Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/31

 

 

 

 

 

   

 

   Ч.Бд холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Л.Отгончимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баасанбаяр,

Нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/182 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ц.Баасанбаяр нарын гаргасан давж заалдах гомдлоор  Ч.Бд холбогдох ........... дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шарнууд овогт Чгийн Б, …... оны ... дугаар сарын …..-ны өдөр Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хөвсгөл аймгийн Ханх сумын 2 дугаар багт оршин суух бүртгэлтэй, урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 43 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Сум дундын 27 дугаар  шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20…. оны …. дугаар сарын ….-ний өдрийн ….......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан /Регистрийн дугаар .................../.

Ч.Б нь 2021 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Чсумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Н” гэх газраас хохирогч Ч.Нийн 43 тооны буюу олон тооны сарлаг малыг хулгайлж, 48,150,000 /дөчин найман сая нэг зуун тавин мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/182 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Шарнууд овогт Чгийн Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг олон тооны мал хулгайлж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Чгийн Бг 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бд оногдуулсан 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бгийн цагдан хоригдсон 125 (нэг зуун хорин тав) хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бгаас 18,898,984 (арван найман сая найман зуун ерэн найман мянга есөн зуун наян дөрөв) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Х(….........)-д олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ч.Бгаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан ашигласан 1 тооны морины үнэ 1,200,000 (нэг сая хоёр зуун мянга) төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж гэмт хэргийн хохиролд нөхөн тооцож зарцуулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бгаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 180,000 (нэг зуун наян мянга) төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч …................. (............д, 65,000 (жаран таван мянга) төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт олгож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Б давж заалдах гомдолдоо: Би ... Эгийн голын гүүр гараад Түнэл сум орж явтал зам дээр мал туусан хоёр бараан морьтой хүн явж байсан. Би тэр хоёр хүн рүү нилээн ойртож очтол намайг хараад тууж явсан малаа орхиод явсан.  Би араас нь дуудсан боловч эргэж ирээгүй. 2021 оны 8 дугаар сарын 04-ний шөнийн 3 цагийн үед байх үхрийн хажууд байж байтал удалгүй үүр цайж гэгээ орсон. Би тэр малын байдлыг сайн ажиглахад нилээд холоос туугдаж ирсэн бололтой хэвтээд босохгүй байсан. 28 тооны сарлаг, 2 хүрэн хайнагийн шар, 3 сарлагын тугал бүгд 33 үхэр байсан. Би энэ байдлыг мөрдөгчид үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэтэл мөрдөгч намайг Ч.Нийн 43 үхрийг гэрийн гаднаас хулгайлж авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүү үүсгэн цагдан хорьж, эрүү шүүлтээр байцаалт явуулж 2021 оны 9 сараас 2023 он хүртэл энэ хэргийг шийдээгүй өдий хүргэсэн.

... Иймд Ч.Нийн 43 тооны үхэрийн үнэлгээ хэт өндөр үнэлэгдсэн, өмгөөлөгч Ц.Баасанбаяр нь мөрдөгч, прокурорт үхрийн үнэлгээний талаар гомдол гаргаж өгсөн боловч хүлээж аваагүй.

...Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү гэж хүсч байна гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр давж заалдах гомдолдоо: “...Миний үйлчлүүлэгч Ч.Бг бусдын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хэргийн бодит байдал өөр байхад мөрдөгч, прокурорын тогтоосон хэргийн бодит байдлаас өөр байдлыг тогтоож хилсээр ял шийтгэлийг халдааж шийдвэрлэлээ.

Нэг: Хэргийн бодит байдал буюу болсон явдлын талаар: түүнийг 2021 оны 7 сарын 28-ны өдрөөс 29-ны өдөр шилжих шөнө Хөвсгөл аймгийн Чсумын нутаг дэвсгэрээс бусдын 43 тооны малыг хулгайлсан гэх үйлдэлд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ба шүүхээс нотолбол зохих байдал буюу хэргийг хэн үйлдсэнийг тогтоогоогүй байхад шүүх шийдвэрлэсэн.

