Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2020/02368

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/02225 дугаар шийдвэртэй, Г.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НПГ, хариуцагч Н А ХХК нарт холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд нийт 45 569 272 төгрөг гаргуулах, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж залруулга гаргахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч Нийслэлийн Прокурорын газраас гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б-, хариуцагч Нийслэлийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор Б.Ичинхорол, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч прокурор С.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Г.Б-ыг НПГт зарлагаар ажиллаж байх үед тус газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнөөс эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20 000 000 төгрөг алдагдсан. Уг хэрэгт Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас 2013 оны 05 сарын 13-ны өдөр 201301040860 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн Г.Б-ыг тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт яллагдагчаар татан, сэжигтнээр 14 хоног цагдан хоригдсон бөгөөд ажлаас чөлөөлөн шалгасан. Ингээд бүтэн жилийн хугацаанд залхаан цээрлүүлсэн шинжтэй байцаан шийтгэх ажиллагаа явуулсны эцэст Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2014 оны 05 сарын 05-ны өдрийн 274 дугаартай Яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Г.Б- холбогдох гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдохгүй гэсэн үндэслэлээр буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт тус тус зааснаар эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулахаар дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд, цагдан хоригдсон 14 хоногийг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 192 000 төгрөгөөр тооцож, нийт 2 688 000 төгрөг, эрүүгийн болон иргэний хэрэгт хууль зүйн туслалцаа авах шаардлага гарсан тул өмгөөлөгч тус бүртээ гэрээ байгуулж, төлсөн нийт 3 650 000 төгрөг. Хэрэг шалгагдаж дууссаны дараа ажилдаа очиход битгий оруул гэсэн үүрэг өгсөн байсан. Г.Б-ыг ажлаас халсан буцаан оруулсан талаар ямар ч тушаал гараагүй. 2013 оны 05 сарын 13-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэсэн ба 2013 оны 12 сарын 09-ний өдөр ажилдаа орсон тул дээрх хугацааны цалинд 4 231 272 төгрөг. Мөн ажлаас чөлөөлөгдсөн зэргээс шалтгаалан сэтгэл санааны маш их хохирол амсаж, ажил хэргийн нэр хүндийн хувьд насаараа ажиллаж буй прокурорын байгууллагын хүрээнд болон гэр бүл, найз нөхөд, иргэдийн дунд унасан, сэтгэл санааны энэ их дарамтаас болж артерийн даралт ихсэлт, зүрхний хэм алдалт хүндэрч, удаан хугацаагаар эмчлүүлсэн, 2014 онд 3 дугаар эмнэлэгт зүрхний хагалгаанд орсон. Үүнээс болж эрүүл мэнд муудаж группт орсон.

Түүнчлэн, нэхэмжлэгчид холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэгдэн шалгагдаж байх үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр буюу [email protected] сайтад Нийслэлийн Прокурорын газрын зарлага Соном өвгөн гэх нэрээр албан тушаалын байдлаар тодруулсан мэдээлэл тараасны улмаас гудамж талбай, таньдаг хүмүүсийн дэргэд явахад бэрхшээлтэй болсон, өнөөдрийг хүртэл хүмүүс надтай иймэрхүү байдлаар харьцаж байгаа нь хүндрэлтэй байна.

Иймд хууль бусаар яллагдагчаар татагдан шалгагдаж байх хугацаанд 14 хоног цагдан хоригдсоны хохиролд 2 688 000 төгрөг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авахад төлсөн 3 650 000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10 000 000 төгрөг, эрүүл мэндийн хохиролд төрөөс 20 000 000 төгрөгийг төрөөс, хариуцагч Нийслэлийн прокурорын газраас ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 4 231 272 төгрөгийг, хариуцагч Н А ХХК-аас нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж залруулга гаргахыг даалгах, сэтгэл санааны хохиролд 5 000 000 төгрөгийг гаргуулахаар тус тус нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч НПГ хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Б- нь НПГт холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4 231 272 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Г.Б- нь Нийслэлийн прокурорын газрын 2008 оны 03 сарын 03-ны өдрийн 11 дугаар тушаалаар бичиг хүргэгчээр томилогдож ажилласан. 2013 оны 04 сарын 16-ны өдрөөс 05 сарын 13-ны өдрийн хооронд Нийслэлийн прокурорын газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнөөс их хэмжээний мөнгө алга болсон гэх хэрэгт Нийслэлийн прокурорын газрын нэр бүхий ажилчид болон бичиг хүргэгч Г.Б- нар холбогдон шалгагдаж, эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явагдсан. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт хангалттай тогтоогдож, нотлогдоогүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Г.Б-ыг хэрэгт шалгагдаж байх хугацаанд ажил олгогчоос түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, ажлаас чөлөөлөөгүй, ажлын байрыг нь хадгалж байсан ба мөрдөн байцаах байгууллагын шийдвэрийг үндэслэн 2013 оны 12 сарын 09-ний өдөр ажилд нь буцаан авч, цалинжуулж ажиллуулсан. Г.Б-ын улсад ажилласан жилийг тасалдуулахгүй байх үүднээс дээрх шалгагдаж байсан хугацаанд тасарсан нийгмийн даатгалын шимтгэлийг байгууллагын зүгээс хариуцахаар шийдвэрлэж, даатгалын байгууллагад хүсэлт гаргасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын дэвтэрт нь нөхөн бичилт хийлгүүлсэн. Г.Б- нь 2013 оны 05 сарын 13-ны өдрөөс 2013 оны 12 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаах байгууллагын мэдэлд эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа бичиг хүргэгчийн ажлыг хийгээгүй, ажиллаагүй тул Нийслэлийн прокурорын газраас дээрх хугацааны цалин хөлсийг нөхөн олгох боломжгүй гэж үзэж байна.

Иймд Г.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н А ХХК-ийн хариу тайлбарт: Нэхэмжлэгч Г.Б- нь нэхэмжлэлийг манай компанийн хаягаар гаргасан боловч [email protected] сайтаас нэхэмжилсэн байна. Манай сайт нь www.news.mn бөгөөд Нийслэлийн прокурорын газрын зарлага Соном өвгөн гэсэн нийтлэл илрээгүй юм. Иймээс дээрх нийтлэл нийтлэгдсэн байх боломжгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ нийтлэлийн талаарх баримтаа хуулийн дагуу нотлох баримтын шаардлагын дагуу гаргаж өгөөгүй. Бид энэ талаарх баримтыг өөрийн сайтаас олоогүй. Манай сайт нь бүх нийтлэлийг архивладаг тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Шүүхийн журмаар сайтад үзлэг хийхэд илэрц гарч ирээгүй. Нэхэмжлэлийг манай хаягаар гаргасан ч сайтаа андуурсан гэх дүгнэлтэд хүрч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч өөрөө хариуцагчаа тодорхойлдог. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д зааснаар хариуцагчийн хаяг тодорхой байх ёстой. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй.

Манай сайт биш тул холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Хууль зүй дотоод хэргийн яамны хариу тайлбарт: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт заасны дагуу прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно гэсэн байх тул шүүх хуралдаанд Хууль зүй дотоод хэргийн яам гуравдагч этгээдээр оролцох шаардлагагүй.

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд зааснаар Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг Засгийн газар гаргана гэж зааснаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрыг гуравдагч этгээдээр оролцуулах нь зүйтэй гэж үзэж байна. Нэхэмжлэгч эд хөрөнгийн бус гэм хорын сэтгэл санааны хохирлыг 30 000 000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн нь хэрэгт байгаа нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Г.Б- эдийн хохиролд 9 551 270 төгрөг төрөөс гаргуулахаар нэхэмжилсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.1.-д хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого гэж эд хөрөнгийн хохирлыг төлөхөөр заасан нь цалин хөлс нь эд хөрөнгийн хохирол гэж ойлгохоор байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т хөөн хэлэлцэх хугацаа 5 жил гэж заасан. Тиймээс прокурорын 2014 оны 05 сарын 05-ны өдрийн 274 дугаар тогтоолоор яллагдагч /Г.Б-/-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд 2019 оны 09 сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Мөн Нийслэлийн прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар болон Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын тайлбарыг дэмжиж байна. Нэхэмжлэгч Г.Б-ын гаргасан 5 нэхэмжлэлийн шаардлагад гуравдагч этгээд Хууль зүйн дотоод хэргийн яамны эрх ашгийг хөндсөн асуудал байхгүй. Нэхэмжлэгчийн 4 дэх нэхэмжлэлийн шаардлага болох 2013 оны 05 сарын 13-ны өдрөөс 2013 оны 12 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний асуудал байна. Хөдөлмөрлөх харилцаатай холбоотой асуудал байгаа тул захиргааны хэргийн шүүхийн хэргийн харьяаллын асуудал байна гэж үзэж байгаа тул үүнийг шүүх анхаарч үзээсэй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баянгол дүүргийн Прокурорын газрын хариу тайлбарт: Нэхэмжлэгч Г.Б-ын гаргасан 5 нэхэмжлэлийн шаардлагаас 3 шаардлага манай байгууллагад хамаарч байна.

Нэгдүгээрт, 36 338 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 274 дугаартай яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоор Г.Б-т холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-т зааснаар буюу нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч сэжигтэн, яллагдагч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, эргүүгийн 201301040860 дугаартай хэргийг 2018 оны 09 сарын 28-ны өдөр 1509 дугаартай прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Түүнийг 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр буюу эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэрэгт холбогдсон этгээд хэргийн бодит байдлыг тогтооход саад учруулж болзошгүй үндэслэлээр 14 хоног сэжигтнээр цагдан хорьж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан тул цагдан хоригдсоны хохиролд 2 688 000 төгрөгийн нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Хоёрдугаарт, хууль ёсны эрх ашиг сонирхлоо хамгаалуулахаар өмгөөлөгч хөлслөн, гэрээ байгуулж төлбөрт төлсөн 3 650 000 төгрөгийн төлбөрийн нэхэмжлэлийн хувьд хэрэгт өмгөөллийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ болон ажлын хөлс төлөх тухай гэрээ байх бөгөөд уг гэрээнд ажлын хөлсний урьдчилгаанд 1 650 000 төгрөг бэлнээр өгөхөөр тохиролцож, хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд 1 000 000 төгрөг нэмж төлөхөөр тохиролцсоноос 1 650 000 төгрөг хүлээлгэн өгөв гэх бичмэл баримт байх боловч өмгөөллийн хөлс төлсөн тухай баримт авагдаагүй тул нийт өмгөөллийн хөлс төлсөн баримтын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Гуравдугаарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргана гэж заасан. Иргэний хуулийн 230 дугаар зүйлд эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй боловч гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөх боломжтой. Өөрөөр хэлбэл, сэтгэл санаанд учирсан хохирол буюу эдийн бус гэм хорыг хэрхэн арилгуулах талаар Иргэний хуульд тусгайлан зохицуулалт байхгүй нөхцөлд шүүх энэ талаарх нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй.

Иймд Г.Б-ын төрөөс нэхэмжилж буй 36 338 000 төгрөгийн нэхэмжлэл үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт заасныг баримтлан Засгийн газрын нөөц сангаас 11 569 272 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 29 000 000 төгрөгт холбогдох хэсгийг, хариуцагч НПГт холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасныг баримтлан Н А ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч НПГ давж заалдах гомдолдоо: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг ариулгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй талаар, мөн хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн бус хохирол, сэтгэл санаанд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гаргах эрхтэй талаар заасан байна.

Нэхэмжлэгчээс сэтгэл санааны хохирол 10 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ 2 000 000 төгрөг сэтгэл санааны хохиролд гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Гэтэл дээр дурдсан нөхцөл байдлын улмаас нэхэмжлэгч сэтгэл санаагаар хэрхэн хохирсон талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй байна. Мөн Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 230.3 дахь хэсэгт хохирогчийн эдийн бус гэм хорыг арилгуулах шаардах эрхийн талаар хуульчилсан байна.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан байх бөгөөд эдийн бус гэм хорыг хэр хэмжээгээр, хэрхэн тооцож, хэрхэн гаргуулах талаар хуульд тусгайлан заасан зохицуулалт байхгүй буюу сэтгэл санаанд учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх талаар хуульд тусгайлан заагаагүй тул Г.Б-т учирсан гэх сэтгэл санааны хохирлыг гаргуулах үндэслэлгүй байна. Г.Б-ыг хэрэгт шалгагдаж байх хугацаанд ажил олгогчийн зүгээс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй, ажлаас чөлөөлөөгүй ажлын байрыг нь хадгалж байсан ба мөрдөн байцаах байгууллагын шийдвэрийг үндэслэн 2013 оны 12 сарын 09-ний өдөр ажилд буцаан авч, цалинжуулж ажиллуулсан. Г.Б-ыг улсад ажилласан жилийг тасалдуулахгүй байх үүднээс нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн. Г.Б- нь 2013 оны 05 сарын 13-ны өдрөөс 2013 оны 12 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд мөрдөн байцаах байгууллагын мэдэлд эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа бичиг хүргэгчийн ажлыг хийгээгүй, ажиллаагүй тул Нийслэлийн прокурорын газраас дээрх хугацаанд цалин хөлсийг олгож байсан.

Г.Б- нь эрүүгийн хэрэгт шалгагдаж цагдан хоригдсон 14 хоногийг тооцохдоо 1 хоногийн тухай үеийн мөрдөгдөж байсан 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 192 000 төгрөгөөр тооцож, 2 688 000 төгрөгийг төрөөс гаргуулж шийдвэрлэсэн нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д заасны дагуу Ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэр дүнг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтны нэг сарын дундаж цалин хөлсийг, гарсан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг, нэг сарын дундаж цалин хөлсийг тухайн байгууллага, аж ахуйн нэгжид мөрдөгдөж буй сарын ажлын цагийн дундаж тоонд хувааж нэг цагийн дундаж цалин хөлсийг тус тус тодорхойлно гэснийг зөрчиж, түүний нэг сарын дундаж цалин 597 896 төгрөгөөр тогтоосноос цагдан хоригдсон хоногоор тооцож үзвэл /21.5х14/ 389 237 төгрөг олгох нь хууль, тогтоомжид нийцнэ.

Өмгөөллийн хөлсийг 2013 онд батлагдсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, одоо мөрдөгдөж байгаа Өмгөөллийн тухай хуульд зааснаар 22 дугаар зүйлийн 22.2.3-т зааснаар банкны дансаар дамжуулан шилжүүлж, өмгөөллийн хөлсийг төлөөгүй байхад эрүүгийн хэрэгт өмгөөлөгч М.Хувцагаанд хууль зүйн туслалцааны төлбөр 1 650 000 төгрөгийг төлсөн нь тогтоогдсон дүгнэж үндэслэлгүйгээр олгож шийдвэрлэсэн.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгийг удирдлага болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч НПГт холбогдуулан хууль бусаар цагдан хоригдсоны улмаас учирсан хохирол 2 688 000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4 231 272 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад гарсан зардал 3 650 000 төгрөг, сэтгэл, санааны хохирол 10 000 000 төгрөг, эрүүл мэндийн хохирол 20 000 000 төгрөгийг гаргуулах, мөн хариуцагч Н А ХХК-д холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж залруулга гаргахыг даалгах, сэтгэл санааны хохирол 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргажээ.

 

Нэг. Хариуцагч НПГт холбогдуулан гаргасан шаардлагын тухайд.

 

Прокурорын байгууллагаас нэхэмжлэгч Г.Б-ыг НПГт эд мөрийн баримтаар хадгалагдаж байсан 20 000 000 төгрөг алдагдсан үйлдэлд холбогдуулан сэжигтэн, яллагдагчаар татаж шалгасан, хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулж болзошгүй үндэслэлээр 14 хоног цагдан хорьсон, улмаар гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй үндэслэлээр Г.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2, 45.3, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498.4 дэх хэсэгт тус тус заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. /хх 5, 6, 7-8, 9-11, 12, 14/

Тодруулбал:

а/. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г.Б- нь хууль бусаар цагдан хоригдсон болох нь нотлогдож байх тул тухайн үед мөрдөгдөж байсан 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192 000 төгрөгийг хууль бусаар цагдан хоригдсон 14 хоногт үржүүлэн нийт 2 688 000 төгрөгөөр холбогдох гэм хорын хохирлыг тодорхойлсныг буруутгах боломжгүй. Хэдийгээр Г.Б- нь ажил хөдөлмөр эрхэлж, 500 000 600 000 төгрөгийн цалин хөлс авч байсан боловч өөрт учирсан гэм хорын хохирлыг тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тодорхойлсон учир шүүх түүнийг үндэслэн шийдвэрлэсэн нь талуудын зарчимд /диспозитив/ нийцнэ.

 

Хариуцагч НПГ нь 1 сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хууль бусаар цагдан хоригдсон 1 хоногтой дүйцүүлэн тооцож байгаа нь үндэслэлгүй хэмээн тайлбарласныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь хууль бусаар цагдан хоригдсон буюу иргэний эрх, эрх чөлөөг хязгаарласан 1 өдрийг ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан буюу ердийн 1 өдөртэй харьцуулан жиших боломжгүй юм.

 

б/. Хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх 18/, зохигч талуудын тайлбараар эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасны улмаас Г.Б- нь 2013 оны 05 сарын 13-ны өдрөөс 2013 оны 12 сарын 09-ний өдөр хүртэлх хугацаанд ажил хөдөлмөр эрхлээгүй, эрхлэх боломжгүй байсан болох нь нотлогдож байна. Хэдийгээр хариуцагч Нийслэлийн Прокурорын газраас дээрх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн байх боловч энэ нь тухайн хугацааны цалин хөлсийг гэм хорын хохиролд тооцон нэхэмжлэгчид олгохгүй байх үндэслэл болохгүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлсийг хохиролд тооцон нөхөн төлөхөөр хуульчилсан байх ба хэрэв нэхэмжлэгч Г.Б-ыг хууль бусаар цагдан хорьж, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлээгүй бол ажилтан Г.Б- нь ажил үүргээ хэвийн гүйцэтгэж, холбогдох цалин хөлсөө авах байсан гэж үзнэ. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлс 597 896 төгрөг х 7 сар = 4 231 272 төгрөгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

в/. Анхан шатны шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, түүнтэй холбоотой иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зүйн туслалцаа авахад нэхэмжлэгч талаас гарсан, баримтаар нотлогдож буй зардал 2 650 000 төгрөгийг хангаж шийдвэрлэсэн нь зөв. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг хохиролд тооцон нөхөн төлөхөөр зохицуулсан байна.

 

г/. Анхан шатны шүүх эрх хэмжээний хүрээнд хэргийн нөхцөл байдал, зохигчдын тайлбар зэргийг үндэслэн эрүүгийн журмаар шалгагдсаны улмаас нэхэмжлэгчид учирсан сэтгэл санааны хохирлыг 2 000 000 төгрөгөөр тооцон холбогдох шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт сэтгэл санааны хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд гаргуулахаар заасан байна. Иймд энэхүү эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг зөрчөөгүй.

 

д/. Хэрэгт авагдсан баримтаар эрүүгийн журмаар шалгагдсаны улмаас нэхэмжлэгч Г.Б-ын биед эрүүл мэндийн хохирол учирсан болох нь нотлогдохгүй байх тул анхан шатны шүүх холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв.

 

Хоёр. Хариуцагч Н А ХХК-д холбогдуулан гаргасан шаардлагын тухайд.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбараар хариуцагч Н А ХХК нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдагдсан нийтлэлийг нийтэлсэн, улмаар нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд гэм хорын хохирол учруулсан болох нь нотлогдохгүй байх тул хариуцагч Н А-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийг зөв хэрэглэжээ.

 

Гурав. Шүүхийн шийдвэрт оруулж буй хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлтийн тухайд.

 

а/. Анхан шатны шүүх хариуцагч Н А ХХК-д холбогдох нэхэмжлэгч Г.Б-ын шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв боловч чухам ямар шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж байгаагаа тодорхой дурдаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 30-ны өдрийн 102/ШШ2020/02225 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н А ХХК-д холбогдох, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээж залруулга гаргахыг даалгах, сэтгэл санааны хохирол 5 000 000 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч Г.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Прокурорын газрын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн Прокурорын газрын давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.НЯМБАЗАР