| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 306/2025/00035/И |
| Дугаар | 306/ШШ2025/00046 |
| Огноо | 2025-02-14 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 306/ШШ2025/00046
| 2025 оны 02 сарын 14 өдөр | Дугаар 306/ШШ2025/00046 | Говьсүмбэр аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би,
Нэхэмжлэгч: ******** ХХК
Хариуцагч: О.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 16,761,611.53 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч О.Б ХХК-ай 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 11200893** дугаартай цалингийн зээл, барьцааны гэрээ байгуулан 22,626,068.36 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатайгаар, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2023 оны 10 сарын 19-ний өдөр зээлдэгч О.Б-ийн ХХК дахь **** дансанд 22,626,068.36 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 7,542,012.70 төгрөг, зээлийн хүүд 2,858,641.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 43,590.77 төгрөгийг төлсөн. Зээлдэгч О.Б нь 2023 оны 11 сард ажлаасаа гарсан хувийн компанид жолоочоор ажилладаг гэсэн сураг гарсан. Зээлдэгч О.Б зээлээ төлөх талаар сар бүр хэлж байсан. Одоо зээлдэгч О.Б нь Хэнтий аймгийн Бэрх суманд барилгын компанид ажилд орсон гэх сураг ээж нь хэлсэн. Зээлдэгч О.Б удахгүй зээлээ төлнө гэсэн тайлбарыг байнга өгч одоог хүртэл зээлээ төлөөгүй. О.Б нь Банктай байгуулсан ***** зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2024 оны 08 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 198 хоног хугацаа хэтрүүлээд байна. ХХК нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгапамж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1120089375 дугаартай цалингийн зээл, барьцааний гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 15,084,025.66 төгрөг, 2025 оны 01-р сарын 30-ны өдрийн байдлаарх хүү 1,437,442.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,150.29 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 3,000 төгрөг, нийт 16,761,611.53 төгрөгийг О.Б-с гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч О.Б шүүхэд гаргасан тайлбартаа:
О.Б миний бие ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 16,761,611.53 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгапамж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1120089375 дугаартай цалингийн зээл, барьцааний гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 15,084,025.66 төгрөг, 2025 оны 01-р сарын 30-ны өдрийн байдлаарх хүү 1,437,442.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,150.29 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 3,000 төгрөг, нийт 16,761,611.53 төгрөгийг О.Б-ээс гаргуулж, шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч О.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүйгээр, бүхэлд нь хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, шүүхэд тайлбар гаргасан.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, ...бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.,
74.2 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч ...хариуцагчийн зөвшөөрөлийг, ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана. гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь, хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
5. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241758 төгрөгийн тавин хувь болох 120,879 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 120,879 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 120,879 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ХХК-ийн 1***** дугаартай цалингийн зээл, барьцааний гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр 15,084,025.66 төгрөг, 2025 оны 01-р сарын 30-ны өдрийн байдлаарх хүү 1,437,442.76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 42,150.29 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 3,000 төгрөг, нийт 16,761,611.53 /арван зургаан сая долоон зуун жаран нэгэн мянга зургаан зуун арван нэгэн төгрөг тавин гурван мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Б нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 241758 төгрөгийн тавин хувь болох 120,879 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, тавин хувь болох 120,879 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч О.Б-ээс улсын тэмдэгтийн хураамжид 120,879 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д зааснаар хариуцагчийн, хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж шүүхийн шийдвэр биелүүлэх арга хэмжээ авахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад зөвшөөрсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН