| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 184/2025/00236/И |
| Дугаар | 197/ШШ2025/00580 |
| Огноо | 2025-01-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 197/ШШ2025/00580
2025 01 31 197/ШШ2025/00580
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,
Нэхэмжлэгч: Уийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У-т холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,485,042.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч Ц.Нандинцэцэг нь 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Токи ББСБ ХХК-тай гар утас худалдан авахаар зээлийн гэрээ байгуулан 1,238,000 төгрөгийн зээл авсан. Хариуцагч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж төлөхгүй компанийг хохироож байна. Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 1,181,939.28 төгрөг, үндсэн хүү 252,585.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 50,518 төгрөг, нийт 1,485,042.84 төгрөгийг Ц.Нандинцэцэгээс гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ц.Нандинцэцэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Уг зээлийн үлдэгдэл төлбөр 1,485,042.84 төгрөгийг 2 сарын хугацаанд 4 хувааж төлнө. 2 сарын 10-ны өдөр 371,260.5 төгрөг, 2 сарын 25-ны өдөр 371,260.5 төгрөг, 03 дугаар сарын 10-ны өдөр 371,260.5 төгрөг, 3 дугаар сарын 25-ны өдөр 371,260 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Энхбаатар нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Хариуцагч Ц.Нандинцэцэг нь шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК нь хариуцагч Ц.Нандинцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,485,042.84 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч Ц.Нандинцэцэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,485,042.84 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Токи ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Нандинцэцэгт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 1,485,042.84 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь 1,485,042.84 төгрөгийг 2025 оны 2 сарын 10-ны өдөр 371,260.5 төгрөг, 2025 оны 2 сарын 25-ны өдөр 371,260.5 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 371,260.5 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 371,260.5 төгрөгөөр төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,711 төгрөгөөс 19,355.5 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн 100200900941 тоот данснаас 19,355.5 төгрөгийг, хариуцагч Ц.Нандинцэцэгээс 19,355.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН