бичгийг П ХХК болон У******* ХХК-ийн түншлэлд хүргүүлжээ.
3. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Авто зам, гүүрийн барилгын ажлын тухай дугаар тушаалын гуравдугаар хавсралтын 2 дахь заалтаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/148 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн зочид буудлаас 3, 4 дүгээр байрны хойд уулзвар хүртэлх авто зам, хийдийн 60 автомашины зогсоол, Ж баг, Х хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто замын барилгын ажил гүйцэтгэгч П ХХК-ийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтад оруулах байсан төслийг 2022 оны улсын төсөвт тусгагдсан хөрөнгийг бүрэн ашиглаж, батлагдсан төлөвлөгөөний дагуу барилгын ажлыг хийж гүйцэтгээгүй, ажлын талбайд инженер техникийн ажилтан, машин техникийг байршуулж ажиллаагүй, дотоод зохион байгуулалт муу зэргээс шалтгаалан гэрээний үүргээ тухайн хугацаанд биелүүлж ажиллаагүй гэх үндэслэлээр гэрээг цуцалсныг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч ...Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар Төсвийн тухай хуулиа зөрчиж авто замын трасс өөрчлөх шийдвэр гаргаснаас шалтгаалан гүйцэтгэгчийн ажил зогссон... гэж тайлбарлан маргаж байна.
4. Захиалагч Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон гүйцэтгэгч П ХХК, У*******ХХК-ийн түншлэл хооронд 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр зочид буудлаас 3, 4 дүгээр байрны хойд уулзвар хүртэлх авто зам, хийдийн 60 автомашины зогсоол, Ж баг, Х хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам барих/, сум/ ажил гүйцэтгэх 234 дугаартай гэрээ байгуулж, гэрээний 1.3-д Гэрээний нийт дүн 3,060,968.158 төгрөг, 1.4-д Гүйцэтгэгч нь ажлыг 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр эхэлж, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор захиалагчид хүлээлгэн өгнө, гэрээний ерөнхий нөхцөлийн 6.1-т маргаан шийдвэрлэгч, 6.1.1-т хэрэв захиалагч ба гүйцэтгэгч хоёрын хооронд гэрээтэй холбоотойгоор, гэрээний бодит байдал, хүчин төгөлдөр байх эсэх эсвэл цуцлах талаар үүссэн аливаа маргаан, зөрчилдөөнийг талууд энгийн жижиг гэлтгүйгүйгээр харилцан зөвшилцөж, шийдэххэрэв зөрчилдөөнийг харилцан зөвшилцөж шийдэж чадахгүй бол тухайн маргаан зөрчилдөөнийг маргаан шийдвэрлэгчид бичгээр хандан шийдвэрлүүлэх ба хуулбарыг нөгөө талдаа хүргүүлнэ, 6.1.2-д маргаан шийдвэрлэгч маргааныг 28 хоногт шийдвэрлэнэ, 6.1.3-д маргаан шийдвэрлэгчид цагийн хөлсийг захиалагч гүйцэтгэгч хоёр тэнцүү хувааж төлнө, 8.2-д гүйцэтгэгч байгууламжийн ажлыг гэрээний тусгай нөхцөлд заасан хугацаанд эсвэл гэрээний ерөнхий нөхцөлийн 40 дүгээр зүйлийн дагуу сунгасан хугацаанд дуусгавар болгоно, 40.1-т хэрэв дор дурдсан шалтгаануудын аль нэгээс хамааран гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлага биелэгдэхгүй байх, хугацаа хойшилбол гэрээ дуусгавар болох хугацааг сунгаж болно, 40.2-д гэрээний хугацааг зайлшгүй сунгах нөхцөл байдал, үйл явдал тохиолдсон үед гэж зааснаас үзвэл захиалагч гүйцэтгэгчийн хооронд үүссэн аливаа маргааныг маргаан шийдвэрлэгч хянан шийдвэрлэхээр тусгайлан заасан мөн гэрээний хугацаа сунгах, цуцлах нөхцөлүүдийг урьдчилан тохиролцсон болох нь тогтоогдож байна.
5. Гэвч хариуцагч нараас гэрээний ерөнхий нөхцөлийн 42.2.1.1-т зааснаар захиалагч шаардлагатай гэж үзсэн үедээ хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж маргаж байгаа боловч дээрх гэрээнд заасан бусад нөхцөлүүдийг болон гэрээний хугацааг харгалзан үзээгүй гэж үзэхээр байна.
