Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2025/00154

 

 

 

 

 

2025 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 103/ШШ2025/00154

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяа даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн .... дүгээр хороонд байрлах, Багануур дүүргийн ******* хэлтсийн,

Багануур дүүргийн **** дүгээр хороо, *******-р байрны **** тоотод ээжийн хамт оршин суух, ******* овогт ******* ******* архины албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч:Багануур дүүргийн ******* хэлтсийг төлөөлж Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч М.*******,

Гуравдагч этгээд:У.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

1.Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх ******* хэлтэс нь ******* овогт ******* ******* албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж, хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: У.******* нь архинд донтох өвчтэй, гэмт хэрэг зөрчил үйлдэж болзошгүй өөрт болон бусдад аюул учруулах эрсдэл үүсгэж байгаа тул архины албадан эмчилгээнд хамрагдуулж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гаргасан хүсэлтээ дэмжиж байна. Би 5 дугаар хорооны хэсгийн байцаагч ажилтай, У.******* нь удаа дараа архидан согтуурдаг, он гарснаас хойш 1 удаа эрүүлжүүлэгдсэн. Би хэсгийн байцаагчаар ажиллаад 8 сар болж байна, энэ 8 сарын хугацаанд 1 удаа өөрийгөө хутгаар хатгасан эрүүгийн шинжтэй хэргийг шалгаж байсан. Мөн танхайн зөрчлөөр 1 удаа шүүхээр орсон байгаа. 2024 онд 13 удаа зөрчлийн холбогдогчоор шалгагдаж 6 удаа шүүх хурлаар орж шийдүүлсэн байна, холбогдогчоор шалгагдаж байхдаа 1 сар зугтаад олдохгүй, сарын дараа ирж байсан. Өнгөрсөн 2024 оны 9 сард архины албадан эмчилгээнд хамруулах гээд материал бүрдүүлж байхад ээж нь сайн дураар эмчлүүлнэ гээд аваад явсан. Тэгээд ер нь ******* байнга л архидан согтуурч гудамж, талбай олон нийтийн газарт согтуурсан байдалтай байдаг. ******* ****** дугаар гудамжны **** тоотод салсан эхнэрийнх нь байдаг, өөрөө, ганцаараа ******* задгай .***** тоотод нэг монгол гэрт байгаа, энэ гэрийг ээж нь барьж өгсөн гэдэг. Энэ ******* гэрийнхээ гадна, урд талд тасраад унасан байдалтай байна гэж олон удаа надад хүмүүс хэлээд удаа дараа гэрт нь оруулж өгч байсан. Одоо Зөрчлийн тухай хууль болон согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан үндэслэлээр цагдаагийн байгууллага хүсэлт гаргасан, ар гэр нь буюу ээж нь мөн хүсэлт гаргасан гэв.

3.Гуравдагч этгээд У.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Гэр бүлээсээ салснаас хойш миний хувьд сэтгэл санааны гутралд ороод архи нэлээд уудаг болсон, би эхнэртэйгээ 2010 оноос хойш хамт амьдарч байгаад 2023 онд салсан. Хүүхэд маань одоо 13 настай, би хааяа хүүхэдтэйгээ уулзахаар гэрт нь очдог. Би 26 наснаас эхлээд архи уусан. Би 7 хоногт огт уухгүй үе байна, хааяа 2-3 удаа уух ч үе байна. Мэргэжилгүй болохоор ажил олдохгүй, тэгээд гадуур хүмүүстэй архи уудаг. Би архинд донтох өвчтэй гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Архины албадан эмчилгээнд яваад ирсэн хүмүүс 1-2 жил болоод нас бардаг, эсвэл сэтгэц нь мууддаг гэж хүмүүс яриад байдаг юм. Миний мэдэхийн Цагааны Ганбат гээд залуу 2 удаа эмчилгээнд явж ирээд сар болоогүй нас барсан, тэнд нэг хүчээр эм өгдөг гэсэн. Би тэрнээс айгаад байгаа юм. Иймд албадан эмчилгээнд явуулахгүй байж өгөөч гэж хүсэх байна гэв.

4.Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Багануур дүүргийн Цагдаагийн хэлтсийн М.*******т олгосон 30к-/969 дугаартай итгэмжлэл/, согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоосон тухай эрүүл мэндийн дүгнэлт, Багануур дүүргийн 5 дугаар хорооны ******* хэлтэст гаргасан 58 дугаартай албан бичиг, иргэн Д., М. нараас асууж авсан тайлбар, илтгэх хуудас, ЦЕГ-ын иргэний мэдээллийн нэгдсэн сангийн лавлагаа, гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, илтгэх хуудас, захиргааны зөрчлийн шийдвэрлэлтийн бүртгэлийн материал зэрэг болно. /хх-ийн 2-24-р тал/

ҮНДЭСЛЭХ нь:

Багануур дүүргийн ******* хэлтсээс У.******* албадан эмчлүүлэх хүсэлт гаргасан нь үндэслэлтэй байна.

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна гэж заажээ.

2.Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 22-р байрны 03 тоот хаягт оршин суух, иргэн У.******* нь архинд донтох эмгэг өвчтэй болох нь согтуурах, мансуурах донтой эсэхийг тогтоох тухай 2025.02.12-ны өдрийн эрүүл мэндийн дүгнэлт болон 8 жил архи согтууруулах ундаа хэрэглэж байгаа, 7 хоногийн 6 хоногт согтуу байдаг гэх ээж Д.ийн мэдүүлэг, Багануур дүүргийн ******* хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар, У.*******ын өөрийнх нь тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар Багануур дүүргийн ******* хэлтэс нь шүүхэд хандсан, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан материалыг хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байдлаар ирүүлсэн байна.

4.Албадан эмчилгээнд хамруулахыг хүссэн У.******* нь өмнө нь архины албадан эмчилгээнд хамрагдаж байгаагүй, сүүлийн 8 жилийн хугацаанд архи согтууруулах ундааг тогтмол хэрэглэж байгаа мөртлөө сайн дураар эмчлүүлээгүй, 2024 оны намар архины албадан эмчилгээнд хамруулах материал бүрдүүлж өгөх үед сайн дураараа эмчлүүлнэ гэсэн боловч өнөөдрийг хүртэл эмчилгээнд хамрагдаагүй, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж эрүүлжүүлэгддэг, захиргааны арга хэмжээ авагддаг, өөртөө болон бусдад аюул учруулж болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдалд байна. Эдгээр нөхцөл байдлаас үзвэл түүнийг өөрөө сайн дураар эмчлүүлэх боломжтой гэж үзэх боломжгүй юм.

5.Түүнчлэн, У.******* нь цагдаагийн байгууллагад өмнө удаа дараа хүргэгдэж, эрүүлжүүлэгдэж байсан, зөрчлийн арга хэмжээ авахуулж байсан талаар баримт хэрэгт авагдсан байна.

6.Хэрэгт цугларсан баримтаас үзвэл гуравдагч этгээд У.******* Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т заасан албадан эмчлэхийг хориглох үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд У.******* архины албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

7.Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх ******* хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар ******* овогт ******* ******* /РД:************/ албадан эмчилгээнд хамруулсугай.

2.Согтуурах, мансуурах, донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар У.*******ын албадан эмчилгээний хугацааг өвчний онцлог, эмчилгээний үр дүнгээс шалтгаалан эмнэлгийн байгууллага тогтоох болохыг дурдсугай.

3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсэгт зааснаар У.******* албадан эмчилгээний газарт хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

4.У.*******ын албадан эмчилгээний эхлэх хугацааг түүнийг тус эмнэлэгт хүлээн авсан өдрөөс эхлэн тооцсугай.

5.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэгт зааснаар У.******* албадан эмчлэх тухай шүүхийн шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүн, төрөл садангийн хүнд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэхийг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн дэд ахлагч М.*******т үүрэг болгосугай.

6.Согтуурах мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт зааснаар өвчтэй этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч албадан эмчлэхтэй холбоотой гомдлоо шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7.Хүсэлт гаргагч Багануур дүүрэг дэх ******* хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

8.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэгт зааснаар тухайн хүн, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯА