Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2024/0936

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч:“С” ХХК /РД:/,

            Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд,

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.М /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түмэндэмбэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1.Газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгах хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгах шийдвэр гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах,

            1.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн , 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн , 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн тус тус дугаартай албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн хугацааг сунгахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгах” гэж тодруулсан.

            Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

   2.1.Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны дугаартай тушаалаар[1] Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Ч******* нэртэй газарт 30.004,3 м.кв талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг “С” ХХК-д олгож, дугаартай газар ашиглах эрхийн гэрчилгээ[2] авсан байна.

2.2.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар газар ашиглах эрхийг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл сунгаж, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах дугаартай гэрээг[3] 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан байна.

2.3.“С” ХХК-иас 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай[4],  2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай[5] албан бичгээр тус тус Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандан газар ашиглах зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтийг гаргажээ.

2.4.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай албан бичгээр “...Газрын тухай хуулийн 35.3.1..., 37.1-д ... тус тус заасныг зөрчсөн байх тул хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй..., Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт... заасны дагуу Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хандаж зөрчлөө арилгана уу. Дээрх зөрчлийг арилган ашиглаж буй газрын газар ашиглах гэрээ дүгнэсэн хуудас, төлбөрийн тооцоо нийлсэн акт, торгууль төлсөн баримт зэргийг эх хувиар хавсарган материалын бүрдлийг ханган дахин ирүүлнэ үү” гэх хариуг өгчээ.

2.5.Улмаар нэхэмжлэгчээс 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай албан бичгээр[6] Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд дахин газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг гаргасан бөгөөд тус яамны 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай албан бичгээр[7] “...Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт ... заасныг зөрчсөн тул танай хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй... Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хандаж зөрчлөө арилгах, мөн хугацаа сунгах хүсэлтэд “Газар ашиглах гэрээ дүгнэх хуудас, газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт”-ыг эх хувиар хавсаргаж ирүүлэхийг мэдэгдэж, эх материалыг буцаан хүргүүлж байна. Цаашид тус яам нь төрийн үйлчилгээний цахим системийг нэвтрүүлж байгаатай холбогдуулан материалын бүрдлийг ханган www.e-business.mn цахим системээр дамжуулан хүсэлтээ илгээнэ үү” гэх хариуг хүргүүлжээ.

2.6.“С” ХХК-иас 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай албан бичгээр[8] “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан тус яамны 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай албан бичигт дурдагдсан шийдвэрийг эргэн харж, газар ашиглах эрхийн хугацааг сунгах хүсэлт”-ийг гаргасан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай албан бичгээр “Өмнө нь танай компанид Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар албан бичгээр[9] зөрчил арилгуулах талаар хариу өгсөн... Иймд илэрсэн зөрчлийг арилгасны дараа хугацаа сунгуулах хүсэлтээ гаргах нь зүйтэй” гэх хариуг өгчээ.

2.7.Энэхүү хариуг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

2.8.Нэхэмжлэгчээс “...манай компанийн хувьд газар ашиглахтай холбоотой ямар ч зөрчил гаргаагүй. Төрийн эрх бүхий байгууллагаас ямар зөрчил, хэзээ гаргасан, тухайн зөрчлийг хэзээ олж тогтоосон талаар бидэнд мэдэгдээгүй. Хэрвээ манай компани зөрчил гаргасан бол төрийн байгууллага үүнийгээ маш ойлгомжтой, тодорхой байдлаар илэрхийлэн, зөрчлийг олж тогтоосон эрх бүхий этгээдээс албан ёсны шийдвэрээ ирүүлэх ёстой ч бидэнд ирүүлээгүй. Газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй, эсхүл сунгах хүсэлтээ дахин гаргах боломжтой гэсэн агуулга бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний тоот албан бичиг, 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн тоот албан бичиг, 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дугаар албан бичгүүдийг “захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр”-ийн шинжтэй гэж үзэж байна. Хууль бус эдгээр шийдвэрийн улмаас “С” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” гэж, хариуцагчаас “Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар газар ашиглах эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын төлбөрийг төлсөн тухай баримт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт зэрэг баримт бичгүүдийн хамт ирүүлэх ёстой ч энэ бүрдүүлбэрийг “С” ХХК нь хангаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, маргаан бүхий албан бичгүүд эрх зүйн үр дагавар үүсгээгүй” гэж тайлбарлан маргаж байна.

            Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

            3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эгаас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” ХХК нь Горхи Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын зориулалтаар 3 га газрыг ашигладаг. Манай компанийн 2015 оны тоот ашиглах эрхийн гэрчилгээний хүчинтэй байх хугацаа 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дуусахаар байсан бөгөөд тус гэрчилгээнийхээ хугацааг сунгуулах хүсэлтээ хуульд заасан журмын дагуу гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах үүднээс энэхүү үйл явцыг дэлгэрэнгүй тайлбарлах нь зүйтэй болов уу Үүнд:

            Бид газраа ашиглахтай холбоотойгоор мөн гэрчилгээнийхээ хугацааг сунгуулахтай 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 31 тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж, байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээний дүгнэлт гаргаж өгөхийг хүссэн. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн тоот албан бичгээр Ерөнхий үнэлгээний дүгнэлтийг манайд ирүүлсэн бөгөөд байгаль орчны нарийвчилсан үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, менежментийн төлөвлөгөөний төслийг боловсруулан 2022 оны 4 дүгээр улиралд яаманд өгөхийг мэдэгдсэн юм. Үүний дагуу нарийвчилсан үнэлгээг “Н*******” ХХК-иар хийлгэн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд өгч, тус байгууллагаас 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* тоотдоо үнэлгээний тайланг мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг дэмжсэн билээ. Ингээд “Н*******” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн тоотоор Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд тайланг хянан баталгаажуулж өгөхийг хүссэн боловч Батлагдсан эскиз зураг хавсарга гэсэн хариуг 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсээс цохолт хийсэн.

            Энэ хугацаанд гурвалсан гэрээ байгуулахаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр, 2022 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хандаж, 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Гурвалсан гэрээг байгуулж баталгаажуулснаас гадна 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдсэн болно. Эдгээр Бичиг баримтыг бүрдүүлэх нь газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгуулахад шаардлагатай байсан юм.

            Улмаар "С” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн 11/04 тоот албан бичгээр газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлтээ, холбогдох баримт бичгийн хамт Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргаж өгсөн боловч тэдний мэргэжилтэн нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас хугацаа сунгуулах талаар дэмжих бичгээ гаргуулж өгөх ёстой гэсэн. Ийнхүү бид 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн тоот албан бичгээр газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлт болон хугацаа сунгахыг дэмжиж өгөх хүсэлтийг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд гаргасан ба н.Ө******* гэх нарийн бичигтэй уулзахад дэмжих бичиг авахын тулд эхний ээлжинд гэрээ дүгнэсэн акт, Архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулж авчир гэж хэлсний дагуу Хот байгуулалт хөгжлийн газарт 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн тоотоор, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд 2023 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн тоотоор тус тус хандан 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээ дүгнэх хуудас, 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн Архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргуулж, аваачиж өгсөн.

            5.Газрын гэрчилгээний хугацаа сунгуулах талаар дэмжих бичиг авахаар ажиллаж байх үед Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас байгаль орчны нарийвчилсан үнэлгээ батлуулах шаардлага тавьсан. Харин тус үнэлгээг хийлгэхэд Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын хурлаар баталгаажсан загвар зургийг хавсаргасан байхыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас дээр дурдсанаар шаардсан байсан учир бид Архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу загвар зураг зуруулахаар гэрээт зураг төслийн компанид 2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хандсан. Энэхүү загвар зураг маань 2023 оны 7 дугаар сарын 26-нд бэлэн болж, 2023 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хурлаар батлагдсан.

            Улмаар "С" ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот албан бичгээр газар ашиглах эрхийн хугацааг сунгуулахтай холбоотой хүсэлтээ, холбогдох баримт бичгийн хамт Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд гаргаж өгсөн байдаг. Загвар зургийн асуудал шийдэгдэх хүртэлх хугацаанд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд манай компанийн газар ашиглах эрхийн хугацааг сунгах тухай хүсэлтийг дэмжих тухай хүсэлтийг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн тоотоор өгөхөд тооцоо нийлсэн актаа авчир гэснээр тухайн өдөр нь бид Налайх дүүрэгт очиж тооцоо нийлсэн акт үйлдэж Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд авч ирж өгсөн.

            Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас дэмжих гаргаж өгөхгүй байсан учраас газрын гэрчилгээний хугацаа сунгуулах талаар дэмжих тухай хүсэлтийг 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн тоотоор, 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тоотоор удаа дараа гаргасны эцэст бидний хүсэлтийг дэмжсэн тухай хариуг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн тоот албан бичгээр хүлээн авсан болно.

            Ингээд бид газрын гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтээ 2023 оны 11 дүгээр сарын 08-ны тоот албан бичгээр яаманд дахин хандсан бөгөөд үүний хариуг шуудангаар ирүүлсэн. Ингэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний тоот албан бичиг, мөн газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн тоот албан бичгүүдийг хамтад нь нэг шуудангаар ирүүлснийг 2023 оны 12 дугаар 22-ны өдөр хүлээн авсан болно.

            Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дээрх бичиг баримтуудыг хүлээн авч танилцсантай холбоотойгоор 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн тоотыг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд өгч, тодруулга тайлбарыг хүссэн. Үүний хариуг өгөхгүй болохоор нь бид 2024 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр тус захиргаанд очиж уулзаж албан бичгийнхээ хариуг шаардахад н.Ө******* тодруулга өгөхөөс татгалзаж, дээрх албан бичигт дурдсан 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот албан бичгээ яамны архиваас ав гэж хэлсэн. Үүний дагуу 2024 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн тоот албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандаж “С" ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ******* тоот албан бичгийн архивын хуулбарыг 2024 оны 2 дугаар сарын 5-ны өдөр авсан.

            Ийнхүү тодруулга өгөөгүй, мөн ямар зөрчил гаргасан талаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанаас албан ёсоор тайлбарлаагүй тул, мөн яамны архиваас ******* тоот албан бичгийг авсны дараа 2024 оны 2 дугаар сарын 21-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандаж газар ашиглах гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт/гомдлоо өгсөн Нөгөө талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын даргын 2025 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн тоот албан бичигтээ "манай асуудлыг шийдвэрлэх боломжгүйг дурдаад Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчлийг арилгасны дараа хүсэлтээ дахин гаргах боломжтой гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний тоот албан бичигтээ манай асуудлыг шийдвэрлэх боломжгүйг дурдаад Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийг арилгасны дараа хүсэлтээ дахин гаргах боломжтой гэсэн нь хууль зүйн хувьд хоёрдмол агуулгатай, нэг мөр ойлгох боломжгүй захиргааны акт байсан учраас сайдад дээрх хүсэлт/гомдлоо гаргасан болно. Энэ утгаараа бид гомдол, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй гэж үзэж байна.

            Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад гаргасан 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн гомдол/хүсэлтийн хариуг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дугаар албан тоогоор ирүүлсэн /2024 оны 3 дугаар сарын 27-ны өдөр яамны бичиг хэргээс очиж авсан/ бөгөөд үүндээ зөрчил арилгах тухай дурдаж, мөн л зөрчлөө арилгасны дараа хугацаа сунгуулах хүсэлтээ дахин гарга гэсэн байдаг. Манай компанийн хувьд газар ашиглахтай холбоотой ямар ч зөрчил гаргаагүй бөгөөд нөгөө талаар төрийн эрх бүхий байгууллагаас ямар зөрчил хэзээ гаргасан, тухайн зөрчлийг хэзээ олж тогтоосон талаар бидэнд мэдэгдээгүй билээ. Хэрвээ манай компани зөрчил гаргасан бол төрийн байгууллага үүнийгээ маш ойлгомжтой, тодорхой байдлаар илэрхийлэн, зөрчлийг олж тогтоосон эрх бүхий этгээдээс албан ёсны шийдвэрээ ирүүлэх ёстой ч бидэнд ирүүлээгүй гэдгийг хэлмээр байна.

            Мөн газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх Боломжгүй, эсхүл сунгах хүсэлтээ дахин гаргах боломжтой гэсэн агуулга бүхий БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний тоот албан бичиг, 2023 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн тоот албан бичиг, 2024 оны 3 дугаар сарын 25- ны өдрийн дугаар албан бичгүүдийг захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр"-ийн шинжтэй гэж үзэж байгаа бөгөөд хууль бус эдгээр шийдвэрийн улмаас "С" ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөөр байна.

            Иймд бидний зүгээс газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах хүсэлтээ Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан хугацаанд, шаардлагатай бичиг баримтын хамт бүрдүүлж өгсөн хэдий ч эрх бүхий этгээд захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр нь хууль бус тул манай компанийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгах шийдвэр гаргахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

             3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С” компанийн газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлтийг шийдвэрлэхгүй татгалзсан албан тоотууд хууль бус гэж үзэж байна. Шүүх энэ хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаас, ялангуяа “С” ХХК-ийн анхны газар ашиглах хугацаа сунгуулах хүсэлт гаргаснаас хойш ямар ямар бичиг баримт бүрдүүлээд явсан гэдэг зүйлийг илүү анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Бичиг баримт бүрдүүлж байгаа процесс бол зөвхөн газар ашиглах эрхийн хугацааг сунгуулахтай холбоотой байсан гэдгийг харгалзаж үзнэ үү гэж хүсэж байна. Захиргааны байгууллагын албан тоотоор ирүүлсэн зөрчил гээд байгаа зүйлийг захиргааны байгууллага өөрсдөө тогтоогоогүй. “С” ХХК-д хууль бус шаардлага тавьсан гэж үзэж байгаа ямар зөрчил гаргасан гэдгээ тодорхой хэлээгүй, тайлбарлаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид нар асуудлаа шийдвэрлүүлэхийн тулд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаанд бас тавьж байгаа. Газар ашиглаж байгаа газрын хил хязгаар хилийн гадна талд байгаа тэр дугуй бусдын барьсан нүхэн жорлонг нураагаад зөрчил гээд байгаа зүйлийг нь арилгасан гэдэг нотлох баримтуудыг өгчихсөн. Тэгэхээр яамны зүгээс ирүүлсэн дээрх албан тоотуудыг хүсэлт шийдвэрлэхээс татгалзсан шийдвэр гэж захиргааны акт гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаад, хугацаа сунгуулах шийдвэр гаргаж өгөхийг даалгаж өгнө үү” гэв.

3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь газар ашиглах эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд газар эзэмших эрхийн гэрчилгээ, газрын төлбөрийг төлсөн тухай баримт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт зэрэг баримт бичгүүдийн хамт ирүүлнэ. Гэтэл “С” ХХК нь газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлт гаргахдаа хуульд заасан журмын дагуу гаргаагүй тул яамнаас 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай албан бичиг, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай албан тоот 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай албан бичгүүдийг дугаартай албан бичгүүдээр хугацаа сунгах боломжгүй талаарх хариуг хүргүүлсэн байна. Нэгдүгээрт газрын хугацааны асуудал буюу Газрын гэрчилгээний хугацаа 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр дуусгавар болсон. Үүнээс өмнө буюу 2023 оны 02 дугаар сард газар сунгуулах хүсэлт гаргаж байсан. Тухайн хүсэлт нь хуулийн хэлбэрийн шаардлага хангаагүй. Учир нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараах баримт бичгүүдийг хавсаргана гэж заасан. Бичиг баримтын хувьд гэрчилгээ, газрын төлбөр төлсөн баримт, байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлт зэргийг хавсаргана. Гэтэл газрын төлбөр төлсөн баримтыг хавсаргаагүй. 2023 оны 07 дугаар сард Налайх дүүргийн газрын албанаас тооцоо нийлсэн актууд гарсан. Уг актаар 179.000.000 төгрөгийн өртэй байсан. Энэ баримтын шаардлага хангаагүй учраас үүнийг хангуулахаар хэд хэдэн хариу хүргүүлсэн байгаа. Иймээс газрын хугацаа сунгагдаагүй гэж үзэж байна.

Хоёрдугаарт нэхэмжлэгч нь хэд хэдэн албан бичгүүдийг дурдаад байдаг.  Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлд заасан зориулалтын бүсэд нүхэн жорлон байхыг хориглосон эко бие засах газартай байх шаардлага зэрэг зөрчлийг гаргасан. Энэ зөрчлөө арилга гэдэг зүйлийг албан бичгээр мэдэгдэж байсан. Гэтэл түүнээс хойш 6 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Захиргааны ерөнхий хуульд нэхэмжлэл гаргах хугацааг тодорхой заасны дагуу хариу өгснөөс хойш 30 хоногийн дотор эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч тал мэдсэнээс хойш 5 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг зөрчсөн байна. Нөгөөтээгүүр газрын гэрчилгээг сунгахгүй байгаа үйлдлийг хүлээн зөвшөөрсөн гэж харагдаж байна. Мөн газар ашиглах эрхийн хугацаа нь 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр дууссан байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгчийн гаргасан албан бичгүүд схем бүрдэл хэсэг ерөөсөө байхгүй. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс таван сарын өмнө хүсэлт гаргасныг яам хүлээж авсан ч бай, аваагүй ч бай ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй тэр эс үйлдэхүй болж 30 хоног өнгөрсөн гэвэл тэрийг өнгөрсний дараагаар 30 хоногийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах нээлттэй байсан. Өөрөөр хэлбэл шүүхэд хандах эрхийн хугацаа түүгээр дуусчихсан гэсэн үг. Мөн зөрчлөө арилга гэж хоёр удаа яамнаас албан бичиг хүргүүлсэн. Үүнээс дахин шинээр хөөн хэлэлцэх хугацаа тоолно гэж үзэж байна. Хамгийн сүүлд нэхэмжлэгч тал 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээж авсан гэдгээ хэлж байна. Түүнээс хойш 5 сарын хугацаа өнгөрсний дараагаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлсон гурван албан бичиг нь ямар нэг үр дагавар үүсгээгүй, захирамжилсан шинжтэй акт гэж үзэхгүй. Маргаан бүхий албан бичгүүдээр Тусгай хамгаалалттай газрын бодлого зохицуулалтын газраас өгсөн хариу байдаг. Гэтэл хариуцагчаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдыг тодорхойлох нь зөв эсэх асуудлыг хөндөх нь зүйтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1.Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, хэргийн оролцогчдын зүгээс шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.Анх Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны дугаартай тушаалаар[10] Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Ч******* нэртэй газарт 30.004,3 м.кв талбайг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглах эрхийг “С” ХХК-д олгосон бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар газар ашиглах эрхийг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүртэл сунгаж, Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах дугаартай гэрээг[11] 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан, энэ үйл баримттай талууд маргаагүй.

3.Нэхэмжлэгч “С” ХХК-иас 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаар[12],  2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаар[13], 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар[14] албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандан газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг гаргажээ.

4.Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн , 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай албан бичгээр нэхэмжлэгч компанид газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй бөгөөд газрын зөрчил арилгаж Зөрчлийн тухай хуульд зааснаар торгууль төлсөн баримт, гэрээ дүгнэсэн хуудас, газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг эх хувиар хавсарган дахин хандах талаар мэдэгдсэн байна.

5.Энэхүү хариуг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн дугаартай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад хандан “дээрх албан бичигт дурдсан шийдвэрийг эргэн харж, газар ашиглах эрхийн хугацаа сунгах” хүсэлтийг гаргасан, энэхүү хүсэлтийн хариуд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай албан бичгээр “Өмнө нь танай компанид Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаар албан бичгээр[15] зөрчил арилгуулах талаар хариу өгсөн... Иймд илэрсэн зөрчлийг арилгасны дараа хугацаа сунгуулах хүсэлтээ гаргах нь зүйтэй” гэх хариуг өгсөн байна.

6.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг захиргааны акт гэж ойлгоно.

7.Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны , , 2024 оны дугаартай албан бичгүүд нь “С” ХХК-ийн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт 30.004,3 м.кв газрыг ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтэд шийдвэрлэх боломжгүй буюу татгалзсан агуулга бүхий хариу өгч нэхэмжлэгчийн газар ашиглах эрх дуусгавар болох үр дагавар үүсгэснээрээ дээрх хуульд заасан захиргааны актын шинжийг агуулж байна гэж үзлээ.

8.Мөн Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлоо тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана:”, 14.1.1-д “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол” гэж тус тус заасны дагуу газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтэд шийдвэрлэх боломжгүй талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай бодлого зохицуулалтын газрын даргын өгсөн хариутай холбогдуулан тус яамны сайдад “шийдвэрийг эргэн харах” агуулга бүхий хүсэлт гаргасан, уг хүсэлтийн хариуг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй.

9.Нэхэмжлэгчээс “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ажилтан /н.Ө*******/-аас газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргахын өмнө газар ашиглах гэрээ дүгнэсэн хуудас, архитектур төлөвлөлтийн даалгавар гаргуулах, байгаль орчны нарийвчилсан үнэлгээг батлуулах шаардлага тавьсны дагуу уг шаардлага биелүүлэхтэй холбогдуулан ажиллагаа хийсэн, улмаар байгаль орчны нарийвчилсан үнэлгээг хийлгэхэд Нийслэлийн хот байгуулалт хөгжлийн газрын баталсан жуулчны баазын загвар зургийг хавсаргасан байх шаардлага тавьсны дагуу загвар зургийг боловсруулан эрх бүхий байгууллагаар 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдөр батлуулсан, яамны мэргэжилтнүүдийн тавьсан шаардлагыг биелүүлэхийн төлөө ажиллаж, биднээс үл шалтгаалах шалтгаанаар хугацаа алдсан” гэж тайлбарладаг.

10.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “С “ХХК-ийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 31 дугаартай албан бичгээр гаргасан “байгаль орчны ерөнхий үнэлгээ хийлгэх” хүсэлтийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын бааз байгуулах төсөлд байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг[16] хийж, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр[17] “С” ХХК-нд хүргүүлсэн ба тус албан бичигт байгаль орчны нарийвчилсан үнэлгээг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар хийлгэх талаар мэдэгджээ.

11.Улмаар нэхэмжлэгчээс “Н*******” ХХК-иар “Ч*******” эко жуулчны бааз байгуулах төслийн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээг хийлгэсэн байх бөгөөд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр[18] “С” ХХК-ийн Ч*******нд байрлах аялал жуулчлалын цогцолборын байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний ажлын тайланг Байгаль орчны үнэлгээний мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг дэмжиж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд мэдэгдсэн байна.

12.Түүнчлэн нэхэмжлэгч “С” ХХК-иас тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрхийн хугацаа дуусах/2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр дууссан/-аас өмнө 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ******* дугаартай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандан газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг гаргаж, хүсэлтдээ “...нарийвчилсан үнэлгээ хийлгэхэд холбогдох баримт бичгийг бүрдүүлэн ажиллаж байгаа боловч нарийвчилсан үнэлгээнд жуулчны баазын ерөнхий төлөвлөгөөний загвар зургийг холбогдох албаны байгууллагаар заавал батлуулж оруулдаг болсонтой холбогдуулан бидэнд тодорхой хугацаа хэрэгтэй байгаа” талаар дурдаж, Нийслэлийн ерөнхий архитекторын баталсан 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, Газар ашиглах гурвалсан гэрээ, гэрээний дагуу хийгдсэн ажлын тайлан, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээний хавсралт зэргийг хавсарган өгчээ.

13.Энэхүү хүсэлтийг тухайн үед Байгаль орчин, аялал жуулчлалын яам шийдвэрлэж хариу өгөөгүй бөгөөд нэхэмжлэгчээс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дугаартай[19], 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн дугаартай[20] албан бичгүүдээр дахин газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлт гаргасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай албан бичгүүдээр хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй талаар хариу өгсөн байна.

14.Нэхэмжлэгчийн зүгээс “дээрх , дугаартай албан бичгүүдийг нэг шуудангаар ирүүлснийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан” гэж тайлбарладаг бөгөөд энэхүү тайлбарыг хариуцагч тал няцааж маргаагүй.

