| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Азжаргал |
| Хэргийн индекс | 2215002890314 |
| Дугаар | 2023/ДШМ/20 |
| Огноо | 2023-08-15 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 2023/ДШМ/20
Х.Т*******д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Ариунцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: М.Сайнзаяа
Шүүгдэгч: Х.Т*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Ган-Очир
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Цэрэнчимэд нарыг оролцуулан
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/122 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Т*******гийн гаргасан давж заалдах гомдлоор Х.Т*******д холбогдох 2215002890314 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Х.Т
- Сум дундын 4 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар 03 сарын баривчлах ялаар,
- Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хорих ялыг тэнссэн,
- Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 15 дугаартай шийтгэх тогтоолоор 11.7 дугаар зүйлийн 1, 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 07 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, 43 настай, эрэгтэй, регистрийн дугаар ГЙ79012410.
Х.Т******* нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны орой 22 цаг 40 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Тэшиг сумын Жаргалант 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.О*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, бие эрх чөлөөнд нь халдан толгойн зүүн зулай хэсэгт төмрөөр цохиж гавал тархины ил гэмтэл, зүүн зулай ясны цөмөрсөн бяцарсан хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал, хуйханд зүүн зулайд язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч Д.О******* нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны орой 21 цаг 05 минутын орчимд Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймгийн Прокурорын газраас: Х.Т*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч Гөрөөчин овогт Хишигхүүгийн Т*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсаны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Х.Т*******г 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т*******д оногдуулсан 7 /долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х.Т*******гийн цагдан хоригдсон 87 /наян долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Т*******д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Х.Т*******гаас 4.665.500 төгрөгийг гаргуулж Д.Ө, Г.С тус тус олгож, 2.000.000 / хоёр сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.С******* нь хүүхдийнхээ тэжээн тэтгэхтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэв загвар тодорхойгүй бууны гол төмөр нэг ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.Батсайханд тус тус даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Т******* давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ бууны гол төмрийг хараагүй, мэдэхгүй. Бууны гол төмрөөр цохисон бол энэ хүн тэр дороо л нас барна гэж ойлгож байна. Сүүлд л гарч ирсэн. Эхлээд талийгаач эхнэртэйгээ маргалдаж үсдэж чирээд байсан. Би боль гээд салгасан. Сүүлд нь намайг бууны гол төмрөөр цохиж хүнд гэмтэл учруулсны улмаас хүнд гэмтэл авч амь хохирсон гэж буруутгасан. Хавтаст хэрэгт хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй. Анх лоомоор цохисон, дараа нь бууны гол төмрөөр цохисон гэж зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн байдаг. Би бууны гол төмөр хаана байсныг ч мэдэхгүй байна. Энэ хүнд зүйлээр цохисон бол яаж энэ хүний амь нас тэсэх билээ. Тухайн үйл явдал болсноос хойш бараг 3 сар гарангийн дараа хохирогч нас барсан. Иймд надад холбогдуулан мөрдөн шалгасан хэргийн үнэн зөвийг тогтоож өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир шүүх хуралдаанд гаргарсан тайлбартаа: “...Энэ гэмт хэрэг хохирогчийн буруутай үйлдлээс болсон байдаг. Шүүгдэгч Х.Т*******гийн хувьд мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ төмрөөр цохиогүй өшиглөсөн гэдэг асуудал яригдаж байгаа. Хохирогчийн зүгээс гэм буруутай асуудал байдаг. Энэ хэргээс болоод нэг нь амь насаа алдаж, нэг нь ял эдлэх болсон харамсалтай зүйл болоод байна. Шүүгдэгч Х.Т*******д оногдуулсан 7 жилийн хорих ялыг багасгаж өгнө үү” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “... Х.Т******* нь уг гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Хохирогч Д.О*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, бие эрх чөлөөнд нь бууны гол төмрөөр толгойн тус газарт нь халдан толгойн зүүн зулай хэсэгт төмрөөр цохиж гавал тархины ил гэмтэл, зүүн зулай ясны цөмөрсөн бяцарсан хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал, хуйханд зүүн зулайд язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч Д.О******* нь хагалгаанд орж үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж байгаад 2022 оны 12 сарын 25-ны өдрийн орой 21 цаг 05 минутын орчимд Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж зүйлчлэл хүндэрсэн байдаг. Прокурор П.Шижртуяагийн хувьд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр өөрчлөлт оруулж бууны гох төмрийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл гэж хүндрүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолоор хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий шийдвэр гаргажээ. Шүүгдэгч Х.Т******* нь бууны гол төмөр хэрэглээгүй гэж давж заалдах шатны гомдол гаргасан байна. Төмрийг бол тусгайлан бэлтгэсэн зүйл гэж хүндрүүлэх нөхцөлөөр эрүүгийн хэрэг үүсгэж яллах дүгнэлт үйлдээгүй болохыг анхаарах нь зүйтэй байх. Бууны гол төмөр бол хэргийн газар нөхөн үзлэг хийхэд байсан. Мөн амь хохирогч нас барахаас өмнө өгсөн 2 удаагийн мэдүүлэг, гэрч Г*******ийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр гэмт хэрэг үйлдэхдээ бууны гол төмрийг ашигласан гэдэг нь нотлогдож байгаа.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/122 дугаартай шийтгэх тогтоолын 4 дэх заалтад шүүгдэгч Х.Т*******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хоногийг 87 хоног гэсэн байсан. Прокурор М.Сайнзаяа миний тоолж байгаагаар шүүгдэгч Х.Т*******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хоног нь 90 хоног байгаа юм. Шийтгэх тогтоолд 3 хоног дутуу бичсэн байсан. Шүүх үүнийг анхаарч үзэх нь зүйтэй. Өнөөдрийн байдлаар 145 хоног хоригдоод байна үүнийг магадлал дээр дурдуулахыг хүсэж байна. Хохирогч өөрөө гэр рүү орох гэж байхад араас цохичихлоо гэж мэдүүлэг өгсөн байдаг. Зэвсэг, зэвсгийн чанартай тусгайлан бэлтгэсэн зүйлээр уг гэмт хэргийг үйлдсэн гэдэг үндэслэлээр биш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэх зүйлчлэлээр хүндэрч байх тул шүүгдэгч Х.Т*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Х.Т*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.
2. Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийн үйл баримт болон хэрэгт ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн тогтоосон байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх үед хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага ноцтой зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх Эрүүгийн хуулийг хэргийн үйл баримтад зөв тайлбарлаж хэрэглэжээ.
4. Шүүгдэгч Х.Т******* нь 2022 оны 09 дүгээр сарын 03-ны орой 22 цаг 40 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Булган аймгийн Тэшиг сумын Жаргалант 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Д.О*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, бие эрх чөлөөнд нь халдан толгойн зүүн зулай хэсэгт төмрөөр цохиж гавал тархины ил гэмтэл, зүүн зулай ясны цөмөрсөн бяцарсан хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал, хуйханд зүүн зулайд язарсан шарх бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч Д.О******* нь 2022 оны 12 дугаар сарын 25-ны орой 21 цаг 05 минутын орчимд Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан болох нь:
Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Т*******гийн “2022 оны 09 дүгээр сарын 03-ны өглөө хохирогчийн гэрт очсон. Өвсөнд хэн нь явах талаар асуух гэж гэрт нь очиход талийгаач надаас ганц юмны мөнгө байна уу гэхээр нь 5000 төгрөг байна гэхэд та нэг юм аваад ирээч, өчигдөр уучихсан гэхээр нь дэлгүүрээс нэг шил архи авч ирээд баруун талын амбаарынх нь үүдэнд хувааж уусан. Тэгээд намайг явах гэхэд та орой хүрээд ирээрэй жимбий хийнэ гэсэн болохоор нь орой нь дахиад очсон. Тэгэхэд талийгаач Ганбаагийнд жаахан юм уусан гэж байсан. Аав, ээж нь хадам ээжийнх нь хамаатантай орж ирээд жимбийг хувааж идээд аав, ээж, хамаатны хүн нь гараад явсан. Тэгээд юм яриад сууж байхад Мөнхсайхан ах хэдэн хүн авч ирээд самарт явна гэж байна гэхээр нь олон хүнээр яахав дээ, унаа тэрэг хүрэлцэхгүй гэж би хэлсэн. Тэгсэн эхнэр нь тэр архичнаар яах юм гэхэд эхнэрийнхээ гарыг хөшиж, үсдээд чирсэн. Тэгэхээр нь би авч гараад яах гээд байгаа юм, саяхан баривчилгаанд явсан биз дээ, хадам ээж чинь дахиад өгчихнө, болохгүй гэж зөндөө гуйсан. Тэгээд овоо тайвшраад гайгүй болохоор нь авсан чинь гэрлүүгээ ороод цээжээ нүцгэлээд хайч аваад гараад ирэхээр нь тэвдэхдээ урдаас нь өшиглөсөн. Мотоцикл маань машин, довжоо хоёрынх нь дунд байсан болохоор би мотоциклоо авч чадалгүй үлдээгээд явсан. Маргааш нь ирэхэд гэртээ байхгүй байсан. Тэгээд өвсөн дээр байхад манай ах утсаар ярьсан. Тэгээд эргээд давхиад ирсэн чинь сумын хэсгийн төлөөлөгч та хаашаа ч явахгүй эндээ байж бай гэсэн. Эхлээд лоомоор цохисон гэж байгаад дараа нь бууны гол төмрөөр цохион гэсэн. Гол төмөр хаана байсныг мэдээгүй. Би гол төмрөөр цохиогүй” гэх мэдүүлэг,
Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ө*******ын “2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Тэшигээс зодуулсан гээд өглөө нь Булганаар дайраад Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн. Тэгээд хүнд зүйлээр цохисон байна гээд яаралтай хагалгаанд орсон. Сүүлдээ эмнэлгээс гараад унадаг болсон. Дүүд 2.500.000 төгрөг өгсөн гэсэн. Би гомдолтой байна. Шүүгдэгч үнэнээ хэлэхгүй байна. Чи миний дүүг төмрөөр цохиж алсан. Бид хэд хэргээ хүлээтэл нь явна. Архи уугаад маргасан зүйл байхгүй гэсэн. Эхнэр лүү нь махаа хураалаа гэж уурлаад ийм зүйл болсон гэсэн. Төмрөөр цохиод явсных нь дараа эхнэр нь гарч ирээд хүмүүс дуудсан байсан. Оршуулгын зардлыг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн баримтаа сая гаргаж өгсөн. Шатахууны зардлыг нэхэмжлэхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн газарт үзлэг хийсэн: ...үзлэгийг цааш үргэлжлүүлэн байшингийн хойд талд очиход машинуудын дугуй байх ба дугуйнуудын хажууд загвар марк тодорхойгүй бууны төмөр гол байх ба...хэргийн газрын үзлэгээр хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 7-8/,
Нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 9/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.О*******ын “...Би 2022 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 09 цагийн орчимд босоод байж байхад Т******* ах манай гэрт ирсэн. Т******* ах ирээд чи айлд өвсөнд явах гэж байгаад больсон юм байна би оронд чинь явчих уу гэж асуухаар нь би тэг тэг та явчих гэж хэлэхэд за би тэгвэл Баяраатай утсаар яриад хэлээд үзье гэж хэлсэн. Т******* ах манай гэрээс гарч яваад удалгүй 1 шил 0.5 литрийн "Стандарт" гэх нэртэй архи бариад ирэхээр нь бид хоёр манай хашаан дотор байдаг жижиг байшингийн хажуу талд хувааж уучихаад байж байтал Т******* ах явлаа гээд яваад өгсөн. Би өдөр гадуур явж ойр зуурын ажлаа амжуулчихаад 20 цагийн орчимд гэртээ харьсан. Би гэртээ хариад жимбий гэдэг хоол хийгээд байж байхад 21 цагийн орчимд Т******* ах манай гэрт ирсэн, Т******* ахыг ирэхэд манай хадам аав, ээж, хоёр хоол идэх гээд ирчихсэн сууж байсан. Т******* ах гаднаас орж ирээд хадам аав, ээж хоёртой юм ярьж сууж байгаад хоол идсэн. Манай хадам аав, ээж хоёр хоол идчихээд яваад өгсөн, Т******* ах гэрт үлдсэн. Т******* ах бид хоёр юм яриад сууж байхдаа би эхнэр С*******д хандаж үлдсэн хоолоо хураачих гэж хэлэхэд та нар хоосон ясаа харамлаад байгаа юм уу? гэж хэлэхээр нь би харамлаагүй ээ идээд болчихсон болохоор нь хураачих гэж хэлсэн юм гэхэд Т******* ах уурлаад бид хоёр гэрээс гараад би та яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд намайг пизда минь чам шиг чацга тэгдэггүй юм гээд бид хоёр 2-3 удаа хоёр биенийгээ заамдаж аваад цохилгүйгээр салсан. Би гэр лүүгээ орж өмсөж явсан цамцаа тайлж тавьчихаад буцаад гараад ирэхэд Т******* ах байхгүй байсан би байшингийнхаа урд талаар явж байгаа үгүйг нь харчихаад харагдахгүй болохоор нь буцаад гэртээ орох гээд явж байтал ар талаас маань юмаар цохиод авахад нь толгойноос цус гараад би шууд доошоо хэвтсэн манай эхнэр С******* гарч ирээд аав, ээж хоёрыг дуудсан байсан тэр хоёр ирээд намайг эмнэлэг авч явж толгойд маань оёдол тавиулсан. Гэрийн гадаа байсан бууны гол төмрөөр цохисон байх гэж бодож байна... гомдолтой байна эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /хх-н 13-16/,
Гэрч Г.С*******ын “..манай нөхөр гэртээ орж ирээд Т******* ах явчих шиг боллоо гээд цамцаа тайлаад суух гэснээ болиод нэг мөсөн бие засчихаад ирье гээд гараад явсан. Би нөхрөө орж ирэхгүй болохоор нь яасан юм бол гээд араас нь гарахад довжооныхоо хажууд уначихсан байхаар нь сандраад ээж рүүгээ залгаж дуудсан, манай ээж удалгүй Г******* эгчтэй хамт ирээд байж байхад нь эмнэлгээс эмч ирж үзээд эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 23-25/,
Гэрч О.О*******ийн “...Манай хүргэн О******* 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 21 цагийн орчимд манай гэрт ирж мах идээрэй гэж байсан. Манай охин С******* залгаад та хүрээд ирээч О******* унтахгүй үснээсээ зулгаагаад байна гэхээр нь очиход манай хүргэн О******* газар хэвтэж байхаар нь гайхаад юу болсон бэ? гэж асуухад Т******* ах О******* 2 ноцолдоод байх шиг байсан чинь толгойг нь хагалчихаад явчихсан байна гэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 28-29 /,
Гэрч П.Г*******ийн “...О******* газар хэвтэж байхаар нь яваад очиход О*******ын толгойноос цус их гарсан байсан ба юу болсон талаар нь асуухад С******* Т******* ах төмрөөр цохиод явчихлаа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 32-33/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 673 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Д.О*******ын биед гавал тархины ил гэмтэл, зүүн зулай ясны цөмөрсөн бяцарсан хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал, хуйханд зүүн зулайд язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1 3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана” гэх дүгнэлт /хх- 48-49/,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Д.Ө*******ын “...Намайг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож байгаа дээр ямар нэг маргаан гараад байх зүйл байхгүй. Эхнэр гэх С******* нь холбогдсон этгээд болох Х.Т*******тай ах дүүсийн хүүхдүүд байгаа юм. Хагалгаанд орохынхоо өмнө хашаан дотор байсан бууны гол төмрөөр цохиулсан гэж хэлж байсан. Тэр бууны гол төмөр нь хашаан дотор нь нэлээн удаан байгаа гэж байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-н 09/,
Гэрч Г.С*******ын өгсөн: “...буух хооронд манай талийгаач намайг цохичихлоо ш дээ гээд орилох шиг болоод гараад очтол гэрийн үүдээр дүүрэн цус болсон байсан. Тэгээд манай талийгаач ухаан алдаж унаад удалгүй босож ирээд ...тэгээд эмнэлэг ирээд толгойд нь оёдол тавиад Орхон аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд очиж үзүүлээд хагалгаанд орсон. 2022 оны 09 сарын 07-ны өдөр тархины хагалгаанд орсон...” гэх мэдүүлэг /хх-н 99-100/,
Гэрч М.Б*******гийн “...Би О*******ыг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн эмчлэгч эмчээр үзэж эхэлсэн. 2022 оны 12 сарын 18-ны өдөр ухаантай биеийн зовиураа хэлж байсан. 2022 оны 09 дүгээр сард манай эмнэлэгт тархины хагалгаанд орсон хүн байсан. 2022 оны 12 сарын 19-ний өглөө эхний үзлэгээр толгой өвдөх зовиуртай, хөдөлгөөн хөөрлийн байдалтай, тайван бус, төвийн гаралтай амьсгал зүрх зогсож хөхөрсөн, ухаангүй болсон. Эмч нарын нарийн үзлэг хийсэн халуурч эхэлсэн, учир үрэвслийн эсрэг антибиотек эмчилгээ эхлүүлсэн. Тархи маш их хавантай дүрс оношилгооны эмчийн дүгнэлтээр аалзан бүрхүүлийн доорх цус харвалт, хоёрдогчоор тархины зөөлөн бүрхүүлийн идээт үрэвсэл, тархины буглаанаас ялгаж оношлоё гэсэн дүгнэлт бичсэн...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 106-10/,
Гэрч Ж.М*******ын “...2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр дуудлагын хуваарьтай байхад О******* гэх хүний толгой хагарсан цус алдаад байна гэж дуудлага ирсэн. Намайг дуудлага аваад очиход О******* нь гэрийнхээ гадаа газар хэвтэж толгойгоо дарсан байдалтай байсан ба тухайн үед гадаа харанхуй болсон байсан учраас яаралтай тусламж үзүүлэх зорилгоор эмнэлэг авч явсан. Сумын эрүүл мэндийн төвд авч очоод үзлэг хийж, цус тогтоох, өвчин намдаах шингэн сэлбэх эмчилгээ хийсэн мөн толгойн оройн хэсэгт 7-8 ширхэг оёдол тавиулсан, оёдол тавихын өмнө толгойн оройн хэсгийн шархны гүнийг үзэхэд гавлын яс цөмөрсөн байдалтай байсан....” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-н 114-115 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэв загвар тодорхойгүй бууны гол төмөр зэрэг нотлох баримтуудаар үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, шүүгдэгч Х.Т*******г хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцжээ.
