Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2024/0951

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: К******* ******* ХХК /РД:*******/

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч Ш.О,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч Э.Б нарын хоорондын улсын бүртгэлийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А., хариуцагч Э.Б, хариуцагч Ш.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч К******* ******* ХХК-аас ...Улсын бүртгэгч Ш.Огийн 2024 оны 03 дүгээр сарын 22-ны өдрийн 2403 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, "К******* *******" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн /001 дугаар тогтоол, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн /002 дугаар тогтоолуудын дагуу компанийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэгчид даалгуулах, мөн дүүргийн Улсын бүртгэгч Э.Бын 2024 оны 04 дүгээр сарын 08- ны өдрийн 2404******* дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, "К******* *******" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн /001 дугаар тогтоол, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн /002 дугаар тогтоолуудын дагуу компанийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэгчид даалгуулах-аар тус тус маргаж байна.

2. Хэргийн үйл баримт, нотлох баримтуудын тухайд:

2.1 К******* ******* ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын /001 дугаар тогтоолын 1 дэх заалтаар Компанийн ажилтан, хувьцаа эзэмшигч М.Оын эзэмшиж буй нэг бүрийн 35 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 50,000 ширхэг энгийн хувьцааг нэг бүрийн 450 төгрөгөөр, нийт 22,500,000 төгрөгөөр үнэлж компанид буцаан худалдах тухай хувьцаа эзэмшигч М.Оын санал ёсоор компани буцаан худалдан авахаар тогтоож, 3 дахь заалтаар компанийн буцаан худалдан авч буй хувьцааг зарласан боловч гаргаагүй хувьцаа буюу халаасны хувьцаа болгож бүртгэх бөгөөд Компанийн дүрэмд заасан ёсоор ашиглах буюу дахин гаргаж болохоор тогтоож, 4 дэх заалтаар Хувьцаа эзэмшигч М.Оын эзэмшиж буй нэг бүрийн 35 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 50,000 ширхэг энгийн хувьцааг компани буцаан худалдаж авах болсонтой холбоотой одоогийн хувьцаа эзэмшигч Г.Э*******, А. нар нь өөрсдийн хувьцааг хувь тэнцүүлэн компанид буцаан худалдах, М.Оын эзэмшиж буй хувьцааг худалдан авах эрхээсээ татгалзсан болохыг дурдаж, 5 дахь заалтаар Компанийн хувьцаа эзэмшигч М.Оын хувьцааг компани буцаан худалдан авсантай холбоотой тус хувьцааг (50,000 ширхэг энгийн хувьцаа) халаасны хувьцаа болгож, М.Оын хувьцаа эзэмшигчийн эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн,

2.2. К******* ******* ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын /002 дугаар Компанийн дүрмийг шинэчлэн батлах тухай тогтоолоор ...хувьцаа эзэмшигч М.Оын эзэмшиж буй хувьцааг буцаан худалдан авсантай холбогдуулан...дүрмийн 7.1-т заасан компанийн хувьцаа эзэмшигчид хэсгээс хувьцаа эзэмшигч М.Оыг хасах; 22.2 дахь заалтыг "Компани дээр дурдсан нийт зарласан хувьцаанаас нэг бүр нь 35 (гучин тав) төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 2,086,500 (хоёр сая наян зургаан мянга таван зуу) ширхэг хувьцааг хувьцаа эзэмшигчдэд эзэмшүүлсэн байх бөгөөд нийт хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 73,027,500 (далан гурван сая хорин долоон мянга таван зуу) төгрөг байна" гэж өөрчлөх, дүрмийн 22.3 дахь заалтыг "Компанийн зарласан боловч гаргаагүй хувьцааны тоо нь 1,843,500 (нэг сая найман зуун дөчин гурван мянга таван зуу) ширхэг байх бөгөөд Компанийн тухай хууль, энэхүү дүрэмд заасан ёсоор хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийн дагуу тус хувьцааг гаргаж, эзэмшүүлж болно" гэж, дүрмийн 22.4 дэх заалтыг "Компанийн зарласан боловч гаргаагүй 1,843,500 ширхэг хувьцааны 455,000 ширхэг хувьцаа нь компанийн халаасны хувьцаа байна." Гэж тус тус өөрчлөх, мөн дүрмийн 22.9 дэх заалтыг доорх байдлаар өөрчлөлт оруулах. Үүнд:

Хувьцаа эзэмшигч

Эзэмшиж буй хувьцааны

Нийт нэрлэсэн үнэ /Төгрөг/

Эзэмшлийн хувь

Тоо

Нэрлэсэн үнэ /Төгрөг/

Г.Э*******

1,970,000 ширхэг

35

68,950,000

94.41%

А.

116,500 ширхэг

35

4,077,500

5.59%

Нийт

2,086,500 ширхэг

35

73,027,500

100%

Компанийн дүрмийн дээрх өөрчлөлт, хасалтуудыг оруулсан байдлаар компанийн дүрмийг Хавсралтаар шинэчлэн баталж, уг тогтоолын дагуу компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээний өөрчлөлт, компанийн шинэчилсэн дүрмийг Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэх, Улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг зохион байгуулахыг компанийн Гүйцэтгэх захирал Г.Э*******д үүрэг болгож шийдвэрлэсэн,

2.3. Үүний дагуу нэхэмжлэгч компаниас Санхүүгийн зохицуулах хороонд хүсэлт гаргаж, тус хорооноос 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Өөрчлөлтийг бүртгэсэн тухай 6/958 дугаар албан бичгээр ...Тус компанийн дүрмийн сан (хувь нийлүүлсэн хөрөнгө)-ийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд оруулсан өөрчлөлтийг хавсралтын дагуу бүртгэсэн болно. Энэхүү өөрчлөлтийг тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд тэмдэглүүлэх...-ийг нэхэмжлэгчид мэдэгдсэн,

2.4. К******* ******* ХХК-аас 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Хувьцаа эзэмшигч 1 хасагдаж 2 болсон, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 73,027,500 төгрөг болсон талаар хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлтийг бүртгүүлэхээр өргөдөл гаргасан,

2.5. Уг өргөдлийг Улсын бүртгэгч Ш.О 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2403 дугаар Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр-ээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18.1.1, Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын бүртгэл хөтлөх журмын 5.2.1-г тус тус үндэслэн бүртгэхээс татгалзав. /Хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгө зөрүүтэй М.Оын эзэмшиж буй 2,34% болох 1750000 төгрөгийн хувьцаагаар зөрж байна./Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхээр дахин хүсэлт гаргаж болно/ гэж шийдвэрлэжээ.

