| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0909/З |
| Дугаар | 128/ШШ2024/1019 |
| Огноо | 2024-12-10 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 10 өдөр
Дугаар 128/ШШ2024/1019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Гомдол гаргагч: ******* Даатгал ХХК /РД:*******/
Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.******* нарын хоорондын Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.*******ын 2024 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн 001******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага бүхий хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* Даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ч*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э*******, хариуцагч М.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. ******* даатгал ХХК-иас Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.*******ын гаргасан 2024 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн 001******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлага гаргасан.
2. Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтууд:
2.1Санхүүгийн зохицуулах хорооны 2006 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ТЗ дугаар ердийн даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээг нэхэмжлэгчид олгосон байна.
2.3. ******* Даатгал ХХК-ийн борлуулалтын хэлтсийн захирал М.Д, болон иргэн Б.З******* нар 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 23201/908 дугаар Тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээ байгуулж, Toyota Land Cruiser J300 маркийн тээврийн хэрэгслийг 1 жилийн хугацаатай даатгуулсан байна.
2.4. ******* Даатгал ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 08 цаг 15 минутад хийгдсэн Даатгалын тохиолдлын ослын тэмдэглэл-д 2 УНА тээврийн хэрэгслийн дуудлагын дагуу холбогдоход буруутай тал буюу холбогдогч хохирлоо шууд барагдуулах болсон гэж дуудлага цуцалж хаав гэх шуурхай албаны мэргэжилтний дүгнэлт,
2.5. ******* Даатгал ХХК-ийн 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 06 минутад хийгдсэн Даатгалын тохиолдлын ослын тэмдэглэл-д эвдрэлийн байдлыг урд шил цуурсан шинэ эвдрэлтэй гэж тогтоосон шуурхай албаны мэргэжилтний дүгнэлт тус тус үйлдэгдсэн,
2.6. ******* Даатгал ХХК-иас 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн*******2790 дугаар албан бичиг, 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдийн*******1-1036 дугаар албан бичгээр тус тус ...гэрээний 8.2.3-т Даатгуулагч даатгалын зүйл болон нөхөн төлбөрийн талаар даатгагчид худал мэдээлсэн, 8.11-т Хохирлын шалтгаан тодорхой бус, нөхөн төлбөрийг шийдвэрлэх үед хохирлын шалтгааныг тогтоох боломжгүй болсон хохирол гэж тус тус заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн гэх агуулга бүхий албан бичгийг иргэн Б.З******* болон Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албанд хүргүүлсэн байна.
2.8. ******* Даатгал ХХК-иас 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд хандаж ...гэрээний 8.2.3-т Даатгуулагч даатгалын зүйл болон нөхөн төлбөрийн талаар даатгагчид худал мэдээлсэн, 8.11-т Хохирлын шалтгаан тодорхой бус, нөхөн төлбөрийг шийдвэрлэх үед хохирлын шалтгааныг тогтоох боломжгүй болсон хохирол гэж тус тус заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрээ хэвээр үлдээж байгаа гэх агуулга бүхий хариу хүргүүлсэн.
2.9. Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.******* нь 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 001******* дугаар шийтгэлийн хуудсаар ...иргэн Б.З*******аас Санхүүгийн зохицуулах хороонд 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан ******* даатгал ХХК нь хорооны 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/2646 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэхээр мэдэгдсэн боловч тус компани нь шийдвэрийг биелүүлээгүй гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 15.18 дахь хэсэгт заасныг үндэслэн 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсныг эс зөвшөөрч шүүхэд хандсан байна.
2.10. Гомдол гаргагч ******* Даатгал ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... ******* Даатгал ХХК нь даатгуулагч Б.З*******тай 2023 оны 08 сарын 23-ны өдөр 23201/908 дугаар "Тээврийн хэрэгслийн төрөлжсөн даатгалын гэрээ"-г гэрээний эрх зүйн хүрээнд байгуулсан. Даатгуулагчаас ... миний 2УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл 2024 оны 03 сарын 25-ны өглөө Хан-Уул дүүрэгт араасаа мөргүүлсэн гэх, тухайн өдөр Миний салхины шил цуурсан байна гэх тус тус дуудлагын дагуу шалгахад араас мөргөсөн тээврийн хэрэгслийн буруутай үйлдэл. Өөрөөр хэлбэл жолоочийн буруу болсон учраас нөгөө тал хохирлыг төлөхөөр болж эхний дуудлагаа цуцалсан.
Хоёр дахь дуудлагын дагуу даатгагчаас шуурхай албаны нэг ажилтан явуулсан. Эхний дуудлагад Хан-Уул дүүргийн бүсийг хариуцаж ажилладаг ажилтан явсан. Салхины шил цуурсан дуудлагад төвийн бүс хариуцсан ажилтан очиход тухайн салхины шил зурагдсан нүдэнд үл харагдах шинжтэй, бага хэмжээний зураас үүссэн гэх дүгнэлт хийсэн. Зураас үүссэн шалтгаанаар даатгагч, даатгуулагч талуудын хооронд маргаан үүссэн. Даатгуулагч салхины шилний зураас хаана үүссэн, юунаас үүссэн гэдгийг даатгагчид нотолж өгөөгүй мөн тухайн эвдрэл нь өмнөх осолтой холбоотой шинж агуулсан баримтууд байсан учраас даатгагчийн зүгээс нөхөн төлбөр олгох боломжгүй гэдэг. Өөрөөр хэлбэл тухайн зураасыг засах юм уу эсвэл тухайн салхины шилийг солих юм уу дүгнэлтийг гаргуулаагүй байсан. Үнийн санал асуулгын хувьд Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд заасны дагуу хөрөнгийн үнэлгээг эрх бүхий этгээдээр үнэлүүлээгүй учраас даатгагчийн хохирлыг олгох боломжгүй гэх тайлбарыг өгөөд татгалзсан.
Манай даатгуулагч Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргасан байдаг. Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан гомдлын дагуу тухайн үзлэгтэй холбоотой хариу ирүүлэх албан бичиг ирсэн. Даатгагчийн зүгээс татгалзсан үндэслэлүүдийг бичээд Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлэхэд Санхүүгийн зохицуулах хороо гэрээний дагуу нөхөн төлбөрийг олгох хариуг ирүүлсэн. Уг хариуны дагуу маргаан бүхий үйл баримт тогтоогдохгүй учраас даатгагч шийдвэрээ өөрчлөх боломжгүй гэх хариуг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн...
Санхүүгийн Зохицуулах Хорооны 2024 оны 07 сарын 26-ны өдрийн 3/2646 дугаар албан бичгээр нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэж, хариу мэдэгдэхийг даалгасан. Уг албан бичгийн хариуг тогтоосон хугацаанд буюу даатгагч 07 сарын 30-ны өдрийн*******2-1148 дугаартай албан бичгээр мөн хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл тухайн дуудлага тогтоогдохгүй, ослын шалтгаан тодорхойгүй, хохирлын хэмжээ нь тодорхой бус байгаа учраас хохирлыг олгох боломжгүй, өмнөх шийдвэрийг хэвээр үлдээх хүсэлтэй байна гэдгийг албан бичгээр хүргүүлсэн.
2024 оны 09 сарын 16-ны өдрийн 2******* дугаар Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол нь Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны 2024 оны 07 сарын 26-ны өдрийн 3/2646 дугаар албан бичгийг биелүүлээгүйг үндэслэж зөрчлийн хэрэг нээсэн бөгөөд уг хэрэгт Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 15 дах хэсгийн 15.18-д заасан эрх бүхий байгууллагаас өгсөн даалгаврыг биелүүлээгүй гэх үндэслэлээр шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна.
Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3- т заасан улсын байцаагч нь мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д Даатгалын тухай хуулийн 61, 62, 63, 64, 65 дугаар зүйлүүдэд заасан хяналт шалгалтыг эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлнэ" гэж заасан хэмжээнд эрхээ хэрэгжүүлэх тул, даатгуулагчтай байгуулсан гэрээний эрх зүйн харилцаанд оролцох, нөхөн төлбөр олгох даалгавар өгөх, шүүхийн эрхийг хэрэгжүүлэх эрхгүй гэж үзэж байна.
Иргэний эрх зүйн өмчийн харилцааны маргаанд Санхүүгийн зохицуулах хороо нь Санхүүгийн Зохицуулах Хорооны Эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлэх учраас нөхөн төлбөрийн үүссэн маргаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасны дагуу урьдчилан шийдвэрлэх журмын хангах хэлбэр бөгөөд нөхөн төлбөр олгох, нөхөн төлбөр эс олгох 2 үндэслэлийн хэмжээнд зөвхөн мэргэжлийн байгууллагын дүгнэлт өгдөг. Гэрээний талууд иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж маргааныг шийдвэрлүүлэх боломжтойг албан бичгээр зөвлөмж өгдөг тул Даатгалын тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.10 дахь хэсэгт заасан даалгаврын шинж, хэлбэрийг агуулаагүй, албадлагын арга хэмжээ авах шийдвэр гараагүй гэж үзэж байна... гэв.
2.11. Гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Санхүүгийн зохицуулах хороо зөрчлийн хэрэг үүсгэж, үүнд шийтгэл оногдуулахдаа Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны бланктай ******* даатгал ХХК-д хандсан 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/2646 тоот ажлын албан бичгийг биелүүлээгүй гэх үндэслэл тайлбарлаж байна.
3/2646 тоот албан бичгийн агуулга нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, Даатгалын тухай хуульд зааснаар даатгуулагчид учирсан нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэж, шийдвэрийн талаар 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор хариу мэдэгдэнэ үү гэх албан бичиг. ******* даатгал ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр*******2-1148 дугаартай албан бичгээр ...танай ирүүлсэн 3/2646 тоот албан бичигтэй танилцаж хууль болон гэрээний үндэслэлийг дурдаад нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрийг хэвээр үлдээж байгааг уламжилж байна гэсэн хариу хүргүүлсэн. Энэ хоёр үйл баримтын дараа ямар нэгэн эрх зүйн акт, шийдвэр шийтгэл, албадлагын үйл ажиллагаа болоогүй. Үүний дараа иргэний гомдлоор уг зөрчлийг хэрэг үүсгэж, зөрчлийн хэрэгтээ ямар нэгэн ажиллагаа хийгдээгүй. 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зөрчил тогтоогдсон гэж шийтгэл оногдуулсан нь хууль дээдлэх, хуульд нийцүүлж шалгах ажиллагаанууд хийгдээгүй гэж үзэж байгаа учраас шийтгэлийг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
2.12. Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.******* шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Санхүүгийн зохицуулах хороонд иргэн Б.З*******аас ирүүлсэн тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөртэй холбоотойгоор "******* даатгал" ХХК-аас 2024 оны*******1-1036 тоот албан бичгээр хариу тайлбарыг авсан. Тус хариу тайлбартаа 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр даатгалын зүйл болох 2 УАА улсын дугаартай Тоёота ланд круйзер 300 маркийн тээврийн хэрэгслийн салхины шил хагарсан тохиолдол гарсан байх ба уг тохиолдлыг танай компанийн зүгээс судалж, даатгалын зүйлд хэзээ, хаана, ямар шалтгаан нөхцөлийн улмаас хохирол учирсан нь тодорхойгүй, мөн тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь хэсэгт Даатгуулагч даатгалын зүйл болон нөхөн төлбөрийн талаар даатгагчид худал мэдээлсэн..., 8.11-т "Хохирлын шалтгаан тодорхой бус, нөхөн төлбөрийг шийдвэрлэх үед хохирлын шалтгааныг тогтоох боломжгүй болсон хохирол гэж тус тус заасныг үндэслэн нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэснийг Санхүүгийн зохицуулах хороо үндэслэлгүй гэж үзэж байна.
Тодруулбал, дээрх тохиолдол нь зам тээврийн осолд хамааралгүй зөвхөн тээврийн хэрэгслийн салхины шилэнд учирсан хохирол бөгөөд тухайн тохиолдолд даатгуулагч даатгалын зүйлд учирсан гэмтлийг мэдсэн даруйдаа даатгагчийн шуурхай албаны утсанд мэдэгдсэн байна. Мөн талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээнд шилний эрсдэлийг зам тээврийн ослоос үл хамаарах шалтгаанаар үүссэн урд хойд салхи, хаалганы шилэнд учирсан хохирол гэж тодорхойлж Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтыг үндэслэн даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэж, хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор Санхүүгийн зохицуулах хороонд мэдэгдэхийг даатгуулагчид үүрэг болгосон.
Санхүүгийн зохицуулах хороонд даатгуулагч иргэн Б.З*******аас 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлсэн гомдолд ******* даатгал ХХК нь 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн*******2-1148 дугаартай албан тоотоор Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг биелүүлэхгүй талаар мэдэгдсэн.
Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/2646 тоот албан бичгийг даатгагч болон даатгуулагчид хүргүүлсэн. Тус албан бичгээр даатгагч Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш буюу Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасан Аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно гэж заасан ба ******* даатгал ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандаж шийдвэрлүүлээгүй байгаа нь даатгуулагчийн эрх ашиг зөрчигдсөн байсан тул Даатгалын тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.10 дахь хэсэгт даатгуулагч болон хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж тус тус заасныг үндэслэл болгон даатгуулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хохирлыг барагдуулах талаар хуулийн хүрээнд шаардлагатай арга хэмжээг авч Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.13 дугаар зүйлийн 15 хэсгийн 15.18 дахь заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, дээрх үйл баримт нь холбогдох нотлох баримтуудаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтны зүгээс 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 001******* дугаартай шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулж шийдвэрлэсэн гэв.
2.13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Санхүүгийн зохицуулах хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль болон банкнаас бусад санхүүгийн бүх салбарын нийт 30 гаруй хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавьж ажилладаг. Хяналт тавих чиг үүргийн хүрээнд Санхүүгийн зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтан буюу улсын байцаагч Зөрчлийн тухай хуульд заасан зөрчилд тооцохоор үйлдэлд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хяналт шалгалт явуулдаг. Энэ эрх хэмжээний хүрээнд тухайн зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлж, зөрчил үйлдсэн тохиолдолд холбогдох шийтгэлийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу оногдуулдаг.
Энэ маргаанд Санхүүгийн зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтан буюу улсын байцаагч М.******* ******* даатгал ХХК-д холбогдуулж Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 15 дах хэсгийн 15.18-т заасан эрх бүхий байгууллагаас өгсөн даалгаврыг биелүүлээгүй үйлдэлд холбогдуулж зөрчлийг нээж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу арга хэмжээ авсан.
Энэ арга хэмжээний хүрээнд нэхэмжлэгч талаас маргаан бүхий албан бичгийг үндэслэж байна. Маргаан бүхий албан бичиг нь 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын гарын үсэгтэй нөхөн төлбөрийн асуудлыг урьдчилан шийдвэрлэсэн албан бичиг. Санхүүгийн зохицуулах хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль болон Даатгалын тухай хуульд заасны дагуу аливаа даатгалын үйл ажиллагаатай холбоотой гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэж, хариуг нь талуудад хүргүүлдэг. Энэ маргааны хувьд тухайн даатгалын тохиолдолтой холбоотой асуудлыг Санхүүгийн зохицуулах хороо урьдчилан шийдвэрлэж даатгалын компанийг нөхөн төлбөр олгох нь зүйтэй гэдэг байдлаар хариуг хүргүүлсэн. Энэ үүрэг даалгаврыг биелүүлээгүй үйлдэлд Санхүүгийн зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтан буюу улсын байцаагч Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан өөрийн бүрэн эрхийн хүрээнд зөрчлийн хэрэг нээж уг асуудлыг шийдвэрлэсэн. Гомдол гаргагч талаас Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан хяналт шалгалтын эрх хэмжээний хүрээнд эрхээ хэтрүүлсэн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 15 дах хэсгийн 15.18 дахь хэсэгт Санхүүгийн зохицуулах хорооны эрх бүхий албан тушаалтан маргааныг шийдвэрлэнэ гэж зохицуулсан учраас Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн зүгээс эрх хэмжээгээ хэтрүүлсэн зүйл байхгүй гэж үзэж байна.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу санхүүгийн салбарын оролцогчид хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгч нар даатгуулагчийн эрх ашиг сонирхлыг хамгаалах, мөн Даатгалын тухай хуульд заасан даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах чиг үүргийн хүрээнд Даатгалын тухай хуулийн 73 дугаар зүйл буюу хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор арга хэмжээ авсан.
Даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэх шийдвэрийг эрх хэмжээний хүрээнд хянан шалгадаг. Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэг, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэг зааснаар Санхүүгийн зохицуулах хороо тухайн асуудлыг урьдчилан шийдвэрлэдэг. Шийдвэрлэсэн маргааны биелэлтийг хангуулах арга хэмжээг Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч нар Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэгжүүлдэг. Гомдол гаргагч талаас Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль Даатгалын тухай хуульд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчид арга хэмжээ авах эрх хэмжээ байхгүй гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж хариуцагч талаас нэхэмжлэлийн татгалзлаа дэмжиж оролцож байна. Хариуцагчийн зүгээс хууль тогтоомжид заасны дагуу зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн процесс ажиллагаа явуулсан. Тиймээс гомдол гаргагчийн ашиг сонирхлыг зөрчөөгүй учраас шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, гомдол гаргагч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр гомдол гаргагч ******* Даатгал ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.******* 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 001******* дугаар шийтгэлийн хуудсаар ...иргэн Б.З*******аас Санхүүгийн зохицуулах хороонд 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан ******* даатгал ХХК нь хорооны 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/2646 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэхээр мэдэгдсэн боловч тус компани нь шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 15.18 дахь хэсэгт заасныг үндэслэн 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.
Гомдол гаргагч нь гомдлын шаардлагын үндэслэлээ ...үнэлгээг эрх бүхий этгээдээр үнэлүүлээгүй учраас даатгагчийн хохирлыг шууд олгох боломжгүй, шүүхээр маргах эрхийг хаасан, Хорооны 2024 оны 07 сарын 26-ны өдрийн 3/2646 дугаар албан бичгийн хариуг тогтоосон хугацаанд нь хүргүүлсэн байхад зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй гэж тодорхойлсныг хариуцагч ...Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалтыг үндэслэн...даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэх үүргийн хүрээнд шаардсан, уг шаардлагыг биелүүлээгүй тул зөрчил гэж үзэж шийтгэл ногдуулсан, тухайн даатгалын тохиолдолтой холбогдуулан маргааныг урьдчилан шийдвэрлэж даатгалын компанийг нөхөн төлбөр олгох нь зүйтэй гэж үзэж мэдэгдэл хүргүүлсэн, эрх хэмжээг хэтрүүлээгүй... гэж тайлбарлан маргав.
Зөрчлийн хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл иргэн Б.З*******аас Санхүүгийн зохицуулах хороонд 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хандаж, ...******* даатгал ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/2646 дугаар албан бичгийн дагуу нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэхгүй байна гэх гомдол гаргаснаар 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр улсын байцаагч М.******* нь 2******* дугаар зөрчлийн хэрэг нээж, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 001******* дугаар шийтгэлийн хуудсаар ...иргэн Б.З*******аас Санхүүгийн зохицуулах хороонд 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр гаргасан ******* даатгал ХХК нь хорооны 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/2646 тоот албан бичгээр нөхөн төлбөр олгох асуудлыг шийдвэрлэхээр мэдэгдсэн боловч тус компани нь шийдвэрийг биелүүлээгүй гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 15.18 дахь хэсэгт заасныг үндэслэн 5,000,000 төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар Даатгалын тухай хууль зөрчих хэсгийн 11.13 дугаар зүйлийн 15-д Даатгагч, 11.13 дугаар зүйлийн 15.18-д эрх бүхий байгууллагаас өгсөн даалгаврыг биелүүлээгүй, 15.22 дахь хэсэгт зааснаар ...эрх бүхий байгууллагад бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол... хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэл ногдуулахаар заасан.
Түүнчлэн Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд болон зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг урьдчилан шийдвэрлэнэ, 33.2-д Зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч нь Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно гэж, Даатгалын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Зохицуулах хороо дараахь үндэслэлээр даатгагчид албадлагын арга хэмжээ авч болно, 67.1.4-д Зохицуулах хорооноос энэ хуулийн 73 дугаар зүйлд заасны дагуу өгсөн даалгаврыг биелүүлээгүй, 73 дугаар зүйлийн 73.1-д Зохицуулах хороо даатгагчид албадлагын арга хэмжээ авахдаа дараахь агуулга бүхий даалгаврыг өгч болно, 73.1.10-д даатгуулагч болон хувьцаа эзэмшигчийн ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх гэж тус тус заасан.
Хуулийн дээр дурдсан заалтуудаас үзвэл Санхүүгийн зохицуулах хороо нь иргэн Б.З*******аас ирүүлсэн гомдлын дагуу тухайн даатгалын тохиолдлын талаархи тусгай зөвшөөрөл эзэмшигч болон үйлчлүүлэгчийн хоорондын маргааныг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэж уг шийдвэрээ маргааны оролцогчдод 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/2646 дугаар албан бичгээр хүргүүлснээр тухайн маргаанд оролцогч талууд гэрээний асуудлаар болон хохирол төлбөрийн асуудлаар шүүхэд хандах боломж нээгдэж улмаар маргааныг шүүхийн журмаар эцэслэн шийдвэрлэхээр нарийвчлан зохицуулагдсан гэж үзэхээр байна.
Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооноос тухайн асуудлыг хянаж захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэр гаргасны дараа дахин тухайн шийдвэртэй холбогдуулж 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан ...******* даатгал ХХК-ийн эрх бүхий байгууллагын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа зөрчлийг хянан шийдвэрлэж, зөрчлийн улмаас хохирлыг арилгах арга хэмжээ авч өгнө үү гэх иргэн Б.З*******ын гомдлын дагуу хариуцагч Улсын байцаагч нь ******* даатгал ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 15.18 дах хэсэгт эрх бүхий байгууллагаас өгсөн даалгаврыг биелүүлээгүй гэж заасан зөрчил гаргасан гэж үзэж шийтгэл ногдуулсан нь хууль бус, тухайн шийтгэлийн хуудасны улмаас тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Учир нь:
Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/2646 дугаар албан бичгээр ******* даатгал ХХК-д ...даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгуулагчид учирсан хохирлын нөхөн төлбөрийг олгох асуудлыг шийдвэрлэж, шийдвэрийн талаарх мэдээллийг 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн дотор тус хороонд болон даатгуулагчид мэдэгдэх-ийг үүрэг болгосны хариуд ******* даатгал ХХК-иас 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн*******2-1148 дугаар албан бичгээр ...гэрээний 8.2.3-т Даатгуулагч даатгалын зүйл болон нөхөн төлбөрийн талаар даатгагчид худал мэдээлсэн, 8.11-т Хохирлын шалтгаан тодорхой бус, нөхөн төлбөрийг шийдвэрлэх үед хохирлын шалтгааныг тогтоох боломжгүй болсон хохирол гэж тус тус заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн шийдвэрээ хэвээр үлдээж байгаа-г мэдэгдсэн үйл баримтууд тогтоогдож байна.
Энэ тохиолдолд, Хорооны ажлын албаны 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 3/2646 дугаар албан бичиг нь нэгдүгээрт, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 73.1.10-д заасан албадлагын арга хэмжээний хүрээнд өгч буй даалгавар биш, хоёрдугаарт, тухайн албан бичгээр иргэн Б.З*******д даатгалын нөхөн төлбөр олгохыг компаниас шууд шаардсан нь маргаанд оролцогч талуудын хувьд шүүхэд хандах эрхэд халдсан, тэдний эрх ашгаа хамгаалж маргах эрхийг хөндсөн хууль бус мэдэгдэл гэж үзнэ.
Түүнчлэн маргааны оролцогч талууд Санхүүгийн зохицуулах хорооны урьдчилан шийдвэрлээд гаргасан шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргах эрх нь нээлттэй төдийгүй даатгалын нөхөн төлбөрийг хариуцагчийн шаардсанаар шууд төлөх үүрэг ******* даатгал ХХК-д үүсэхгүй, гэрээнд энэ талаар талууд нарийвчлан зохицуулсан ба өнөөдрийн байдлаар талууд гэрээний маргаанаа Иргэний хэргийн шүүхэд шийдвэрлүүлэхээр хандсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Иймд ******* даатгал ХХК-ийг Санхүүгийн зохицуулах хорооноос өгсөн даалгаврыг биелүүлээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, тус компани нь Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 15.18-д заасан эрх бүхий байгууллагаас өгсөн даалгаврыг биелүүлээгүй зөрчил гаргаагүй байх тул энэ талаархи хариуцагчийн ... ******* даатгал ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандаж шийдвэрлүүлээгүй байгаа нь даатгуулагчийн эрх ашиг зөрчигдсөн байсан тул Даатгалын тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.10-д заасан арга хэмжээг хэрэгжүүлсэн гэх тайлбар бодит үнэнд нийцэхгүй байна.
Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Захиргааны байгууллагаас тодорхой асуудлыг шийдвэрлэхдээ хууль, захиргааны хэм хэмжээний актаар зөвшөөрөгдсөн боломжит хувилбаруудаас аль нэгийг хэрэглэх, эсхүл хэрэглэхгүй байхыг сонгох боломж гэнэ, 42.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол захиргааны байгууллага эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан шаардлагад үндэслэн зорилгодоо нийцүүлэн сонгох боломжийг хэрэглэнэ гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.7-д Шүүх захиргааны байгууллага сонгох боломжийг хэрэглэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан захиргааны акт, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчсөн эсэхийг шалгана гэж заасан.
Үүнээс үзвэл хариуцагч Улсын байцаагч нь өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласны улмаас түүний гаргасан шийтгэлийн хуудас хууль зөрчсөн үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул 001******* дугаар шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож ******* даатгал ХХК-иас гаргасан Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.*******ын 2024 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн 001******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Зөрчлийн тухай хуулийн 11.13 дугаар зүйлийн 15.18, Даатгалын тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1.10-д заасныг тус тус үндэслэн ******* даатгал ХХК-иас гаргасан гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагч М.*******ын 2024 оны 10 дугаар сарын 23-ний өдрийн 001******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН