Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/18

 

                                             Ө.Э*******т холбогдох эрүүгийн

                                                              хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн, Ерөнхий шүүгч Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанд

Прокурор: М.Сайнзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Цэрэнчимэд нарыг оролцуулан

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/203 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор П.Шижиртуяагийн гаргасан эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ө.Э*******т холбогдох эрүүгийн 2315000000140 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Монгол Улсын иргэн, Ө.Э

Ө.Э******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө цуг архи ууж байсан Н.М*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймгийн Прокурорын газраас Ө.Э*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/203  дугаар шүүгчийн захирамжаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Я******* овогт Ө*******ын Э*******т холбогдох эрүүгийн 2315000000140 дугаартай хэргийг Булган аймгийн прокурорын газарт буцааж, шүүгдэгч Ө.Э*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор П.Шижиртуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

“...Прокурорын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2315000000140 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт тогтоол үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана...” гэсэн, 4 дэх хэсэгт заасан “Прокурорын тогтоолын тодорхойлох хэсэгт тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтын жагсаалт, нотлох баримтыг тус бүрд тусгагдсан мэдээллийн хэр хэмжээг тогтоож тусгана” гэсэн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолын тодорхойлох хэсэгт яллагдагч Ө.Э*******ын үйлдсэн гэмт хэргийн нотлох баримтууд болох хохирогч Н.М*******ийн мэдүүлэг, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №125 дугаартай шинжээчийн дүгнэлт, яллагдагчийн хэрэг нь эрүүгийн хуулийн ерөнхий анги болон тусгай ангид заасан аль шинжээрээ гэмт хэрэг болохыг дүгнэсэн хууль зүйн дүгнэлт зэрэг авагдсан байна. Мөн тогтоох хэсгийн 1 дэх заалтад "Бүртгэлийн М-1025 дугаартай гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд Булган аймгийн Могод сумын 1 дүгээр баг Ар тэрэгт гэх газарт оршин суух хаягтай Я******* овгийн Ө*******ын Э******* (РД.ГЕ04233017) нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Могод сумын 1 дүгээр багийн нутагт 2023 оны 5 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө цуг архи ууж байсан Н.М*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь хөлөөрөө өшиглөж биед нь хөнгөн хохирол санаатай учируулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай” гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг бүрэн хангасан байна.

Харин Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2315000000140 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтад яллагдагчийн нэрийг өөрөөр бичсэн нь техникийн шинжтэй алдаа байхаас гадна мөрдөгчид даалгасан прокурорын шийдвэр байгаа ба яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан, эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн хэргийг мөрдөн байцаалтанд буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Прокурор М.Сайнзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх яллагдагчаар татах тогтоолд  хэнд холбогдуулж яллагдагчаар татсан эсэх нь тодорхойгүй гэдэг үндэслэлээр буюу Э******* гэсэн нэрийг М******* гэж  бичсэн гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан. Энэхүү шүүгчийн захирамжид прокурор П.Шижиртуяа 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 07 дугаартай эсэргүүцэл бичсэн байна. П.Шижижртуяа прокурор ээлжийн амралтаа авсан тул прокурор М.Сайнзаяа миний бие томилгоогоор П.Шижиртуяа прокурорын гаргасан эсэргүүцэлийг дэмжиж оролцоно. Эсэргүүцэлд прокурорын 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 2315000000140 дугаартай эрүүгийн хэргийг үүсгэж яллагдагчар татах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолын тогтоох хэсэгт Ө.Э*******ын үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлодон тогтоогдож байна. Яллах дүгнэлтийг тогтоох хэсгийн 1 дүгээр хэсэгт Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлд заасан хэсгийг бүрэн хангасан байна. Харин 4 дэх хэсэгт яллагдагчийн нэрийг өөрөөр бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасан. Яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэл байхгүй байна. Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/203 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй  болгож өгнө үү“ гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ө.Э*******т холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, захирамжийг бүхэлд нь хянаж үзэв.

2. Булган аймгийн  прокурорын газраас шүүгдэгч Ө.Э*******ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө цуг архи ууж байсан Н.М*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүр хэсэгт нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

3. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажилла*******ы явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

4. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид “...Н.М*******, Ө.Э******* нарын алинд холбогдуулан прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн, уг тогтоол болон яллагдагчид танилцуулах хуулийн зохицуулалтыг хэнд танилцуулах, дээрх гэмт хэрэгт хэнийг яллагдагчаар татсан талаархи агуулга ойлгомжгүй” гэж үзсэн нь үндэслэл бүхий байх боловч

Прокурорын 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолын тогтоох хэсэгт тогтоол үйлдсэн прокурорын нэр, албан тушаал, ямар гэмт хэрэг хэзээ, хаана үйлдэгдсэн, сэжигтний эцэг/эх/-ийн нэр, өөрийн нэр, Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заана...” гэсэн, 4 дэх хэсэгт заасан “Прокурорын тогтоолын тодорхойлох хэсэгт тухайн хүнийг гэмт хэрэг үйлдсэн болохыг нотлох баримтын жагсаалт, нотлох баримтыг тус бүрд тусгагдсан мэдээллийн хэр хэмжээг тогтоож тусгана” гэсэн шаардлагыг бүрэн хангасан байх бөгөөд яллагдагчаар татсан тогтоолын нэрний зөрүүг арилгуулах нь хэргийг шүүх шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой нөхцөл байдал болж чадахгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

5. Түүнчлэн шүүгдэгч Ө.Э******* нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг хүлээн авч прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянан үзэх ба уг хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6-д “шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргана” гэж зааснаар анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой.

6. Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/203 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор П.Шижиртуяагийн гаргасан эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй байна.

Харин прокурорын газар нь цаашид энэ мэт техникийн шинжтэй алдаа гаргахгүй, гаргаж буй эрх зүйн актаа хянаж байвал зохино.

7. Шүүгдэгч Ө.Э*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2023/ШЗ/203 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор П.Шижиртуяагийн гаргасан эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ө.Э*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

          

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Л.АРИУНЦЭЦЭГ   

     

 

                                    ШҮҮГЧИД                                      Т.ДАВААСҮРЭН

 

 

                                                                                           Д.АЗЖАРГАЛ