Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 2023/ДШМ/19

 

                                            Б.М*******т холбогдох эрүүгийн

                                                             хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: М.Сайнзаяа

Шүүгдэгч: Б.М*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Ган-Очир

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Цэрэнчимэд нарыг оролцуулан

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М*******ын гаргасан давж заалдах гомдлоор Б.М*******т холбогдох 2315000000105 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б.М

Б.М******* нь 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн Хавчирын ханга гэх газарт байрлах иргэн Ж.Б*******гийн эзэмшлийн эд зүйл хадгалах зориулалт бүхий амбаар буюу агуулахад 18 цагийн орчим хаалганы цоожийг осков төмрөөр хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч 20 кг орчим үхрийн махыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Булган аймгийн Прокурорын газраас: Б.М*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Б******* овогт Б*******ийн М*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг эд зүйл хадгалах зориулалттай агуулахад нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.М*******ыг 1 /нэг/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*******т оногдуулсан 1 /нэг/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*******ын цагдан хоригдсон 8 /найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М*******аас гэм хорын хохиролд 230.000 /хоёр зуун гучин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн Хавчирын ханга гэх газарт оршин суух, Жамъяншаравын Б*******д /РД: ГЖ76092911/-д олгож, шүүгдэгч нь хохирогч Ж.Б*******д хул зүсмийн даага өгч хохирлоо төлөхөө илэрхийлсэн болохыг дурдаж,

шүүгдэгч Б.М*******аас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг CD-ыг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган хадгалж, 34 см урттай, 7 см өргөнтэй төмөр хийцтэй хүрэн бор өнгийн осков хадаасыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг ерөнхий шүүгчийн тусгах Н.Эрдэнэбулганд тус тус даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.М******* давж заалдах гомдолдоо “...Би холбогдсон хэргийн талаар маргаан байхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоо сайн мэдэх учраас дураараа авирлан бусдын өмчид халдсан. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрч, 230 000 төгрөгийг  төлж барагдуулсан. Хохирогч гомдолгүй зэргийг харгалзан надад оногдуулсан 1 жил 10 хоногийн ялыг хорихоос өөр төрлийн ялаар өөрчилж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир шүүх хуралдаанд гаргарсан тайлбартаа: “Шүүгдэгч Б.М******* нь хохирол төлбөрөө барагдуулсан. Хохирогчийг гомдол саналгүйг шүүх харгалзан үзэж Б.М*******т оногдуулсан ялыг багасгаж өгнө үү” гэв.

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.М*******ыг Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгасан мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар уг гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогджээ. Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М*******ын гаргасан давж заалдах гомдолтой танилцахад хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн тогтоолд хуулийг буруу хэрэглэсэн үндэслэл тогтоогдохгүй байна. Б.М******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөлтэйгөөр уг гэмт хэргийг үйлдсэн. Энэ гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ялын санкцтай. Шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгааг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-т заасныг баримтлан ялын доод хэмжээнээс доош буюу 1 жил 10 хоногийг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Иймээс 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШТ/113 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.М*******ын гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.

2. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийн үйл баримт болон хэрэгт ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн тогтоосон байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх үед хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага ноцтой зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх Эрүүгийн хуулийг хэргийн үйл баримтад зөв тайлбарлаж хэрэглэжээ.

4. Шүүгдэгч Б.М******* нь 2023 оны 02 дугаар сарын 19-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн Хавчирын ханга гэх газарт байрлах иргэн Ж.Б*******гийн эзэмшлийн эд зүйл хадгалах зориулалт бүхий амбаар буюу агуулахад 18 цагийн орчим хаалганы цоожийг осков төмрөөр хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч 20 кг орчим үхрийн махыг хулгайлсан болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн: Уг хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутагт Хавчирын ханга гэх нэртэй газарт иргэн Ж.Б******* гэх хүний өвөлжөөний дэргэдэх амбаар байв. Уг амбаар нь өндөр 1.70 см, өргөн нь 1.50 см бүхий хэмжээтэй өвлийн идэш хадгалах зориулалттай байв гэх тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Хохирогч Ж.Б*******гийн “2022 оны 11 дүгээр сард би Орхон сумын Халиун багийн нутаг Хавчирын хана гэх газарт байдаг өвөлжөөндөө 4 ханатай монгол гэрийн дэргэд байрлах амбаарт үхрийн идэш бэлдээд хөлдөөгчид хийсэн юм. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 22-ны өдөр буюу цагаан сарын шинийн 2-ны өдөр эхнэр, хоёр хүүхдийн хамт гэртээ ирээд амбаараа нээгээд хөргөгчөө онгойлгоход үхрийн хаа байхгүй байсан. Тэгэхээр нь би манай өвөлжөөнд байдаг Таван халуун хочит Мөнхболдтой уулзаад чи яахаараа манай амбаараас мах хулгай хийдэг юм гээд уурлахад ахаа уучлаарай би авсан юм аа гээд хэрэг ээ хүлээсэн юм. ...Дал чөмгөөр нь эвдсэн үхрийн өрөөл хаа байсан. Бүтэн бол биш... Намайг тухайн үед ирэхэд амбаарын цоож бүтэн байсан харин зүүн талын цүүний хадаас нь хөшигдөөд доошилсон байсан. Цоож бол түгжээтэй хэвээрээ байсан. Би М*******т огт тийм зөвшөөрөл өгч байгаагүй. Намайг байхгүй үед гэрийн хаалга, амбаарын хаалга түгжээтэй байдаг... М******* гэдгийг одоо л мэдэж байна, өмнө Мөнхболд гэж дуудаад сурчихсан байсан... Надад гомдол, санал нэхэмжпэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг,

Гэрч Л.З*******гийн “2023 оны 02 дугаар сарын 21-ний өдөр буюу шинийн нэгний өдөр нөхөр Б******* болон хүүхдүүдийн хамтаар Халиун баг Хавчирын ханга гэх өвөлжөөндөө очиход манай монгол гэрийн гадна байрлах амбаарын цоожны цүү хөшигдөж эвдэрсэн байсан. Тэгээд Б******* амбаар руу ороод хөлдөөгчөө нээж үзэхэд жижиглэсэн үхрийн хаа байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг,

“Ашид билгүүн” хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн №ОРХ/6189 дугаартай: хязаалан насны үхрийн хаа мах 20 кг нийт 230.000 төгрөг гэх дүгнэлт,

Шүүгдэгч Б.М*******ын “Би 2023 оны 02 сарын 19-ний орой 18 цагийн үед Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн Хавчирын ханга гэх газарт байрлах гэртээ Хараа нэртэй 0.5 литрийн 1 шил архи ганцаараа уусан. Тэгээд хойд айл болох Б******* ахын амбаарын урд очиж явахад осков төмөр байхаар нь аваад амбаарын хаалгыг осковоор татахад цоож нь онгойж дотогш нэвтэрч амбаарын баруун тал хэсэгт байрлах хөргөгчийг онгойлгоод харахад үхрийн /хаа/ мах байхаар нь аваад өөрийн гэрт аваачиж тавиад гэртээ орж хэсэг унтаж байгаад гарч ирээд харахад алга болсон байсан гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 34 см урттай, 7 см өргөнтэй төмөр хийцтэй хүрэн бор өнгийн осков хадаас, хэргийн газрын үзлэгийг бэхжүүлсэн 1 ширхэг бичлэг бүхий CD  зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

5. Шүүгдэгч Б.М*******ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “өмчлөх эрхийн эсрэг” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

6. Шүүгдэгч Б.М******* нь ...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлсөн тул хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх давж заалдах гомдол гаргажээ.

7. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.М*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хариуцлагын зорилго, хууль ёсны ба шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан төрөл, хэмжээний дотор буюу 1 жил 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

8. Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М*******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

13. Шүүгдэгч Б.М******* нь 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс буюу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор цагдан хорьж, давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл 63 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан тул эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2023/ШЦТ/113 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.М*******ын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М*******ын 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 63 /жаран гурав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.АРИУНЦЭЦЭГ     

   

                                  ШҮҮГЧИД                                     Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                

                                                                                        Д.АЗЖАРГАЛ