5. Шүүгдэгч Х.Т******* нь амь хохирогч Д.О*******ыг “...хоосон яс харамлалаа...” гэх шалтгаанаар толгойн зүүн зулай хэсэгт төмрөөр цохиж “...гавал тархины ил гэмтэл, зүүн зулай ясны цөмөрсөн бяцарсан хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал...” гэсэн хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан...” гэсэн шинжийг тус тус агуулсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.
6. Амь хохирогч Д.О*******ын биед гавал тархины ил гэмтэл, зүүн зулай ясны цөмөрсөн бяцарсан хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, тархины эдийн цусархаг няцрал, хуйханд зүүн зулайд язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдсон болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд уг гэмтлийн улмаас эмчлүүлж байгаад нас барсан болох нь гэрч М.Б*******гийн “...Би О*******ыг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн эмчлэгч эмчээр үзэж эхэлсэн. 2022 оны 12 сарын 18-ны өдөр ухаантай биеийн зовиураа хэлж байсан. 2022 оны 09 дүгээр сард манай эмнэлэгт тархины хагалгаанд орсон хүн байсан. 2022 оны 12 сарын 19-ний өглөө эхний үзлэгээр толгой өвдөх зовиуртай, хөдөлгөөн хөөрлийн байдалтай, тайван бус, төвийн гаралтай амьсгал зүрх зогсож хөхөрсөн, ухаангүй болсон” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
7. Эрүүгийн хуулийн арван нэгдүгээр бүлэгт хамаарах “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүдийн хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт этгээдийн гэм буруугийн хэлбэр, хор уршигт хүргэсэн шалтгаант холбоо зэрэг нь тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлох гол хүчин зүйлс болдог.
8. Хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хүн түүний үйлдлийн улмаас хохирогч үхэж болохыг ухамсарлах боломжгүй буюу энэхүү хор уршгийг хүсээгүй, эсхүл өөрийн үйлдлээр хохирогчийг үхэлд хүргэхгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдаж гэмтэл учруулсан боловч түүний үйлдлийн улмаас хохирогч нас барсан, эсхүл гэмтэл учруулсан хүний хүсэл зоригоос үл хамаарах хүчин зүйл, тухайлбал гэмтлээс шалтгаалсан эмчилгээ, сувилгаа, учирсан хүнд гэмтэлтэй бусад байдлаар шууд шалтгаант холбоо үүсч нас барсан бол Эрүүгийн хуулийн 2.4 дүгээр зүйлд заасны дагуу “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн” гэж үздэг.
9. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-д заасан “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэснээр хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн үйл баримтыг тогтоосон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн шүүгдэгч Х.Т*******гийн үйлдлийг зүйлчилж, ял шийтгэл оногдуулсан байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Х.Т*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял...” шийтгэхээс 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан зэрэгт нь тохирсон байна.
11. Иймд шүүгдэгч Х.Т*******гийн гаргасан “...Хавтаст хэрэгт хохирогч, гэрч нарын өгсөн мэдүүлгүүд зөрүүтэй. Анх лоомоор цохисон, дараа нь бууны гол төмрөөр цохисон гэж зөрүүтэй мэдүүлгүүд өгсөн байдаг. ...мөрдөн шалгасан хэргийн үнэн зөвийг тогтоож өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
12. Харин анхан шатны шүүх шүүгдэгч Х.Т*******гийн мөрдөн шалгах ажиллагааны үед цагдан хоригдсон 90 хоногийг 87 хоног гэж буруу тооцсоныг зөвтгөж шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол гарсан 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсан 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд Х.Т*******гийн цагдан хоригдсон 55 хоногийг мөн түүний эдлэх ялын хугацаанд тооцохоор заав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/122 дугаар шийтгэх тогтоолын 4 дэх заалтын “...87 /наян долоо/...” гэснийг “90 /ерэн/” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Т*******гийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Т*******гийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Д.АЗЖАРГАЛ