Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2016/01162

 

Б.Нямдоржийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/01840 дүгээр шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1074 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч : Б.Нямдорж   

Хариуцагч : Хурдгрупп ХХК

Нэхэмжлэлийн шаардлага :  4.478.000 төгрөг гаргуулах

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага : 5.702.000 төгрөг гаргуулах

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баттөрийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Энхжин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Түвшинтамир, хариуцагчийн төлөөлөгч П.Баттөр,  нарийн бичгийн даргад И.Хажидмаа  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хурдгрупп ХХК-тай 2013.6.14-ний өдөр Баянгол дүүргийн 3-р хороо Нарны хороолол орон сууцны 42-р байрны 28 тоот 74.7 м.кв талбайн хэмжээтэй 3 өрөө орон сууцыг 134.460.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээг байгуулсан. Хурдгрупп ХХК-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, орон сууцны төлбөрийг бүрэн төлснөөр орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Ингээд тусгай зөвшөөрөл бүхий Тоонот Гранд ХХК-иар хэмжүүлэхэд худалдан авсан 74.7 м.кв орон сууц нь 2,19 м.кв талбайгаар дутуу болох нь тогтоогдсон. Иймд илүү төлсөн 3.942.000 төгрөг, хэмжилт хийлгэхэд төлсөн зардал 130.500 төгрөг, өмгөөллийн хөлс 394.200 төгрөг, нотариатын зардал 12.000 төгрөг, нийт 4.478.700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.                                                                            

Хариуцагч шүүхэд гаргаж өгсөн хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэлийг  зөвшөөрөхгүй. Хурдгрупп ХХК нь 2013.6.14-ний өдөр Нарны хороололд 74.7 м.кв талбай бүхий орон сууц барьж өгсөн. Орон сууц нь Стандарт хэмжил зүйн газрын баталсан “Орон сууцны талбай тооцох аргачлал”-д зааснаар хэмжилтийн дагуу   гүйцэтгэдэг. Аргачлалыг хэрхэн ойлгож, ашигласнаас хамаарч хэмжилт дутуу байна гэх үндэслэлгүй гомдол гардаг. Хурд групп ХХК  байрны хэмжилтийг стандартын дагуу хийсэн. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Хурдгрупп ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ :  Б.Нямдорж нь 2013.6.14-ний өдөр Орон сууцны барилгыг захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэрээний 2.1.1-т  заасны дагуу гэрээнд гарын үсэг зурсан даруй үнийн дүнгийн 30 хувь буюу 40.338.000 төгрөг төлөхөөс 20.338.000 төгрөг дутуу төлж гэрээнд заасан хугацаанаас 71 хоног хоцорч төлсөн байна. Иймд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувь буюу 1.443.998 төгрөг, мөн 2.1.2 дахь хэсэгт заасны дагуу 2013.9.25-ны өдрийн дотор 53.784.000 төгрөг төлөх ёстой байтал энэ үүргээ биелүүлээгүй явсаар 2013.12.9-ний өдөр буюу хугацаанаасаа 14 хоног хоцорч төлбөр төлжээ. Иймд  хоног тутам 53.784 төгрөг буюу 752.976 төгрөг үлдэгдэл төлбөр 40.338.000 төгрөгийг 2013.12.25-ны өдрийн дотор төлөх үүргээ 8 хоног хэтрүүлсэн буюу 322.704 төгрөгийн алданги, нийт 5.702.000  төгрөг алдангид  нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргаж өгсөн хариу тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Төлбөрийг гэрээнд заасан хугацаандаа болон харилцан тохиролцсон хугацаанд төлсөн гэжээ.        

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/01840 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.1, 352.2.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хурдгрупп ХХК-иас 3.846.000 төгрөг гаргуулан Б.Нямдоржид олгож, нэхэмжлэлээс 632.700 төгрөгийн шаардлагыг 5.702.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн хамт  хэрэгсэхгүй болгосон байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1074 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.1-д заасны дагуу гэрээнд гарын үсэг зурсан даруй үнийн дүнгийн 30 хувь буюу 40.338.000 төгрөг төлөхөөс 20.338.000 төгрөгийг дутуу төлж гэрээнд заасан хугацаанаас 71 хоног, 2.1.2-т заасны дагуу 2013.9.25-ны дотор 53.784.000 төгрөг төлөх ёстой байтал энэ үүргээ биелүүлэхгүй явсаар 2013.12.09-ний өдөр буюу хугацаанаасаа 14 хоног, үлдэгдэл төлбөр болох 40.338.000 төгрөгийг 2013.12.25-ны өдөр төлөх үүргээ 8 хоног тус тус хугацаа хожимдуулан төлсөн нь нийт 5.702.000 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч тал төлөх ёстой хэмээн нэхэмжилсэн юм. Гэтэл анхан шатны шүүх үндсэн үүргээ биелүүлсэн, байранд орох зөвшөөрөл өгсөн, гэрээнд алданги 30 хоног тооцно гэсэн нь сөрөг нэхэмжлэлийг хангахгүй байх шүүхийн шийдвэрийн үндэслэл боллоо гэж үзсэн нь хууль тогтоомжтой нийцэхгүй байна. Шүүх талуудын хооронд байгуулсан гэрээг ажил гүйцэтгэх гэрээ гэж дүгнэсэн атлаа захиалагч буюу Б.Нямдоржийн гэрээгээр хүлээсэн хугацаандаа төлбөрөө төлөөгүйгээс гүйцэтгэгч талд учирсан алдангийн хохирлыг хангахгүй орхисон нь хууль тогтоомжтой нийцэхгүй байна. Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тохирсон хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувиар алданги тооцон нэхэмжилснийг хангах үндэслэлтэй гэж үзэж байна. Алдангийн агуулга нь үүргээ гүйцэтгээгүй хугацаагаар тооцогдох бөгөөд гэрээгээр хугацааг хязгаарлаагүй. Гэрээнд заасан 30 хоног алданги тооцно, дараа нь гэрээг цуцална гэсэн зохицуулалт нь 30 хоног алданги тооцоод гэрээг цуцална өөр захиалагчид байрыг санал болгох эрхтэй эсхүл Иргэний хуулийн дагуу хоног тутамдаа алданги тооцоод явах гэсэн агуулгатай. Анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч шинжээч томилсон атлаа тэрхүү шинжээчийг эрх бүхий бус хэмээн үзсэн нь хариуцагчийн хүсэлт хангагдаагүй нөхцөл байдал үүсэн байна. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

                                                                ХЯНАВАЛ:

Б.Нямдорж шүүхэд нэхэмжлэл гаргаж Хурдгрупп ХХК-иас орон сууцны талбайн зөрүүд илүү төлсөн 3.942.000 төгрөг, хэмжилт хийлгэхэд гарсан зардал 130.500 төгрөг, өмгөөллийн хөлс 394.200 төгрөг, нотариатын зардал 12.000 төгрөг нийт 4.478.700 төгрөг гаргуулахыг хүссэн байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй маргахдаа сөрөг нэхэмжлэл гаргаж нэхэмжлэгчээс алданги 5.702.000  төгрөг гаргуулахыг шаарджээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлээс талбайн 2.13 кв.м зөрүү 3.834.000 төгрөг, нотариатын зардал 12.000 төгрөг нийт 3.846.000 төгрөг хангаж үлдэх шаардлагыг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Баянгол дүүргийн 3-р хороо Нарны хороолол орон сууцны 42-р байрны 28 тоот  3 өрөө орон сууцны талбайг хэмжсэн тухай таван баримт хэрэгт авагдсан байх бөгөөд Тоонто гранд ХХК, Шинэ Их Холдолт ХХК-иар зохигчид хэмжилт хийлгэсэн /хх 11, 41/, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК, Уран Асар ХХК, Лэндс ХХК-ийг шүүх хариуцагчийн хүсэлтээр шинжээчээр томилж дүгнэлт гаргуулжээ. /хх 48, 75, 183/   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүгч захирамж гарган шинжээчийг томилно. Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19-23 дугаар зүйлд зааснаар шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус, эсхүл шинжилгээ хийлгэж байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон тохиолдолд  нэмэлт шинжилгээ хийнэ. Харин шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал  дахин шинжилгээ хийнэ.

Шүүх хариуцагчийн хүсэлтээр 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 3787 дугаар захирамжаар Уран Асар ХХК, 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр  102/ШЗ2015/25120 дугаар захирамжаар Лэндс ХХК шинжээчээр томилохдоо дахин эсхүл нэмэлт шинжилгээ хийлгэсэн нь тодорхойгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн  47.1, 47.2, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19.1, 20.1-г зөрчжээ. Түүнчлэн, 3 шинжээчийн хоёрт нь эрх, үүргийн талаар танилцуулаагүй /хх 74, 75/ атлаа гаргасан дүгнэлтийг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д нийцээгүй байна. 

Шүүх шинжээч томилохдоо хуульд заасан журмыг зөрчсөн тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийн шаардлагыг хангасан гэж үзэхгүй. 

Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх бөгөөд энэ тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн бол шийдвэрийг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6, 168. 1.7-н зохицуулалтыг давж заалдах шатны шүүх хэрэглээгүй нь буруу болжээ.    

Шүүх хэрэг  хянан шийдвэрлэх  ажиллагааны журам зөрчсөн тул  нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийн талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2016/01840 дүгээр шийдвэр,  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1074 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 167.718 төгрөгийг Хурдгрупп ХХК-д захирамжаар буцааж олгосугай. 

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                   ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