Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 2023/ДШМ/32

 

 

 

 

 

  

 

   Э.Над холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эрдэнэбат даргалж, шүүгч Н.Баярхүү, Ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: Б.Тогтох,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баасанбаяр,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Д.Содномдорж,

Нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр  нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2023ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.О, түүний өмгөөлөгч Д.Содномдорж нарын гаргасан давж заалдах гомдлоор Э.Над холбогдох ..................дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.

Баяжих овогт Оын Н, ….... оны …. дугаар сарын ….-ны өдөр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд төрсөн, …. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Түнэл сумын .... дугаар баг ............... гэх газар оршин суух, ял шийтгэлгүй /Регистрийн дугаар ......................./.

Э.Н нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Б3 дугаар багийн нутаг Байшинтын дөрвөлж гэх газарт 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр амь хохирогч Н.Өтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан шарх, хамар ясны хугарал гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2023ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Бэрсүүд овогт Оын Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оын Ныг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Э.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, Эрүүгийн ............ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон, шаргал өнгийн хуучин дурдан бүс 1 ширхэг, хар хөх өнгийн саравчтай малгай 1 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон бор саарал өнгийн дээл 1 ширхэг, цогцосны хүзүүнд боомилсон байдалтай байсан, зарим хэсэг цус мэт зүйлээр бохирлогдсон дундаа зангилаатай, цагаан өнгийн, хуучин, нарийн цуулсан даавуу 1 ширхэг, ногоон цэнхэр өнгийн, хиртэж бохирлогдсон, зүүн ханцуй, энгэр, хормой зэрэг цус мэт зүйлээр бохирлогдсон даавуун дээл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комист даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.О нь гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.Наас нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.О, түүний өмгөөлөгч Д.Содномдорж нар давж заалдах гомдолдоо: ... шийтгэх тогтоол нь үндэслэлгүй, хэргийн бодит байдлыг тогтоосонгүй гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч бид нар үзэж байна. Учир нь 2023 оны 04-р сарын 23-ны шилжих шөнө Хөвсгөл аймгийн Түнэл сумын 3-р баг “Байшинтийн дөрөлж” гэх газар амь хохирогч Н.Өыг ямар учир шалтгааны улмаас амиа хорлосон, бусдын нөлөөгөөр амь насыг хохироосон эсэхийг гүйцэт шалгаж тогтоогоогүй байдаг.

Гэрч Т.С2023 оны 04-р сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Тэглээ ч тэр танихгүй залуу бол ажаад байхад хүний урдаас хэрүүл маргаан өдөж, агсам согтуу тавихааргүй, зодоон цохион хийхээргүй даруухан элдэв зангүй, дуу цөөнтэй хүн байсан... Мөрдөн байцаагчийн асуулт: Таны ярьж байгаа танихгүй залуу хүн Чын доор машиныхаа тэнд очоод үхнэ гэж ярьж бүсээ тайлж шонгоор уяж гүйсэн асуудал болсон уу? Хариулт: Тийм зүйл болоогүй. Яахав Н тэр залууг цохихоор нь салгачихаад дараа нь харсан чинь бүс, хоёр бээлий малгай нь газарт хэвтэж байхаар нь аваад малгай бээлийг нь машины кабин руу хийгээд, шар өнгийн бүсийг нь аваад тэвшин дээр нь шидсэн...” гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. Гэтэл ялтан Э.Нын мэдүүлэгт “...би бөгс рүү нь 1 удаа өшиглөсөн...” гэж мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүх мэдүүлэг нь зөрүүтэй эсэхэд анхаарч үзээгүй орхигдуулсанд гомдолтой байна. Ялтан Э.Н, амь хохирогч Н.Ө нар нь хоёул машины хажууд үлдсэн.

Ялтан Э.Н нь амь хохирогч Н.Өыг ямар шалтгааны улмаас зодож цохиж байгаа үйл баримтыг тогтоогоогүй, гэрч Т.С...ыг хэрэг учрал болсон газраас явсны дараа амь хохирогч Н.Өыг ялтан Э.Н нь зодсон, айлган сүрдүүлсэн, эсхүл өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор амь насыг нь хохироосон эсэх, амиа хорлох нөхцөл байдал үүсгэсэн эсэх нь тодорхой бус байдаг. 2023 оны 05-р сарын 15 ны өдрийн Шүүх шинжилгээний Ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн дугаар 72 дүгнэлт нь тодорхой бус байгаагаар нотлогдон тогтоогддог. Шинжээчид тавигдсан асуултуудын 3 дугаар асуулт: Гэмтэл учирсан бол уг гэмтлүүд нь хэзээ /нас барахаас өмнө эсвэл дараа болох/ ямар цаг хугацаанд, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байна эсэх?, 6 дугаар асуулт Н.Өын үхлийн шалтгаан юу болох? эсэхийг шинжээч эмч дүгнэлтэндээ хариулж оруулаагүй нөхцөл байдал шинжээч эмчээс мөрдөгч, хяналтын прокурор мэдүүлэг авч тогтоогоогүй нь хэргийг ялтанд ашигтай байдлаар шийдвэрлэх нөхцөл байдал бүрдсэн гэж үзэж байна

Иимд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн саналтай байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Содномдорж шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.О, өмгөөлөгч Д.Содномдорж нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Э.Н нь Хөвсгөл аймгийн Түнэл сумын Б3 дугаар багийн нутаг Байшинтын дөрөлж гэх газарт 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр амь хохирогч Н.Өтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хохирогчийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Э.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д зааснаар Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох”, мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуулийг чанд сахих” үүрэгтэй.

Мөн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэнээс хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл хэргийн талаар нотлогдвол зохих байдал, тухайн хүн, хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал байгаа эсэхийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн  нотлох баримтаар тогтоох учиртай.

Гэтэл шүүгдэгч Э.Над холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчжээ.

Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал”,  1.3-т заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг бүрэн тодруулаагүй байна.

Өөрөөр хэлбэл хохирогч нас барахад ямар шалтгаан, нөхцөл нөлөөлсөн,  хохирогчийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэсэн нөхцөл байдал байсан эсэх, Эрүүгийн хуульд заасан бусад гэмт хэргийн шинж байгаа эсэх, хохирогч биеэ хамгаалах чадвартай байсан эсэх, шүүгдэгчийн хохирогчийг зодох болсон шалтгаан нөхцөл зэргийг тодруулсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Түүнчлэн шүүгдэгч Э.Н гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Ө мотоциклиос буугаад үхнэ хатна гээд бүсээ тайлаад шонгоос уяад гүйгээд байхаар нь би болиулсан” гэж мэдүүлжээ. Гэтэл гэрч Т.Смөрдөгчийн асуусан “Таны ярьж байгаа танихгүй залуу хүн Чынхаас доор машиныхаа тэнд очоод үхнэ гэж ярьж, бүсээ тайлж шонгоор уяж гүйсэн асуудал болсон уу?” гэсэн асуултад “Тийм зүйл болоогүй...” гэж мэдүүлснийг болон хохирогчийг буулгасан гэх газар шон байсан эсэхийг /хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд “цогцос байх шонгоос ертөнцийн зүгээр зүүн зүгт 723 метр зайд цагаан өнгийн, 2756 ХӨН улсын дугаартай, портер маркийн автомашин ...зогсож байна.” гэж тэмдэглэсэн/ тодруулах шаардлагатай.

Мөн цогцосны хүзүүнд байсан цус мэт зүйлээр бохирлогдсон дундаа зангилаатай, цагаан өнгийн, хуучин, нарийн цуулсан даавуу хэнийх болохыг тодруулах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчийн хамтран гаргасан “...амь хохирогч Н.Өыг ямар учир шалтгааны улмаас амиа хорлосон, бусдын нөлөөгөөр амь насыг хохироосон эсэхийг гүйцэт шалгаж тогтоогоогүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.О, түүний өмгөөлөгч Д.Содномдорж нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 2023ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Шүүгдэгч Э.Над урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой  гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ЭРДЭНЭБАТ

                                        ШҮҮГЧИД                              Н.БАЯРХҮҮ

                                                                            Б.СОСОРБАРАМ