Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/30

 

 

 

 

 

 2023         08        16                                         2023/ДШМ/30

 

   Б.Бт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам, шүүгч Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: Л.Отгончимэг,

Шүүгдэгч: Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Батдорж,

Нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/203 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Батдорж нарын гаргасан давж заалдах гомдол, Дээд шатны прокурор Ч.Алтансүхийн гаргасан эсэргүүцлээр Б.Бт холбогдох 2238001430100 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

“Гозон” овогт Б-ын Б, .... оны .... дугаар сарын ....-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүү, охины хамт, Хөвсгөл аймгийн сумын .... дугаар багт оршин суух бүртгэлтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20.... оны .... дугаар сарын 20-ны 1..... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн /регистрийн ....................дугаартай/.

Шүүгдэгч Б.Б нь 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар Хөвсгөл аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын улсын бүртгэгчээр буюу төрийн захиргааны албан тушаалд томилогдон ажиллахдаа П дугаартай Орхон их сургуулийн боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/203 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Гозон овогт Б-ын Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бямбын Быг 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар буюу Хөвсгөл аймгийн Б сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгч Б.Быг Хөвсгөл аймгийн Б сумаас гадагш зорчих эрхийг 8 /найм/ сарын хугацаагаар хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Б.Бт тайлбарлаж, түүний зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө нь 96.228.365 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Баас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн П дугаартай Орхон их сургуулийн боловсролын дипломыг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Б давж заалдах гомдолдоо: ”...би төрийн байгууллагад 20 гаруй жил ажиллаж ирсэн юм. Улсын бүртгэгчээр 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 284 дугаартай тушаалаар томилогдож 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан юм.  Тухайн үед уг дипломыг хүчингүй гэдгийг огт мэдээгүй явсан юм. 2022 оноос хуулийн байгууллагад шалгуулж Ариунаа багшийн өгсөн диплом хүчингүй байсан юм байна гэдгийг мэдэж, ойлгож байна. Намайг уг дипломыг хуурамч байсныг мэдсээр байж ашигласан гэх зүйл ангиар яллаж байгаа юм.  Би хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд тайлбараа өгч, Ариунаа багштай нүүрэлдэх хэрэгтэй байна, уулзаж үнэн зөвийг олмоор байна гэж удаа дараа хэлж байсан. Яагаад гэвэл Ариунаа багш бид хоёрын мэдүүлэг зөрүүтэй, миний мэдэхгүй, огт яриагүй зүйлийг мэдүүлсэн байгаа. Ариунаа багшийн өгсөн хоёр мэдүүлэг мөн зөрүүтэй байгаа. Өөрөө ирэхгүй гэж хэлээгүй, ирнэ гэж хэлсэн байсан. Тийм учир миний энэ эргэлзээд байгаа зүйлийг Ариунаа багштай нүүрэлдүүлэн шалгаж өгнө үү.

...Уг дипломыг хүчингүй гэдгийг хууль хяналтын байгууллагаар шалгагдах явцад маш сайн ойлгосон байгаа. Өөрт ногдох гэм буруутай зүйл дээр ойлгож байна. Дипломыг үйлдсэн хүн байгаа учир нүүрэлдүүлж, уг асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд миний энэхүү гаргасан гомдлыг харгалзан үзэж, уг мухарыг нь олж тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж давж заалдах гомдолдоо: “...Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилт нь ...гэмт хэргийг шуурхай бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулахаар заажээ.

2. Гэтэл Орхон их сургуулийн бакалаврын П дугаартай дипломын хуулбар /хх-н 27 тал/ баримтыг хаана, хэзээ, хэдийд, хэн, хэрхэн үйлдсэнийг зайлшгүй олж тогтоох шаардлагатай.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг заавал хэрэгжүүлэх учиртай. Ингэснээр мөн хуулийн 1.7-р зүйлд заасан хэргийн бодит байдал эргэлзээгүй тогтоогдох учиртай.

Ийм байтал шүүгдэгч Б.Быг  “...хуурамч дипломыг мэдсээр байж, ашигласан байна ...” гэж эх сурвалжгүй баримтаар ялласан, улмаар гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай огтхон ч тохироогүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордууллаа.

3.  Шийтгэх тогтоолд үндэслэл болгосон гэрчүүдийн мэдүүлгүүд нь эх сурвалжаа тодорхой заагаагүй, өөр хоорондоо эрс зөрүүтэйгээр авагдсан. Тухайлбал, гэрч Г.Сийн мэдүүлэгт: /хх-н 69-70/ “...Энэ асуудал анх үүсэх болсон зүйл нь Х.Г гэдэг хүнээс эхэлсэн зүйл байгаа ...” гэжээ. Гэтэл иргэн Х.Гоос мэдүүлэг аваагүй.

4. Гэрч З.Ариунаа нь хэрэгт хоёр удаа мэдүүлэг өгсөн. Энэ нь шүүгдэгч Б.Бын мэдүүлэг, гэрч Б.Дгийн мэдүүлэгтэй зөрүүтэй. Зөрүүг гаргахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4-т заасан ажиллагааг хийгээгүй.

5. Хуурамч дипломыг үйлдсэн этгээдийг олж тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилтод хамаарч байгаа бөгөөд мөн миний үйлчлүүлэгч Б.Б нь уг баримт бичгийг мэдсээр байгаад ашигласан эсэхийг мэдхэд чухал ач холбогдолтой.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/203 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ: “...Энэхүү шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “...Шүүгдэгч Б.Бын үйлдлийн улмаас төрд 96,228,365 төгрөгийг хохирол учруулсан байна, шүүх хуралдаанд улсын бүртгэлийн хэлтсээс “Бт манай байгууллагаас гомдолгүй болно” гэх албан тоот ирүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө “Надад одоо ямар нэг гомдол санал байхгүй, Б гэх хүний гэм буруугийн асуудал шийдвэрлэгдээгүй учраас ямар нэг гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг авагдсан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 96,228,365 төгрөгийн хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв...” гэжээ.

Эрүүгийн хууль нь нийтлэг үндэслэл, зарчмуудыг тусгасан ерөнхий анги, тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүн, ялын төрөл, хэмжээг тогтоосон тусгай анги гэсэн хоёр хэсгээс бүрддэг нэгдмэл, төрөлжсөн хууль юм.

Уг хуулийн тусгай ангийн хэм хэмжээг хэрэглэхэд удирдлага болговол зохих ерөнхий ангийн нийтлэг хэм хэмжээг зохицуулах шинжээр нь эрх олгосон, үүрэг болгосон, хориглосон гэж ангилан үздэг билээ.

Түүнчлэн эдгээр хэм хэмжээг зохицуулж буй үүргийн зэргээр нь үүрэг болгосон буюу хориглосон (императив) болон эрх олгосон буюу зөвшөөрсөн (диспозитив) гэж ангилан үздэг ба уг зэрэглэлээс хамаарч Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үүрэг болгосон хэм хэмжээг шүүх аливаа нэгэн урьдач нөхцөлгүйгээр, ямар ч тохиолдолд заавал хэрэглэх үүрэгтэй болно. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ... албадан гаргуулна” гэсэн хэм хэмжээ нь шүүхэд эрх олгосон бус үүрэг болгосон зохицуулалт тул үүнийг шүүх заавал хэрэгжүүлнэ.

Шүүгдэгч нь Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын дипломыг... хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн, ингэснээрээ эрхлэх ёсгүй албан тушаалыг хашиж, олгогдох учиргүй цалин хөлсийг авч орлого олсон байх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан тул шүүх үүнийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж дүгнэж түүнийг албадан гаргуулах ёстой байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжпэх эрхтэй гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх үндэслэлд хамаарч шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/203 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: ....................................гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Прокуророос Б.Бын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2 дугаартай Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар Хөвсгөл аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын улсын бүртгэгчээр буюу төрийн захиргааны албан тушаалд томилогдон ажиллахдаа П дугаартай Орхон их сургуулийн боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх шүүгдэгч Б.Бын дээрх үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ө нь 96,228,365 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Баас нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж... шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж тодорхойлжээ.

 Гэтэл шүүх шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдлийн улмаас төрд 96,228,365 төгрөгийн хохирол учирсан байна гэж дүгнэхдээ Хөвсгөл аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн “Бт манай байгууллагаас гомдолгүй болно” гэх албан тоот, хохирогч Б.Өын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Б.Б гэж хүний гэм буруутай асуудал шийдэгдээгүй учир надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /Хх-ийн 41-42 тал/ зэргийг үндэслэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 96,228,365 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Баас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн нь буруу байна.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого болох түүний Хөвсгөл аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын улсын бүртгэгчээр буюу төрийн захиргааны албан тушаалд томилогдон ажиллаж байсан үеийн цалин хөлс, тэтгэмжийг хохиролд тооцож, гэм буруутай этгээдээс гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгч Б.Бын гаргасан “...Улсын бүртгэгчээр 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 284 дугаартай тушаалаар томилогдож 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан юм. Тухайн үед уг дипломыг хүчингүй гэдгийг огт мэдээгүй явсан юм. 2022 оноос хуулийн байгууллагад шалгуулж Ариунаа багшийн өгсөн диплом хүчингүй байсан юм байна гэдгийг мэдэж, ойлгож байна...” гэх гомдлын тухайд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2-т “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно” гэж зохицуулжээ.

 

Гэвч хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн объектив талын шинжээс шалтгаалан гэмт хэрэг төгссөн цаг хугацаа өөр өөрөөр тогтоогдож болно. Тухайлбал, “Хуурамч баримт бичиг үйлдэх” гэмт хэргийн тухайд уг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тэрхүү цаг хугацаанд гэмт хэрэг төгсдөг бол “Хуурамч баримт ашиглах” гэмт хэрэг нь удааширсан үйлдэлтэй байх боломжтой юм.

Ашиглах үйлдлийн тухайд уг баримт бичгийг хэрэглэж тодорхой үр дүнд хүрсэн нэг удаагийн үйлдэлтэй, эсхүл удаан хугацаанд тасралтгүй хэрэглэж, дараа дараагийн үр дүнд хүрсээр байдаг удааширсан үйлдэлтэй гэмт хэргийн шинжийн аль алийг агуулдаг бөгөөд удааширсан үйлдлийн хувьд уг бичиг баримтыг ашиглах, хэрэглэх боломжгүй болсон цаг хугацаа буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3-т заасны дагуу таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаа гэж үзэхээр хууль тогтоогч хэм хэмжээ тогтоосон байна. 

Шүүгдэгч Б.Б нь Орхон Их сургуулийг суралцаж төгсөөгүй буюу бакалаврын боловсрол эзэмшээгүй атлаа дээд боловсролтой мэтээр өөрийгөө ойлгуулж 2011 оноос 2022 оны 3 сарын 10-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Б сумын Засаг даргын Тамгын газарт улсын бүртгэгчээр томилогдон ажиллахдаа П дугаартай Орхон их сургуулийн боловсролын дипломыг ашиглаж, хууль бус санаагаа хэрэгжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдоржийн гаргасан “...Орхон их сургуулийн бакалаврын П дугаартай дипломын хуулбар /хх-н 27 тал/ баримтыг хаана, хэзээ, хэдийд, хэн, хэрхэн үйлдсэнийг зайлшгүй олж тогтоох шаардлагатай. ...Ийм байтал шүүгдэгч Б.Быг  “...хуурамч дипломыг мэдсээр байж, ашигласан байна...” гэж эх сурвалжгүй баримтаар ялласан, улмаар гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай огтхон ч тохироогүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордууллаа...” гэх гомдлын тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан бөгөөд прокуророос Б.Бын боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул хуурамч баримт бичиг үйлдсэн гэх үйлдлийг шүүхээс шалгаж тогтоох боломжгүй.

Түүнчлэн хэргийн бүх ажиллагааг хянахад мөрдөн шалгах ажиллагааны явцад болон болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.

Иймд шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй тул дээд шатны прокурорын гаргасан “...Шүүгдэгч нь Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “боловсролын дипломыг... хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэмт хэрэг үйлдсэн, ингэснээрээ эрхлэх ёсгүй албан тушаалыг хашиж, олгогдох учиргүй цалин хөлсийг авч орлого олсон байх бөгөөд энэхүү нөхцөл байдал нь мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг бүрэн хангасан тул шүүх үүнийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж дүгнэж түүнийг албадан гаргуулах ёстой байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжпэх эрхтэй гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх үндэслэлд хамаарч шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна” гэх агуулга бүхий эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/203 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БАЯРХҮҮ

                 ШҮҮГЧИД                                    Б.СОСОРБАРАМ

                                                                                Л.ЭРДЭНЭБАТ