| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 2338000000121 |
| Дугаар | 2023/ДШМ/33 |
| Огноо | 2023-08-16 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Л.О |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 2023/ДШМ/33
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Л.Отгончимэг,
Яллагдагчийн өмгөөлөгч: Б.Амаржаргал,
Нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр нарыг оролцуулан
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/428 дугаартай захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Уламбаярын гаргасан эсэргүүцлээр Р.Бод холбогдох .................. дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шарнууд овогт Рын Б, ..... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Р сумын 6 дугаар баг, Х тосгонд оршин суух бүртгэлтэй, урьд 2020 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан /регистрийн дугаар ................../.
Р.Б нь Хөвсгөл аймгийн Рсумын Х тосгоны нутаг “Х” гэх газар буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 2023 оны 02 дугаар сарын 10-ны үед 4 ширхэг нойтон босоо модыг огтолж 3 м.куб модыг хууль бусаар бэлтгэж Улсын тусгай хамгаалалттай ойд хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/428 дугаартай захирамжаар яллагдагч Рын Бод холбогдох эрүүгийн ............... дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол яллагдагч Р.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн 2338000000121 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг цахилгаан хөрөөг хэргийн хамт хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Дэмбэрэлсамбууд даалгаж, хууль бусаар бэлтгэсэн гэх 3 м.куб модыг Хөвсгөл аймгийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны хашаанд битүүмжилсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Уламбаяр эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Р.Б нь зөвшөөрөлгүйгээр 4 ширхэг босоо мод бэлтгэсэн нь хангалттай тогтоогдож байхад яллагдагч Р.Б, түүний өмгөөлөгч Б.Амаржаргалын хүсэлт тайлбарын үндэслэн дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай байна.
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн захирамжид: Хавтаст хэргийн 60 дугаар хуудсанд байгаа шинжээч Б.Мөнхзулын гаргасан 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 12 дугаартай, 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 13 дугаартай дүгнэлтүүдийг гаргахдаа тухай үед шинжилгээнд хураагдсан голоороо зүсэгдсэн гэх 12 ширхэг модонд үзлэг хийж дээрх хоёр дүгнэлтийг гаргасан байна. Тухайн үед хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн тайрагдсан 4 модны хожуул нь хураагдсан 12 /гол хуваагдсан/ ширхэг модтой ямар шинж чанар, хэлбэр, хэмжээгээрээ тохирч байгаа, мөн 2 модны ёроолоороо өмхөрсөн хожуулыг унанги модонд хамаарах уу, босоо модонд хамаарах уу гэдэг талаар шинжээч дүгнэлтдээ тусгаагүй, шинжээч дахин нэмэлт дүгнэлтдээ “уг модыг унанги, босоогоор нь ялгах боломжгүй байна” гэж дүгнэлт гаргасан нь шинжилгээг бүрэн дүүрэн хийсэн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 49.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах, энэ талаар дүгнэлтэд дурдах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй... гэж заасныг зөрчиж шинжээчийн дүгнэлтээр бодит байдлыг тогтоолгохоор нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана гэжээ.
Гэтэл захирамжийн тодорхойлох хэсгийн 2-т 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн иргэн Р.Бын өөрийн нэр дээр бичүүлж авсан 22-053692 дугаартай 6,48 м3 цэвэрлэгээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичиг авсан байна. Энэ эрхийн бичиг хүчинтэй байсан уу, энэ эрхийн бичгээр ямар мод бэлтгэснийг тодруулж шалгаагүй байна... гэжээ.
Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан ойн ашиглалтын чиглэлийн мэргэжлийн байгууллага нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд, зөвшөөрөгдсөн дараах төрлийн огтлолтоор мод бэлтгэж болно”:
Мөн хуулийн 35.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт: “гэрээ, зөвшөөрлийн баримт бичигт заасан тоо хэмжээ хэтрүүлсэн, төрөл, зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэсэн, зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, засварласан, хуурамч, хүчингүй гэрээ, эрхийн бичгээр ойгоос мод бэлтгэсэн хүуль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр хуульчилжээ.
Ойн нэр томьёоны тайлбар толь, товхимолд мод бэлтгэлийг ой, ойн сан бүхий газарт ургасан титэм бүхий гол иштэй, олон наст модлог ургамлыг гар болон цахилгаан хөрөө ашиглан үндэс ёзоороос нь салгах зорилгоор хөрөөдөн унаган тасдаж, цагаалах үйлдлийг, харин унанги мод гэж ой модон доторх сууриараа унаж хатсан модыг ойлгохоор тайлбарлажээ.
Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 хэсэгт арчилгаа, цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн ашиглалт гэсэн гурван зориулалтаар зөвшөөрөл олгодог ба, мөн зүйлийн 35.4 хэсэгт гэрээ, зөвшөөрөлгүй, эсхүл зөвшөөрсөн тоо хэмжээ хэтрүүлж мөн зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заажээ.
Харин Р.Б нь: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А/133 дугаартай тушаалаар батлагдсан “Ойгоос мод бэлтгэх журам”-ын 1.3 дахь хэсэгт заасан “Арчилгаа, цэвэрлэгээний огтлолтыг тусгай журмаар зохицуулна”, 2.1.1-2.1.3 дахь хэсэгт заасан “Арчилгаа”, “Цэвэрлэгээ”-ний зориулалтаар мод бэлтгэх эрхийг авсан хэдий ч 4 ширхэг босоо модыг унагаасан үйлдэл тогтоогдсон тул яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Мөн шүүгчийн захирамжид: ...Хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан боловч нэг модны зураг авагдсан байна. Өмнөх үзлэгээр баталгаажуулсан хожуулууд хаана байгаа нь тодорхойгүй, дахин үзлэг хийхэд яллагдагчийг байлцуулаагүй, яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь байлцуулан зааж, мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй байгаа зэргээс шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна гэжээ. Хавтаст хэрэгт яллагдагч болон өмгөөлөгчтэй холбогдож хэргийн газрын үзлэгт оролцуулах арга хэмжээ авсан байх боловч нөхөн үзлэг оролцоогүй талаар мөрдөгчийн тэмдэглэл авагджээ /хх-н 22-24-р хуудас/. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу- дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэсний дагуу мөрдөгч нь хэргийн газрын нөхөн үзлэгийг хийхдээ хөндлөнгийн 2 гэрчийг байлцуулсан ба мөн гэрэл зургаар бэхжүүлэн хэрэгт хавсаргасан нь хэргийн газрын үзлэг хийхэд хууль зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/428 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Р.Б нь зөвшөөрөлгүйгээр 4 ширхэг босоо мод бэлтгэсэн нь хангалттай тогтоогдож байх тул Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/428 дугаартай захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
“Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоогоогүй, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/428 дугаартай “Прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг шинжлэн судалбал яллагдагч Р.Бод холбогдох хэргийг шүүх нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй байна.
Анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэлийг “...хэргийн газрын үзлэгээр бэхжүүлсэн, тайрагдсан 4 модны хожуул нь хураагдсан 12 /гол хуваагдсан/ ширхэг модтой ямар шинж чанар, хэлбэр, хэмжээгээрээ тохирч байгаа, мөн 2 модны ёроолоороо өмхөрсөн хожуулыг унанги модонд хамаарах уу, босоо модонд хамаарах уу гэдэг талаар мөрдөгч нарийн шалгаж тодруулаагүй, шинжээч дүгнэлтдээ тусгаагүй, шинжээч дахин нэмэлт дүгнэлтдээ ”уг модыг унанги, босоогоор нь ялгах боломжгүй байна” гэж дүгнэлт гаргасан нь шинжилгээг бүрэн дүүрэн хийсэн гэж үзэх боломжгүй байна...” гэж үзжээ.
Дээрх 12 ширхэг модыг 4 ширхэг хожуултай харьцуулан шинжлэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Р.Б нь босоо модноос дүнз болгон бэлтгэн, модыг холтослож гол хуваан хэлбэр хэмжээг өөрчилсөн талаар хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хожуултайгаа хэлбэр, хэмжээгээрээ тохирч байгаа эсэхийг нарийвчлан тогтоох шаардлагагүй байна.
Нөгөөтэйгүүр ёроол хэсгээрээ өмхөрсөн 2 ширхэг мод нь босоо, нойтон шинэс мод байсан гэдгийг яллагдагч Р.Б өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлжээ. Иймд үүнийг дахин шалгах шаардлагагүй гэж үзлээ.
Мөн анхан шатны шүүхийн “...хавтаст хэргийн 16 дугаар хуудсанд хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан боловч нэг модны зураг авагдсан байна. Өмнөх үзлэгээр баталгаажуулсан хожуулууд хаана байгаа нь тодорхойгүй, дахин үзлэг хийхэд яллагдагчийг байлцуулаагүй, яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь байлцуулан зааж, мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй байгаа зэргээс шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, бүрэн гүйцэд гараагүй байх тул дахин шинжээч томилж шинжилгээ хийж тодруулах шаардлагатай байна...” гэж үзсэнийг мөн адил шалгах шаардлагагүй.
Учир нь хэргийн газрын үзлэгийг гэрэл зургаар баталгаажуулахдаа хууль бусаар бэлтгэсэн модны хожуулыг 1-4 гэсэн тоогоор дугаарлаж хэрэгт хавсаргасан байх ба хэдийгээр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлийг баталгаажуулж авсан гэрэл зурагт бусад 3 тооны хожуулын зургийг баримтжуулаагүй байгаа хэдий ч энэ нь бусад нотлох баримтаар нотлогдож байна.
Мөн анхан шатны шүүх “...хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудсанд байгаа иргэний нэхэмжлэгч П.Ууганбаярын мэдүүлэгт “...бидний зүгээс босоо, унанги мод гэж ялгаж авсан зүйл байхгүй. Хашаан дотор байсан олон ширхэг модноос Р.Б өөрөө босоо модноос авсан 12 ширхэг мод гээд ялгаж авсан...” гэж мэдүүлж байх бөгөөд хашаан дотор ямар хэмжээний моднууд байсан учраас хаанаас, хэрхэн, ямар байдлаар ялгаж салгаж авсан талаар шалгаагүй...” гэх үндэслэлийн тухайд мөн адил шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Учир нь яллагдагч Р.Б зохих зөвшөөрлийг авч мод бэлтгэсэн үйл баримт тогтоогдсон ба прокурор зөвшөөрөлгүйгээр 4 ширхэг босоо нойтон мод унагаж бэлтгэсэн үйлдэлд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцэхгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
Мөн анхан шатны шүүхийн “...2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн иргэн Р.Бын өөрийн нэр дээр бичүүлж авсан 22-053692 дугаартай 6,48 м3 цэвэрлэгээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичиг авсан байна. Энэ эрхийн бичиг хүчинтэй байсан уу, энэ эрхийн бичгээр ямар мод бэлтгэснийг тодруулж шалгаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал, 1.5-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэрэг нотолбол зохих байдлыг нарийн шалгаж тогтоогоогүй...” гэх үндэслэлийн тухайд
Иргэний нэхэмжлэгч П.Ууганбаярын “...2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр иргэн Б нь Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын Сэгсүүрэг гэх газраас цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэх 22-053692 дугаар мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж авсан. Тухайн иргэн нь мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу бэлтгээгүй хууль зөрчиж босоо 4-н ширхэг мод унагаж хууль зөрчсөн асуудал...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-р тал/, гэрч Б.Заяабаярын “...2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай байгууллагаас иргэн Б нь цэвэрлэгээний ажлаар 6.48 метр кубийн хэрэглээний модны мод бэлтгэх эрхийн бичиг авсан байсан уг эрхийн бичгийн дагуу бол иргэн хүн байгалийн жамаар унасан модыг авах байтал иргэн Б нь эрхийн бичгийн дагуу 5-н унасан модноос тайрч авсан байсан. Бын хууль зөрчсөн асуудал бол босоо нойтон 4-н ширхэг шинэс төрлийн модыг хууль бусаар унагаж гол хувааж тээвэрлэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р тал/,
гэрч Б.Заяабаярын “...2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр манай байгууллагаас иргэн Б нь цэвэрлэгээний ажлаар 6.48 метр кубийн хэрэглээний модны мод бэлтгэх эрхийн бичиг авсан байсан уг эрхийн бичгийн дагуу бол иргэн хүн байгалийн жамаар унасан модыг авах байтал иргэн Б нь эрхийн бичгийн дагуу 5-н унасан модноос тайрч авсан байсан. Бын хууль зөрчсөн асуудал бол босоо нойтон 4-н ширхэг шинэс төрлийн модыг хууль бусаар унагаж гол хувааж тээвэрлэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-р тал/ зэргээр тогтоогдсон гэж үзэхээр байх тул үүнийг дахин шалгах шаардлагагүй байна.
Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгох тухай прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурорын Э.Уламбаярын эсэргүүцлийг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЗ/428 дугаартай захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч Р.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Н.БАЯРХҮҮ