2.6. Үүний дараа нэхэмжлэгчээс дахин гаргасныг Улсын бүртгэгч Э.Бын 2024 оны 04 дугаар сарын 08-ны өдрийн 2404******* дугаар Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр-ээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1.14. "хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх" -ийг үндэслэн татгалзав. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхээр дахин хүсэлт гаргаж болно. гэж шийдвэрлэсэн байна.

2.7. Үүнийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаж, Улсын бүртгэлийн ерөнхий газраас Гомдлын хариу-г 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 6/7568 албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно." гэж, мөн зүйлийн 20.1.14 дэх заалтад "хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлийг бүртгэх." гэж заасныг баримтлан К******* ******* ХХК-ийн өөрчлөлтийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан улсын бүртгэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2404******* дүгээр шийдвэр нь үндэслэлтэй... гэх хариуг өгсөн байна.

3.1. К******* ******* ХХК-иас тус шүүхэд нэхэмжлэл гаргаж, түүний үндэслэлээ: ..."К******* *******" ХХК-ийн мэдээлэлд орсон өөрчлөлтийн тухай: Манай компани Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн газарт анх 2024 оны 03 дугаар сарын 20-ний өдөр хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Хүсэлтийг гаргасан. Тодруулбал, Хувьцаа эзэмшигч 1 хасагдаж 2 болсон, Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ багасаж 73,027,500 төгрөг болсон" талаарх өөрчлөлтийг бүртгүүлэхээр материалаа бүрэн бүрдүүлэн өгсөн. Санхүүгийн зохицуулах хорооноос 2024.3.13-ны өдөр 6/958 дугаартай албан бичгээр компанийн мэдээлэлд оруулсан тус өөрчлөлтийг хянаж, бүртгэсэн. Өөрөөр хэлбэл, бидний бүртгүүлэхийг хүсэж буй хуулийн этгээдийн улсын бүртгэлтийн өөрчлөлтийг эрх бүхий зохицуулалтын байгууллага хянан үзээд, зөвшөөрсөн юм. Гэтэл тус өөрчлөлтийг бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн байгууллагад хандахад дээрх хоёр шийдвэрийг гаргаж, Улсын бүртгэл хийхээс татгалзсан. Тэдгээр шийдвэрүүд нь тус тус дараах байдлаар хууль бус учир бид ийнхүү нэхэмжлэл гаргаж байна. Улсын байцаагчийн 2024.03.22-ны өдрийн 2403 дугаар шийдвэр хууль бус болох тухай: Улсын бүртгэгч Ш.О нь 2024.3.22-ны өдөр Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай 24032******* дугаар шийдвэр гаргасан. Тус шийдвэртээ "Хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгө зөрүүтэй М.Оын эзэмшиж буй 2.34% болох 1,750,000 төгрөгийн хувьцаагаар зөрж байна" гэж тайлбарласан. Гэвч энэ нь илт үндэслэлгүй байсан. Учир нь "К******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь нар Г.Э*******, М.О, А. байснаас М.О нь өөрийн эзэмшиж буй 50,000 ширхэг, 1,750,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий хувьцаагаа "К******* ******* ХХК-д "Хувьцаа буцаан худалдан авах гэрээ-ний дагуу худалдсан. Үүгээр манай компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 74,777,5000 төгрөг байснаас М.Оын 2.34% болох 1,750,000 төгрөгийн хувьцаа хүчингүй болж, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 73,027,500 төгрөг болж буурсан. Ийнхүү бид Компанийн тухай хуулийн 31.2.3-т заасны дагуу иргэн М.Оын эзэмшиж буй хувьцааг эргүүлэн худалдан авч, хүчингүй болгох замаар бууруулсан юм. Өөрөөр хэлбэл, нэгэнт хувьцаа эзэмшигчийн хувьцааг компани эргүүлэн худалдан авч, хүчингүй болгож байгаа нөхцөлд тус үнийн дүнгээр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ буурах нь зүй ёсных билээ. Санхүүгийн зохицуулах хороо ч үүнийг бүртгүүлэхийг зөвшөөрсөн байдаг. Бид тус өөрчлөлтийг бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн байгууллагад хандсан. Гэтэл Улсын бүртгэгч нь үүнийг ойлгохгүй, бидний бүрдүүлж өгсөн баримтуудыг ойлгохгүйгээр хүлээн авахаас татгалзсан. Өөрөөр хэлбэл, Улсын бүртгэгчийн тухайн үйлдэл нь ажилдаа хэт хайнга хандсан явдал байсан. Ийнхүү тус шийдвэр нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1.1 дэх заалтыг зөрчсөн хэрэг болсон. Иймд уг Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан 2024.03.22-ны өдрийн 2403 дугаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй юм. Улсын бүртгэгчийн 2024.04.08-ны өдрийн 2404******* дугаартай шийдвэр хууль бус болох тухай: Бид Улсын бүртгэгчийн 2024.03.22-ны өдрийн 2403 дугаар шийдвэр хууль бус болохыг тус байгууллагад бичгээр тайлбарлаж, улсын бүртгэлд бүртгүүлэх Хүсэлтээ дахин гаргасан. Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн газар, түүний бүртгэгчид нь өмнө гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ дахин өөр үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.

Тодруулбал, Улсын бүртгэгчийн 2024.04.08-ны өдрийн 2404******* дугаар шийдвэрээр "Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1.14-т "хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд орүүлсан өөрчлөлтийг бүртгэх" гэсэн үндэслэлээр улсын бүртгэл хийхээс татгалзсан. Өөрөөр хэлбэл, шүүхийн маргаантай холбоотой хуулийн этгээдийн мэдээлэлд өөрчлөлт оруулах боломжгүй гэх агуулга бүхий шийдвэрийг гаргасан. Тухайн шийдвэртээ шүүхэд ямар маргаан байгаа талаар тайлбарлаагүй. Бид утсаар тодруулахад, "иргэн Т.Гын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг шүүхэд байгаа юм байна" гэх тайлбар өгсөн. Гэвч энэ нь мөн адил илт үндэслэлгүй шийдвэр, тайлбар байсан. Учир нь, бид Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэл хийлгэхээр хандахдаа компанийн хувьцаа эзэмшигч М.О өөрийн эзэмшлийн хувьцаагаа компанид буцаан худалдаж, компаниас гарч байгаа талаар бүртгэл хийлгэхийг хүссэн. Харин иргэн Т.Гын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг нь үүнтэй огт хамааралгүй асуудал. Иргэн Т.Г нь түүний хувьцааг компани худалдан авч, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг бууруулсан бүртгэлтэй холбоотой маргаж байгаа билээ. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1.14 дэх заалт бол тухайн шүүхийн маргаантай холбоотой буюу маргаантай байгаа асуудлаар бүртгэл хийхгүй байх агуулга билээ. Тодруулбал, тодорхой хөрөнгийн өмчлөлийн талаар шүүхэд маргаан байгаа бол тус хөрөнгийн өмчлөлийн талаар улсын бүртгэл хийхгүй байх тухай ойлголт. Иймд манай нөхцөлд гагцхүү иргэн М.О нь компанид хувьцаагаа худалдсан талаар шүүхэд маргаантай байгаа бол энэ талаар улсын бүртгэл хийхгүй байж болох юм. Тэрнээс иргэн Т.Г гэж хүн өөрийн эзэмшлийн хувьцааны бүртгэлийн талаар маргаж байхад энэ нь маргаангүй байгаа иргэн Т.Оын хувьцаатай холбоотой асуудлыг бүртгэхгүй байх агуулгыг хуулийн дээрх заалт илэрхийлэхгүй юм. Иймд Улсын бүртгэгчид хуулийн тус заалтыг хэрэглэх үндэслэл байгаагүй. Энэ нөхцөлд мөн адил Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1.1 дэх заалтыг зөрчиж, улсын бүртгэл хийхээс үндэслэлгүйгээр татгалзсан юм. Мөн бид хоёр дахь удаа бүртгэл хийлгэхээр хандахад "шүүхийн маргаантай байна" гэх байдлаар бүртгэл хийхээс татгалзаж, харин өмнө татгалзсан үндэслэлээр шийдвэр гаргаагүй. Энэ нь анх гаргасан шийдвэрээ үндэслэлгүй болохыг хүлээн зөвшөөрсөн хэрэг байсан юм.Зөрчигдөж буй эрх, хууль ёсны ашиг сонирхлын тухай: Дээрх маргаан бүхий захиргааны актуудын улмаас бид компанийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгүүлж чадахгүй байна.

Тодруулбал, компанийн хувьцаа эзэмшигч байсан иргэн М.Оын хувьцааг буцаан худалдан авч, түүнийг компаниас гаргасан мөртлөө энэ талаар улсын бүртгэл хийлгэж чадахгүй байна. Ингэснээр тэрээр компанийн хувьцаа эзэмшигч байх, компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг эдэлсээр байх зэрэг эрсдэл үүсэж байна. Жич: Компанийн хувьцаа эзэмшигч байсан иргэн М.Оын хувьд компанитай Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, компанид эзэмшиж буй хувьцаагаа компанид зарсан. Гэрээнд заасан хувьцааны төлбөрөө бүрэн хүлээж авсан. Тухайн асуудлаар ямар нэгэн маргаангүй бөгөөд улсын бүртгэл хийлгэхийг зөвшөөрч байгаа талаараа бичиж баталгаажуулж өгсөн. Бид тус баримтыг Улсын бүртгэлийн байгууллагад өгч байсан бөгөөд нэхэмжлэлд ч хавсаргалаа. Иймд бид иргэн М.Отай хувьцааны талаар ямар нэгэн маргаангүй болно. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааны тухай: Манай байгууллагын зүгээс дээрх татгалзсан шийдвэрүүдийг эс зөвшөөрч хуульд заасан хугацаанд нь буюу 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан. Тус байгууллагаас бидний Гомдлыг хариуг 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 6/7568 дугаар албан бичгээр өгсөн. Ингэхдээ гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй хэмээн мэдэгдсэн. Бид тус гомдлын хариуг 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээж авсан болно. Үүгээр хуульд заасан урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журам хангагдсан.

Бид тус шийдвэрийг эс зөвшөөрч байх тул хуульд заасан хугацаанд багтаан шүүхэд нэхэмжлэл гаргав. Тодруулбал, гомдлыг хариуг авснаас хойш 30 хоногт багтаан шүүхэд нэхэмжлэл гаргав. Мөн нэхэмжлэлд шууд хамааралгүй ч гэсэн нэг зүйлсийг тэмдэглэхгүй бол болохгүй гэж бодож байна. Бид Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасны дараа тухайн байгууллагаас бидэн рүү утсаар холбогдож "Танай гомдол үндэслэлтэй байна. Үндэслэлгүйгээр бүртгэл хийхээс татгалзсан байна. Та нар одоо баримтуудаа өгөөд бүртгэлээ хийлгэж болно гэж хариу өгсөн. Бидний зүгээс "бид бүх зүйлээ ном журмын дагуу хиймээр байна. Иймд Гомдлын хариугаа бичгээр авч байгаад бүртгэл хийлгэх нь зөв.

Тийм болохоор гомдлыг хариуг бичгээр өгөөрэй гэсэн юм. Тэгэхгүй бол гомдол шийдвэрлэгдээгүй байхад хууль бусаар улсын бүртгэл хийлгэсэн гэх асуудал дараа нь гарах эрсдэлтэй байсан. Энэ талаар ч бид утсаар хэлсэн юм. Үүний дараа Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлээс ч гэсэн утсаар ярьж "Бүртгэл хийхээр боллоо. Та нар баримтуудаа авчирч өгөөрэй гэж дахин хэлсэн. Бид мөн адил дээрх тайлбар, хариуг өгсөн. Өөрөөр хэлбэл, бидний гомдлыг хангаж шийдвэрлэсэн, бүртгэл хийхээс татгалзсан хоёр шийдвэрийг хүчингүй болгож байгаа талаар бидэнд мэдээлэл өгч байсан. Гэтэл тус байдлаар утсаар ярьсны дараа бидэнд эсрэг агуулга бүхий хариу бичгээр ирсэн. Дээрх байдлаар компанийн хувьцаа эзэмшигч А.тай болон компанийн улсын бүртгэлийг хийлгэх ажлыг хариуцаж байсан Д.Э*******тэй утсаар ярьж байсан. Энэ хоёр хүн тус нөхцөл байдлыг гэрчилж чадна. Ийнхүү бидэнтэй утсаар 3 удаа ярихдаа "Танай гомдлыг хангасан, бүртгэл хийнэ" гэж ярьсан мөртлөө эсрэг агуулга бүхий хариу өгсөнд бид их гайхаж байна гэж,

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А. шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: К******* ******* ХХК нь улсын бүртгэлд хандахаас өмнө 3 хувьцаа эзэмшигчтэй байсан. Хувьцаа эзэмшигч М.О нь өөрийн эзэмшлийн бүх хувьцааг компанид худалдаж, компаниас гарсан. Компаниас гарах үед М.Оын өр, тооцоог суутгаж тооцоо нийлсэн акт үйлдсэн. М.О хувьцаа худалдах гэрээ байгуулж, төлбөр тооцоо барагдуулсан учраас улсын бүртгэлээс хасуулахад татгалзах зүйлгүй гэх хүсэлт бичгээр өгч албажуулсан.

К******* ******* ХХК нь даатгалын зуучлалын компани учраас Санхүүгийн зохицуулах хорооны хяналтад үйл ажиллагаа явагддаг. Хувьцаа эзэмшигч өөрчлөгдөх, хувьцаа эзэмшигчдийн хөрөнгөд өөрчлөлт ороход Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэл хийлгэдэг. М.О өөрийн хувьцааг компанид худалдаж гарч байгаа учраас хувь нийлүүлсэн хөрөнгө буурдаг. Учир нь компани эзэмшүүлсэн хувьцааг худалдаж авахад тэр хувьцаа хүчингүй болдог. Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1,750,000 төгрөгийн хувьцаагаар зөрсөн. Үүнийг бүртгүүлэхээр Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдсэн. Санхүүгийн зохицуулах хорооноос Улсын бүртгэлд бүртгүүлэх чиглэл өгсөн.

Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлд маягт бөглөж, хувьцаа эзэмшигч өөрийн хувьцааг компанид худалдаж хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1,750,000 төгрөгийн хувьцаагаар багасгаж 73,027,500 төгрөгийн хувьцааг бүртгүүлэхээр хандсан. 2024 оны 03 дүгээр сарын 22-ны өдрийн 2403 дугаартай улсын бүртгэгчийн бүртгэхээс татгалзсан шийдвэр гарсан.

Бүртгэхээс татгалзсан шийдвэрийн үндэслэлд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэг, Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын бүртгэл хөтлөх журмын 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн бүртгэхээс татгалзсан.

Бүртгэхээс татгалзсан үндэслэлээ тайлбарлахдаа хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгө зөрүүтэй М.Оын эзэмшиж буй 2,34% болох 1750000 төгрөгийн хувьцаагаар зөрж байна гэж тайлбарласан. Тухайн үед энэ талаар тодруулахад өмнө хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 74,777,500 төгрөг байснаас 73,027,500 төгрөг болж буурч зөрж байна гэж тайлбарласан. Компанийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2.3 дахь хэсэгт өөрийн гаргасан хувьцааг эргүүлэн худалдан авч, хүчингүй болгох замаар бууруулах гэж заасан. М.О өөрийн хувьцааг компанид худалдсан учраас хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ буурч тухайн хувьцаа хүчингүй болсноор хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 1,750,000 төгрөгийн хувьцаагаар зөрсөн. Энэ талаар улсын бүртгэгчид тайлбарлаж дахин хандсан. 2024 оны 03 дүгээр сарын 22-ны өдрийн 2403 дугаартай улсын бүртгэгчийн бүртгэхээс татгалзсан шийдвэр үндэслэлгүй.

Санхүүгийн зохицуулах хорооны Өөрчлөлтийг бүртгэсэн тухай албан бичигт хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээний эхний үлдэгдэл 74,777,500 төгрөг, хорогдсон 1,750,000 төгрөг,эцсийн үлдэгдэлд 73,027,500 төгрөгийн хэмжээг харуулсан.

Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ өөрчлөгдөхөд завсрын тайлан гаргадаг. Завсрын тайланг улиралд нэг удаа, жилийн эцсээр нэг удаа гаргадаг. Гэвч хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт орсон учраас завсрын тайлан гаргасан. Санхүүгийн зохицуулах хороонд завсрын тайланг бүртгүүлсэн. Завсрын тайлангийн хоёрдох хавсралтад эзэмшигчдийн өмчийн эхний хүснэгтэд М.Оын хувьцаа орсон 74,777,500 төгрөг, дараагийн хүснэгтэд М.Оын хувьцаа хасагдсанаар 73,027,500 төгрөг болж буурч зөрсөн нь хуульд нийцсэн. Тийм учраас 2024 оны 03 дүгээр сарын 22-ны өдрийн 2403 дугаартай улсын бүртгэгчийн бүртгэхээс татгалзсан шийдвэр үндэслэлгүй.

Дахин бичиг баримтаа улсын бүртгэлд бүртгүүлэхэд хандахад 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2404******* дугаартай улсын бүртгэгчийн бүртгэхээс татгалзсан шийдвэр гарсан. Шийдвэрийн үндэслэлд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх хэсэгт "хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх-ийг үндэслэн татгалзсан. Энэ талаар тодруулахад Ш.Гын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг шүүхэд хянан хэлэлцэж байгаа гэж тайлбарласан.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх хэсэгт "хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн...." гэж заасан нь хориг тавьж маргаан бүхий захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэхийг ойлгоно. Захиргааны хэрэг үүсэхэд хориг тавих хүсэлт өгөхөөр улсын бүртгэлийн ерөнхий газар хориг тавьдаггүй, шүүхээр шийдвэрлүүлж, шүүхээс актыг түдгэлзүүлбэл цагдаагийн байгууллагаас хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж бүртгэл хийнэ гэсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх хэсэгт ...эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх гэж заасан нь маргаантай холбоотой асуудлаар бүртгэл хийгүй гэсэн агуулгатай.

Ш.Г нь К******* ******* ХХК-д хоёр хувийн хувьцаа эзэмшдэг байхад компанийн хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор компаниас гарсан. Компанийн хувьцаа эзэмшигчдийн тогтоолд маргаж байгаа нь М.О өөрийн хувьцааг компанид худалдаж өөрийн хүсэлтээр компаниас гарч байгаа нь хоорондоо хамааралгүй. М.О компаниас гаргахгүй байгаа талаар утсаар ярьж бухимдсан. Бид нар улсын бүртгэлээс татгалзсан шийдвэр гарсан гэж хэлсэн. Тусгай зөвшөөрөлтэй хоёр компанид хувьцаа эзэмшиж болдоггүй учраас М.О өөр компанид хувьцаа эзэмших сонирхолтой байсан. Ш.Г хувьцаа эзэмшигчээр үлдэх, М.О хувьцаа эзэмшигчээс татгалзах хоёр өөр хүсэл зоригтой байхад хоорондоо хамааралтай байгааг ойлгохгүй байна.

Ш.Г хоёр хувийн хувьцаа эзэмшигч. Хоёр хувийн хувьцаа эзэмшигч дангаараа шийдвэрлэх боломжтой асуудал биш. М.Оыг хувьцаа эзэмшигчдийн зуун хувийн саналаар компаниас гаргахаар шийдвэрлэсэн.

Улсын бүртгэлийн хувьд маргаантай асуудлаар бүртгэл хийлгэхгүй. Улсын бүртгэлийн газарт гомдол гаргасан. Улсын бүртгэлийн ахлах бүртгэгч утсаар яриад гомдол үндэслэлтэй байна бичиг баримтаа бүрдүүлээд бүртгүүлчих гэсэн. Гомдол үндэслэлтэй, татгалзсан шийдвэрийг хүчингүй болгосон албан бичиг ирүүлчих гэж хэлсэн. Учир нь татгалзсан шийдвэр гарсан байхад улсын бүртгэлд бүртгүүлэх гэхэд албан тушаалтанд нөлөөлсөн гэх асуудал үүсэж болзошгүй гэж үзсэн. Дараа нь гомдол үндэслэлгүй гэх хариу өгөхдөө 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2404******* дугаартай улсын бүртгэгчийн бүртгэхээс татгалзсан шийдвэрийн үндэслэлийг тусгасан. 2024 оны 03 дүгээр сарын 22-ны өдрийн 2403 дугаартай улсын бүртгэгчийн бүртгэхээс татгалзсан шийдвэрийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ зөрсөн гэдгийг үндэслэлтэй гэж дурдаагүй. Үүнийг үндэслэлгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна.

2024 оны 03 дүгээр сарын 22-ны өдрийн 2403 дугаартай улсын бүртгэгчийн бүртгэхээс татгалзсан шийдвэрийн хариу тайлбар ирүүлэхдээ санхүүгийн тайлан байхгүй гэсэн. Гэтэл 2024 оны 03 дүгээр сарын 22-ны өдрийн 2403 дугаартай шийдвэр санхүүгийн тайлан ирүүлээгүй гэх үндэслэлээр гараагүй. Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ зөрсөн гэх үндэслэлээр шийдвэр гарсан. Бичиг баримтын бүрдэл дутуу байсан бол улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг буцаах байсан.

Ш.Гын нэхэмжлэлтэй маргаан байгаа учраас бүртгэхгүй байгаа нь компанийн улсын бүртгэлтэй холбоотой маргаан байвал бүхий л бүртгэлийг хийхгүй гэх агуулгаар тайлбарлаж байна. Үүнээс үзвэл гүйцэтгэх захирал өөрчлүүлэх бүртгэл хийлгэхэд бүртгэхгүй. Ш.Гын маргаан улсын бүртгэлд бүртгүүлэхэд хамааралгүй. Тиймээс улсын бүртгэгчдийн 2024 оны 03 дүгээр сарын 22-ны өдрийн 2403 дугаартай шийдвэр, 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2404******* дугаартай шийдвэрүүд үндэслэлгүй гэж үзэж байна.

Компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол хуульд нийцэж гарсан. М.О компаниас гарч байгаад маргаан байхгүй. Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр хуульд нийцсэн. Улсын бүртгэл Санхүүгийн зохицуулах хорооны тогтоолыг буруутгах уу, аль шийдвэр үндэслэлтэй гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна.

...2024 оны 03 дүгээр сарын 22-ны өдрийн 2403 дугаартай татгалзсан шийдвэрийг санхүүгийн тайлан дутуу гэж үзэж татгалзсан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэл гаргахдаа санхүүгийн баталгаажуулсан тайланг хавсаргаж өгсөн. 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр гарсан завсрын тайланг Санхүүгийн зохицуулах хороо, улсын бүртгэлд өгч байсан. Бичиг баримт дутуу бол улсын бүртгэгч хүлээн авахгүй байсан. Өөр улсын бүртгэгч авсан гэдэг нь нотлогдохгүй байна.

2024 оны 03 дүгээр сарын 22-ны өдрийн 2403 дугаартай татгалзсан шийдвэрт санхүүгийн тайлан дутуу гэсэн зүйл бичигдээгүй, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ зөрсөн гэх тайлбар байсан. Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ зөрсөн нь М.О өөрийн хувьцааг компанид худалдаж гарч байгаа учраас хувь нийлүүлсэн хөрөнгө буурдаг. Учир нь компани эзэмшүүлсэн хувьцааг худалдаж авахад тэр хувьцаа хүчингүй болдог. Санхүүгийн тайлан хавсаргаж өгөөгүй гэх нотлох баримт байхгүй.

Улсын бүртгэлийн санд Ш.Гын нэхэмжлэлтэй маргаан харагдсан учраас хувьцаа эзэмшигчийн бүртгэл хийхээс татгалзсан, маргааны тодорхой мэдээлэл харагдаагүй гэж тайлбарлаж байна. Миний хувьд маргааны агуулга харагдахгүй, нэхэмжлэлийн гардаж аваагүй, хариу тайлбар өгөөгүй, тодорхой мэдээллийг мэдэхгүй, маргаан үүссэн гэж ойлгож улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна гэж ойлголоо. Харж байгаачлан Ш.Гын маргаанаас үл хамааран нэхэмжлэгчийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд саад болох ёсгүй. Татгалзсан хуулийн үзэл санаа хуулийн этгээд маргаантай бол ямар ч байдлаар бүртгэл хийлгэхгүй гэсэн санаа биш маргаантай байгаа асуудлын талаар дахин бүртгэл хийхгүй гэсэн санаа. гэв.

4.1. Хариуцагч Ш.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн улсын бүртгэлийн хэлтэс хуулийн этгээд, эд хөрөнгийн улсын бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Ш.О би 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр "К******* Хилл" /******* ХХК-ийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч, өөрчлөх бүртгэлийн материал хүлээлгэж өгсөн байсан. Материалын бүрдүүлбэрийг шалгаж үзэхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18.1.1, Хуулийн этгээд, түүний салбар төлөөлөгчийн газрын бүртгэл хөтлөх журмын 5.2.1, 5.2.2, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22.1.7-г үндэслэн татгалзсан болно. Тухайн хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч М. Оын хувьцааг худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ хийгдэж, хурлын тэмдэглэл, тогтоол, дүрэмд компаний хувь нийлүүлсэн хөрөнгөнөөс хассан байсан. М. Оын эзэмшиж буй хувь нийлүүлсэн хөрөнгө болох 2.34 хувь буюу 1750000 төгрөгний хувьцаагаар компаний хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ багассан байсан. Өөрөөр хэлбэл иргэн М. Оын эзэмшиж байсан 2.34 хувь буюу 1750000 төгрөгийн хувь нийлүүлсэн хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээгээ шилжүүлсэн байхад худалдан авсан тал нь шууд компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөөс хассан байсан. Үүнийг санхүүгийн баталгаажсан тайлангаар хөрөнгө буурсаныг нотлох ёстой гэсэн шаардлагыг тавьж бүртгэлийг татгалзсан болно. гэжээ.

4.2. Хариуцагч Ш.О шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Улсын бүртгэлд бүртгүүлэхдээ санхүүгийн тайланг авчирч өгөөгүй. Санхүүгийн зохицуулах хорооноос тогтоол гарахад улсын бүртгэлд шууд бүртгүүл гэсэн хуулийн заалт байхгүй. Улсын бүртгэл 2018 онд улсын их хурлаар баталсан багц хуультай байгууллага. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.7 дахь хэсэгт хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах тохиолдолд баталгаажсан санхүүгийн тайлан хавсаргана гэж заасны дагуу татгалзсан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тухайн үед бичиг баримтаа авчирч ирсэн хүн биш. Бичиг баримтаа авчирч байсан хүн долоо хоногийн дараа татгалзлын дагуу зөрчлөө арилгаад санхүүгийн тайлангаа баталгаажуулсан гээд ирж байсан. Тэр үед бичиг баримтыг хүлээн авч бүртгэл нь улсын бүртгэгч Э.Бт хуваарилагдсан. Миний татгалзлын үндэслэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.7 дох хэсэгт хувь нийлүүлсэн хөрөнгөд өөрчлөлт оруулах тохиолдолд баталгаажсан санхүүгийн тайлан хавсаргана гэж заасны дагуу татгалзсан шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирсэн эмэгтэй мэдэж байгаа. Долоо хоногийн дараа санхүүгийн тайлангаа баталгаажуулсан гээд ирж байсан. Тэр үед бичиг баримтыг шалгаж үзэж, хүлээн авсан.

Анх дутуу материалыг н.Э бүртгэгч хүлээж авсан. Хүлээн аваад ирэхэд ахлахуудад хуваарилагдаж улсын бүртгэлд орж ирдэг. Материалуудыг би хүлээж аваагүй, намайг бүртгэл хийх гэж байхад хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ М.Оын 2,34 хувь буюу 1,750,000 төгрөгийн хувьцаагаар хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор бууруулсан байсан. Хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор хасвал заавал төрийн байгууллагын баталгаажсан санхүүгийн тайлан хавсаргах ёстой гэх үндэслэлээр татгалзсан. Татгалзалд санхүүгийн тайлан бичээгүй гэдгийг яриад байна. М.Оын 2,34 хувь буюу 1,750,000 төгрөгийн хувьцаагаар хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ зөрсөн учраас санхүүгийн баталгаажсан тайланг хавсаргаж ирүүлж улсын бүртгэлд материалаа бүрдүүлээд өгнө үү гэсэн үндэслэлээр татгалзсан.

...2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн н.Э******* бүртгэгчийн татгалзлыг яагаад ярихгүй байна вэ?. 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн н.Э******* бүртгэгчийн татгалзалд хасаж байгаа эсэх тодорхойгүй, эрх шилжүүлэх гэрээ, санхүүгийн баталгаажуулсан тайлан ирүүлээгүй гэх үндэслэлээр татгалзсан. Энэ татгалзсан шийдвэрээр санхүүгийн тайлан ирүүлээгүй гэдэг нь нотлогдож байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа санхүүгийн тайлан өгөөгүй гэдэг нотлогдохгүй гэж гүтгэсэн үг хэлсэн. Сүхбаатар дүүргийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн н.Э******* бүртгэгчийн татгалзалд яагаад гомдол гаргаагүй вэ?. Анх бүртгэл хийлгэх гэж ирэхэд Д.Э******* гэх хүн материалаа авчирч байсан. Материалаа буцааж авахад нь би өөрт нь тайлбарлаж, санхүүгийн баталгаажуулсан тайлангаа хавсаргаж ирэхэд бүртгэл хийгдэнэ гэж хэлсэн. Сүхбаатар дүүргийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр дахиж материалаа өгөөд татгалзсан шийдвэр гарсан байна. гэв.

5.1. Хариуцагч Э.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...К******* ******* ХХК-н мэдээлэлд өөрчлөлт оруулах материалыг хүлээн авч хянан үзэхэд Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр захиргааны хэрэг маргаантай Улсын бүртгэлийн ерөнхий газраас итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхийг Д.Чулуунтуяад тус оны 03 дугаар сарын 29-нд томилсон байсан. Иймд миний бие К******* ******* ХХК-н нэмэлт өөрчлөлтийн бүртгэлийг бүртгэхээс татгалзсан болно.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1.14 дэх заалтыг үндэслэн татгалзах 2404******* дугаартай шийдвэрийг гаргасан болно. Улсын бүртгэгчийн хувьд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1.1 дэх заалтыг зөрчсөн үйлдэл гаргаагүй болно. Захиргааны хэргийн анхан шатны шүүх дээр хэлэлцэгдэж байгаа хэрэг маргааныг яаж шийдвэрлэгдэхээс компани дүрэм өөрчлөгдөх хувь хөрөнгө мэдээлэлд өөрчлөлт орох боломжтой гэж үзэж байна. Иймээс хуулиар хориглосон үйлдлийг дагаж мөрдөх үүрэгтэй. гэжээ.

5.2. Хариуцагч Э.Б шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2404******* дугаартай улсын бүртгэгчийн бүртгэхээс татгалзсан шийдвэр гарсан. Шийдвэрийн үндэслэлд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх хэсэгт "хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх"-ийг үндэслэн татгалзсан.

Улсын бүртгэлийн санд 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 4331 тоот итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай дарга н.Д******* гэсэн материал авагдсан байсан. Үүнд К******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч маргаж байгаа талаар баримт байсан. Тухайн үед Ш.Гын нэхэмжлэлийн талаар мэдэх боломжгүй байсан. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс төлөөлөгч томилж, хариу тайлбар, нотлох баримт шаардсан албан бичиг ирсэн байсан. Үүний дагуу хувьцаа эзэмшигчийн бүртгэл хийхээс татгалзсан. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч К******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. ...Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэгч Ш.Огийн 2024 оны 03 дүгээр сарын 22-ны өдрийн 2403 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Улсын бүртгэгч Ш.Огийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2403 дугаар Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр-ээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18.1.1, Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын бүртгэл хөтлөх журмын 5.2.1-г тус тус үндэслэн бүртгэхээс татгалзав. /Хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгө зөрүүтэй М.Оын эзэмшиж буй 2,34% болох 1750000 төгрөгийн хувьцаагаар зөрж байна./Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхээр дахин хүсэлт гаргаж болно/ гэж шийдвэрлэжээ.

Хариуцагч тухайн шийдвэрийг гаргасан үндэслэлээ хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ санхүүгийн тайлан ирүүлээгүй, санхүүгийн зохицуулах хорооноос тогтоолыг үндэслэж улсын бүртгэлд шууд бүртгэх хуулийн заалт байхгүй гэж тайлбарласныг нэхэмжлэгч ...компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ өөрчлөгдөхөд завсрын тайлан гаргадаг, уг тайлангийн хоёрдох хавсралтад эзэмшигчдийн өмчийн эхний хүснэгтэд М.Оын хувьцаа орсон 74,777,500 төгрөг, дараагийн хүснэгтэд М.Оын хувьцаа хасагдсанаар 73,027,500 төгрөг болж буурч байгаа нь тодорхой харагдаж байгаа, татгалзал хууль бус гэж, тайлбарлан маргаж байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Улсын бүртгэлийн байгууллага хуулийн этгээд шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг дараах тохиолдолд улсын бүртгэлд бүртгэхээс татгалзана:, 18.1.1-д улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу;, гэж, Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын бүртгэл хөтлөх журмын 5 дугаар зүйлийн 5.2-д Улсын бүртгэгч дараах тохиолдолд хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг бичгээр гаргаж, өргөдөл гаргагчаас ирүүлсэн баримт бичгийн хамт энэ журмын 2.4-т заасан этгээдэд шилжүүлнэ:, 5.2.1-д ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу; гэж,

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-д Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална:, 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх;, 24 дүгээр зүйлийн 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно., 40 дүгээр зүйлийн 40.2-д Бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна:, 40.2.3-д захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах;, 40.4-т Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана. гэж тус тус заасан.

Дээр дурдсан хууль болон журмын заалтуудаас үзвэл Улсын бүртгэгч Ш.О 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2403 дугаар татгалзсан шийдвэрийг гаргахдаа ...хуулийн этгээдийн хувь нийлүүлсэн хөрөнгө зөрүүтэй М.Оын эзэмшиж буй 2,34% болох 1750000 төгрөгийн хувьцаагаар зөрж байна гэх үндэслэл дурдсан, өөрөөр хэлбэл санхүүгийн тайлан буюу баримт бичгийн бүрдэл дутуу гэж дурдаагүй атлаа шүүх хуралдаанд болон хариу тайлбартаа энэ үндэслэлийг татгалзах шалтгаан гэж тайлбарлаж байгаа нь хууль бус, түүний гаргасан шийдвэрийг бодит нөхцөлд тохирсон, үндэслэлтэй шийдвэр гэж үзэхээргүй байна. .

Өөрөөр хэлбэл хариуцагчаас Санхүүгийн тайлан дутуу гэж тайлбарласан атал энэ тухайгаа татгалзсан шийдвэртээ бичээгүйгээс ямар үндэслэлээр К******* ******* ХХК-ийн мэдээллийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан нь ойлгомжгүй, хэрэгт авагдсан баримтуудаар татгалзах үндэслэл үүссэн эсэх нөхцөл байдал бүрэн нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэв.

Хэрэгт нэхэмжлэгч компаниас өргөдөл гаргахдаа хавсралтаар тус компанийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Хувьцаа хувьцаа эзэмшигчдийн хурлын тэмдэглэл, уг тэмдэглэлээр хувьцаа эзэмшигч М.Оын эзэмшиж буй нэг бүрийн 35 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 50,000 ширхэг энгийн хувьцааг нэг бүрийн 450 төгрөгөөр, нийт 22,500,000 төгрөгөөр үнэлж компанид буцаан худалдах тухай хувьцаа эзэмшигч М.Оын санал ёсоор компани буцаан худалдан авахаар тогтоосон К******* ******* ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн /001 дүгээр тогтоол, К******* ******* ХХК болон М.О нарын хоорондын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, тус өдрийн Төлбөр суутгах, тооцоо нийлэх гэрээ, Дүрмийн 7.1-т заасан компанийн хувьцаа эзэмшигчид хэсгээс хувьцаа эзэмшигч М.Оыг хасах; үүнтэй уялдуулан Дүрмийн 22.2 22.3, 22.4 дэх заалтуудыг өөрчлөхөөр шийдвэрлэсэн, түүнчлэн компанийн дүрмийг шинэчлэн батлах тухай тогтоол болон К******* ******* ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөр огноолсон Засвар үеийн санхүүгийн тайлан зэргийг хавсаргаж өгсөн байна.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ: гэж заан жагсааснаас үзвэл нэхэмжлэгч байгууллагын өргөдөлд хавсаргасан баримтууд бүрдүүлэх баримт бичгийн шаардлагыг хангаж байх боловч хариуцагч захиргаа чухам ямар баримтыг нэмж шаардсан нь тодорхойгүй атлаа хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татгалзсан нь хууль зүйн үндэслэлгүй байх тул Улсын бүртгэгч Ш.Огийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2403 дугаар Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр-ийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хоёр: Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэгч Э.Бын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2404******* дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Улсын бүртгэгч Э.Бын 2024 оны 04 дугаар сарын 08-ны өдрийн 2404******* дугаар Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр-ээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1.14. "хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх"-ийг үндэслэн татгалзав. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхээр дахин хүсэлт гаргаж болно гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчаас уг шийдвэрийг гаргасан үндэслэлээ ...тухайн үед тус компанийн хувьцаа эзэмшигч Ш.Гаас шүүхэд нэхэмжлэл гаргасан талаар мэдэх боломжгүй байсан, харин Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, хариу тайлбар, нотлох баримт ирүүлнэ үү гэх албан бичиг ирснийг үзээд үүний дагуу хувьцаа эзэмшигчийн бүртгэл хийхээс татгалзсан гэж тайлбарласныг, нэхэмжлэгчээс ...Ш.Г нь К******* ******* ХХК-д 2 хувийн хувьцаа эзэмшиж байгаад компанийн хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор компаниас гарсан, уг тогтоолтой маргаж байгаа Ш.Гын асуудал нь өөрийн хүсэлтээр компаниас гарч байгаа М.Оын асуудалд хамааралгүй гэж маргав.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно, 20.1.14-т хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх гэж, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх; гэж, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-т Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. гэж тус тус заасан.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл, Улсын бүртгэгч Э.Б нь тухайн шийдвэрийг гаргахдаа түүнд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэл, нөхцөл байдлыг зайлшгүй шалган тогтоосны үндсэн дээр шийдвэрээ гаргахаар байхад тэрээр 2024 оны 04 дугаар сарын 08-ны өдрийн 2404******* дугаар шийдвэрийг гаргахдаа бодит нөхцлийг бүрэн гүйцэд тогтоолгүйгээр шийдвэр гаргасан нь хууль бус гэж шүүх дүгнэв.

Тухайлбал, иргэн Ш.Гын нэхэмжлэлтэй захиргааны хэрэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгааг тус шүүхээс ирүүлсэн ...итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, хариу тайлбар, нотлох баримт ирүүлнэ үү гэх албан бичгийг үндэслэн тогтоосон нь учир дутагдалтай, өөрөөр хэлбэл иргэн Ш.Г ямар агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан, энэ нь тухайн хуулийн этгээдийн бүртгэлийн өөрчлөлтөнд хэрхэн нөлөөлөх эсэхийг шалгаж үзэлгүйгээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т заасан үндэслэлд хамааруулж татгалзсан нь үндэслэлгүй.

Тодруулбал, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ш.Гаас Сүхбаатар дүүрэг дэх улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан К******* ******* ХХК-ийн мэдээлэлд өөрчлөлт оруулсныг бүртгэсэн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах буюу ...К******* ******* ХХК-ийн 3.3 хувийн хувьцааг өмчлөгч Ш.Гын нэрийг К******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гишүүдийн мэдээллээс хассаныг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн-тэй холбоотой маргаан үүсгэсэн нь нэхэмжлэгчээс "К******* *******" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн /001 дугаар тогтоолоор М.Оын эзэмшиж буй хувьцааг компаниас буцаан худалдан авахаар шийдвэрлэсэн, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн /002 дугаар тогтоолуудын дагуу тус компанийн дүрэмд өөрчлөлт оруулсныг бүртгүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандсан энэ тохиолдолтой хэрхэн холбогдох талаар хариуцагч дүгнээгүй нь буруу байна.

Иймд дээрхи хууль зүйн үндэслэлүүдээр хариуцагчийн татгалзсан шийдвэр хууль бус тул Улсын бүртгэгч Э.Бын 2024 оны 04 дугаар сарын 08-ны өдрийн 2404******* дугаар Хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай шийдвэр-ийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тус шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй..

Гурав: К******* ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн /001 дугаар тогтоол, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн /002 дугаар тогтоолуудын дагуу компанийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэгч нарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж буй хувьцаа эзэмшигч иргэн Ш.Гын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа Ш.Гын нэхэмжлэлтэй К******* ******* ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хурлын ХЭХ23/002 дугаар тогтоолын 8,9,10,11,12 дахь хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, К******* ******* ХХК-ийн хувьцааны 3.3 хувьцааны өмчлөгчөөр Ш.Гыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй, иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн болох нь тогтоогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана. Гэж, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ., 42.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ. гэж тус тус заасан.

Хуулийн дээрхи заалтуудаас үзвэл, нэхэмжлэгч компанийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх, бүртгэхээс татгалзах нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарч сонгох боломжийн хүрээнд шийдвэрлэгдэх асуудал байх ба ба Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18.2-т Өргөдөл гаргагч нь энэ хуулийн 18.1.1, 18.1.2-т заасан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгасны дараа улсын бүртгэлд бүртгүүлэхээр дахин хүсэлт гаргаж болно. гэж зааснаар нэхэмжлэгчээс дахин хандах эрх нь нээлттэй, түүнчлэн шүүхэд хувьцаа эзэмшигч нарын хооронд маргаан үүссэн энэ тохиолдолд тус компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлд өөрчлөлт оруулж бүртгэхийг захиргааны байгууллагад шууд даалгах хууль зүйн боломжгүй.

Энэ нь дээрхи хуулиудад заасны дагуу захиргааны байгууллагын сонгох боломжид хамаарах асуудал тул "К******* *******" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн /001 дугаар тогтоол, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн /002 дугаар тогтоолуудын дагуу компанийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэгч нарт дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, "К******* *******" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн /001 дугаар тогтоол, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн /002 дугаар тогтоолуудын дагуу компанийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхийг Улсын бүртгэгч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18.1.1, 18.2, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1.14-т заасныг тус тус баримтлан К******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч Ш.Огийн 2024 оны 03 дүгээр сарын 22-ны өдрийн 2403 дугаартай шийдвэр болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч Э.Бын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2404******* дугаартай шийдвэрүүдийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох "К******* *******" ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн /001 дугаар тогтоол, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн /002 дугаар тогтоолуудын дагуу тус компанийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхийг улсын бүртгэгч нарт даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН