Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 197/ШШ2025/00270

 

 

 

 

 

 

 

2025 01 22 197/ШШ2025/00270

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: У-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: У/-д холбогдох,

Гэм хорын хохиролд 3,599,710 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Даваагэрэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гандиймаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.         Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй.

2.         Нэхэмжлэгч Г.Даваагэрэлт нь хариуцагч А.Идэрболдоос гэм хорын хохиролд 3,599,710 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Зохигчид гэм буруугийн талаар маргаагүй. Харин нэхэмжлэгчийн нэхэмжилж буй мөнгийг гэмт хэрэг үйлдэгдсэний улмаас учирсан хохиролтой шалтгаант холбоотой эсэх дээр маргаж байна.

3.         Зохигчид дараах үндэслэлээр, нэхэмжлэлийн үндэслэл, татгалзлаа тодорхойлсон. Үүнд:

3.1       Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр А.Идэрболд нь намайг зодож, хамар ясны хугарал, зүүн доод зовхи, хамрын цус хуралт зэрэг хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 913 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон. Би 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хамрын самалдаг таславчийн хамт засах хагалгаанд 2,900,000 төгрөгөөр, шинжилгээ, эм тариа, ариутгалын бодис, мэс заслын ор хоног зэрэг бусад төлбөрт 699,710 төгрөгийг төлсөн тул нийт 3,599,710 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.

 

3.2       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, зохих хохирлоо шүүхийн шатанд төлсөн...Г.Даваагэрэлтийн тухайд нэхэмжлэлдээ эмнэлэгт болон эмийн санд төлсөн төлбөрийн баримтыг л хавсаргасан байгаа бөгөөд эмнэлэгт хэрхэн үзүүлсэн, уг эмнэлгээс ямар, ямар эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлсэн, эмнэлгээс ямар дүгнэлтийг хийсэн зэрэг эмчилгээтэй холбоотой баримтууд огт хавсаргаагүй байна...Өөрөөр хэлбэл, Г.Даваагэрэлт өөрийн эрүүл мэнддээ надаас үл шалтгаалж, дахин гэмтэл авсан, эсхүл өөрийн буруутай үйлдлийн улмаас гэмтлийг сэдрээсэн байж болохоор байна...Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

 

4.         Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 913 дугаартай Шийтгэх тогтоолоор 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Г.Даваагэрэлт нь зодооныг салгах зорилгоор А.Идэрболдын араас татахад түүнийг зодож, биед нь хамар ясны хугарал, зүүн доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, духанд зулгаралт бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдон, тухайн хэрэгт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн байна. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх дээр талууд маргаагүй.

Хариуцагч А.Идэрболд нь нэхэмжлэгчийг зодож, хамар ясны хугарал, зүүн доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, духанд зулгаралт бүхий хөнгөн гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүх хариуцагчийн гэм буруугийн талаар дахин нотлохгүй.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгасантай холбоотой эмчилгээ, үйлчилгээний зардлыг хариуцагчаас нэхэмжилж буй тул талуудын хооронд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлд заасан бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахтай холбоотой харилцаа үүссэн байна.

 

5.         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн гэм буруугийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг арилгасан зардлаа шаардах эрхтэй.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 913 дугаартай Шийтгэх тогтоолоор хариуцагч А.Идэрболд нь нэхэмжлэгчийг зодсоны улмаас түүнд хамар ясны хугарал, зүүн доод зовхи, хамрын нуруунд цус хуралт, духанд зулгаралт бүхий хөнгөн гэмтлийг учруулсан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Г.Даваагэрэлт нь хамрын самалдгийг таславчийн хамт засах мэс засалд орсон нь хариуцагчийн дээрх гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаантай холбоотой гэж үзнэ. Иймд хариуцагч талын гаргасан нэхэмжлэгчийн энэхүү эмчилгээ үйлчилгээний зардал нь гэмт хэргийн улмаас үүссэн гэмтэлтэй холбоотой эсэх эргэлзээтэй гэх агуулгаар гаргасан тайлбар нь үндэслэлгүй.

Нэхэмжлэгч Г.Даваагэрэлт нь ЭМЖЖ чих хамар хоолойн эмнэлэгт 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хооронд хэвтэн эмчлүүлж, хэвтэхийн өмнөх шинжилгээнд 183,000 төгрөг, хамрын самалдгийг таславчийн хамт засах мэс заслын төлбөрт 2,900,000 төгрөг, мэс заслын ор хоногийн төлбөрт 240,000 төгрөг, нийт 3,323,000 төгрөгийг төлсөн болох нь тус эмнэлгийн үйлчлүүлэгчийн хяналтын карт, төлбөр төлсөн баримтуудаар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 11-12, 33-36-р тал/

Харин нэхэмжлэгчээс гарган өгсөн ЭМЖЖ эмийн сан гэсэн 35,000 төгрөгийн баримт, Нобо ХХК гэсэн 115,710 төгрөгийн баримт, Хос хун эмийн сан гэх 100,000 төгрөгийн баримт, 26,000 төгрөгийн баримтууд нь хэн эм авсан нь тодорхойгүй, хэрэгт хамааралтай эсэх нь эргэлзээтэй, нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 276,710 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. /хх-ийн 11-12-р тал/

 

6.         Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангагдсан хэсэг болох 3,323,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 68,118 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Идэрболдоос 3,323,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Даваагэрэлтэд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 276,710 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.          Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Идэрболдоос улсын тэмдэгтийн хураамжид 68,118 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

3.         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1 дэх хэсэгт зааснаар хэргийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дах хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ДОЛГОРСҮРЭН