Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 114

 

 

                                                           

           

 

 

 

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Улсын яллагч П.Нямцэцэг,

Өсвөр насны шүүгдэгч А.А, түүний хууль ёсны төлөөлөгч Ж.Төмөрсүх,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алтанчимэгийн Амартүвшинд холбогдох эрүүгийн 1711009140273 дугаартай хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч А.А, Монгол Улсын иргэн, 2003 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 14 нас 11 сартай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, эгчийн хамт Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнжийн 30-489 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ..............................................................

Өсвөр насны шүүгдэгч А.А нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2017 оны 10 дугаар сарын 7-ны орой Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дэнжийн 4 дүгээр гудамжинд 13 настай Д.Хүсэлбаярын самсунг 2 элти загварын гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн хэргийг,

Мөн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 настай Б.Хас-Эрдэнийн эл жи загварын гар утсыг нь хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:

Өсвөр насны шүүгдэгч А.Агээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “…зүс таних хүүхэд ганцаараа алхаж байхаар нь хамт явъя би Ган-Од байна гээд тэр хүүхдийг дагуулаад Их бүрт караокены зүүн талаар нарийн гудамжаар гараад ард талд нь өргөн гудамжинд ороод тэр хүүхдийн гар утсаар яръя гэхэд тэр хүүхэд гар утсаа өгөхгүй гэсэн. Тэгэхээр нь гар утсаа өгчих маргааш мөнг өгье гэж хэлээд тэр хүүхдийн самсунг эс 2 элти маркийн гар утсыг аваад чи миний автобусны картыг түр авч бай би нэг найзындаа орчихоод ирье гэж хэлсэн. Тэгээд би цааш яваад шууд гэртээ харьсан” гэсэн мэдүүлэг /хх-24х/, “2017 оны 10 сарын 23-ны өдөр 50 сургуулийн баруун талд ганцаараа явж байхад нэг жаахан хүүхэд явж байсан. Тэгэхээр нь тэр хүүхдийг дуудаад 50 дугаар сургуулийн ойр орчмыг асуусан. Түүний дараа гар утсаа өгчих гэхэд тэр хүүхэд болохгүй гэхээр нь маргааш 200.000 төгрөг өгье гэхэд яах юм бэ гэхээр нь хажууд нь сандал дээр суугаад өөрийн түлхүүрийн оосронд байдаг хумс үрдэг юм гаргаж ирээд хумсаа үрж байхад та намайг хутгалах гээд байгаа юм уу гэж тэр хүүхэд хэлэхээр нь битгий тэнэг юм яриад бай гэсэн. Тэр хүүхдийн цагаан өнгийн эл жи маркийн гар утсыг авсан. Утсаар тоглож байгаад ундаанд яваад ир гэж хэлээд 1300 төгрөг өгөөд явуулсан. Тэр хүүхдийг явангуут нь Монтел худалдааны төв рүү очоод нэг ахад гар утсыг 40.000 төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлэг /хх-58х/,

