Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2017/0850

 

221/МА2017/0850

Д.Э-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г нарын оролцуулан Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г нарын гаргасан давж заалдах гомдлоор, Д.Э-ын нэхэмжлэлтэй, Орхон аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Д.Э 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/211 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 29 дүгээр шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2-т заасныг тус тус баримтлан Д.Э-ын “Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/211 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Анхан шатны шүүх Захиргааны ерөнхий хуулийг хэрэглээгүй, захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийг ноцтой зөрчсөн талаарх байдалд дүгнэлт хийгээгүй тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах бол урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах зарчмын хүрээнд нэхэмжлэгч Д.Э Орхон аймгийн Засаг дарга заавал урьдчилан мэдэгдэх, саналыг авах, сонсох ажиллагаа явуулж, шийдвэр гаргах хуульд заасан үүргийг хүлээдэг.

Захиргааны ерөнхий хуулийн 13, 15, 24, 25, 26, 32 дугаар зүйлүүдэд заасныг Орхон аймгийн Засаг дарга сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа хэрэгжүүлээгүй буюу Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу маргаан бүхий газрыг 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх, газрын төлбөр төлөх хугацааг яагаад хоцруулсан, газар эзэмших гэрээг дүгнүүлэх талаар албан бичгийг хүлээж авсан эсэх талаар нэхэмжлэгчээс тайлбар авч, нөхцөл байдлыг тодруулах, нотлох баримт цуглуулах, захиргааны шийдвэрийн хувийн хэрэг хөтлөх, хяналтын дагалдах хуудсыг бүрдүүлээгүй.

Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд огт дүгнэлт хийлгүйгээр шийдвэр гаргасан. Хариуцагч сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа дээрх сонсох ажиллагаа явуулаагүй болох нь хавтаст хэрэг болон хариуцагчийн тайлбараар нотлогддог.

Захиргааны ерөнхий хууль 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж байгаа атал шүүх уг хуулийг хэрэглэхгүй байгаа нь буруу жишиг тогтоож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ” гэж заасан.

Гэтэл энэхүү хэрэгт хариуцагч байгууллага Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон журмыг зөрчиж захиргааны акт гаргасан ба анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийг хэрэглээгүй, яагаад хэрэглээгүй талаар тайлбарлаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 дугаар зүйлд заасныг зөрчсөн.

Мөн Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасан зорилтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх зорилгыг шүүхээс анхаарч үзэлгүйгээр шийдвэрлэж байгаа нь үндэслэлгүй байна.

2. Холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар:

2.1.Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зохих хууль тогтоомж, гэрээний дагуу газрын төлбөр төлнө гэж хуульчилсны дагуу нэхэмжлэгч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багт 1 дүгээр хорооллын 6 дугаар байрны урд байрлах орон сууцны зориулалттай газрыг 2013 оноос эзэмшиж, газар эзэмшүүлэх гэрээнд заасан хэмжээгээр жил бүр газрын төлбөрөө төлсөн.

Нэхэмжлэгч зөвхөн 2017 оны эхний улирлын 15000 төгрөгөө хугацаа хоцроож төлсөн байдаг. Хариуцагч тал эхний улирлын газрын төлбөрөө хугацаандаа төлөөгүй талаар нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэж газрын төлбөрөө хугацаандаа төлөх талаар албан бичиг явуулаагүй, Газар эзэмшүүлэх гэрээний 3 дахь хэсгийн 3.6 дахь заалтад төлбөрийг хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.5 хувиар хоног тутам алданги төлөх урьдчилан авах арга хэмжээг хэрэгжүүлээгүй.

Тухайн жилийн газрын төлбөрийн тооцоог нийлэн, акт үйлдсэний эцэст маргаан бүхий захиргааны акт гаргах эсэх асуудлыг шийдвэрлэхээр байхад татварын албанаас татвар төлөгдсөн эсэх талаар лавлагаа аваагүй байхад шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй.

Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсэгт зааснаар Татварын алба татвар ногдуулалт, төлөлтөд хяналт тавих, татвар хураах тухай хуулийн дагуу газрын төлбөрийн ногдуулалт, төлөлтөд хяналт тавих үүрэгтэй байгууллага юм. Анхан шатны шүүх “...2014 оны газрын төлбөрийг бүтэн жил төлөөгүй 2015 онд тушааж байсан болох нь тогтоогдсон, мөн газрын төлбөрийг удаа дараа гэрээнд заасан хугацаанд төлөөгүй болох нь нотлогдож байна” гэж зохигчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийсэн.

Нөгөө талаас Газрын тухай хуульд газрын төлбөрөө удаа дараа хожимдуулж төлсөн тухай заалт байхгүй зохицуулалтыг үндэслэл болгон дүгнэлт хийсэн. Хэргийн оролцогчид газрын төлбөрөө өмнөх онуудад хугацаа хожимдуулж төлж байсан талаар маргаагүй.

2.2.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт зааснаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг Улсын дээд шүүхээс тайлбарлахдаа “...газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно” гэж тайлбарласан.

Нэгдүгээрт, маргаан бүхий газрыг 2 жил дараалан ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай буюу “Э-О” ХХК-ийн хууль бус эс үйлдэхүйн улмаас газраа зориулалтын дагуу ашиглаж чадаагүй буюу нэхэмжлэгчээс хамаарах шалтгаан үүсээгүй.

Тодруулбал, “Э-О” ХХК, захирал В.Г тус газартай холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийг шүүх хянах явцад талууд 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, 2013 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 987 дугаар “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гарсан бөгөөд тус эвлэрлийн гэрээгээр “Э-О” ХХК нь маргаан бүхий газарт 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 2 жилийн дотор 10 давхар, 1 орцтой орон сууцны барилгыг өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барьж дуусгах тухай тохиролцсон.

Нэхэмжлэгч шүүгчийн 987 дугаар захирамжийг албадан гүйцэтгэх хүсэлт гаргаж, шүүхээс гүйцэтгэх хуудас олгосон боловч шүүгчийн захирамжийг тодруулах хэрэгтэй гэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хариултын дагуу шүүгчийн захирамжийг тодруулах хүсэлт гаргасан боловч тодруулах боломжгүй гэсэн хариулт ирсэн байдаг.

“Эрдэнэт-Оргил” ХХК тус үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж одоо тус хэрэг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа болно.

Нэхэмжлэгч өөрөөс хамаарах бүхий л арга хэмжээг авч тус газарт нийт 35,205,000 төгрөгний зардлыг гаргаж барилгын суурь ухсан байдаг. Дээрх зардалтай холбоотой баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх газар эзэмшигч нарын хооронд үүссэн маргаан болохоос захиргааны байгууллагын буруу биш гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Захиргааны байгууллагын үйл ажиллагаатай хамааралгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаан байгаа нөхцөлд газар эзэмших эрхийг хэвээр үлдээх хуулийн зохицуулалттай.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Улсын дээд шүүхийн 2006 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Газрын тухай хуулийг шүүхийн практикт нэг мөр ойлгож, зөв хэрэглэх тухай” зөвлөмжид “...Харин газар дээрээ хашаа барьсан, манаач байрлуулсан, эзэмшигчийн зөвшөөрөлгүй бусдад ашиглуулсныг зориулалтын дагуу ашигласан гэж үзэхгүй байвал зохино” гэснийг үндэслэсэн нь буруу байна.

