Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 29 өдөр

Дугаар 197/ШШ2025/00510

 

 

 

 

 

 

 

 

 

 

2025 01 29 197/ШШ2025/00510

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Уын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У-д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 688,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Пүрэв-Очир, хариуцагч Г.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэлмэг нар оролцов.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

2. Нэхэмжлэгч П.Пүрэв-Очир нь хариуцагч Г.Энхжаргалд холбогдуулан ус алдсаны улмаас орон сууцанд учирсан хохиролд 688,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

2.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Манай дээд айл болох 15 тоотоос анх 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр, дараа нь 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр, мөн 2024 оны 11 дүгээр сарын эхээр 3 удаа ус алдсаны улмаас манай орон сууцанд хохирол учирсан. Энэ хохиролд Зүмбэр орд өргөө ХХК-иар тухай бүрт нь дүгнэлт хийлгүүлж, Ашид билгүүн ХХК-иар нийт учирсан хохиролд үнэлгээ хийлгүүлсэн тул учирсан хохирлоо нэхэмжилж байна гэжээ.

 

2.2 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...2024 оны 03 дугаар сарын 16-ны орой манай гал тогооны холимогийн уянгаас ус шүүрч, слесарь дуудаж, 03 дугаар сарын 17-ны өглөө шинэ холимогоо хийлгэсэн. Харин 2024 оны 10 дугаар сарын 10-нд ус алдсан гэж гүжирдээд байна. П.Пүрэв-Очир гэгч нь Зүмбэр орд өргөө ХХК-ийн ажлын байран дээр байнга очиж, бичиг гаргаад өгөөч, би өөрөө хариуцлагаа хүлээнэ гэсээр байгаад акт бичүүлсэн гэсэн. Эдгээр дүгнэлтүүд худал тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

2.3 Зохигчид 3 удаа ус алдсан эсэх, хохирол учирсан эсэх үйл баримт дээр маргаж байна.

3. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

3.1 Нэхэмжлэгч П.Пүрэв-Очир нь У*******,*******,*******,*******,*******, 9 тоотод байрлах хоёр өрөө орон сууцны өмчлөгч мөн болох нь хэрэгт авагдсан Үл хөдлөх эд хөрөнгийн 000085800 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-ийн 7-р тал/

Харин хариуцагч Г.Энхжаргал нь У*******,*******,*******,*******,*******, 15 тоотод байрлах байрны өмчлөгч мөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж, талууд энэ талаар маргахгүй байна.

3.2 2024 оны 03 дугаар сарын 16-ны өдөр*******,*******,*******,*******, 15 тоот байрны гал тогооны холигч уян холболт задарсны улмаас тус байрны 9 тоотод байрлах айлын гал тогооны таазны шохой хуурсан, гал тогооны тавилга гэмтсэн, 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мөн 15 тоот айлаас ахуйн хэрэглээний ус алдсаны улмаас 9 тоот айлын байранд угаалгын өрөөний таазны эмульс, замаск, дүүжин таазны замаск хуурсан, мөн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 15 тоот айлын гар угаалтуурны уян холбоосноос ус алдсан гэмтлээс болж, 9 тоотод байрлах айлын зочны өрөөний таазны шохой, замаск хууларсан гэмтлүүд тус тус гарсан болох хэрэгт авагдсан Зүмбэр орд өргөө ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Орон сууцанд гарсан гэмтлийн дүгнэлт, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Орон сууцанд гарсан гэмтлийн дүгнэлт, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн Орон сууцанд гарсан гэмтлийн дүгнэлт-үүдээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 8,10,35-р тал/

3.3 Нэхэмжлэгч нь дээрхи 3 удаагийн гэмтлийн улмаас өөрийн орон сууцанд учирсан хохирлын үнэлгээг Ашид билгүүн ХХК-иар хийлгэсэн байх бөгөөд уг үнэлгээгээр ажлын хөлс 445,000 төгрөг, материалын зардал 193,100 төгрөг, багаж, тоног төхөөрөмж, тээврийн зардал 50,000 төгрөг, нийт 688,100 төгрөгийн хохирол учирсан нь болох нь тогтоогдож байна. /хх-ийн 13-17-р тал/

3.4 Нэхэмжлэгч нь хариуцагчийн өөрийнх нь эзэмшлийн усан хангамжийн тоног төхөөрөмжийн гэмтлээс үүссэн ослын улмаас өөрийн эд хөрөнгөнд учирсан хохирлыг нэхэмжилж буй тул талуудын хооронд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгөнд учирсан гэм хорыг арилгуулахтай холбоотой харилцаа үүссэн байна.

 

4. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13 дах хэсэгт ...хэрэглэгч гэж цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн, хуулийн этгээдийг хэлнэ гэж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8 дах хэсэгт ...хэрэглэгч өөрийн эзэмшилд байгаа шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангах, засвар, үйлчилгээг хариуцан гүйцэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ.

Хуулийн дээрхи заалтын дагуу 15 тоот орон сууцны өмчлөгч, хариуцагч Г.Энхжаргал нь өөрийн орон сууцанд хэрэглэгдэх цэвэр, бохирын шугамын бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй байх ба энэхүү үүргээ биелүүлээгүйгээс ус алдсан гэж дүгнэх үндэслэлтэй.

Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт ... Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй... гэж, мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт ... Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй... гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь өөрийн эд хөрөнгөнд учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхтэй.

5. Харин хариуцагч Г.Энхжаргал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэх хуульд заасан нотлох үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагчийн ...Зүмбэр орд өргөө ХХК-ийн орон сууцны эвдрэл гэмтлийн актууд нь үндэслэлгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

6. Дээрхи үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

7. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40, 44 дүгээр зүйлд зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн болно.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 21,065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Энхжаргалаас 21,065 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Энхжаргалаас 688,100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч П.Пүрэв-Очирт олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 21,065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Энхжаргалаас 21,065 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ДОЛГОРСҮРЭН