15.Маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай албан бичгүүдээс үзэхэд нэхэмжлэгч “С” ХХК-ийн газар ашиглах эрхийн гэрчилгээг сунгах хүсэлтийг Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн үндэслэлээр шийдвэрлэх боломжгүй гэх агуулгаар татгалзсан хариу өгсөн хэрнээ мөн хуулийн 37.1-д заасан аль шаардлагыг хангаагүй гэж үзсэн нь ойлгомжгүй, нөгөө талаас Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1 болон 2 дахь хэсэгт заасан зөрчлийг арилгаж, хугацаа сунгах хүсэлтэд торгууль төлсөн баримт, газар ашиглах гэрээ дүгнэсэн хуудас, газрын төлбөрийн тооцоо нийлсэн актыг эх хувиар хавсарган ирүүлэх, түүнчлэн хүсэлтээ www.e-business.mn цахим системээр дамжуулан илгээх талаар хоёрдмол утгатай хариу өгсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх шаардлагыг хангаагүй байна.

16.Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 3.Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.2-т “зөрчлийн хэрэг бүртгэлт" гэж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг тогтоох, шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтны явуулах энэ хуульд заасан ажиллагааг ойлгохоор, 4.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 2-т “Зөрчил шалгах ажиллагаа нь зөрчил үйлдэгдсэн газар, хүн, хуулийн этгээдийн эзэмшил газар, барилга байгууламж, тээврийн хэрэгсэл, хүний бие, эд зүйлд үзлэг хийх, баримт бичиг, мэдээлэл гаргуулан авах, эд зүйл, баримт бичгийг хураан авах, эд хөрөнгийг битүүмжлэх, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах, мэдүүлэг авах, шинжилгээнд зориулж хэв загвар, дээж авах, шинжилгээ хийлгэх ажиллагаанаас бүрдэнэ” гэж тус тус заасны дагуу захиргааны байгууллага иргэн, хуулийн этгээдийг хууль болон захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн зөрчил үйлдсэн гэж үзвэл энэ талаарх мэдээллийг зөрчил шалган шийдвэрлэх харьяалах байгууллагад шилжүүлж, эрх бүхий албан тушаалтан түүнийг шалган тогтоох зорилгоор зөрчил шалгах ажиллагаа явуулах бөгөөд иргэн, хуулийн этгээд зөрчил үйлдсэн нь тогтоогдвол Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх зохицуулалттай байна.

17.Гэтэл нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн хугацаа сунгуулах тухай хүсэлтэд  Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр[21] “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасныг зөрчиж, кадастрын зургийн эргэлтийн цэгүүдээс хэтрүүлэн хаягдал дугуй газарт зоох, нүхэн жорлон, худаг, ариун цэврийн байгууламж барьсан тул дээрх зөрчлөө арилган дахин хандах” агуулга бүхий шаардлага тавьсан атлаа тухайн зөрчилд нэхэмжлэгч компани хамааралтай эсэх, уг зөрчлийг “С” ХХК гаргасан эсэхийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгаж тогтоогоогүй байна.

18.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2-т зааснаар захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргийн дагуу ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийж, нотлох баримтыг цуглуулж, үнэлэх ажиллагааг хийх журамтай. Гэтэл хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийг тухайн зөрчлийг гаргасан гэх нөхцөл байдлыг шалган тогтоогоогүй бөгөөд үүнийг нотолсон баримт байхгүй.

19.Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага нэхэмжлэгч хуулийн этгээдийг Газрын тухай хуулийг зөрчсөн, улмаар Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж буруутгаж байгаа боловч нэхэмжлэгч уг зөрчлийг үйлдсэн эсэхийг шалган тогтоогоогүй, энэ талаар түүнд мэдэгдээгүй хэрнээ Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээсэн байх шаардлага тавьж газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2-т заасан “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах” хууль ёсны зарчимтай нийцээгүй, хууль бус шийдвэр байна.

20.Нөгөөтэйгүүр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “нэхэмжлэгч компани газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулахад тавигдах хуульд заасан бүрдүүлбэрийн шаардлагыг хангаагүй” гэж тайлбарладаг.

21.Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар газар ашиглах эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө газар ашиглах эрхтэй этгээд хугацаа сунгуулах тухай хүсэлтээ холбогдох эрх бүхий албан тушаалтанд гаргах бөгөөд хүсэлтэд 37.1.1.“газар эзэмших эрхийн гэрчилгээ”, 37.1.2.“газрын төлбөрийг төлсөн тухай баримт”, 37.1.3.“байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт” зэргийг хавсаргасан байх шаардлага тавигдаж байна.

22.Нэхэмжлэгч “С” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ******* дугаартай албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд хандан газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг гаргаж, хүсэлтдээ “...нарийвчилсан үнэлгээ хийлгэхэд холбогдох баримт бичгийг бүрдүүлэн ажиллаж байгаа боловч нарийвчилсан үнэлгээнд жуулчны баазын ерөнхий төлөвлөгөөний загвар зургийг холбогдох албаны байгууллагаар заавал батлуулж оруулдаг болсонтой холбогдуулан бидэнд тодорхой хугацаа хэрэгтэй байгаа” талаар дурдаж, Нийслэлийн ерөнхий архитекторын баталсан 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн ******* дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан, байгаль орчны төлөв байдлын үнэлгээний тайлан, 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт, Газар ашиглах гурвалсан гэрээ, гэрээний дагуу хийгдсэн ажлын тайлан, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах гэрчилгээний хавсралт зэргийг хавсарган өгсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанаас хэтрүүлэн газар ашиглах эрхийн хугацааг сунгуулах хүсэлт гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

23.Хэдийгээр нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасан “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолт”-ыг хүсэлтэд хавсарган өгөөгүй боловч байгаль орчны нөлөөллийн үнэлгээ хийлгэхтэй холбоотой хугацаа шаардлагатай байгааг харгалзан үзэж, хугацаа сунгах асуудлыг шийдвэрлэх талаарх хүсэлтдээ дурдсан  байхад захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагааны явцад энэ нөхцөл байдлыг хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй, түүнчлэн маргаан бүхий Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн дугаартай, 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн дугаартай албан бичгүүдэд нэхэмжлэгчийг “байгаль орчны нөлөөллийн үнэлгээгээр гарсан дүгнэлтийг хэрэгжүүлсэн талаархи тодорхойлолтыг хавсаргаагүй” талаар дурдаагүй байх тул энэ үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан шийдвэр гэж үзэхээргүй байна.

24.Мөн хариуцагч талаас “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ажилтан н.Ө*******аас амаар тавьсан шаардлагын хүрээнд холбогдох баримтыг бүрдүүлэх ажиллагааг хийхтэй холбогдуулан хугацаа алдаасан” гэх тайлбарыг няцааж маргаагүй тул захиргааны байгууллагын албан тушаалтны тавьсан шаардлагын дагуу нэхэмжлэгчээс хугацаа сунгуулах хүсэлтэд хавсаргах баримтыг бүрдүүлэх ажиллагаа хийсэн нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй гэж үзлээ.

25.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн тусгай хамгаалалтай газар нутагт газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн , 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн , 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай албан бичгээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгахаас татгалзсан нь хууль бус байх тул хариуцагчид “С” ХХК-ийн  Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Ч******* нэртэй газарт орших 30.004,3 м.кв талбай бүхий газрын ашиглах эрхийн гэрчилгээний хугацааг сунгахыг даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ  нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, Зөрчлийн тухай хуулийн  2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсгийг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК-ийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлого зохицуулалтын даргын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн , 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн , 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн тус тус дугаартай албан бичгүүдийг хууль бус болохыг тогтоож, газар ашиглах эрхийн хугацааг сунгахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад даалгасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж болох 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     А.ГАНЗОРИГ

 

[1] Хавтаст хэрэг /цаашид “Хх” гэх/-ийн 1-164 дэх тал

[2] Хх-1-12 дахь тал

[3] Хх-1-99 дэх тал

[4] Хх-1-179 дэх тал

[5] Хх-1-37 дахь тал

[6] Хх-1-187 дахь тал

[7] Хх-1-45 дахь тал

[8] х-1-39 дэх тал

[9] Хх-1-46 дахь тал

[10] Хавтаст хэрэг /цаашид “Хх” гэх/-ийн 1-164 дэх тал

[11] Хх-1-99 дэх тал

[12] Хх-1-179 дэх тал

[13] Хх-1-37 дахь тал

[14] Хх-1-187 дахь тал

[15] Хх-1-46 дахь тал

[16] Хх-1-221 дэх тал

[17] Хх-1-204 дэх тал

[18] Хх-1-217 дахь тал

[19] Хх-1-37 дахь тал

[20] Хх-1-187 дахь тал

[21] Хх-1-161 дэх тал