Учир нь хуулийг хэрэглэж шийдвэр гаргах ёстой байтал Улсын дээд шүүхийн зөвлөмжийг үндэслэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад үл нийцнэ. Нөгөөтэйгүүр шүүх хэнээс ч хараат бусаар шийдвэр гаргах ёстой байтал Улсын дээд шүүхийн зөвлөмжийг үндэслэл болгож байгаа нь шүүхийн хараат бус байдалд нийцэхгүй байна. Газар эзэмшигч нь барилгын суурь ухаж барилга барих ажлыг эхлүүлсэн нь тухайн газрыг ашигласан гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

2.3.Газрын тухай хуульд газар эзэмших гэрээний биелэлтийг дүгнэх талаар тусгайлсан зохицуулалт байдаггүй. Талууд газар эзэмшүүлэх гэрээндээ газар эзэмших гэрээг дүгнэх талаар хоёр талын үүрэг байхаар харилцан тохиролцсон байдаг. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/211 дүгээр захирамжид “...газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх тухай мэдэгдлийн дагуу гэрээгээ дүгнүүлээгүй зөрчил гаргасан” гэж тусгасан байдаг.

Үүний дагуу газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх тухай эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгчид мэдэгдэл ирээгүй, мэдэгдлийн дагуу дүгнүүлээгүй гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй талаар нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр тайлбарласан. Хариуцагчаас 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн 92 дугаар албан тоотоор нэхэмжлэгчид гэрээ дүгнүүлэх талаар мэдэгдсэн гэж тайлбарлаж байгаа боловч явуулсан бичгийн бүртгэлийн дэвтэр Д.Э-т хүлээлгэн өгсөн хэсэг дээр нэхэмжлэгч гарын үсэг зураагүй байхад шүүх газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн хэмээн дүгнэж байгаа нь үндэслэлгүй.

2.4.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт зааснаар эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн бол газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай хуулийн зохицуулалттай.

Дээрх зохицуулалтад заасан “удаа дараа” гэдгийг мөн зүйлийн 40.1.2 - 40.1.6 дахь хэсэгт зааснаас бусад хэлбэрээр хууль тогтоомж, гэрээний нөхцөлийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн байхыг ойлгоно. Ноцтой зөрчлийг газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний нөхцөл болзлын онцлогтой холбогдуулан харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг гэрээнд нэрлэн заасан байна.

Газрын төлбөрөө удаа дараа гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан хугацаанд төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй зэрэг Газрын тухай хууль болон гэрээнд заасан нөхцөл болзлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй хэмээн нэхэмжлэгчийг Газрын тухай хууль 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

2.5.Маргаан бүхий газрыг нэхэмжлэгч 15 жилийн хугацаатай орон сууцны зориулалтаар эзэмшсэн. Мөн газар эзэмшүүлэх гэрээг 15 жилийн хугацаатай байгуулсан. Д.Э болон “Э-О” ХХК-иас маргаан бүхий газраа зориулалтын дагуу 2 жилийн хугацаанд ашиглаж чадаагүй талаар эрх олгосон байгууллагад мэдэгдэж хугацаа сунгуулах талаар арга хэмжээ арга хэмжээ аваагүйг дурдах нь зүйтэй талаар хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Холбогдох хуулиудад газраа зориулалтын дагуу 2 жилийн хугацаанд ашиглаж чадаагүй бол 2 жилийн хугацааг сунгах талаар тусгайлсан зохицуулалт байдаггүй.

2.6.Эвлэрлийн гэрээгээр /2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн/ газрын хамтран эзэмшигчээр “Э-О” ХХК-ийг бүртгэсэн. 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/211 дүгээр Орхон аймгийн Засаг даргын захирамжаар Д.Э олгосон аймгийн Засаг даргын 2013 оны 91 дүгээр захирамжийг хүчингүй болгохоор заасан буюу зөвхөн Д.Э холбогдуулж тус захирамжийг гаргасан. Гэтэл анхан шатны шүүх хамтран эзэмшигч “Э-О” ХХК-тай холбоотой нөхцөл байдалд огт дүгнэлт хийгээгүй.

Иймд Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 27 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.  

Шүүх нэхэмжлэгчид тухайн газрын эзэмших эрх хэрхэн үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийх байдлаар маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийг нягталсан тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхээр байв.

