| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Байгалмаа |
| Хэргийн индекс | 107/2018/00029/э |
| Дугаар | 2018/ШЦТ/29 |
| Огноо | 2018-02-19 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 2018/ШЦТ/29
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.А-од холбогдох эрүүгийн 1804000190027 дугаартай хэргийг 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга З.Ганцоож
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа
Шүүгдэгч Л.А- нар оролцов.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, оршин суух, Б овгийн Л-ын А- /РД: /
Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Л.А- нь хохирогч З.Э-гийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн үед Багануур дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “Майлд хаус” бааранд гээгдүүлсэн LG-G6 маркийн гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж олж авч завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 999.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч Л.А- шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би “Майлд Хаус” бааранд бармен, хөгжим зохицуулагчийн ажил хийдэг байсан. 2017 оны 12 дугаар сарын дундуур ажлынхаа байрыг чимэглэхээр ажил дээрээ очсон. Ингээд 2 давхарт байрладаг зочид буудлын өрөөний үүдэн хэсгийн таазыг чимэглэх гээд тэнд байсан буйданд татсан чинь доороос нь үнэтэй гэмээр хар өнгийн гар утас гарч ирсэн. Би тэр утсыг текний арын шургуулганд хийж 10 гаруй хоног хадгалсан. Маргааш өглөө нь манай ахын найз болох Э- ах ажил дээр ирээд гар утсаа алга болгочихлоо гээд надаас асуусан, харин би тэр утсыг өдөр нь олсон юм. Э- ах өмнөх өдөр нь манай бааранд зочид буудалд орохоор ирж байсан юм. Ингээд хүн асууж ирэхгүй болохоор нь Хэрлэн худалдааны төвийн утас засвар дээр очиж кодыг нь гаргуулж, 88839080 дугаартай утсыг хийгээд 2 хоног ашиглаж байтал цагдаагаас дуудсан. Уг дугаар нь аавын нэр дээр байдаг боловч би өөрөө барьж хэрэглэдэг. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч З.Э-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Шинэ жилийн өмнө буюу 2017 оны 12 дугаар сарын 14-ний орой найз Б-, Г- нарын хамт Багануур дүүргийн 1 дүгээр хороо, “Майлд хаус” нэртэй баар луу орчихоод гарсан. Тэгэхдээ бааранд орж ширээнд суугаагүй тэкний өмнө очиж хэсэг зогсож байгаад гараад явсан. Тухайн үед Б-, Г- бага зэрэг согтуу халамцуу байцгаасан. Тэгээд баарнаас гараад “Соронз” нэртэй зочид буудал руу орж өрөө авчихаад хамт “Амтлаг” нэртэй хүнсний дэлгүүр лүү орж архи аваад буцаад зочид буудал руу орсон. Тэгээд би архиа ууж байгаад шөнө 02 цагийн үед гэртээ харьсан. Маргааш өглөө нь босоод гар утсаа шалгаж үзтэл миний гар утас алга болсон байсан. Миний гар утас 99006449 дугаартай ардаа хуруу орох зориулалт бүхий гогцоотой хар өнгийн хуванцар гэртэй, хар тал нь боронзон саарал өнгөтэй нүүрэн талын дээд ирмэг нь боронзон саарал өнгөтэй LG-G6 загварын 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Мобикомын салбараас 1.250.000 төгрөгөөр авсан мемори картгүй, өөр ямар нэгэн содон шинж тэмдэггүй шинэ гар утас байсан. Миний гар утсанд ямар зураг бичлэг зэрэг хадгалагдаагүй байсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/
Гэрч М.Гантулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 12 дугаар сарын 14-ний орой найз Э-, Б- нарын хамт “Майлд хаус” баарны 2 давхарын зочид буудал руу нь ороод өрөө авах гэтэл буудлын зочин угтан авагч согтуу хүмүүст үйлчлэхгүй гэхээр нь “Соронз” зочид буудал руу явсан. Маргааш нь 12 цагийн үед “Майлд хаус” бааранд ирэхэд баар хаалттай байсан. Тэгэхээр нь буцаж яваад 16 цагийн өнгөрч байхад буцаж Майлд Хаус бааранд ирэхэд баар дөнгөж онгойсон байдалтай ажилчид нь цэвэрлэгээ хийж байсан. Тэгэхээр нь баарны ажилтан болох текний ард зогсож байсан манай найз Амартайваны дүү болох зүс таних А-оос “ахын дүү ах нар нь өчигдөр танай баарны тэкэн дээр гар утсаа мартаад гарсан юм шиг байна харсан уу?” гэхэд А- мэдэхгүй, ямар ч утас хараагүй гэж хэлсэн. Өмнөх орой нь бид гурав уг бааранд ороод ширээн дээр суугаагүй, текний өмнө очоод барменаас нь буудал асуучихаад дээшээ 2 давхар луу гарсан. Тухайн үед баарны бармен нь манай найз Амартайваны дүү А- байсан. Э-гийн утас нь ардаа хуруу хийх зориулалт бүхий гогцоотой хар өнгийн хуванцар гэртэй LG-G6 загварын гар утас байсан. 2017 оны 9 дүгээр сард 1.250.000 төгрөгөөр зээлээр авч байсан. Гар утсаа текний өмнө очоод буцаж гарахдаа текен дээр мартсан байж болох юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/,
“Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2018 оны 2 сарын 09-ний өдрийн 80 дугаартай “Эд хөрөнгийн үнэлгээний тайлан”-аар “LG-G6” маркийн гар утсыг 999.200 төгрөгөөр үнэлсэн” гэжээ /хх-ийн 10/,
“Эд зүйлд үзлэг хийсэн, хүлээлгэн өгсөн тухай “Л.А-оос LG-G6 маркийн хар өнгийн хуванцар корпустай гар утсыг Загдаа овогтой Э-д хүлээлгэн өгсөн” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Л.А- нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 33/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 36/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч, нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай санал гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.А- нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Л.А- нь бусдын өмчлөлийн “LG-G6” маркийн гар утсыг өөрийн эзэмшилд ирсэн даруйд буцаан эзэнд нь хүргүүлж өгөх боломжтой байсан боловч өөрөө авч 10 гаруй хоног хадгалж байгаад, кодыг нь бусдаар гаргуулж, өөрийн ... дугаартай СИМ картыг хийж ашигласан байна.
Шүүх хуралдаан шүүгдэгч Л.А- нь “Э- ах өглөө ажил дээр ирээд гар утсаа асуусан, харин би уг утсыг өдөр нь олсон” гэж мэдүүлсэн нь гэрч Гантулгын “маргааш өглөө баар луу очиход баар хаалттай байсан тул буцаад 16 цаг өнгөрч байхад баар луу дахин очоод А-оос утас асуухад мэдэхгүй гэж хэлсэн” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Дээрх нөхцөл байдал нь Л.А- нь уг гар утсыг бусдын өмчлөл, эзэмшлийн гар утас гэдгийг мэдэж байсныг нотолж байна.
Хөрөнгийн үнэлгээний “Сэлэнгэ эстимэйт” ХХК-ийн 2018 оны 2 сарын 9-ний өдрийн 80 дугаартай “Эд хөрөнгийн үнэлгээний тайлан”-аар тухайн “LG-G6” маркийн гар утасны үнэ 999.200 төгрөг болох нь тогтоогдсон байх тул бага хэмжээнээс дээш хохирол хохирогчид учирсан гэж үзнэ.
Иймд Л.А-ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг нь мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Монгол улсын Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан бөгөөд прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг Л.А- нь зөвшөөрч гарын үсэг зурсан ба хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуульд заасан нөхцөл, журам хангагдсан байна.
Иймээс Л.А-ыг “гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг нь мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, ялыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих ял оногдуулахаар заагаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх бөгөөд тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-н 34/
Хохирогч З.Э- нь LG-G6” маркийн гар утсаа биет байдлаар буцааж авсан болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр тогтоогдож байна./хх-н 20-21/
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА