Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 78

 

“Б о д ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад  

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Г.Банзрагч

                                                    Б.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга:       Э.Номин-Эрдэнэ

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “Баян oвоо дэлгэр цогт” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0673 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2019/0051 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0673 дугаар шийдвэрээр: Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай 12 дугаар зүйлийн 1, 33 дугаар зүйлийн 1, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б о д ц” ХХК -ийн Байгал орчин, аялал жуулчлалын сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0051 дүгээр магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2018/0673 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б о д ц” ХХК-ийн гаргасан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалын “Б о д ц” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тогоодуламын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно" гэж заасны дагуу 11 дүгээр зүйлийн 7 дэх хэсэгт заасан “...аялагч тур буудаллах, отоглох  зориулалтаар барьсан орон байр..."-ны зориулалтаар Сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А/491 тушаалаар 5 жилийн хугацаатай эрх олгосон газрыг/гэрчилгээний хугацаа 2016 оны 12 дугаар сарын 26-нд дууссан/ “Б о д ц” ХХК ашиглахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 7 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.2.1, 22.6 дахь хэсэг, Барилга хот байгуулалтын сайдын хамтарсан 2015 оны А230/127 дугаар тушаалаар батлагдсан “Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам" - ын 2.3.2, 2.6, 2.9 хориглосон заалтуудыг тус тус зөрчсөн болох нь ашиглах талбайдаа аялал жуулчлалын чиглэлээр барилга байшингийн цогцолбор барих төсөл, эскиз, зураг гарган барьж байгуулахаар холбогдох байгууллагаар батлуулсан, Туул голын эргийн урд уулын энгэр хэсэгт байрладаг зэрэг байдлаас тогтоогдож байна. Мөн Баянзүрхийн товчооноос Яармагийн гүүр хүртэлх Туул голын сав газрын тусгай хамгаалалтын бүсэд газар эзэмших, ашиглахтай холбоотой зөрчлүүд гарч байгаатай холбогдуулан Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хэлэлцүүлгээр Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 7/4111 чиглэл ирүүлсний дагуу газар ашиглах эрх дуусгавар болгох захиргааны захиргааны 2018.03.29-ний өдрийн А/76 дугаар акт гарсан. Сонсох ажиллагааг Яамны албан ёсны сайт болох "mne.mn"-аар 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 306 дугаар эрх цуцлах мэдэгдлээр “Б о д ц" ХХК-д мэдэгдэж байсан.

4. Энэхүү байдлыг анхан шатны шүүх буруу дүгнэж заавал дархан цаазат газрын буюу Туул голын байгалийн унаган төрхийг алдагдуулсны дараа зөрчил гэж үзэхээр байна гэж хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан. Учир нь маргаан бүхий захиргааны актаар уул нурааж, усны нөөцийг бохирдуулж. хомсдохоос сэргийлэх, голын бургас мод сүйтгэх, тухайн орчны төлөө байдал байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчин хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулах нь тодорхой хуулийн этгээдийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон. Хууль зөрчиж, хот төлөвлөлт эвдэж, ард иргэдийн эрүүл аюулгүй байх нөхцөлд сөргөөр нөлөөлөх, дархан цаазат газрын унаган төрхийг алдагдуулах, хууль зөрчин барилга, байгууламж барьсан өнөөдрийн Зайсан толгойтой ижил хэмжээнд очихуйц нөхцөл байдал бий болсноор дархан цаазат газрын унаган төрх байдал болон тухайн аж ахуйн нэгж байгууллага хөрөнгө оруулалтаар хохирч, нөхөн сэргээлт, нөхөн төлбөр гарч болзошгүй. Иймд нотлох баримтыг дутуу үнэлж, хууль буруу хэрэглэж, тайлбарлан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 0051 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн А/76 дугаар тушаалаар “усны нөөцийг бохирдож хомсдохоос сэргийлэх, голын бургас модыг сүйтгэх, уул нурааж тухайн орчны төлөв байдал, байгалийн унаган төрхийг алдагдуулан дархан цаазат газрын нийтлэг дэглэм горимыг зөрчиж буй” гэх үндэслэлээр нэр бүхий 28 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар ашиглах эрхийг дуусгавар болгож шийдвэрлэсэн, уг тушаалын үйлчлэлд нэхэмжлэгч “Б о д ц” ХХК-ийн газар хамаарсан, нэхэмжлэгчээс “... хууль зөрчсөн ямар ч үйл ажиллагаа явуулаагүй, захиргааны акт бодит нөхцөлд нийцээгүй” гэж маргаж, уг тушаалын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

6. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-491 дүгээр тушаал, үүнийг үндэслэн олгогдсон Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын 2011 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2011/162 дугаар гэрчилгээ, Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, Баянзүрх дүүргийн Засаг даргатай байгуулсан 2012 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 2011/462 дугаартай гурвалсан гэрээгээр нэхэмжлэгч “Б о д ц” ХХК-д Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс болох “Залаатын ам”-нд 2.1 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглуулсан, нэхэмжлэгч нь тус газар дээрээ ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй ба хашаалсан байдалтайгаар эзэмшилдээ байлгаж байгаа үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй болно.

7. Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах эрх дуусгавар болох үндэслэлийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, энэ маргааны хувьд уг зүйл, хэсгийн 2 дахь заалтад “тухайн тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горимыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг дуусгавар болгосон, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй бөгөөд хуулийн заалтаас үзэхэд, газар ашиглагч нь тусгай хамгаалалттай тухайн нутаг дэвсгэрийн хамгаалалтын горимыг зөрчсөн /бодитойгоор/-ий зэрэгцээ уг зөрчлийг удаа дараа гаргасан, эсхүл ноцтой хэлбэрээр зөрчсөн байх агуулгатай байна.

8. Анхан шатны шүүх маргаан бүхий газарт үзлэг хийж, нэхэмжлэгч нь уг газрыг бодитойгоор ашиглаагүй, хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулаагүй гэдгийг тогтоож, энэ байдлыг дүгнэсэн атлаа цаашид газрыг ашигласнаар “байгаль орчинд хор хохирол учруулах эрсдэлтэй” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т “шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэснийг зөрчжээ.

9. Давж заалдах шатны шүүх, маргааны үйл баримтыг бодит байдалд нийцүүлэн дүгнэж, хэрэглэвэл зохих Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасныг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2-т “хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан, шүүх хуралдаан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн бол давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх энэ хуулийн 121.1.1, 121.1.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана” гэсэнд нийцсэн байна.

10. Иймд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “...дархан цаазат газрын нийтлэг горимыг зөрчин хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулах нь тодорхой байхад заавал байгалийн унаган төрхийг алдагдуулсны дараа зөрчил гэж үзэхээр байна гэж хуулийг буруу хэрэглэсэн” гэх гомдлыг хангах боломжгүй.

11. Түүнчлэн, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “дархан цаазат газрын .../ хязгаарлалтын бүс/ газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болох”-оор, 27 дугаар зүйлийн 9-д “тусгай хамгаалалттай газар нутгийн зөвшөөрөгдсөн бүсэд тодорхой зориулалтаар ашиглаж болох газар, түүний хэмжээ, ашиглах журам, ... тогтоох” бүрэн эрхийн дагуу Байгаль орчны сайдын 2001 оны 218 дугаар тушаалаар “Тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах зөвшөөрөл олгох түр журам”-ыг баталсан, энэ журам нь тухайн харилцаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

12. Уг журмын 3.2, 3.3, 3.4-т зааснаас үзэхэд, тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулах тухай /сайдын/ шийдвэрийг газар ашиглах хүсэлт гаргасан этгээдийн тухайн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх “төсөл”-д хийсэн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд тулгуурлан гаргахаар журамласан, энэ тохиолдлын хувьд хэргийн оролцогчид уг асуудлаар маргаагүй хэдий ч нэхэмжлэгчийн “... гэрчилгээнд орхигдож бичигдсэн гэх талбайн солбицлыг нэмж бүртгүүлэх, газар ашиглах гэрээний хугацааг сунгуулах”-аар гаргасан хүсэлтэд холбогдуулан байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэхийг шаардсан, үүний дагуу ерөнхий үнэлгээ хийлгэж 2018 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр дүгнэлт гарсан, уг дүгнэлтэд байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийлгэх шаардлагатайг дурджээ.

13. Эндээс үзвэл, нэхэмжлэгч нь тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах “төсөл”-өө хэрэгжүүлснээр байгаль орчинд нөлөөлөх хор хохирлын талаар эрх бүхий этгээдийн дүгнэлт гараагүй, нэхэмжлэгчид тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглуулсан нь анхнаасаа хууль зөрчсөн гэх хариуцагчийн татгалзлын үндэслэл нь энэ маргааны зүйлтэй холбоогүй байхад анхан шатны шүүх “...газарт газар хагалах, ухах зэргээр байгалийн төлөв байдал, унаган төрхийг өөрчилсөн аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглосон,... маргаан бүхий газар нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд хамаарч байна” гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчсөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...давж заалдах шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлж, хууль буруу тайлбарлан шийдвэрлэсэн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

14. Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 221/МА2019/0051 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                           М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                   Ч.ТУНГАЛАГ