6. Учир нь П ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн аймгийн Засаг даргын Тамгын газраас газар олгосон шийдвэр буюу авто замын трасс баталж хамгаалалтын бүс тогтоох тухай захирамж гаргаж, тендерийн нэршлийг өөрчилж, Ентүт зочид буудлаас 3, 4 дүгээр байрны хойд талын уулзвар хүртэлх хорооллын хойд талын замаас паркын зүүн тал хүртэх 3 дугаар цэцэрлэгийн баруун талын уулзвараас 3 дугаар сургуулийн дээд талын уулзвар хүртэлх авто зам гэж Төсвийн тухай хуульд заагдсан нэршлийг өөрчилж, үүнийгээ авто замын трасс өөрчлөгдсөн гэх шалтгаанаар гүйцэтгэгчийн ажлыг цааш үргэлжлүүлэхийг хориглож, дээрх шалтгаанаар гүйцэтгэгчийн ажлын явц удааширч 2021 онд нийт ажлын 50 хувийг гүйцэтгэх боломжгүй байдалд хүрээд байгаа тухай мэдэгдлийг захиргааны байгууллагуудад удаа дараа хүргүүлсэн болох нь 2021 оны в/163 дугаартай албан бичгийг Зам, тээврийн хөгжлийн төв болон Зам тээврийн яам, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт хүргүүлсэн болон аймгийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Зам, тээврийн яаманд хүргүүлсэн албан бичгээр тогтоогдож байгаа тул улсын төсвийн хөрөнгөөр хийгдэх авто замын трассыг орон нутгийн удирдлагаас зөвшөөрөхгүй, трассыг өөрчлөн зураг төсөв батлуулах зэргээр гүйцэтгэгчийн ажлыг удаашруулсан нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдож байна.
7. Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.7-д төсөвт зохицуулалт хийхдээ хөрөнгийн болон урсгал зардлыг хооронд нь шилжүүлэх, төсөвт тусгагдаагүй шинэ хөтөлбөр, арга хэмжээг санхүүжүүлэхийг хориглоно, Засгийн газрын 2021 оны 160 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянан, тайлагнах журам-ын 4.1.33-д барилга байгууламж их завсар, тоног төхөөрөмж, зөвлөх үйлчилгээний зардлыг хооронд нь шилжүүлэх, батлагдсан нэр байршлыг солих, хүчин чадлыг өөрчлөх, хуулиар батлагдсан төсөвт өртгийг хэтрүүлэн тендер шалгаруулалт зарлах, гэрээ байгуулах, санхүүжүүлэхийг хориглоно гэж заасан тул авто замын ажлын байршлыг шилжүүлэн гүйцэтгэх боломжгүй гэдгийг эрх бүхий байгууллагуудаас 2022 оны 8 дугаар сард тус аймгийн удирдлага болон гүйцэтгэгч нарт хариуг албан бичгээр хүргүүлж байсан байна.
8. Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/148 дугаар тушаалаар батлагдсан гэрээ дүгнэх ажлын хэсэг гэрээний үүргийн биелэлтийг 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 11 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд дүгнэж, Авто замын салбарт 2022 онд улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн төсөл, арга хэмжээний гэрээний биелэлтийг дүгнэсэн ажлын хэсгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ны өдрийн тайлангаар гүйцэтгэгч П ХХК-ийн зочид буудлаас 3, 4 дүгээр байрны хойд уулзвар хүртэлх авто зам, хийдийн 60 автомашины зогсоол, Ж баг, Х хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам барих /, сум/ ажил гүйцэтгэх төсөл арга хэмжээг 2022 оны улсын төсөвт тусгагдсан хөрөнгийг бүрэн ашиглаж, батлагдсан төлөвлөгөөний дагуу барилгын ажлыг хийж гүйцэтгээгүй, ажлын талбайд инженер техникийн ажилтан, машин техникийг байршуулж ажиллаагүй, дотоод зохион байгуулалт муу зэргээс шалтгаалан гэрээний үүргээ тухайн хугацаанд биелүүлж ажиллаагүй гэж дүгнэж гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж зааснаар илт хууль бус захиргааны акт болохоор байна.
9. Захиргааны актыг илт хууль бус, хууль зөрчсөн хэмээн ялгамжтай авч үздэг бөгөөд хэн ч харсан илэрхий алдаатай, тухайн актыг гаргах хуулийн ямар ч үндэслэлгүй, эрх зүйн алдаатай тохиолдолд илт хууль бус болохыг тогтоох ба ийм захиргааны акт гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй байдаг тул эрх нь зөрчигдсөн аливаа этгээдээс шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хязгаарлахгүй байна.
10. Маргаан бүхий Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тушаал нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д Төрийн нарийн бичгийн дарга энэ хуулийн 9.6-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх асуудлаар хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрт нийцүүлэн яамны хэмжээнд мөрдөх тушаал гаргаж, биелэлтийг хангуулна гэж заасныг болон Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/148 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тайланг үндэслэн гүйцэтгэгчтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалсан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүйд тооцохоор байна.
11. Учир нь Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг нь Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон гүйцэтгэгч П ХХК, У******* ХХК-ийн түншлэл хооронд байгуулсан 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн зочид буудлаас 3, 4 дүгээр байрны хойд уулзвар хүртэлх авто зам, хийдийн 60 автомашины зогсоол, Ж баг, Х хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам барих /, сум/ ажил гүйцэтгэх 234 дугаартай гэрээний ерөнхий нөхцөлийн 6.1-т маргаан шийдвэрлэгч, 6.1.1-т хэрэв захиалагч ба гүйцэтгэгч хоёрын хооронд гэрээтэй холбоотойгоор, гэрээний бодит байдал, хүчин төгөлдөр байх эсэх эсвэл цуцлах талаар үүссэн аливаа маргаан, зөрчилдөөнийг талууд энгийн жижиг гэлтгүйгүйгээр харилцан зөвшилцөж, шийдэх хэрэв зөрчилдөөнийг харилцан зөвшилцөж шийдэж чадахгүй бол тухайн маргаан зөрчилдөөнийг маргаан шийдвэрлэгчид бичгээр хандан шийдвэрлүүлэхээр заасан байх тул гэрээг цуцлах хуульд заасан үндэслэл байсан болох нь тогтоогдохгүй, маргаан бүхий 2022 оны дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт гэж үзэхээр байна.
12. Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий 2022 оны дугаар тушаалыг гаргахдаа хуульд үндэслээгүй, хуулийн тодорхой заалтыг баримтлаагүй нь хуульд үндэслэх болон хууль дээдлэх зарчмыг зөрчиж, хууль болон гэрээнд заагаагүй үндэслэлээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан байх тул илэрхий алдаатай захиргааны акт гэж үзэхээр байна.
13. Нөгөөтэйгүүр захиалагч Зам, тээврийн яам болон гүйцэтгэгч П ХХК, У******* ХХК-ийн түншлэл хооронд 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 234 дугаартай зочид буудлаас 3, 4 дүгээр байрны хойд уулзвар хүртэлх авто зам, Хийдийн 60 автомашины зогсоол, Ж баг, Х хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам барих /, сум/ ажил гүйцэтгэх гэрээний 1.4-д Гүйцэтгэгч нь ажлыг 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр эхэлж, 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор захиалагчид хүлээлгэн өгнө, 8.2-д гүйцэтгэгч байгууламжийн ажлыг гэрээний тусгай нөхцөлд заасан хугацаанд эсвэл гэрээний ерөнхий нөхцөлийн 40 дүгээр зүйлийн дагуу сунгасан хугацаанд дуусгавар болгоно, 40.1-т хэрэв дор дурдсан шалтгаануудын аль нэгээс хамааран гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүрэг хариуцлага биелэгдэхгүй байх, хугацаа хойшилбол гэрээ дуусгавар болох хугацааг сунгаж болно, гэж зааснаас үзвэл маргаан бүхий 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн ажлын хэсгийн тайлан болон Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тушаал гарахаас өмнө буюу 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр захиалагч Зам, тээврийн яам болон гүйцэтгэгч П ХХК, У******* ХХК-ийн түншлэл хооронд 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 234 дугаартай гэрээний хугацаа дуусаж сунгагдаагүй байх тул маргаан бүхий актуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.7-д түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж зааснаар илт хууль бус болохоор байна.
14. Өөрөөр хэлбэл Ажлын хэсгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тайлан болон Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тушаал гаргах цаг хугацаанд захиалагч Зам, тээврийн яам болон гүйцэтгэгч П ХХК, У*******ХХК-ийн түншлэл хооронд 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 234 дугаартай гэрээний хугацаа дуусгавар болсон байсан тул маргаан бүхий актууд нь хууль зүйн үр дагавар үүсгэхгүй, үүний улмаас тухайн захиргааны актуудыг хэн, хэрхэн биелүүлэх нь тодорхойгүй, уг актуудыг бодит байдалд биелүүлэх, хэрэгжүүлэх боломжгүй байна.
15. Хэдийгээр шүүхээс маргаан бүхий актуудыг илт хууль бус болохыг тогтоож байгаа ч захиалагч Зам, тээврийн яам болон гүйцэтгэгч П ХХК, У******* ХХК-ийн түншлэлийн хооронд 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 234 дугаартай гэрээний хугацаа 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дуусгавар болж сунгагдаагүй байх тул нэхэмжлэгчийн эрх ашиг сэргээгдэж гэрээнд заасан зочид буудлаас 3, 4 дүгээр байрны хойд уулзвар хүртэлх авто зам, Хийдийн 60 автомашины зогсоол, Ж баг, Х хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам барих /, сум/ ажил гүйцэтгэх эрх нь сэргээгдэхээргүй байгаа болохыг дурдах нь зүйтэй.
Иймд Ажлын хэсгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тайлан болон Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тушаал нь илт хууль бус болох дээрх тохиолдолд хамаарч байх тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан гэж маргаан бүхий актууд гарсан цагаас эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.2, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төсвийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.7, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Авто зам, гүүрийн барилгын ажлын тухай дугаартай тушаалын, Авто замын салбарт 2022 онд улсын төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн төсөл, арга хэмжээний гэрээний биелэлтийг дүгнэсэн Ажлын хэсгийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тайлангийн П ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоосугай
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ЧАНЦАЛНЯМ