| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхбатын Долгорсүрэн |
| Хэргийн индекс | 102/2024/07072/И |
| Дугаар | 197/ШШ2025/00511 |
| Огноо | 2025-01-29 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 197/ШШ2025/00511
2025 01 29 197/ШШ2025/00511
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: У/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: У-д холбогдох,
Гэм хорын хохиролд 6,165,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Мөнхшүр, хариуцагч Д.Норжмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэлмэг нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Д.Мөнхшүр нь хариуцагч Д.Норжмаад холбогдуулан ус алдсаны улмаас орон сууцанд учирсан хохиролд 6,165,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
2.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Миний амьдардаг орон сууцанд 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 13:00 цагийн үед дээд таазнаас их хэмжээний алдаж, манай өрөөнүүдэд гоожиж эхэлсэн. Би яарч сандран 07 тоотод ороход ус алдсан байдалтай шалан дээгүүр нь 3-4 см ус тогтсон, гэрийн эзэд нь ус шавхан зогсож байсан. Ус алдсаны улмаас 7-10 хоног ямар нэгэн цахилгаан хэрэглэж болохгүй гэсний улмаас манайх байрандаа амьдрах боломжгүй болж, 10 хоног зочид буудал, хамаатан садныдаа зэрэг байж болох бүх л газраар явж, сэтгэл санаа, эд материалын хохирол амссан. Иймд байрны засварт 4,335,000 төгрөг, цахилгааны монтаж, солих зардал 1,484,000 төгрөг, үнэлгээний байгууллагын хөлс 346,800 төгрөг, нийт 6,165,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.2 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 12:50 цагийн орчимд манайд гал тогооны халуун усны уян холбоос гэнэт задарсны улмаас ус алдаж, дуудлага өгсөн. 15-20 минут орчим л зарцуулагдсан. Тухайн үед бид гэртээ байсан учир усаа байнга шавхаж байсан. Усаа шавхаж дууссаны дараа 03 тоотод орж үзэхэд тус айлын гал тогооны өрөөний хана дагаж ус алдсан, хивс нилээн норсон байсан. Гэртээ амьдарч чадахгүй болсон гэдэг худал. Гэр нь телевизийн бүдэг гэрэлтэй байсан. Үнэлгээний компаниар хэт өндөр үнэлгээ хийлгэснийг зөвшөөрөхгүй. Яагаад ч засварт 18 боодол обой, 48 ширхэг паркет зэрэг орохгүй тул үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргаж байна.
2.3 Зохигчид ус алдсан эсэх үйл баримтад маргаагүй. Харин ус алдсаны улмаас учирсан хохирлын хэмжээн дээр маргаж байна.
3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:
3.1 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр*******,*******,*******, 15-07 тоот байрны гал тогооны халуун усны 15-ын уян холбоос задарсны улмаас тус байрны 3 тоотод байрлах айлын гал тогооны өрөө, коридор, зочны өрөө, угаалгын өрөө, ариун цэврийн өрөөний хана, таазны шохой, эмульс, обой норж, хуурсан, бүх өрөөний цахилгааны монтаж, гэрэл асахаа больсон, хивс, паркет шал норсон гэмтлүүд тус тус гарсан болох хэрэгт авагдсан №24-48 дугаартай, Орон сууц нийтийн аж ахуйн Удирдах газрын ОНӨААТҮГ-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төв-11-ийн Орон сууцны ус алдсан тэмдэглэл-ээр тогтоогдож байна. /хх-ийн 12-р тал/
3.2 Нэхэмжлэгч нь дээрхи гэмтлийн улмаас 03 тоот орон сууцанд учирсан хохирлын үнэлгээг Ашид билгүүн ХХК-иар хийлгэсэн байх бөгөөд уг үнэлгээгээр ажлын хөлс 2,517,000 төгрөг, материалын зардал 1,718,000 төгрөг, багаж, тоног төхөөрөмж, тээврийн зардал 100,000 төгрөг, нийт 4,335,000 төгрөгийн хохирол учирсан нь гэх үнэлгээ гарчээ. Мөн Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний ажлын хөлс 346,000 төгрөгийн баримтыг хавсаргасан байна. /хх-ийн 13-17-р тал/
Мөн Тепло сервис ХХК-ийн 03 тоот орон сууцанд хийх дотор цахилгааны шугам, сүлжээний ажлын үнийн санал гэх 1,484,000 төгрөгийн баримтыг гарган өгч, нийт хариуцагчаас 6,165,800 төгрөгийг нэхэмжилсэн.
3.3 Орон сууцны өмчлөгч нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13, 15 дугаар зүйлийн 15.1.8 дах хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар орон сууцанд ус алдаж, хохирол учруулсан буруутай этгээдээс эд хөрөнгөнд учирсан гэм хорыг арилгуулахаар шаардах эрхтэй.
3.4 Нэхэмжлэгч Д.Мөнхшүр нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ...тухайн 03 тоот орон сууцны өмчлөгч нь манай ээж юм. Орон сууц 1 хүний өмч... гэж тайлбарласан. Мөн Ашид билгүүн ХХК-ийн хийсэн үнэлгээний тайланд*******,*******,*******, 15-03 тоот орон сууцны эзэмшигч нь Д.Маахүү гэж дурдсан зэргээс нэхэмжлэгч Д.Мөнхшүр нь тухайн орон сууцны өмчлөгч биш болох нь тогтоогдож байна. /хх-ийн 15-р тал/
Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ гэж, мөн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1 дэх хэсэгт Эд хөрөнгийг өмчлөх эрх улсын бүртгэлд үндэслэсэн бол эд хөрөнгө эзэмшигчийг өмчлөгч гэж тооцохгүй байхаар зохицуулсан.
Иймд нэхэмжлэгч Д.Мөнхшүр нь тухайн 03 тоот орон сууцны өмчлөгч биш байх тул тэрээр тухайн орон сууцанд бусдын буруутай үйлдлийн улмаас учирсан хохирлыг шаардах эрхгүй юм.
4. Дээрхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
5. Хохирол учирсан гэх*******,*******,*******, 15-03 тоот орон сууцны өмчлөгч нь өөрийн өмчид хохирол учруулсан буруутай этгээдээс учруулсан хохирлыг нь шаардах эрх нь нээлттэй хэвээр үлдсэнийг дурдах нь зүйтэй.
6. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 113,603 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.3 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Мөнхшүрийн нэхэмжлэлтэй, Д.Норжмаад холбогдох, 6,165,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 113,603 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН