| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваагийн Уранчимэг |
| Хэргийн индекс | 139/2024/00166/И |
| Дугаар | 310/ШШ2025/00099 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 310/ШШ2025/00099
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Нэхэмжлэгч: ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, ******* гэх газар оршин суух, ******* овогт ******* ******* /РД: *******/
Хариуцагч: ******* аймгийн ******* сумын 1 дүгээр баг, оршин суух хаягтай, одоо ******* аймгийн сумын 9 дүгээр баг, 19 дүгээр гудамжны тоотод оршин суух, ******* овогт /РД: /
Нэхэмжлэлийн шаардлага: 69497754 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Т.*******, түүний өмгөөлөгч Н.******* /цахимаар/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. /цахимаар/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Т.******* нь Б.т холбогдуулан 69497754 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. ...Т.******* би Б.тай 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн 128 толгой хонь, 400 толгой ямаа, эхнэрийн аав болох Х.Пүрэвийн өмчлөлийн 10 толгой хонь нийт 538 толгой бага малыг Б.ыг малжуулах зорилгоор түрээсэлж түүний эзэмшилд шилжүүлсэн. Б.тай түрээсийн гэрээ байгуулсан өдрөө 538 толгой малаа хүлээлгэж өгсөн. Малаа түрээсэлсэн цагаас хойш Б.тай байнга холбогдож мал хуй яаж байна гэж асуухад дажгүй маллаж байна гэж хэлдэг байсан. Энэ оны буюу 2024 оны намар мал яаж байна гэж асуухад ноднинг бодоход малын идэш хоол дажгүй сайн байна гэж байсан. Цагаан сараас өмнөхөн холбогдож малаа асуухад мал доороосоо буюу бага насны малаасаа эхлээд хорогдож байна гэсэн. Тэгэхээр нь яахаар байна бидний зүгээс юу хийх вэ гэхэд өвс л хэрэгтэй байна гэж хэлсэн. Би өвс аваачиж өгөх боломжгүй учир ******* сум ойрхон болохоор тэндээсээ өвсөө авчих байх гээд өвсний мөнгө 500000 төгрөг шилжүүлсэн. 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр дахин утсаар яриад одоо яаж байна гэхэд бас л өвс хэрэгтэй байна гэхээр нь 1000000 төгрөг явуулсан. Тэгээд 3 өдрийн дараа Б. утсаар залгаад мал 10, 20-иороо үхээд байна гэж хэлсэн. Тэгэхээр нь яагаад үхээд байна гэхэд тоймтой юм хэлээгүй. Б. миний өвс авч малаа тэжээгээрэй гэж шилжүүлсэн 1500000 төгрөгөөр малаа тэжээгээгүй ихэнх малаа үхэж үрэгдүүлсэн. Мал хорогдоод байна гэхээр би эхнэртэйгээ ******* аймгийн ******* суманд очиход манай мал нэлээд хорогдсон байсан. Өвсний мөнгө явуулаад байхад малаа тэжээгээгүй, ихээр үхүүлсэн нь Б.ын хариуцлагагүй үйлдэлтэй холбоотой. Би анх 538 толгой бага мал Б.т хүлээлгэж өгсөн. Үүнд 138 хонь буюу 68 эр хонь, 70 эм хонь, 400 ямаа буюу 234 эр ямаа, 166 эм ямаа хүлээлгэж өгснөөс одоо 92 хонь буюу 47 эр хонь, 45 эм хонь, 223 ямаа буюу 123 эр ямаа, 100 эм ямаа үхэж хорогдсон байна. Үхэж хорогдсон малынхаа үнийг эр хонийг зах зээлийн ханшаар 280.000 төгрөгөөр үнэлж 760000 төгрөг, эм хонио 180000 төгрөгөөр үнэлж 7200000 төгрөг, эр ямаагаа 270000 төгрөгөөр үнэлж 33210000 төгрөг, эм ямаагаа 150000 төгрөгөөр үнэлж 15000000 төгрөг, өвсний мөнгө 1500000 төгрөг, нийт өөрт учирсан хохирол болох 68670000 төгрөгийг Б.аас нэхэмжилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
1.1. Нэхэмжлэгч Т.******* нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ******* аймгаас ******* аймгийн ******* суманд очиж малаа авах болон шүүхийн дуудсан хугацаанд очиход зарцуулсан шатахууны төлбөр 370190 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Мөн Т.******* миний бие гэрч асуулгах хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул гэрч П. нь ******* аймгийн ******* сумын ******* багаас тус шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхөөр хэд хэдэн удаа ******* аймагт ирсэн болно. Иймд нэхэмжлэгч миний бие болон гэрч П. нарын ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоор ******* аймгийн Даланзадгад сум, ******* сумаас ирсэн, буцсан тээврийн хэрэгслийн шатахууны зардал 457564 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэжээ.
2. Нэхэмжлэгч Т.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.тай 3 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулж 538 толгой мал хүлээлгэж өгсөн. Малаа түрээсэлсэн цагаас хойш Б.тай байнга холбогдож мал хуй яаж байна гэж асуухад дажгүй байгаа гэдэг байсан. Гэтэл огт мал дээрээ байдаггүй хөдөө айлаар хоноглоод намар болохоор найр хэсээд явдаг байсан байгаа юм. Эхний 1 жил сайхан байсан. Тэгээд цагаан сарын дараа мал багасаад байна өвсний мөнгө гэхээр нь өвсний мөнгө өгсөн. Дахиад мал хорогдоод байна өвсний мөнгө өг гэхээр нь явуулсан. Тэгээд цаг муудаад байна ирж харах юм уу гэхээр нь очиж үзтэл ихэнхийг нь үхүүлсэн байсан. Үлдсэн мал нь эцэж турсан байсан. Ерөөсөө мал хариулаагүй би тэрэнд нь гомддог, би гомдолтой байна. Би янзын сайхан мал өгсөн утсан дээр зураг нь байгаа. Өөрөө ч сайхан хүлээж авсан. Манай үхсэн малыг суман дээр аваачаад хуулж байсан. Би анх 538 толгой бага мал Б.т хүлээлгэж өгсөн. Үүнд 400 ямаа, 138 хонь хүлээлгэж өгснөөс 46 хонь, 177 ямаа буюу нийт 223 толгой бага мал хүлээж авсан. Үхэж хорогдсон 315 малын үнэ нийт 67170000 төгрөг, өвсний үнэ 1500000 төгрөг, шатахууны зардал 577750 төгрөг, үнэлгээний зардал 250000 төгрөг, нийт 69497750 төгрөгийг Б.аас нэхэмжилж байна гэв.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Тус шүүхэд Т.******* нь Б.т холбогдуулан 68670000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, шатахууны төлбөр 370190 төгрөг нэмж нэхэмжилсэн байна. Тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ...Тус шүүхэд Т.******* нь Б.т холбогдуулан 69040190 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, шатахууны төлбөр 457564 төгрөг нэмж нэхэмжилсэн байна. Тухайн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Үүн дээр түрээслэгчийн гэрээ байгаа эсэх мөн хариуцагчийн буруутай үйлдэл биш байгалийн гамшигт үзэгдэл нөлөөлсөн гэж үзэж байгаа. Б. нь мал маллаагүй, өвс тэжээл авч малдаа өгөөгүй зүйл байхгүй. нь малчин хүн, цаг хэцүү байсныг нотолсон. Мөн сумын Засаг даргын хур тунадас ихтэй, цаг хэцүү байсан талаарх тодорхойлолт байгаа. Эм тан өгөөд байхад хорогдоод байгаа нь малчны буруу биш. ******* анх т өгөхөд бүгд бага насны мал байсан. Гэрээний хугацаа дуусахаас өмнө үлдэгдэл малаа ачаад явсан. 400 ямаа өгсөн, авсан зүйл байхгүй. Малчин хүн малаа ган гачигт алдахыг хараад зүгээр суугаад байхгүй нь ойлгомжтой зүйл. Б. цаг агаарын байдлаас болж өөрөө ч хамаг малаа алдсан. Үүн дээр хариуцагчийг буруутгаж байгаад хариуцагч их гомдолтой байгаа. Малуудаа гэрээ контракт хийгээд өгч, авсан. Мөн өөрсдийнх нь өгсөн мөнгөнүүдийг бол яг малд нь зарцуулж өвс тэжээл авсан. Тэр болгоныг нэхэмжлэгч тал хэлдэг. Тухайн үеийн үнэ ханшаар хэдэн боодол өвс авсан гэдгээ хэлдэг. Б. нь өөрийнхөө мөнгөөр маш их өвс тэжээл авсан. Энэ бол Б.ын буруу биш байгалийн давагдашгүй нөхцөл байдал. Хоёрдугаарт мал маллах нь түрээсийн гэрээ биш байсан. Харин хамтран ажиллах гэрээ эсхүл даалгаврын гэрээ байсан. 1-т ноолуур, 2-т хөлс авах байсан. Энэ бол хамтран ажиллах даалгаврын гэрээ байсан. Яагаад гэвэл нэхэмжлэгч тал эд хөрөнгөө оруулж, хариуцагч тал хөдөлмөрөө оруулсан байгаа учир хамтран ажиллах гэрээ байж болзошгүй гэж харж байгаа. Мөн хариуцагч нь мал малласныхаа төлбөрт ноолуурын 40 хувь харин нэхэмжлэгч тал 60 хувийг авах байсан. Гэтэл хариуцагч ямар нэгэн байдлаар мөнгө ноолуур авсан зүйл байхгүй. Нэхэмжлэгч тал үлдэгдэл хоног дуусахаас өмнө малаа авсан гэв.
4. Хэрэгт нэхэмжлэгч талаас Т.*******, Б. нарын хооронд 2022.08.31-ний өдөр байгуулсан түрээсийн гэрээний хуулбар /хэргийн 6-7-р хуудас/, дансны хуулга /хэргийн 9-10-р хуудас/, ******* аймгийн Архивын тасгийн 2024.04.12-ны өдрийн 213 дугаартай Т.*******ын 2021-2023 оны мал маллаж байсан хугацааны архивын лавлагаа, мал тооллогын А дансны маягтын хуулбар /хэргийн 32-44-р хуудас/, төлбөрийн баримтууд /хэргийн 45-48-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 49-50-р хуудас/, төлбөрийн баримтууд /хэргийн 148-149-р хуудас/, ******* аймгийн ******* сумын Засаг даргын 2024..06-ны өдрийн 03/164 дугаартай албан бичиг /хэргийн 150-р хуудас/ баримтыг шүүхэд ирүүлсэн ба, нэхэмжлэгч талын хүсэлтээр шүүх, гэрч П.н мэдүүлгийг авч, Ашид билгүүн ХХК-ийн 2024.08.29-ний өдрийн ТХҮ-924/10540 дугаартай үнэлгээний тайлан /хэргийн 78-89-р хуудас/-г бүрдүүлжээ.
Хариуцагч талаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 2024.06.24 өдрийн тайлбар /хэргийн 58-р хуудас/, 2025.01.30-ны өдрийн тайлбар /хэргийн 161-р хуудас/, 2024.10.16-ны өдрийн 02/207 дугаартай Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /Force majure/-ийн гэрчилгээ /хэргийн 104-р хуудас/ баримтыг шүүхэд ирүүлсэн ба хариуцагч талын хүсэлтээр шүүх, Ашид билгүүн ХХК-ийн 2024.08.29-ний өдрийн ТХҮ-924/10540 дугаартай үнэлгээний тайлан /хэргийн 78-89-р хуудас/-г бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, гэрээнд заасны дагуу түрээслүүлсэн 538 толгой малыг бүрэн буцааж авна гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байх ба, хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, анх хүлээн авсан 538 толгой малаас гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас 315 толгой мал үхсэн тул үнийг төлөх үндэслэлгүй гэж тайлбар, татгалзлаа үндэслэж байна.
3. Нэхэмжлэгч тал нь талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж, хариуцагч тал нь талуудын хооронд хамтран ажиллах эсхүл даалгаврын гэрээ байгуулагдсан гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч Б.т 538 толгой малыг маллуулахаар өгсөн, хариуцагч Б. нь 538 толгой малыг 3 жилийн туршид маллаж гарсан үр төлийг авах, нэг жилд ямаа тус бүрийн ноолуураас 300 граммаар тооцож нэхэмжлэгч Т.******* авах, үлдэх хэсгийг хариуцагч Б. авахаар харилцан тохиролцож гэрээ байгуулан нотариатаар гэрчлүүлсэн байна. Энэхүү гэрээ нь бичгээр байгуулж нотариатаар гэрчлүүлсэн, талуудын хүсэл зоригоо илэрхийлэн байгуулсан хүчин төгөлдөр гэрээ /хэргийн 6-7-рт/ байна.
Энэхүү гэрээ нь ажил гүйцэтгэх, хамтран ажиллах, даалгаврын гэрээний шинжийг аль алийг агуулаагүй ба нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшил, ашиглалтад 538 толгой мал шилжүүлсэн, хариуцагч нь гэрээнд заасан хугацааны туршид үр төлийг бүгдийг, үр шимийн тодорхой хувийг авахаар талууд тохиролцсон, хариуцагч гэрээ дуусгавар болсны дараа эзэмшил ашиглалтад шилжүүлсэн 538 толгой малыг нэхэмжлэгчид буцаан өгөхөөр тохиролцсон нь түрээсийн гэрээний шинжийг агуулж байх тул талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
4. Хариуцагч тал нь, байгалийн давагдахгүй хүчин зүйлийн улмаас уг мал үхэж хорогдсон тул малын үнийг төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх тайлбарыг гаргаж байна.
Талууд 538 толгой мал хүлээлгэн өгсөн, хүлээн авсан, харилцан тохиролцож Түрээсийн гэрээ байгуулсан үйл баримтад маргаагүй ба хариуцагч тал гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас үхэж хорогдсон малын үнийг төлөх үндэслэлгүй гэж маргаж байгаа болно.
Хариуцагч талаас хэрэгт ирүүлсэн Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ-гээр /хэргийн 104-рт/ иргэн Б.ын хүсэл зориг, хяналтаас гадуур, урьдчилан таамаглах, даван туулах, сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл бий болсон болох нь тогтоогдож байна. Гэвч хариуцагч Б.ын түрээслэн авсан 538 толгой малаас үхсэн гэх 315 толгой мал нь бүгд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас үхсэн болох нь нотлогдохгүй байна. Өөрөөр хэлбэл тухайн орон нутагт байгаа бүх мал дээрх нөхцөл байдлын улмаас үхсэн, бүх малчдад дээрх хэмжээний хохирол учирсан болох нь нотлогдоогүй тул хариуцагчийн түрээсэлсэн малаас 315 толгой малыг бүгдийг зөвхөн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас үхсэн гэж үзэж хариуцагчийг хариуцлагаас бүрэн чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна.
Гэрч П.н мэдүүлэгт /хэргийн 143-144-рт/ ...хавь ойрынх нь айлуудын малыг үзэхэд ер зүгээр сайхнаараа байсан. Б.ынх шиг малаа үхүүлсэн айл байгаагүй. Би очоод малаа тордоод, тэжээгээд, эм тариа хэрэглээд тордож байж 200 гаруй мал үлдэж байгаа юм... гэсэн байх ба хариуцагч талаас дээрх мэдүүлгийг үгүйсгэсэн баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
5. Талууд харилцан тохиролцож байгуулсан Түрээсийн гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.1-д Гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас түрээсэлсэн хөрөнгийн чанар байдал алдагдвал талууд харилцан тохиролцож түрээсийн төлбөрийн хэмжээг өөрчилж болно гэж, 7.8-д Энэхүү гэрээтэй холбоотой маргаан гарвал талууд харилцан зөвшилцөх бөгөөд зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ гэж тус тус заажээ. Энэ нь зөвхөн түрээсийн төлбөрийн маргааныг шийдвэрлэх зохицуулалт биш бөгөөд түрээсэлсэн хөдлөх хөрөнгө, түрээсийн төлбөрийн онцлогоос хамаараад гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдлын улмаас учирсан хохирлыг талууд харилцан тохиролцож шийдвэрлэхээр тохирсон гэж үзэж болохоор байна. Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас түрээсэлсэн эд хөрөнгө болох 538 толгой малаас 315 толгой мал үхэж, уг малыг түрээслүүлэгч буюу нэхэмжлэгч Т.*******ад буцаан өгөх боломжгүй болсон байх ба дээрх маргааныг талууд зөвшилцөн шийдвэрлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
Түрээслүүлсэн эд хөрөнгө болох 315 толгой мал зөвхөн гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас үхсэн, эсхүл зөвхөн түрээслэгч малыг хариулж маллаагүй, арчлаагүйн гэм буруугаас үхсэн болох нь хангалттай нотлогдохгүй байна. Хариуцагч Б. нь өөрийн эзэмшил ашиглалтад байсан түрээсэлсэн эд хөрөнгө болох 538 толгой малаас 315 толгой малыг хорогдуулсан, 223 толгой малыг буцаан өгсөн үйл баримтад маргаагүй, харин хариуцагчийн буруугаас мал хорогдоогүй, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас мал 315 толгой мал үхсэн гэж маргаж байгаа болно. Түрээсэлсэн эд хөрөнгө болох мал нь гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн улмаас заавал үхэж хорогдох шинж чанартай эд хөрөнгө биш бөгөөд эзэмшиж, ашиглаж буй этгээдийн маллагаа, арчилгаанаас шалтгаалан хорогдохгүй байх, эсхүл үхэл хорогдол бага байх боломжтой эд хөрөнгө болно.
Хариуцагч тал нь 315 толгой малыг сайн малласан, арчилсан, тэжээсэн, мал үхэж байгаа талаар Т.*******ад тухай бүрт нь мэдэгдэж байсан, гэвч цаг үнэхээр муу байсан тул үхсэн гэж тайлбарлан мэтгэлцэж байгаа боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Иймд түрээсэлсэн эд хөрөнгийг /малыг/ эзэмшиж, ашиглаж буй этгээдийн тухайн эд хөрөнгөнд хандах хандлагаас шалтгаалан устаж үгүй болох /үхэх/, эсхүл хорогдол бага байх боломжтой шинж чанарыг харгалзан, хариуцагчийн хорогдуулсан гэх 315 толгой малын хорогдолд гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн, мөн хариуцагчийн хариуцлага, маллагаа нөлөөлсөн байх боломжтой гэж үзэж хариуцагчийн хариуцлагыг 50 хувиар бууруулж тооцов.
6. Нэхэмжлэгч нь эр хонийг 280000 төгрөгөөр, эм хонийг 180000 төгрөгөөр эр ямааг 270000 төгрөгөөр, эм ямааг 150000 төгрөгөөр тус тус үнэлж 67170000 төгрөгийг нэхэмжилж байна.
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний Ашид билгүүн ХХК-ийн ирүүлсэн Үнэлгээний тайлан-гаар /хэргийн 78-89-рт/ нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаарх зах зээлийн бодит үнэлгээгээр 315 толгой мал нь 44100000 төгрөгийн үнэ бүхий болох нь нотлогдож байна. Иймд шүүх дээрх үнэлгээний 50 хувиар тооцон малын үнийг хариуцагч Б.аас гаргуулан нэхэмжлэгч Т.*******ад олгох нь зүйтэй гэж үзлээ.
7. Нэхэмжлэгч нь өвс, тэжээл авч малд өгөх зориулалтаар хариуцагчид шилжүүлсэн гэх 1500000 төгрөгийг, хариуцагч Б. нь малд өвс тэжээл аваагүй, зориулалтын дагуу зарцуулаагүй үндэслэлээр нэхэмжилж байна. Хариуцагч нь дээрх 1500000 төгрөгөөр малын өвс тэжээл аваагүй болох нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас энэхүү хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
8. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нэмэгдүүлж /хэргийн 29, 146-рт/ шүүхэд ирсэн буцсан зардал гэх 827754 төгрөгийг нэхэмжилсэн ба энэхүү зардал гарсан, тухайн зардалыг нотлох баримтууд нь нэхэмжлэгчийн шүүхэд ирсэн буцсан цаг хугацаанд хамаарч байгаа болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас энэхүү хэсгийг ханган шийдвэрлэлээ.
9. Нэхэмжлэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа эд хөрөнгийн үнэлгээ гаргуулахад шинжээчид төлсөн 250000 төгрөгийг нэхэмжилнэ гэж байх боловч шинжээчид 250000 төгрөг төлсөн болох нь хэрэгт цугларсан бичгийн баримтаар нотлогдоогүй, нэхэмжлэлийн үнийн дүнд дээрх 250000 төгрөг ороогүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
10. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 527440 төгрөг төлсөн байна. Үүнийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагаас хангасан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2.2, 6, 8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч ******* овогт /РД: /-аас малын үнэ 22050000 /хорин хоёр сая тавин мянган/ төгрөг, шүүхэд ирсэн, буцсан шатахууны зардал 827754 /найман зуун хорин долоон мянга долоон зуун тавин дөрвөн/ төгрөг, нийт 22877754 /хорин хоёр сая найман зуун далан долоон мянга долоон зуун тавин дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* овогт ******* ******* /РД: *******/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 46620000 /дөчин зургаан сая зургаан зуун хорин мянган/ төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 527440 /таван зуун хорин долоон мянга дөрвөн зуун дөчин/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.аас 272339 /хоёр зуун далан хоёр мянга гурван зуун гучин есөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т.*******ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг заасугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