Анх 2006 онд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн нутагт байршилтай 375 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлэхээр явагдсан дуудлага худалдааны ялагч Ч.Б уг газрыг 12.243.750 төгрөгөөр худалдан авч, аймгийн Засаг даргын мөн оны 80 дугаар захирамжаар 23 жилийн хугацаатай эзэмшүүлсэн, харин Ч.Б-с гаргасан хүсэлтийг үндэслэн 2012 оны 258 дугаар захирамжаар газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч Д.Э шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Гэвч Орхон аймгийн Засаг дарга 2012 оны 348 дугаар захирамжаар дээрх захирамжийг хүчингүй болгосонтой холбоотой захиргааны хэрэг хянагдах явцад хариуцагчаас 375 м.кв газрын байршлыг өөрчлөн, Баян-Өндөр сумын Зэст багийн 1 дүгээр хороолол, 6 дугаар байрны урд мөсөн каток байрлах 600 м.кв газрыг Д.Э эзэмшүүлэхээр харилцан эвлэрсний дагуу тус аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 5 дугаар захирамжаар “Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй” болгон шийдвэрлэжээ.

Улмаар аймгийн Засаг даргын 2013 оны 2 дугаар сарын 22-ний өдрийн А/91 дүгээр захирамжаар одоогийн маргаж буй 600 м.кв газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, мөн газрын хэмжээний зөрүү болох 225 м.кв газрын эзэмших эрхийн үнэд 4.500.000 төгрөгийг төрийн санд тушаахыг Д.Э даалгасан байна.

Эндээс дүгнэхэд Д.Э эзэмшүүлсэн газрын 375 м.кв-д дуудлага худалдаагаар эзэмших эрх анх үүссэн, 225 м.кв-д эзэмших эрхийн үнэ төлөгдсөн, үндсэндээ шүүхийн маргааны явцад эвлэрсний үндсэн дээр нэхэмжлэгчид 600 м.кв газар эзэмших эрх үүссэн байгааг хариуцагч маргаан бүхий захирамжийг гаргахдаа анхаарах шаардлагатай байсан.

Газар эзэмшүүлэх гэрээнд газрын төлбөрийг улирал бүрийн эхний сарын 25-ны дотор төлөхөөр тусгасан ч Д.Э хувьд 2014, 2015 оны төлбөрийг хугацаа хожимдуулж буюу 2015, 2016 онд, мөн 2017 оны эхний улирлын төлбөрийг мөн оны 4 дүгээр сарын 26-ны өдөр төлж байсан зэргээс үзэхэд гэрээнд заасан хугацаанд бус ч газрын төлбөрийг бүрэн төлж байсан, харин ч төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний 3.6-д заасан алданги тооцох арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, газрын төлбөрөө төлөөгүй талаар сануулж, мэдэгдэж байсан зүйл тогтоогдохгүй байна.

Газар эзэмшүүлэх гэрээг дүгнэх нь газар эзэмшүүлэгч, газар эзэмшигчийн хоёулангийнх нь үүрэг байхаар гэрээнд заасан байна. Хариуцагчийн зүгээс газар эзэмшүүлэх гэрээг дүгнүүлэх мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэн гэж тайлбарлаж байгаа ч Орхон аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн дээрх мэдэгдлийг Д.Э гардан авсан тухай хэрэгт байхгүй, явуулсан бичгийн бүртгэлээс харахад хүлээн авсан талаар бичилт хийгдээгүй байна.

Иймд газар эзэмшүүлэх гэрээг дүгнэх тухай мэдэгдлийг хүлээн авсаар байж, очиж гэрээгээ дүгнүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй.

Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр эзэмшил газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх зөрчлийн тухайд нэхэмжлэгч 600 м.кв газрыг бусдаас тусгаарлаж хашаалсан, барилгын суурь ухсан зэргийг уг газрын анхны эзэмшил хэрхэн үүссэнтэй харьцуулан үзэхэд энэхүү үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгон, Д.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг тус тус баримтлан Орхон аймгийн Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн А/211 дүгээр захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г нарын давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН