Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2023/ДШМ/871

 

 

 

 

    2023           8            29                                       2023/ДШМ/871

 

Д.Нд холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

хохирогч А.А,

шүүгдэгч Д.Н,

нарийн бичгийн дарга  Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/985 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Д.Анармөрөнгийн гаргасан давж заалдах гомдлоор Д.Нд холбогдох 2306000000379 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сурахбаяр овгийн Д.Н, 1993 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, үл хөдлөх хөрөнгө зуучлалын агент ажилтай, ам бүл 3, эмээ, хүүгийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 19 дүгээр байрны 6 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ПЮ93061107/,  

Д.Н нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орой Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 19 дүгээр байрны гадаах авто зогсоол дээр иргэн А.Атэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь хумсаараа маажих зэргээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Сурахбаяр овогт Д.Нийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нийг 350 /гурван зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Нд оногдуулсан 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тооцож эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нь хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А.А энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан болон цаашид гарсан хохирлын талаарх нотлох баримтыг бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Нд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэжээ.

Хохирогч А.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс Д.Нийн үйлдсэн хэрэгт шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн. Гэвч энэхүү хэргийн хохирогч миний зүгээс мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд ямар нэгэн санал гомдол байхгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол төлбөр байхгүй талаараа тайлбар өгч байсан бөгөөд шүүх хуралдаанд ч энэ байр суурьтайгаар оролцсон.

Шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ “шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон болно.” гэж дүгнэсэн боловч Д.Нд 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх шийтгэл оногдуулсан нь түүний гаргасан гэм буруутай үйлдэлд тохирохгүй, хүнд ял шийтгэл оногдуулсан гэж хохирогчийн зүгээс үзэж байна.

Мөн шүүгдэгч Д.Н нь байнгын хөдөлмөр эрхэлдэг, эрхэлсэн тодорхой ажилтай бөгөөд миний хамтран амьдрагч юм. Д.Н бид хоёрын хувьд ойрын хугацаанд гадаад улс руу хамтдаа гарч ажиллаж амьдрах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд визээ хөөцөлдөж байгаа болно. Ийм үед шүүгдэгчид 350 цагийн буюу 2 сар гаруй хугацаатай нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулсан нь шүүгдэгчийн болоод хохирогч миний цаашдын эрх ашигт сөргөөр нөлөөлж болзошгүй юм. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруу, хэргийн хохирол хор уршгийн хэмжээг бүрэн харгалзаж үзэлгүй дүгнэлт гаргасан байх тул дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөвчилж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

Иймд хохирогч миний хүсэлтийг харгалзан үзэж хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэн шүүгдэгч Д.Нд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэлийг өөр төрлийн хөнгөн ял шийтгэлээр солих, эсвэл оногдуулсан ял шийтгэлийг хөнгөвчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Д.Н тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй” гэв.

Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Н нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Прокурорын зүгээс анхан шатны шүүх хуралдаанд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Нийн зүгээс ямар нэгэн тайлбар, хүсэлт гаргаагүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх прокурорын гаргасан саналын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. Хохирогч А.А “шүүгдэгчид оногдуулсан шийтгэлийг багасгаж, хөнгөрүүлж өгнө үү” гэж гомдол гаргасан нь үндэслэлгүй. Учир нь, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлж, цээрлүүлэхэд оршдог. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Д.Нд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Н нь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн орой Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 19 дүгээр байрны гадаах авто зогсоол дээр иргэн А.Атэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь хумсаараа маажих зэргээр халдаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч А.Агийн “...Номингэрэл нь намайг үг хэлээр доромжлоод бид хоёрын дунд маргаан үүссэн. Тэгтэл Номингэрэл нь намайг эхлээд зүүн талын нүд рүү, гараа зангидаж байгаад нүүр рүү нилээн олон удаа цохисон. ...Мөн Номингэрэл пиво ууж байхдаа намайг хардаад хэрүүл өдөөд надтай маргалдаад миний зүүн нүд рүү бөгжтэй гараараа цохисон. Тэгээд миний нүүр хэсгийг майжаад гарын эрхий хурууг хазаад, цээж майжаад байхаар нь би болиулах гээд Номингэрэлийг цааш нь түлхсэн асуудал бол байгаа. Тэрнээс бол Номингэрэлийг цохиж зодсон асуудал байхгүй. ...” /хх 5, 7/,

яллагдагч Д.Нийн “...Тухайн орой Анармөрөн нь өөрөө эхлээд надад гар хүрснээс болоод би Анармөрөнд гар хүрэх асуудал байсан. Өөрөөр хэлбэл шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрмөөргүй байна. Би зөвхөн шанаа хэсэг рүү нь нэг цохиж, нүүрийг нь маажсан. Надад гаргах ямар нэгэн санал хүсэлт байхгүй. ...” /хх 45/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1646 дугаар “...А.Агийн биед зүүн дээд зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн хацар, шанаа, эрүү, хүзүү, баруун хацар, эрүүнд зулгаралт, цээжинд цус хуралт, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, зулгаралт бүхий шинэ, хамар ясны хугарал бүхий хуучин гэмтэл тогтоогдлоо. Дээрх шинэ гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн дүгнэлт /хх 10-11/, А.Агийн гэмтэл авсан үеийн зураг /хх 37/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Д.Нийн гэм буруутай, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй хэрхэн тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Д.Нийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн хүнд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрх гурван төрлийн ялаас 350 /гурван зуун тавин цаг/-ийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Хохирогч А.А “...өөр төрлийн хөнгөн ял шийтгэлээр солих, эсвэл оногдуулсан ял шийтгэлийг хөнгөвчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрхийн асуудал байдаг.

Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн ерөнхий ангид заасан шүүхэд үүрэг болгосон хэм хэмжээг заавал хэрэглэдэг бол эрх олгосон хэм хэмжээг хэрэглэх эсэхээ энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал. ...” зэргийг харгалзан шийдвэрлэдэг болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлсон бол мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг,  гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх”-аар тус тус хуульчилсан байна.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хохирогч А.Агийн оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/985 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Анармөрөнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.АЛДАР

                                  ШҮҮГЧ                                                              Д.МӨНХӨӨ

                                  ШҮҮГЧ                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