...Эдгээр байдлыг шалгаагүй нь уг хэргийг нэг талд шийдвэрлэх, түүнд тохох гэсэн өөрөөр хэлбэл хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй гэсэн эс үйлдэхүй юм.

...Хэргийн ийм байдал тогтоогдоод байхад өөр байдал тогтоож Бг хулгайлсан болгож хуульд заасан үндэслэл журмаас гадуур яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх зөвтгөж шийдвэрлэсэнгүй. Мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг тогтоох, энэ үүргээ хэрэгжүүлэхдээ яллах, цагаатгах талын бүхий л нотлох баримтыг цуцглуулах үүрэгтэй ч Ч.Бгийн үхэр алдагдсан гэх өдрүүдэд хаана юу хийж явсныг нарийн тогтоох зэргээр ажиллах ёстой ч эдгээр ажиллагааг гүйцэтгүүлэхгүйгээр тулгаж шийдвэрлэсэн.

Нөгөө талаар: хохирогч нь 2021 оны 7 сарын 28-ны өдрөөс 29-ны өдөр шилжих шөнө худалч хүнд бараг сахиж хонож байгаад алдсан гэх ба алдсан гэх өдрөөс Ч.Бгийн олж авсан гэх 2021 оны 8 сарын 6-ны өдрөөр тооцоход 9 өдөр энэ олон үхрүүд хаагуур явж Түнэл сумын ард очсоныг тогтоох ёстой ч тогтоогоогүй юм.

...Түүнчлэн энэ хэргийн талаар хохирогч тал нийтийн сүлжээнд 6-7 тугалтай нийт 35- 36 тооны үхэр байсан мэтээр, мөн зүсэлсэн үхрүүдийг тоолоход 10 ширхэг үхэр байсан мэтээр мэдээлэл явсан бөгөөд 43 тооны үхэр яавч биш болох нь харагдах ба Б нь эдгээр үхрүүдийг туусан цагаасаа мэдэх тул 33 тооны мал байсан гэдгээ хэлсэн. Энэ мэтээр одоо алдсан үхрийн тоо яван нэмсээр 43 тооны болсон гэдгийг анхаарах шаардлагатай байна.

Уг хэрэгт өмгөөлөгчийн хувиар гурван удаа, эхний удаад мөрдөгчид, дараагийн удаа прокурорт, аймгийн прокурорт хандаж мөрдөгчийн 2021 оны 9 сарын 20-ны өдрийн тогтоолоор болон мөн мөрдөгчийн нэмэлт шинжилгээ хийлгэх 2021 оны 11 сарын 18-ны өдрийн тогтоолоор нийт 43 тооны малд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжээч томилж дүгнэлт гаргахыг хүссэн хүсэлтийг гаргасан ч хүсэлтийг шийдвэрлээгүй орхисон болно. Иймд энэхүү хүсэлтийг шүүхээс зайлшгүй анхаарах ёстойг, үнэлэлт дүгнэлт хийх ёстойг шийдвэртээ зааж өгнө үү.

Үүнд: Үнэлгээ хийсэн шинжээч нь уг малыг алдсан гэх 2021 оны 7 сарын 29-ны өдрөөр, тэрхүү үеийн зах зээлийн ханшаар үнэлж дүгнэлт гаргаагүй, мөрдөгчийн тогтоолд алдсан гэх үеийн ханшаар тооцож тогтоохыг нарийвчлан заагаагүй, тэгээд ч мөрдөгч хожуу буюу 2021 оны 9 сарын 20-ны өдрөөр, нэмэлт шинжилгээ хийлгэх тогтоолыг 2021 оны 11 сарын 18-ны өдрөөр гаргаж үүнтэй уялдаад үнэлгээчин дүгнэлтийг мөн хожуу гаргажээ.

