Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 197/ШШ2025/00023

 

 

 

 

 

 

 

2025 01 14 197/ШШ2025/00023

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Долгорсүрэн би,

Нэхэмжлэгч: Б/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б-т холбогдох,

Гэрээний үүрэгт 480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Студио сормуус салон ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Студио сормуус салон нь 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр сургалтын гэрээ байгуулан 14 хоног үнэгүй маникюр артистаар сургаж авсан. Энэ дагуу Сарангэрэлтэй 2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр сургалтын гэрээ байгуулан маникюр, артист чиглэллээр 14 хоногийн 1,000,000 төгрөгийн төлбөртэй сургалтанд хамруулж, 2 жилийн хугацаанд ажилласан тохиолдолд сургалтын төлбөрийг авахгүй байх харин ажилтан өөрийн санаачилгаар заасан хугацаанд ажиллахгүй ажлаас гарч байгаа тохиолдолд сургалтын төлбөрийг 100 хувь эргүүлэн төлөх нөхцөлтэй гэрээ байгуулсан. 10 дугаар сарын 26-ны өдөр эхлэн сургалт дууссан ажиллаж эхлэх байсан боловч Саранчимэг нь сургалтын хугацаанд архи ууж, сургалтаа хэд, хэдэн удаа таслаж, 10 дугаар сараас эхлэн ажиллах боломжгүй гэдгээ хэлж, сургалтын төлбөрөө 12 дугаар сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар тохиролцсон боловч одоог хүртэл төлөөгүй байна. Иймд Саранчимэгээс 480,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Б.Саранчимэг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Саранчимэг миний бие Студио сармуус салон ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 480,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөв,шөөрч байна. 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүхэлд нь төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Студио сормуус салон ХХК нь хариуцагч Б.Саранчимэгт холбогдуулан 480,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа хариуцагч Б.Саранчимэг нь нэхэмжлэлийн шаардлага болох 480,000 төгрөгийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гарган ирүүлсэн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулан тогтоож, хуульд заасан журмаар гаргуулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 758 дугаар зүйлийн 758.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Студио сормуус салон ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Саранчимэгт холбогдох, гэрээний үүрэгт 480,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15,050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 100200500941 тоот данснаас 7,525 төгрөгийг, хариуцагч Б.Саранчимэгээс 7,525 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                              ШҮҮГЧ                             Э.ДОЛГОРСҮРЭН