Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 24

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Оюунбат би, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Б.З-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1704000520016 дугаартай хэргийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд:

               Нарийн бичгийн дарга                            З.Ганцоож  

               Улсын яллагч                                          Ж.Бүрэнжаргал                                     

               Шүүгдэгч                                                  Б.З- нар оролцов.

           Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, түр оршин сууж байсан, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овгийн Б-ын З  

Прокурорын яллах дүгнэлтэд:

Яллагдагч Б.З-ыг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 31 удаагийн үйлдлээр иргэн Д.Ц-тэй “Erh Duraaraa” гэж фэйсбүүк хаягаар өөрийгөө С- гэж танилцуулан, хуурч мэхлэн нийт 8.329.000 төгрөгийг авсан гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Б.З-д холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв Үүнд:

Хохирогч Д.Ц-ий мөрдөн байцаалтад өгсөн: “... 2017 оны 02 дугаар сард фэйсбүүкээр “Эрх дураараа” гэсэн хаягаар С- гэх эмэгтэйтэй танилцсан. Байнга харилцаж байсан. 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр С- Өвөрхангай аймаг руу ажил явдал гарсан гээд 150.000 төгрөг зээлээч гэхээр нь ээжийнх ньгэх 5990395210 данс руу 150.000 төгрөг шилжүүлсэн. Түүнээс хойш сургалтын мөнгө, ээжийн бие өвдсөн, Өвөрхангай явах зардал, эм тарианы зардал зэргээр зээлье гэхэд нь нийт 1.080.000 төгрөгийг өөрийн 5750515179 дугаартай данснаас шилжүүлсэн. Дахин зүрхний хагалгаанд орох 800.000 төгрөг, эм тарианы мөнгө 600.000 төгрөг зэргийг ээж Н-, ах Хадаанд тус тус хэлж тэдний данснаас тус тус шилжүүлсэн. Сүүлдээ дээвэр дээрээс үсэрч үхнэ, гараа зүсэж судсаа ханана, чи буруутай болно гэх мэтээр айлгаж гараа зүссэн гэх зураг явуулж байсан. Би зээлсэн мөнгөө авъя гэхэд өгнө гэж байсан. 2017 оны 6-р сард мөнгийг чинь өгөхийн тулд Солонгос явж өрөөсөн бөөрөө өгчихөөд ирлээ, чи буруутай гэх мэт дарамталж дээрх данс руу нь 3 799 000 төгрөгийг Саруул гэх эмэгтэйн 5540609384 дугаарын данс руу 1 250 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Сүүлд нь гадагшаа явж эмчлүүлнэ гээд 7 сая төгрөг нэхэж гараа зүссэн хүний зураг над руу явуулсан. Мөн 2017 оны 3 дугаар сарын 07-ноос 2017 оны 6 дугаар сарын 22-ны хооронд Солонгост суралцаж байхдаа 400 000 вонн буюу монгол мөнгөөр 800.000 төгрөгийг шилжүүлсэн. Хугацаандаа 31 удаагийн үйлдлээр нийт 8.329.000 төгрөгийг шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-24 дүгээр хуудас/,

Гэрч А.С-ийн “...Би З-тай 2017 оны 05 дугаар сард хамт байр хөлсөлж цуг амьдарч байсан. Тэр нэг залуутай байнга мессэж бичдэг, түүнийгээ миний найз залуу гэдэг. Тэр залуугаасаа удаа дараа дансаараа мөнгө авч байсан ба миний дансаар 2 удаа нийт 1.250.000 төгрөгийг авсан. З- надтай Б- гэдэг нэрээр Fasebook хаягаар 2014 оны 9 сараас хойш 3 жил харилцаж байгаад чатын нэр пасс кодыг /нэвтрэх дугаар/ мэдэж аваад миний нэрээр Ц- гэх залуутай харилцдаг байсан байна билээ. Энэ талаар цагдаа дээр ирээд мэдсэн. З- надад хүнээс мөнгө авах гэсэн юм дансаа өгчих гэхээр нь өгсөн. Миний дансанд 1 250 000 төгрөг орсныг З- авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч Л.Б-ын “...Миний охин З- одоогоос 2 жилийн өмнө Хаан банкны картаа алга болгочихсон гээд надаас миний ХААН банкны 5990395210 тоот данс бүхий виза картыг авсан. 2017 оны 4 дүгээр сард үсчний дамжаанд суралцсан бөгөөд түүнээс хойш ажил хийж байгаа гээд над руу хааяа 20-30 мянган төгрөг явуулдаг байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.З-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би 2016 оны 11 дүгээр сард өөр хүний зураг ашиглан эрх дураараа гэсэн нэртэй фэйсбүүк хаяг нээж Ц--Д гэсэн нэртэй хаягт найз болох хүсэлт явуулж танилцсан. Би түүнээс чатаар харилцаж 150 000 төгрөг зээлээс гээд маргааш нь ээж Б-ын 5990395210 дугаартай дансаар 150.000 төгрөг авсан, 2017 оны 03 дугаар сард 300.000 төгрөг гэх мэт Ц-ээс удаа дараа их хэмжээгээр мөнгө авдаг болсон. Эхлээд зээлээч гэж бага багаар авч байгаад сүүлдээ өвчин зовлон тохиолдлоо гэж худлаа хэлж авч байсан. Ц-ийг чатаар харьцахгүй мөнгө явуулахгүй болохоор нь өөрөөс нь болж амиа хорлоход хүрч байгаа, эд эрхтэнээ зарж эмчилгээ хийлгэж байгаа гэсэн утгатай мессеж явуулж судсаа ханаж гараа зүссэн хүмүүсий зургийг интернетээс хуулж чатаар илгээж айлгаж мөнгө авдаг болсон. Уг мөнгийг байрны түрээс, хэрэглээ, хүнсэндээ зарцуулж цалин буусан гээд ар гэр лүүгээ мөнгө явуулж байсан. Ц-ээс нийтдээ 8 329 000 төгрөг авсан. Ээж Б-ын болон цуг амьдарч байсан С-ийн ХААН банкны 5540609384 дугаартай данснуудыг ашиглаж мөнгөө шилжүүлж авч байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32-33, 38-39 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Ц-ий болон түүний эх Н.Н, аав Г.Д нарын дансны хуулга /хх-ийн 56-59 дүгээр хуудас/,

Гэрч А.С-ийн дансны хуулга /хх-ийн 67-69 дүгээр хуудас/, яллагдагч Б.З-ын эх Л.Б-ын дансны хуулга /хх-ийн 62-66 дугаар хуудас/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 70 дугаар хуудас/, Монгол банкны ханшийн лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/

Хэргийн үйлдлийн талаархи дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь Б.З- 2017 оны 02 дугаар сард “Erh Duraaraa” гэсэн нэртэй фэйсбүүк хаягаар өөрийгөө С- гэж танилцуулан, өөр охины зураг харуулж иргэн Д.Ц-тэй байнга харьцаж чатаар дотно харилцаж итгэлийг олж авсан,  Өвөрхангай аймаг руу ажил явдал гарсан, зүрхний хагалгаанд орсон, эм тариа хэрэгтэй байна мөнгө зээлээч, мөнгөгүй тул өрөөсөн бөөрөө хүнд өгөхөөр хагалгаанд орох гэж байна, судсаа ханаж, байшин дээрээс үсэрч амиа хорлоно, үүнд чи буруутай гээд судсаа ханаж байгаа зураг явуулах гэх мэтээр өрөвдүүлэх, айлган сүрдүүлэх зэрэг аргаар 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 31 удаагийн үйлдлээр нийт 8.329.000 төгрөгийг иргэн Д.Ц-ээс өөрийн төрсөн эх Л.Б-ын Хаан банкны  5990395210 дугаартай дансаар 7.079.000 төгрөг, найз А.С-ийн Хаан банкны 5540609384 дансаар 1.250.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч өөрийн байрны түрээс болон ахуйн хэрэгцээндээ зарцуулах, улмаар ар гэртээ буюу ээждээ хандив, дэм болгон шилжүүлэх зэргээр ашигласан болохыг нотолж байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

 

Нотлох баримтын талаархи дүгнэлт

            Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нар мэдээллийг хаанаас хэрхэн олж авсан нь тогтоогдсон, мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна. Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг данснуудын хуулгаар давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

 

Хэргийн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт:

     Б.З- нь хохирогчийг залилж эд хөрөнгийн ашиг олох шунахай сэдэлт зорилготой байсан, үйлдлийн эцэст өөрийн хүссэн ашиг буюу зорилготоо хүрч хохирогч Ц-ий 8.329.000 төгрөгийг хууль бусаар өөрийн мэдэлд авсан байна. Хууль бус зорилготоо хүрэхийн тулд хохирогчид  өөрийн нэр болон царай төрхөө бодит байдлаас өөрөөр танилцуулсан, дотно найзын харилцааг бий болгон итгэлийг нь олж авчээ. Хохирогчийн итгэлийг олж авснаар хуурамч мэдээлэл бүрийг боловсруулж бэлтгэн, үүндээ гэрч С-ийг ашигласан, цахим хэрэгсэл ашиглан хохирогчийг хуурамч мэдээллээр төөрөгдүүлэх бүрт хохирогч итгэж 31 удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлсэн. Хохирогчийг мөнгө шилжүүлэхгүй удахаар айлган сүрдүүлэх  арга хэрэглэж эхэлсэн ба энэ арга нь хохирогч болон түүний ойр дотны хүмүүсийг заналхийлсэн шинжгүйг /бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх гэмт  хэргийн шинжгүй/ харгалзаад хохирогчийн эд хөрөнгийг залилж авсан гэж дүгнэсэн прокурорын дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэв.

Б.З-ын үйлдэл нь хохирогчид Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дах хэсэгт заасан бага хэмжээний хохиролоос дээш хохирол учруулсан байна.

Шүүгдэгч нь иргэн Д.Ц-ий Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасан Монгол улсын иргэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг өмчлөх, эзэмших эрхтэй, хувийн өмчийг хууль бусаар авахыг хориглоно” гэснийг,  Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 17 дугаар зүйлд заасан “хүн бүр эд хөрөнгө өмчлөх эрхтэй, хэний ч эд хөрөнгийг дураар авч болохгүй” гэснийг тус тус ноцтой зөрчжээ.

Прокурорын яллах дүгнэлтэд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдож байгаа “цахим хэрэгсэл ашиглаж, өмчлөгчийг хуурч” гэсэн аргыг нарийвчлан тодорхойлоогүй байна. Гэвч прокурорын “залилж авсан” гэсэн нийтлэг дүгнэлтийн хүрээнд дээрх аргууд нь багтаж байгаа, хэргийн зүйлчлэл хүндрэхгүй зэргийг үндэслээд  шүүх хуулийн зүйл хэсгийг тодорхой болгож дүгнэв.

Иймд Б.З-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “цахим хэрэгсэл ашиглаж, хуурах аргаар өмчлөгчийг төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогчид 8.329.000 төгрөгийн хохирол учирснаас 3.900.000 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэгдэл 4.429.000 төгрөгийг сар бүр хувааж 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл төлөх хүсэлт гаргасныг хохирогч зөвшөөрч гэрээ байгуулсан /хх-ийн 70 дугаар хуудас/, шүүгдэгчийн өмчлөлд эдийн болон эдийн бус хөрөнгөгүй болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар тогтоогдсон, уг төлбөрийг ажил эрхэлж цалингаас төлөхөөр шүүгдэгч мэдүүлсэн зэргийг харьцуулан дүгнээд шүүгдэгч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн  гэж дүгнэсэн прокурорын дүгнэлтийг үндэслэл бүхий гэж дүгнэлээ. Шүүгдэгч гэм буруугаа болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тус тус сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үр дагаврыг ойлгосон нь шүүгдэгчийн мэдүүлэг, прокурорын саналыг зөвшөөрч зурсан яллагдагчийн гарын үсэг зэргээр батлагдсаныг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй.              

      Иймд Б.З-д хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаархи прокурорын саналын хүрээнд 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэвэл зохино. Б.З-ын оршин суугаа хаягууд болон ажил эрхэлдэг эсэх нь баталгаагүй, шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ би ээжтэйгээ хамт Говьсүмбэр аймагт тогтвортой амьдарч прокурортой тохиролцсон ялыг эдэлнэ гэснийг харгалзан түүнд оногдуулсан ялыг Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх албаны мэдэлд эдлүүлэх нь зохимжтой.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүй, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасан зэргийг тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн  2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Х овгийн Б-ын З-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х овгийн Б-ын З-ыг хоёр зуун тавин /250/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
  3. Б.З-ын ялыг Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр биелүүлэх албаны мэдэлд эдлүүлсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлэхийг ялтан Б.З-д мэдэгдсүгэй.
  5. Б.З- нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Ц-д учирсан хохирол 8.329.000 төгрөгөөс 3.900.000 төгрөгийг төлснийг дурдаж 4.429.000 төгрөгийг сар бүр 390.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд бүрэн хэмжээгээр нөхөн төлөхөө илэрхийлснийг баталсугай.
  6. Тогтоол хүчин төгөлдөр болтол Б.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7.  Б.З-д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаах хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй зэргийг тус тус мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                                                            

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Д.ОЮУНБАТ