...өөр цаг хугацаагаар малын үнэлгээг гаргахдаа хэт нэг талыг баримталж хохирогчийн үнэлгээгээр тогтоосон нь дахин шинжээч томилох үндэслэл болж байна. Ч.Б нь уг малыг хохирогч Ч.Нийн гэрийн гаднаас эсхүл бэлчээрээс нь хулгайлж аваагүй, энэ тухайгаа үнэн зөвөөр мэдүүлж ирсэн, хохирогчийн нийт 35-36 тооны мал байсан юм шиг, 6-7 тооны тугал байсан мэтээр, 6-7 тугал нь 5 тугал болсон, нэмэлт шинжээч томилуулж 43 тооны малд үнэлгээ тогтоосон дүгнэлт гаргуулсан зэргээс үзэхэд энэ хэрэгт 43 тооны мал байсан гэж үзсэн нь өрөөсгөл буруу байна.

Мөн Бд 2021 оны 9 сарын 25-ны өдрөс хойш Мөрөн сумаас гадагш явж болохгүй байх тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсан бөгөөд одоог хүртэл өөрчлүүлэх тухай саналыг хүлээж авдаггүй, гэр орноосоо хол байх тул хөлсний байранд суудаг, удаан хугацаанд сууж байгаа тул мөнгөгүйдэж хоол ундгүйдэж ядарч зүдэрч байхад анхаарсан нэг ч хүнгүй байна. Нэг ёсондоо энэ хүнийг өдий хүртэл нэг газар гэр орноос нь хол байлгаж эрүүдэн шүүсэн гэхэд хилсдэхгүй байна.

Иймд ...шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг буцааж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “... Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байна” гэв.

Шүүгдэгч Ч.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “... Хэргийг буцааж дахин шалгуулж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,  хэргийг буцааж шийдвэрлэж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баасанбаяр нарын гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Ч.Б нь 2021 оны 7 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Чсумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Н”  гэх газраас хохирогч Ч.Нийн 43 тооны буюу олон тооны сарлаг үхэр хулгайлж, 48,150,000 төгрөгийн хохирол учруулж, “Мал хулгайлах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тухай анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийг  зөв хэрэглэсэн байна.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хариуцлага нь “гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” зорилготой.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчим, мөн тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нийцсэн байх шударга ёсны зарчмыг хангасан байх шаардлага тавигддаг.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн нийтлэг үндэслэл, ерөнхий болон тусгай ангийн зүйл, заалтыг нарийн чанд баримтлан, үндэслэл бүхий дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэлбэрт тохирсон тохиолдолд хууль ёсны зарчим, шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлаж, хуульд заасан, төрөл хэмжээний дотор ял оногдуулсан  нь дээрх зарчмуудад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж,  бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий гэж үзсэн нь үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан “...малын тоог буруу тогтоосон, ...малын үнэлгээг хэт өндөр тогтоосон ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Учир нь:

1.Хохирогч 43 тооны сарлаг үхэр алдсан нь хохирогчийн “...үхэрнүүдээ тоолж үзэхэд 38 тооны үхэр дутаж байсан.Тэгтэл 5 тугалаа оролцуулж тооцоогүй байсан. Дараа нь 5 тугал дутсаныг оролцуулаад 43 тооны үхэр дутаж байна...” гэх мэдүүлэг, гэрч Н.Бэлэгдэмбэрэлийн “...37-38 том үхэр, 5-6 тугал нийт 43 үхэр алдаад 8 хоног Түнэл, Чандмань-Өндөр, Хатгал, Баянзүрх сумд руу ах дүү нараа гуйж эрлийн ажил хийж, ...үхэр алдсан зар оруулсан” гэх мэдүүлэг болон хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

2.Шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг бүхий, хэргийг шийдвэрлэхэд хувийн сонирхолгүй, хууль сануулсан эрх бүхий шинжээч гаргасан байх ба дүгнэлт гаргахад нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

3.Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тоогтоогдсонгүй.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ц.Баасанбаяр нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,  Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦ/182 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгүй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ЭРДЭНЭБАТ

                                        ШҮҮГЧИД                              Н.БАЯРХҮҮ

                                                                            Б.СОСОРБАРАМ