Өсвөр насын шүүгдэгч А.Агээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Д.Хүсэлбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 10 дугаар сарын 7-ны орой 19 цагийн үед Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Баянбүрдийн баруун хойд талд явж байхад Чингэлтэй дүүргийн 39 дүгээр сургуульд сурч байсан зүс таних хүүхэд өөрийгөө Ган-Од гэж хэлээд хамт явъя манайх танай гэрийн ойролцоо байдаг юм энүүгээр явъя гэж хэлээд намайг дагуулаад Баянбүрдийн баруун хойд тал руу явж Их бүрд караокены зүүн талын нарийн гудамжаар гараад ар талд нь гудамжинд очоод гар утсаа өгч бай нэг яръя гэхээр нь би нэгж байхгүй гэхэд миний гарт байсан гар утсыг булаагаад авчихсан. Тэгээд би хүний гар утас аваад алга болгочихсон өнөөдөр гар утас олж өгөхгүй бол цагдаад өгнө гээд айлгаад байна, чи гар утсаа өгчих гэхээр нь би манай эгчийн  гар утас би гар утсаа өгч чадахгүй гэхэд би танай сургуульд сурдаг юм чинь чи хаанаас л бол хаанаас намайг олно би маргааш 200.000 төгрөг өгье гар утсаа өгчих гэхээр нь би үгүй эгчид загнуулна гэхэд тэгвэл 300.000 төгрөг өгье гэсэн. Би өгч болохгүй гэхэд ээж аавдаа гээсэн гээд хэлчих надаас мөнгө авахаараа өөрөө үрж болно шүү дээ гэсэн. Би өгөхгүй гэхэд чи надаа зүгээр л гар утсаа өгчих зодуулж гар утсаа өгч байхаар зүгээр өгчих, энэ хавьд манай хулгайч ах нар байгаа тэд нараар чамайг сэгсрүүлнэ шүү сэгсрүүлэх ямар байхыг хараарай гэсэн” гэсэн мэдүүлэг /хх-12х/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Хас-Эрдэнээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 12 цагийн үед Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 50 дугаар сургуулийн баруун талд “Таван эрдэнэ” нэртэй хүнсний дэлгүүр лүү ангийнхаа хүүхдийг дуудах гээд явж байсан чинь хойноос нэг ах намайг дуудаад ахдаа зам заагаад өг гэсэн. Тэгээд надаас 50 дугаар сургууль руу явдаг замыг заагаад өг гээд дагуулаад яваад байсан. Тэгээд 50 дугаар сургуулийн баруун талын байрны хойд талд байдаг сандал дээр нь дагуулж очоод суусан. Тэгэд шууд маний гарт барьж эл жи маркийн цагаан өнгийн гар утсыг булаагаад авчихсан. Тэгээд миний гар утасны кодыг асуугаад би кодоо хэлсэн чинь халаасандаа хийчихсэн. Тэгээд тэр ах сандал дээрээс босоод хажуугийн байрны мухар луу хүнгүй газар луу явахаар нь би дагаад явсан. Тэр ах хэлэхдээ би өчигдөр хүүхдэд хутгалуулсан, одоо тэр хүүхдээ хутгална гээд жижиг тонгорог гаргаж ирээд үзүүрийг нь харуулсан. Тэгээд чамайг би одоо хутгалчих уу гэхээр нь би өдөөд бай гээд өөдөөс нь инээсэн чинь чи ямар үеийнхэнтэйгээ харьцаж байгаа юу гээд муухай харсан. Намайг дахиад өөр байрны урд тал руу дагуулаад явсан ба явж байх замдаа ангийнхаа Хүслэнтэй таарсан. Хүслэн тэр ахыг таньдаг юм байна лээ, сайн уу гэж мэндлээд зөрсөн. Нөгөө ах бас нэг байрны урд талд сандал дээр очиж суухаар нь агаа би одоо гар утсаа авъя гэсэн чинь ахдаа энэ гар утсаа өгчих маргааш мөнгө өгье гэж хэлсэн. Тэгээд би үгүй гэж хэлсэн чинь надад ундаа аваад ир гээд 1200 төгрөг өгсөн. Би хичээлтэй ш дээ гэхэд над руу муухай харсан. Манай ангийн хүүхэд тэр ахыг таньж байсан болохоор гайгүй байх гэж бодоод дэлгүүр лүү явсан. Дэлгүүр явж байгаад эргэж харахад нөгөө ах сууж байсан ба дэлгүүрээс ундаа аваад буцаад ирсэн чинь байхгүй байсан” гэсэн мэдүүлэг /хх-53х/,

Гэрч Т.Ерланаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “2017 оны 10 сарын 23-ны өдөр 13 цагийн орчим ажлын байр болох Монтелын гадаа утас авах мөн зарах гээд зогсож байхад нэг хүүхэд хүрч ирээд ах утас авах уу гэж асуухаар нь би гар утсыг нь үзсэн. Уг гар утас нь эл жи П180 загварын дөрвөлжин хар гэртэй цагаан өнгийн утас байсан. Нүүрний шилэн наалт нь цуурсан байсан. Уг утсыг 40.000 төгрөгөөр худалдаж авсан ба буцаагаад 80.000 төгрөгөөр зарсан. Миний худалдаж авсан гар утас хулгайн утас болохыг цагдаа дээр ирэх замдаа мэдлээ” гэсэн мэдүүлэг /хх-56х/,

Өсвөр насны шүүгдэгч А.Агийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 70х/, Нийслэлийн улсын бүртгэлийн газрын тодорхойлолт /хх75х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-71х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын мэдүүлгээр өсвөр насны шүүгдэгч А.А нь 2017 оны 10 дугаар сарын 7-ны орой Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Дэнжийн 4 дүгээр гудамжинд 13 настай Д.Хүсэлбаярын самсунг 2 элти загварын гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн хэргийг,

Мөн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10 настай Б.Хас-Эрдэнийн эл жи загварын гар утсыг нь хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн болох нь нотлогдож байна.

Хэрэгт нотлолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул өсвөр насны шүүгдэгч А.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх өсвөр насны шүүгдэгч А.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан түүнийг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорихоор шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдав.