Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2024 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 112/ШШ2025/0001

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн би тус аймгийн Есөнбулаг сумын иргэн А.С-гаас Цээл сумын Засаг дарга Д.Б-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад: 

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

А.С шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: А.С-г ажлаас чөлөөлсөн Цээл сумын Засаг даргын 2024 оны 11-р сарын 28-ны өдрийн Б/16 дугаартай захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулж, 2024 оны ээлжийн амралтын мөнгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 110.-р зүйлийн 110.2 дахь хэсэгт зааснаар 1.5 дахин нэмэгдүүлж олгохыг даалгах гэжээ.

Нэхэмжлэлийн үндэслэлдээ: А.С миний бие нь Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн төвд мэргэжилтэн хийж байхад Цээл сумын Засаг дарга Д.Б холбогдож манай эмнэлэгт эмч байхгүй байна. Ковид манай сумд ихсээд байна, ирж ажиллаач гэсэн саналын үндсэн дээр Цээл сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг орлон гүйцэтгэгчээр Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн захирамжаар томилогдон ажилласан.

Гэтэл 2024 оны орон нутгийн сонгуулиар Цээл сумд Монгол Ардын Нам нутгийн өөрөө удирдах байгууллагыг толгойлох болсонтой холбоотой Засаг дарга ажилаа өгөх болоход сумд байхгүй атлаа 2024 оны 11-р сарын 28-ны өдөр А.С намайг ажлаас чөлөөлсөн захирамж гаргасан байсан бөгөөд өнөөдрийг хүртэл миний ажлыг хүлээж аваагүй. Миний бие нь тус сумын Эрүүл мэндийн төвийг 2025 оны магадлан итгэмжлэлд оруулж байхад тамгын газраас ажлыг чинь авъя гэж залгасан учир байдлаа хэлэхэд за дараа болъё гээд тасарсан. Гэвч одоо жилийн эцсийн төсөв санхүү гүйлгээ хийхэд хүндрэлтэй нөхцөл үүсч байна яаралтай шийдвэрлэж өгнө үү.

Мөн миний бие нь 2024 оны ээлжийн амралтаа авч чадаагүй бөгөөд ээлжийн амралт өгөөгүй, амаралтаа авах гэж удаа дараа орсон боловч ой өнгөрөөгөөд амар гэж байсан дараа нь орж хүсэлт тавихад 12 сард амар гээд амруулаагүй байж байснаа гэнэт ажлаас чөлөөлсөн. Ингээд ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй. Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 110-р зүйлийн 110.2 дахь хэсэгт зааснаар 1.5 дахин нэмэгдүүлж олгохоор хуульчилсан тул мөн нэхэмжлэл гаргаж байна. Байнгын ажлын байранд ямар нэгэн болзолгүй томилсон атлаа, ямар нэгэн шалтаг шалтгаан, үндэслэлгүйгээр, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссанаар ажлаас чөлөөлсөн. Мөн ээлжийн амралт олгоогүй, ээлжийн амралтын тооцоо хийлгүйгээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус учир гомдол гаргаж байна гэжээ.

 Хариуцагч Цээл сумын Засаг дарга Д.Б шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Цээл сумын Засаг дарга ажилтай Д.Б нь тус шүүхэд гаргасан А.С-гийн нэхэмжлэлийн шаардлага болох Цээл сумын Засаг даргын 2024 оны 11-р сарын 28-ны өдрийн Б/16 дугаартай захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулж, 2024 оны ээлжийн амралтын мөнгийг Хөдөлмөрийн тухай хуулийн 110.-р зүйлийн 110.2 дахь хэсэгт зааснаар 1.5 дахин нэмэгдүүлж олгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

                                              ҮНДЭСЛЭХ нь:

Тус аймгийн Есөнбулаг сумын иргэн А.Сгийн нэхэмжлэлтэй, Цээл сумын Засаг дарга Д.Б-т холбогдох А.Сг ажлаас чөлөөлсөн Цээл сумын Засаг даргын 2024 оны 11-р сарын 28-ны өдрийн Б/16 дугаартай захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулж, 2024 оны ээлжийн амралтын цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 110-р зүйлийн 110.2 дахь хэсэгт зааснаар 1.5 дахин нэмэгдүүлж олгохыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Цээл сумын Засаг дарга  Д.Б нь Цээл сумын Засаг даргын 2024 оны 11-р сарын 28-ны өдрийн Б/16 дугаартай захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулж, 2024 оны ээлжийн амралтын цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 110-р зүйлийн 110.2 дахь хэсэгт зааснаар 1.5 дахин нэмэгдүүлж олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр ирүүлсэн байна. Энэхүү хүлээн зөвшөөрч байгаа үйлдэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хариуцагчийн эрхийн хүрээнд байна гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан. 

Иймд хариуцагчийн зөвшөөрлөөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд холбогдох хуулийг зөрчөөгүй байна гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсарган, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан Есөнбулаг сумын иргэн А.С- гийн нэхэмжлэлтэй, Цээл сумын Засаг дарга Д.Б- т холбогдох Цээл сумын Засаг даргын 2024 оны 11-р сарын 28-ны өдрийн Б/16 дугаартай захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулж, 2024 оны ээлжийн амралтын цалинг Хөдөлмөрийн тухай хуулийн 110.-р зүйлийн 110.2 дахь хэсэгт зааснаар 1.5 дахин нэмэгдүүлж олгохыг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

 

 

                       ШҮҮГЧ                                    Ч.ОЮУНСҮРЭН