Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00232

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00232

 

 

ХХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/02664 дугаар шийдвэртэй

ХХХК нэхэмжлэлтэй хариуцагч Э ХХК-д холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 97 087 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч ХХХК-ийн төлөөлөгч Б.Оргил шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани нь 2018 оны 3 дугаар сард Э ХХК-тай Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ байгуулж, гэрээгээр Хан-Уул дүүрэг 4 хороо. Яармаг наадамчдын зам гудамж 302 тоот хаягт байрлах орон сууцны барилга болон нэгдсэн гражийн байгууламжийн карказ угсралтын ажил, гэрээнд заагдсан бусад ажлыг 1 240 621 200 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр харилцан тохиролцсон. Гэвч гэрээт ажлыг хийж гүйцэтгэх явцад гэрээгээр тохиролцоогүй тагт парпед цутгалт 34 648 000 төгрөг, хана цутгалт 37 861 000 төгрөгийн ажлыг нэмж хийж гүйцэтгэн гэрээний үнэ 1 278 482 200 болж өөрчлөлт орсон юм. Ингээд манай компанийн зүгээс гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр дугаар 2019/124 Барилга байгууламжийг ашиглалтад оруулах юмиссын дүгнэлт актаар улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулсан. Гэрээний төлбөрт Э ХХК нь 1 203 482 200 төгрөгийг төлсөн. Бид тооцоо нийлэхэд 75 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан удахгүй төлж барагдуулна гэдэг байсан. Иймд Э ХХК-иас барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр, алдангид 97 087 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компанитай 2018 оны 3 дугаар сард ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Яармаг наадамчдын зам гудамж, 302 тоотод байршилтай барилгын ажлын угсралтын ажлыг гүйцэтгүүлсэн. Уг гэрээт ажлаар нийт 1 278 482 250 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгүүлсэн. Гэрээний үлдэгдэл төлбөрт 75 000 000 төгрөгийн төлбөр төлөхөөр талууд тооцоо нийлээд баталгаажууулсан баримт хэрэгт авагдсан байгаа. Энэхүү төлбөрийг манай компаний зүгээс санхүүгийн боломжгүй байдлаас болж одоог хүртэл төлж чадахгүй байгаа. Алдангид 22 087 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байсан. Алдангийн хэмжээ хэт өндөр байгаа тул хуульд заасан эрхийнхээ дагуу шүүх байгууллага алдангийн хэмжээг багасгуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Бид боломжоороо төлнө, огт барагдуулахгүй гээгүй. Өнгөрсөн хугацаанд бартерийн журмаар байр өгч шийдье гэсэн боловч хүлээж аваагүй. Заавал бэлэн мөнгөөр авна гэсэн. Манай компаниас 575 981 200 төгрөгийг бэлэн мөнгөөр, бартерийн журмаар 627 000 000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа. Өөрөөр хэлбэл гэрээнд заасан үүргээ дийлэнх хувиар нь биелүүлсэн байгаа гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8 дахь хэсгийг баримтлан хариуцагч Э ХХК-иас нийт 94 162 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 925 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 643 390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 245 850 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Отгонбаатар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Э ХХК нь 2018 оны 3 дугаар сард Э ХХК-тай Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ байгуулж, гэрээгээр Хан-Уул дүүргийн 4-р хороонд байрлах орон сууцны барилгын ажлыг гүйцэтгүүлсэн. Хэрэгт цугларсан баримтаар талууд нийт 75 000 000 төгрөгийн хэмжээнд тооцоо нийлж баримт үйлдсэн. Манай компани өнгөрсөн хугацаанд санхүүгийн боломжгүй нөхцөл байдлын улмаас дээрх төлбөрийг төлөх боломжгүй болсон бөгөөд төлбөрийг төлөх талаар мэдэгдэж байсан хэдий ч нэхэмжлэгчээс шүүхэд хандсан үндэслэлгүйгээр нийт 97 087 500 төгрөг нэхэмжилсэн тул шүүхийн журмаар төлбөрийг шийдвэрлүүлэх болсон. Нэхэмжлэгч талаас манай компанийг үүргээ хугацаандаа гүйцэтгээгүй гэж үзэн нийт төгрөгийн анзыг шаардсан нь хэт өндөр үндэслэлгүй нэхэмжлэлийн шаардлага гэж үзэж байна. Тус гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь барилгын ажлыг 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр дуусгаж өгөх байсан ч дуусгаж өгөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан. Шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн алдангийн хоногийг бодсон нь учир дутагдалтай дүгнэлт юм. Улсын комисс актаар ажлыг хүлээн авснаар төлбөрийг төлөх үүрэг үүссэн байсан. Х ХХК-ийн гүйцэтгэсэн ажлыг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт-аар хүлээн авснаар манай компанийн хувьд ажлыг зохих ёсоор хүлээн авсанд тооцож гэрээний хөлс төлөх үүрэг үүссэн байсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2.2-т үлдэх ажлын хөлсийг ажлын гүйцэтгэлтэй уялдуулан төлөхөөр талууд тохиролцсон байсан. Өнгөрсөн хугацаанд Х ХХК-иас манай компанид хандан алданги тооцох талаар нэг ч мэдэгдэл ирүүлээгүй, мэдэгдэлгүйгээр хугацаа ихээр хуримтлуулан шүүхэд алдангийн төлбөр нэхэмжилсэн нь шударга бус юм. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хоногийн алданги 37 500 000 төгрөг гэж буруу тодорхойлсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж алдангийн төлбөрт хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн 19 162 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дэх хэсэгт Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Э ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 97 087 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч 75 000 000 төгрөгийг зөвшөөрч, алданги 22 087 500 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Х ХХК нь хариуцагч Э ХХК-тай 2018 онд Барилга угсралтын ажил гүйцэтгэх, гүйцэтгүүлэх тухай гэрээ-г байгуулсан байна. Талууд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд дээрх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн байна.

 

Талуудын хооронд үйлдэгдсэн тооцооны үлдэгдлийг баталгаа гэсэн бичгийн баримт хэрэгт авагдсан байх бөгөөд зохигчид 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны төлбөр 75 000 000 төгрөг болохыг баталгаажуулж акт үйлдсэн. Энэ талаар талуудын хэн аль нь маргаагүй. Иймд нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Э ХХК-аас Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

 

Гэрээний 7.2-т Захиалагч гэрээний хавсралт №1-д заасан үе шатны төлбөрийг гэрээнд заасан хугацаанд нь гүйцэтгэгчид төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн 0.5 хувьтай тэнцэх алдангийг гүйцэтгэгчид төлнө. Ийнхүү хугацаа хоцруулсны улмаас гүйцэтгэгчид төлөх алдангийг дараагийн төлбөрийг шилжүүлэхдээ хамт шилжүүлнэ гэж заасны дагуу шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл хугацаанд алданги тооцож, алдангид 19 162 500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохоор хуульчилсан боловч талууд алдангийн хэмжээг хуульд заасан хэмжээнээс 10 дахин бага байхаар тохиролцсон байх тул анзын хэмжээг багасгах нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгах боломжгүй юм.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч Э ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний хөлс 75 000 000 төгрөг, алдангид 19 162 500 төгрөг нийт 94 162 500 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөгчийн ...шүүхээс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн алдангийн хоногийг бодсон нь учир дутагдалтай гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй юм. Учир нь зохигчид 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны төлбөр тооцоо нийлсэн, хариуцагч уг хугацаанаас хойш төлбөрийг төлөөгүй байх тул анхан шатны шүүх талуудын тооцоо нийлсэн 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл тооцож алдангид 19 162 500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2020/02664 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Э ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 253 760 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Ц.ИЧИНХОРЛОО