| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2025/00115/И |
| Дугаар | 103/ШШ2025/00121 |
| Огноо | 2025-02-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 103/ШШ2025/00121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн ******* дугаар хороо, Бага гүний **** дугаар гудамжны ***** тоотод оршин суух, ******* овогт ******* ******* улсад ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч: Н.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.******* нь 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны отор тэжээлийн аж ахуйд уурын зуухны гачегараар ажиллаж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны отор тэжээлийн аж ахуйд уурын зуухны гачегараар ажилд орсон. Тэгээд 1982 оны 6 дугаар сард хугацаат цэргийн албанд татагдсаны улмаас 1982 оны 6 дугаар сарын 26-нд ажлаасаа гарсан. Одоо тэтгэвэр тогтоолгох болоход хөдөлмөрийн дэвтэр дээр ажилд орсон, ажлаас гарсан талаар бичилт байгаа боловч томилсон тушаал нь эх хувиараа байхгүй бөгөөд Хэнтий аймгийн архивт шүүлгэж үзэхэд холбогдох тушаал шийдвэр баримт юу ч олдоогүй. Надад өгөх өөр ямарч баримт байхгүй. Иймд намайг 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны отор тэжээлийн аж ахуйд уурын зуухны гачегараар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагч Н.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Би 1981 онд Хэнтий аймгийн *******хаан суманд 8-р ангиа төгсөөд намар нь гачегараар ажилд орсон. Хавар цэргийн албан татагдаад ажлаасаа чөлөөлөгдсөн. Тогтоолгох гэж байгаа хугацаанд би тасратгүй ажилласан. Энэ хугацаанд ажилласан байдал бичигдсэн хөдөлмөрийн дэвтрийг 1982.05.10-ны өдөр нээсэн юм.
Сүүлд 1982 он гэсэн хэсэг дээр нь нэмж зураг шинээр наасан байгаа юм. Тухайн үед дарга нь Майдаржав гэдэг хүн байсан. Сард тогтмол 483 төгрөгийн цалин авдаг байсан. Манайх 6 гачегартай, *******, *******,*******, ******* гэсэн гачегаруудтай хамт ажиллаж байсан. Би хамгийн залуу нь байсан байх. Өөр нэмж хэлэх зүйлгүй гэв.
Нэхэмжлэгчээс нотлох баримтаар иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, Хэнтий аймгийн Архивын тасгийн тодорхойлолт, Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын лавлагаа, 098975 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яамны харьяа Хэрлэнбаян-Улааны отор тэжээлийн аж ахуйн даргын 1981.11.14-ний өдрийн ажилд томилох тухай тушаалын хуулбар зэргийг нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Хүсэлт гаргагч Н.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох зорилгоо заахдаа “өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэсэн юм” гэжээ.
3.Хүсэлт гаргагч Н.******* нь 1964 оны 5 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 61 настай бөгөөд тэтгэвэр тогтоолгоход хөдөлмөрийн дэвтэрт гачегараар ажилд авсан, ажлаас чөлөөлсөн талаарх бичилт хийгдсэн боловч ажлаас чөлөөлсөн тушаал эх хувиар байхгүй шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.
4.Хүсэлт гаргагч Н.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д заасантай нийцэж байна.
5.Хүсэлт гаргагчийн 1982 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ажлаас чөлөөлсөн тушаал эх хувиар байхгүй байгаа болох нь Хэнтий аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08/62 тоот тодорхойлолтоор тогтоогдож байна.
6.Иймд дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх хүсэлт гаргагчид үүсэх бөгөөд түүний ажиллаж байсныг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоох боломжгүй болсон байна.
7.Хүсэлт гаргагч Н.******* 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны отор тэжээлийн аж ахуйд уурын зуухны гачегараар ажиллаж байсан болох нь
- Хүсэлт гаргагчийн шүүхэд өгсөн тайлбар,
-Тусгай архивын 2024.01.15-ны өдрийн 08/197 тоот лавлагаа, уг лавлагаанд “******* ******* нь Хэнтий аймгаас НАХЯ-ны сайдын 1982 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 491 дүгээр тушаалаар цэргийн албанд татагдаж, 0198 дугаар ангид алба хаагаад мөн сайдын 1985 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 364 дүгээр тушаалаар 06 дугаар сарын 17-ны өдрөөс цэргийн албанаас халагджээ гэсэн байв.
- 1982.05.10-ны өдөр нээсэн 098975 дугаартай хөдөлмөрийн дэвтэр, уг дэвтэрт -аж ахуйн даргын 1981 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 102 тушаалаар 1981.10.01 уурын зууханд гачегараар томилон ажиллуулав,
- Аж ахуйн даргын 1982 оны 8 дүгээр сарын 26-ны өдрийн 140 тушаалаар хугацаат цэргийн албанд татагдсан учир ажлаас нь чөлөөлөв гэсэн байв,
- БНМАУ-ын Хөдөө аж ахуйн яамны харьяа Хэрлэнбаян-Улааны отор тэжээлийн аж ахуйн даргын 1981.11.14-ний өдрийн ажилд томилох тухай тушаал, уг тушаалд-өөрийн хүсэлт, өргөдлийг үндэслэн , *******, , , нарыг 10-р сарын 1-нээс эхлэн уурын зуухны гачегараар түр томилон ажиллуулсугай гэсэн нотлох баримтууд болно.
8.Иймд хүсэлт гаргагч Н.******* нь 8-р ангиа төгсөөд цэрэгт татагдах хүртэл хугацаанд Хэрлэнбаян-Улааны отор тэжээлийн аж ахуйн уурын зуухны гачегараар ажиллаж байсан болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэж хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
9.Нотлох баримтуудыг үнэлэхэд: Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргаж өгсөн баримт нь хуульд заасан шаардлага хангасан, тухайн тогтоолгох гэж буй жилүүдэд хамааралтай, хуульд заасан нотлох баримтыг гаргах, цуглуулах журмын дагуу гаргаж өгсөн байх тул эргэлзээгүй, үнэн зөв нотлох баримтууд гэж дүгнэв.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ******* овогт ******* *******г 1981 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улааны отор тэжээлийн аж ахуйд уурын зуухны гачегараар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ТУЯА