Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 137/ШШ2025/00082

 

 

          Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                               хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                     хэрэгсэхгүй болгох тухай   

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би

Нэхэмжлэгч: Д аймгийн Д  сум, Цомог багт байрлах, Г  ХХК / РД:..., утас:.../ ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Д  аймгийн З сумын ..-р баг, ..... тоотод оршин суух, Б овогт Ж-ийн Г  /РД:....., утас:.../-д холбогдох

 Эд хөрөнгөд учирсан гэм хорын нөхөн төлбөр 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 02 сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г  ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай Г  ХХК нь Д  аймгийн Д  сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт шатахуун түгээх станц (ШТС) ажиллуулдаг болно. 2024 оны 3-р сарын 27-ны өдөр өндөр өвс ачсан  ...... УАХ улсын дугаартай шар өнгийн V  маркийн тээврийн хэрэгсэл манай ШТС-ийн саравчийг мөргөж эвдрэл учруулсан. Тухайн үед уг тээврийн хэрэгслийн эзэмшигч Ж.Г  болон тээврийн хэрэгслийг жолоодож байсан жолооч Т  нар саравчийг 2024 оны 4-р сарын 2-н ы өдрийн дотор засаж хохиролгүй болгож өгнө гэсэн боловч уг амлалтаа биелүүлэхгүй зугтсаар байсан. 2024 оны 7-р сард Д  сумын 100 жилийн ой болох байсан тул сумын удирдлагаас орчин тойрон дах эвдрэл гэмтлээ засварлах шаардлага тавьсны дагуу Г ХХК-ийн захирал Ж.М  миний бие өөрөө Улаанбаатар хот руу явж 1,300,000 төгрөгөөр 100 айл дээрээс засварын материал авсан. Уг авсан материалаа портер маркийн тээврийн хэрэгсэл 100,000 төгрөгөөр хөлсөлж авчирсан. Улмаар ШТС-ийн барилга барьдаг мэргэжлийн байгууллагад 1,300,000 төгрөгийн ажлын хөлс өгч уг эвдрэлийг засуулж, нийт 2,700,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол амссан. Уг хохирлыг арилгуулахаар сумын цагдаад гомдол гаргасан ба уг гомдлыг шалгах явцад тээврийн хэрэгслийн эзэмшигч Ж.Г  нь болсон үйл баримт болон өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирлыг сайн дураар барагдуулахаар амласан боловч мөн л өдий болтол нэг төгрөгийн ч нөхөн төлбөр төлөөгүй байна. Тухайн үед тээврийн хэрэгслийг жолоодож явсан Т нь уг хохирлыг барагдуулахаар Ж.Г-т өөрийн зүгээс 1 сая төгрөг шилжүүлсэн гэдэг боловч Ж.Г  нь бидэнд ямар нэгэн төлбөр огт төлөөгүй өдийг хүрээд байна. Монгол Улсын Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 499-р зүйлийн 499.1-т "Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 499.4-т "Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй”, 510-р зүйлийн 510.1 дэх хэсэгт "Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байдаг тул .... УАХ улсын дугаартай V маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч болох Ж.Г-оос эд хөрөнгөд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 2,700,000 төгрөг гаргуулан өгч биднийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Г  ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Г ХХК-нд хохирол учруулсан нь үнэн. Нэхэмжлэгч Г  ХХК-ийн нэхэмжилж байгаа  2,700,000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

                    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Ж.Г-т холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын нөхөн төлбөр 2,700,000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Г нь эд хөрөнгөд учирсан гэм хорын нөхөн төлбөр 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлөхөө хүлээн зөвшөөрсөн байна.

Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчид хариуцагчийн хариу тайлбарыг танилцуулсан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Г  ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Г-т холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын нөхөн төлбөр 2,700,000 гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Г нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 29,075 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 29,075 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

                                                                 ШҮҮГЧ                                   Э.Б