Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 128/ШШ2024/0979

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Ганзориг даргалж, тус шүүхийн 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: “Т*******” ХХК /РД:/,

          Хариуцагч: Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст холбогдох Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч Ё.Б, М.Бтуяа нарын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн НА-******* тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Т, хариуцагч Ё.Б, М.Бтуяа, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Түмэндэмбэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

          1.1.Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч Ё.Б, М.Бтуяа нарын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн НА-******* тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах.

 

          Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

          2.1.Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч Ё.Б, М.Бтуяа нар “Т*******” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, ******* дугаартай томилолтын дагуу хяналт шалгалт хийжээ.

          2.2.Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч Ё.Б, М.Бтуяа нарын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн НА-******* тоот нөхөн ногдуулалтаар “Т*******” ХХК-ийг 2020 онд “Б*******” ХХК-иас 3 ширхэг, “С*******” ХХК-иас 11 ширхэг, нийт 14 ширхэг падаанаар 129,648,454.57 төгрөгийн, 2021 онд “С*******” ХХК-иас 2 ширхэг падаанаар 4,409,090.11 төгрөгийн дүн бүхий хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд худалдан авалтын хасалт хийж, төсөвт төлөх албан татвараа бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дах хэсэг,

          2021 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд 4,409,090.91 төгрөгийн бодит бус зардлыг хасагдах зардалд тусгаж татвар ногдуулах орлогыг бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 16 дугаар зүйлийн 16.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж дүгнэж, нийт 138,466,636.39 төгрөгийн зөрчилд Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, 84 дүгээр зүйлийн 84.1 дэх заалтыг тус тус үндэслэн 13,846,663.64 төгрөгийн нөхөн татвар, 5,538,665.46 төгрөгийн торгууль, 6,525,591.59 төгрөгийн алданги, нийт 25,910,920.69 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоожээ.

          2.3.Нэхэмжлэгчээс маргаан бүхий НА-******* тоот нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс өгсөн e-barimt.mn рүү нэвтрэх нууц үг нь хэт энгийн байгаа нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д заасныг зөрчсөн. Манай компанийн и-баримт руу гаднын этгээд нэвтэрч 112,154,000 төгрөгийн баримтыг эцсийн хэрэглэгчээр шивсэн. Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.8, 12.1.10-т зааснаар Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс татвар төлөгчийн эрхийг зөрчсөн” агуулгаар гомдлыг гаргасан байна.

          2.4.Нийслэлийн татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 31 дүгээр тогтоолоор Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч нарын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн НА-******* дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

          2.5.Улмаар нэхэмжлэгч “Т*******” ХХК-иас Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч нарын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн НА-******* дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дугаар бүхий захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

          2.6.Нэхэмжлэгч “Т*******” ХХК-ийн төлөөлөгч Д.Таас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн байцаагч нар хэт нэг талыг барьсан ажиллагаа явуулсан. Миний хувьд татвараас зохиомол зарлагыг шалгаж байгаа бол зохиомол орлогыг шалгах ёстой гэж үзэж байна. 2020 онд энэхүү орлого нь зохиомол орлого байна үүнийг шалгаж өгнө үү гэх хүсэлт гаргахад тухайн татварын хэлтсийн нэг дарга нь өргөдлийг буцаасан. Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татвар төлөгчийн эрхээ эдэлж үүргээ биелүүлэхтэй холбогдсон мэдээлэл, зөвлөгөө, чиглэл татвар оногдуулах төлөх, тайлагнах журам, аргачлал маягтыг татварын алба татварын улсын байцаагчаас авах эрхийг эдлэх нөхцөлөөр хангаж өгөөгүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, 2013 онд Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн нэг цонхны үйлчилгээнээс и-баримт руу нэвтрэх нууц үгийг маш энгийн нууц үгээр өгсөн. Ийм энгийн нууц үг өгсөн нь Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан татварын албанд энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр татвар төлөгчийн мэдээллийг бусдад өгөх эсвэл хувийн зорилгоор ашиглах байдлаар задруулахыг хориглоно гэснийг зөрчсөн” гэж тайлбарладаг.

          2.7.Хариуцагч Ё.Б, М.Бтуяа нараас “Нөхөн ногдуулалтын акт нь татвар төлөгчийн борлуулалт хэсэгтэй биш зардал хэсэгтэй холбоотой учраас нөхөн ногдуулалтын акт дээр ямар нэгэн байдлаар орлого олсон гэсэн үг бол байхгүй. Хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар худалдан авалтын хасалт хийж төсөвт төлөх татварыг бууруулсан нь тогтоогдсон” гэж тайлбарлан маргасан.

          Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

          3.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Таас шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё.Б, М.Бтуяа нарын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн НА-******* тоот нөхөн ногдуулалтын акт нь дараах үндэслэлээр илт хууль бус байна. Үүнд: Манай компанийн ebarimt системд 2020 онд үл таних этгээд хууль бусаар нэвтэрч 2 удаагийн үйлдлээр 112.154.000 (нэг зуун арван хоёр сая нэг зуун тавин дөрвөн мянга) төгрөгийн НӨАТ-ын өр төлбөр үүсгэн бидэнд хохирол учруулсан. Гэтэл дээрх өр төлбөрийн үүссэн нөхцөл байдлыг тодруулах, тогтоох, шалган нягтлах ямар нэг ажиллагаа хийлгүйгээр шууд зөрчил хэмээн үзэж нийт 25,910,920 төгрөгийн төлбөр ногдуулж, “Нөхөн ногдуулалтын акт” тогтоосон. Бид Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд мөн Кибер гэмт хэрэгтэй тэмцэх төвд 2024 оны 03 дугаар сарын 11-нд тус тус НӨАТ-ын системд хууль бусаар нэвтэрч, өр төлбөр үүсгэж хохирол учруулсан гэмт этгээдийг олж хохирол барагдуулах тухай гомдол гаргасан бөгөөд тус албанаас хууль бусаар баримт шивсэн гэм буруутай этгээдийг олж тогтоох, эрж хайхаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Мөн Нийслэлийн Татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд 2024 оны 05 дугаар сарын 01-нд НА-******* тоот нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч дээрх нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээсэн тогтоол гаргасан байна.

          Мөн Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн байцаагч нар хэт нэг талыг барьсан ажиллагаа явуулсан. Миний хувьд татвараас зохиомол зарлагыг шалгаж байгаа бол зохиомол орлогыг шалгах ёстой гэж үзэж байгаа. 2020 онд энэхүү орлого нь зохиомол орлого байна үүнийг шалгаж өгнө үү гэх хүсэлт гаргахад тухайн татварын хэлтсийн нэг дарга нь тухайн өргөдлийг буцаасан байгаа. Энэхүү хэт нэг талын барьсан ажиллагаа нь над шиг жижиг бизнес эрхэлдэг, жижиг аж ахуйн нэгжүүдийг нухчин дарах зорилго агуулж байна. Манай компани энэ дөрвөн сараас хойш цаашид үйл ажиллагаа явуулах боломжгүй болчихсон байгаа.  Тэгэхээр эдгээр татварын байцаагч нарыг Татварын тухай хуулийн доорх зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татвар төлөгчийн эрхээ эдэлж үүргээ биелүүлэхтэй холбогдсон мэдээлэл, зөвлөгөө, чиглэл татвар оногдуулах төлөх, тайлагнах журам, аргачлал маягтыг татварын алба татварын улсын байцаагчаас авах эрхийг эдлэх нөхцөлөөр хангаж өгөөгүй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, 2013 онд Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн нэг цонхны үйлчилгээнээс и-баримт руу нэвтрэх нууц үгийг маш энгийн нууц үгээр өгсөн. Ийм энгийн нууц үг өгсөн нь Татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан татварын албанд энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр татвар төлөгчийн мэдээллийг бусдад өгөх эсвэл хувийн зорилгоор ашиглах байдлаар задруулахыг хориглоно гэснийг зөрчсөн гэж үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

          3.2.Хариуцагч Ё.Б, М.Бтуяа нараас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...“Т*******” ХХК-нийн 2020 оны 01 дүгээр сарын ******* оны 12 дугаар сарын 31-ийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн “татварын хяналт шалгалтад хамруулах, Нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан худалдан авч залруулаагүй татвар төлөгчдийн мэдээлэл”, ******* тоот томилолтын дагуу “Хялбаршуулсан-Хэсэгчилсэн” хяналт шалгалтыг хийж, нийт 138,466,636.39 төгрөгийн зөрчилд 13,846,663.64 төгрөгийн нөхөн татвар, 5,538,665.46 төгрөгийн торгууль, 6,525,591.59 төгрөгийн алданги, нийт 25,910,920.69 төгрөгийг нөхөн ногдуулалтын актаар төлүүлэхээр шийдвэрлэснийг эс зөвшөөрч Нийслэлийн татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дагуу /Гомдол гаргагчийн зүгээс нөхөн ногдуулалтын актын тооцоолол, үйл баримттай маргаагүй/ 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Маргаан таслах зөвлөлийн 31 тоот тогтоолоор НА-******* тоот нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталсан байна. Тус компани нь Татварын ерөнхий газрын Эрсдэлийн удирдлагын газраас ирүүлсэн “татварын хяналт шалгалтад хамруулах, Нэмэгдсэн өртгийн албан татварын хий бичилттэй падаан худалдан авч залруулаагүй татвар төлөгчдийн мэдээлэл”-ээр 3372634 тоот регистрийн дугаартай “Б*******” ХХК-иас 2020 оны 04 дүгээр сард 3 ширхэг падаанаар 47,687,545.45 төгрөг, ******* тоот регистрийн дугаартай “С*******” ХХК-иас 2020 оны 03, 05, 06, 09 дүгээр сар болон 2021 оны 03 дугаар саруудад 13 ширхэг падааны 86,370,000.02 төгрөгийн дүнтэй нийт 134,057,545.48 төгрөгийн дүнтэй 16 ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар худалдан авалтын хасалт хийсэн мэдээллийг шалгаж үзэхэд 2020, 2021 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “Дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээ” хэсэгт тайлагнаж, томилолт үүсэх хүртэлх хугацаанд худалдан авалтын буцаалт буюу залруулга хийгдээгүй, төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан гэх мэдээллийг нягталж үзэхэд:

1.Хий бичилттэй НӨАТ-ын падаанаар худалдан авалтын хасалт хийж төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэсэн заалтыг зөрчсөн нь бэлтгэн нийлүүлэгчид төлбөр төлсөн болон санхүүгийн баримтад тусгагдаагүй;

2.Хий бичилттэй 4,409,090.91 төгрөгийн падаанаар худалдан авалт хийсэн мэтээр 2021 оны жилийн эцсийн ААНОАТ-ын тайлангийн хасагдах зардлын дүнг нэмэгдүүлж, албан татвар ногдуулах орлогын дүнг бууруулсан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3, 16 дугаар зүйлийн 16.1.1-д заасныг зөрчсөн гэж үзэж байна. Нөхөн ногдуулалтын акт нь татвар төлөгчийн борлуулалтын хэсэгтэй биш зардал хэсэгтэй холбоотой учраас нөхөн ногдуулалтын акт дээр ямар нэгэн байдлаар орлого олсон гэсэн үг бол байхгүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар татвар төлөгчийн гаргасан нэхэмжлэлтэй холбоогүй. Татварын алба татвар төлөгчийн мэдээллийг задруулсан гэсэн тайлбарыг татвар төлөгчөөс хэлж байна. Татварын алба тухайн татвар төлөгчийн нууц үгийг задруулсан гэх нотлох баримт байгүй. Зөвхөн зардал хэсэгт яагаад хяналт шалгалт хийсэн бэ гэхээр Татварын ерөнхий газраас ирсэн удирдамж чиглэлийн дагуу хэсэгчилсэн хялбаршуулсан хяналт шалгалтыг хийсэн. Мөн тухайн татвар төлөгчийн өөрийнх нь борлуулалт биш миний эрхээр ороод шивсэн борлуулалт гэсэн нь тухайн борлуулалтдаа ногдох татвар төлсөн байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

          1.Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч Ё.Б, М.Бтуяа нар “Т*******” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хийсэн хяналт шалгалтаар “Т*******” ХХК нь 2020 онд “Б*******” ХХК-иас 3 ширхэг падаанаар 47,687,545.45 төгрөг, “С*******” ХХК-иас 11 ширхэг падаанаар 81,960,909.11 төгрөг, нийт 14 ширхэг падаанаар 129,648,454.57 төгрөгийн, 2021 онд “С*******” ХХК-иас 2 ширхэг падаанаар 4,409,090.11 төгрөгийн дүн бүхий хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд худалдан авалтын хасалт хийж, төсөвт төлөх албан татвараа бууруулсан, 2021 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн хасагдах зардалд 4,409,090.91 төгрөгийн бодит бус зардлыг хасагдах зардалд тусгаж татвар ногдуулах орлогыг бууруулсан зөрчил тус тус гаргасан тогтоогдсон гэж дүгнэжээ.

           2.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж,

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно” гээд 13.1.1-д “тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх”, 13.1.3-т “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх” гэж, 16 дугаар зүйлийн 16.1-д “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй”, 16.1.1-д “энэ хуулийн 13.1, 13.2-т заасан нөхцөл, хязгаарыг хангаагүй зардал” гэж тус тус заасан.

3.Дээрх хуулийн хэм хэмжээнээс үзэхэд албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх буюу зардал бодитой гарсан байх шаардлага тавигдаж байна.

          4.Нэхэмжлэгч “Т*******” ХХК-иас 2020, 2021 онд “С*******” ХХК болон “Б*******” ХХК-тай гэрээ байгуулж худалдан авалт хийгээгүй, улмаар 16 ширхэг нэмэгдсэн өртгийн албан падааныг хуурамчаар үйлдсэн буюу хасагдах бодит зардал гараагүй болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Тын шүүх хуралдаанд гаргасан “энэхүү 14 баримтыг манай борлуулалтыг хуурамчаар өсгөсөн. Тухайн үед тайлан бичиж өгдөг нягтлан маань аргалаад өгье гэж хэлээд үгэнд нь орсон нь миний буруу болсон. Үүнтэй холбоотойгоор тухайн нягтлан маань хий бичилтийн падаан авсан” гэх тайлбараар нотлогдож байна.

          5.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч компани нь 2020, 2021 онд 134,057,545.48 төгрөгийн дүн бүхий худалдан авалтыг “С*******” ХХК, “Б*******” ХХК-тай хийгээгүй, улмаар 16 ширхэг хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар худалдан авалт хийсэн мэтээр хасалт хийж, төсөвт төлөх албан татварын бууруулсан болох нь нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байх тул Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн НА-35210000052 дугаартай нөхөн ногдуулалтын акт хуульд нийцсэн байна.

          6.Нэхэмжлэгчээс “татварын байгууллагын хуулийн этгээдийн татварын цахим системд нэвтрэх нууц үгийг бусдад задруулсан бус, харин хялбар нууц өгсөн, нууц үгийг тухайн үед солих боломжгүй байсан бөгөөд нууц үг солихтой холбоотой мэдээл, зөвлөгөөг өгөөгүй, татварын төлөгчийн эрхийг зөрчсөн” гэж тайлбарладаг.

          7.Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Татвар төлөгч дараах эрх эдэлнэ”, 12.1.1-д “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татвар төлөгчийн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхтэй холбогдсон мэдээлэл, зөвлөгөө, чиглэл, татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам, аргачлал, маягтыг татварын алба, татварын улсын байцаагчаас авах”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Татварын алба нь энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр татвар төлөгчийн мэдээллийг бусдад өгөх, эсхүл хувийн зорилгоор ашиглах байдлаар задруулахыг хориглоно” гэж тус тус заасан.

          8.Хэдийгээр нэхэмжлэгчээс 2020 онд цахим төлбөрийн баримтын системд түүний зөвшөөрөлгүй нэвтэрч баримт шивсэнтэй холбоотой гомдлыг Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст гаргаж байсан гэх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй тул гомдол гаргаж байсан гэж үзэх боломжгүй.

          9.Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс Татварын ерөнхий хуульд заасан татвар төлөгчийн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхтэй холбогдсон мэдээлэл, зөвлөгөөг татварын байгууллагаас авахтай холбоотой ямар нэг хүсэлт, түүнчлэн 2020 онд цахим төлбөрийн баримтын системд түүний зөвшөөрөлгүй нэвтэрч баримт шивсэн гэх гомдлыг гаргаж байгаагүй, харин хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанаар худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд худалдан авалтын хасалт хийж, төсөвт төлөх албан татвараа бууруулах зөрчил үйлдсэн байх тул нэхэмжлэгчид мэдээлэл өгөх үүргээ зөрчсөн гэж татварын байгууллагыг буруутгах үндэслэлгүй.

          10.Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн Чингэлтэй дүүргийн татварын хэлтэст холбогдох Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч нарын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн НА-******* тоот нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дэх хэсэг, 106.3.14 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.3 дахь хэсгийг тус тус заасныг баримтлан “Т*******” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ё.Б, М.Бтуяа нарт холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын байцаагч Ё.Б, М.Бтуяа нарын 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн НА-******* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                 ШҮҮГЧ                                                 А.ГАНЗОРИГ