Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00151

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00151

 

УУХҮЯны

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Э.Золзаяа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/02439 дугаар шийдвэртэй

УУХҮЯны нэхэмжлэлтэй хариуцагч Г ХХК-д холбогдох

геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж 584 785 038 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Санчигдорж, Т.Мөнхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Сумъяабазар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Санчигдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уул, уурхай, хүнд үйлдвэрийн УУХҮЯ ашигт малтмалын газар нь 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Г ХХК-тай Геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, Баянхонгор аймгийн Жинст, Баацагаан, Баян-Овоо, Өлзийт сумдын нутагт орших Жинстийн 3610,11 кв.км талбайд 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг нийт 634 785 038 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр харилцан тохиролцсон. Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт гэрээний нийт дүн 634 785 038 төгрөг байна. Үүнээс төвлөрсөн төсвөөс 2012 онд 93 249 591 төгрөг, 2013 онд 342 714 082 төгрөг, 2014 онд 187 205 365 төгрөг, 2015 онд 11 616 000 төгрөг гэж заасны дагуу УУХҮЯ төсвөөс 584 785 038 төгрөгийг гаргуулж, Г ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Гэвч Г ХХК-ийн зүгээс гэрээт ажил болох Жинстийн 3610,11 кв.км талбайд 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг одоог хүртэл гүйцэтгээгүй, ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүлээлгэн өгөөгүй. УУХҮЯны 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 06/638 тоот албан бичгээр Г ХХК-ийн захирал Т.Хд ажил гүйцэтгэх нэмэлт хугацааг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөр тогтоож, ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн хүлээлгэн өгөхийг шаардсан боловч хариуцагчийн зүгээс ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, гэрээний ноцтой зөрчил гаргасан. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Г ХХК-тай байгуулсан, геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний үүрэгт төлсөн 584 785 038 төгрөгийг буцаан шаардаж байна. Иймд Г ХХК-аас 584 785 038 төгрөгийг гаргуулж, Уул, уурхай, хүнд үйлдвэрийн УУХҮЯанд олгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Т.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Уул уурхайн УУХҮЯны нэхэмжлэлээр тус компанийг хариуцагчаар шүүхэд дуудсан талаарх бичгийг 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн байна. Бид нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Учир нь нэгэнт хийгдсэн ажлын дагуу гүйцэтгэлээр санхүүжилт хийгдэж байсан. Иймэс шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд холбогдох нотлох баримтыг гаргаж өгнө гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч Г ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 584 785 038 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч УУХҮЯанд олгож, Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Г ХХК-аас 3 081 875 төгрөгийг нөхөн гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн өмгөөлөгч П.Баярмагнай давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр тус компанийн туслах ажилтан Д.Баярмаад нэхэмжлэлийг хүлээн авахад шүүх хуралд төлөөлөн оролцоход гэх утга бүхий итгэмжлэлийг захирал Т.Х олгосон байна. Улмаар тухайн өдөр болох шүүх хуралдааныг хариуцагчийн хүсэлтээр буюу өмгөөлөгч авах үндэслэлээр хойшлуулжээ. Энэхүү хуралдаанаар дараачийн шүүх хуралдааныг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 08 цаг 30 минутад товлон хуралдуулахаар тогтсон байна. Ингээд 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баярмаа нь өвчтэй учир акттай байсан тул тухайн хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох баримтыг шүүхэд хүргүүлэхээр кассын нярав Ц.Өнөр-Ундрах шүүхэд очсон боловч шүүх хуралдаан эхэлчихсэн байсан тул шүүхэд гарган өгч чадаагүй байна. Шүүх өөрийн гаргасан захирамжийн биелэлтийг хангуулж, хариуцагч нарын хууль эрх зүйн мэдлэггүй байдлыг харгалзан үзэж шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах боломж байсан гэж үзэж байна. УУХҮЯ нь 2012-2015 онуудын хооронд хариуцагч байгууллагад тодорхой хэмжээний санхүүжилт өгч байсан нь үнэн боловч дээрх санхүүжилтийг өмнөх санхүүжилтээр гүйцэтгэсэн ажлын тайлан, үр дүнг хүлээн авсны дараа олгодог байсан. Өөрөөр хэлбэл төрөөс шилжүүлсэн дээрх мөнгөөр гэрээгээр тохирсон ажлаа хийчихсэн гэсэн үг юм. Ямар ч ажил хийлгүйгээр дараагийн санхүүжилт авах боломж гэрээгээр ч байхгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс өнгөрсөн хугацаанд гүйцэтгэсэн ажлуудаа нэгтгэж тайлагнаагүй гэдэг шаардлага тавьсан бөгөөд хариуцагч байгууллагын зүгээс дээрх бүх процесстой холбоотой нотлох баримтыг шүүхэд гарган өгч мэтгэлцэхийг хүсэж байна. Иймд хариуцагч байгууллагыг маргаантай холбоотой нотлох баримт гарган өгч өмгөөлөгчийн хамт шүүхэд мэтгэлцэх боломжоор хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагад нийцээгүй байна.

Нэхэмжлэгч УУХҮЯ нь Г ХХК-д холбогдуулан геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж 584 785 038 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд талууд 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянхонгор аймгийн Жинст, Баацагаан, Баян-Овоо, Өлзийт сумын нутаг дэвсгэрт орших Жинстийн 3610,11 кв.км талбайд 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг гүйцэтгэх, хариуцагч нь 634 785 038 төгрөгийн санхүүжилтийг олгохоор тохиролцсон байна. /хх.4/

Гэрээний 2.3-т Гэрээний нийт дүн 634 785 038 төгрөг. Үүнээс 2012 онд 93 249 591 төгрөг, 2013 онд 342 714 082 төгрөг, 2014 онд 187 205 365 төгрөг, 2015 онд 11 616 000 төгрөг гэж 4 хувааж төлнө гэсэн агуулгаар тодорхойлсон, мөн гэрээний 3.6-д Захиалагч нь гэрээний дагуу гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын геологийн даалгаврын биелэлт, ажлын гүйцэтгэлийн акт, анхдагч баримт материал хүлээн авсан тухай актыг үндэслэн гэрээний төлбөрийг гүйцэтгэгчид төлөх үүрэг хариуцлага хүлээж байна гэж тус тус заажээ.

Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...хийгдсэн ажлын гүйцэтгэлээр санхүүжилт өгсөн гэсэн тайлбарыг гаргасан байна. /хх.49/

Дээрх гэрээний 2.3-т заасны дагуу нэхэмжлэгч тал хариуцагчийн хийж гүйцэтгэсэн ажлыг хэсэгчлэн эсхүл бүхэлд нь хүлээн авах үед баримт материал хүлээн авч, акт үйлдэн мөнгө өгөхөөр тохиролцсон болохыг нарийвчлан заагаагүй байх боловч дээрх заалтуудыг харьцуулж дүгнэхэд төлбөрийг хувааж төлөх талаар тохиролцсон, хувааж төлөх бүрт акт үйлдэж ажлын гүйцэтгэлийг тогтоосны үндсэнд төлбөрөө төлөх агуулгаар тохирсон гэж үзэхээр байна.

Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар ...нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх бөгөөд маргааны үйл баримтыг талуудаас тодруулж, тэдний мэтгэлцүүлсний үндсэн дээр зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангана гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Харин шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан, эрх үүрэг тайлбарлан танилцуулсан, шүүх хуралдааны товыг удаа дараа мэдэгдсэн, өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж нэг удаа шүүх хуралдааныг хойшлуулсан, хойшлуулсан хугацааны товыг мэдэгдсэн. Энэ хугацаанд хариуцагч тал нотлох баримт гаргах, өмгөөлөгч оролцуулах боломжтой байжээ.

Түүнчлэн хэргийн оролцогчид шүүх хуралдаанд бэлтгэх үүрэгтэй бөгөөд хоцорч ирсэн нь шүүхийн буруутай үйл ажиллагаа биш байх тул уг үндэслэлээр давж заалдсан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасан шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлож, хэргийн болон шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг мэдэгдэх ажиллагаа бүрэн хийгдсэн байх тул анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд, маргааны үйл баримтад дүгнэлт хийх, ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/02439 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 3 082 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

  ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ц.ИЧИНХОРЛОО