| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намдагийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 179/2018/0005/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/51 |
| Огноо | 2018-02-12 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | П.Итгэл |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 2018/ШЦТ/51
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Нямсүрэн даргалж,
Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,
Улсын яллагч П.Итгэл,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч В.Энхболд, Б.Отгонцэцэг, Л.Цогтбаяр, А.Ууганбаяр, П.Эрдэнэтуяа,
Хохирогч Д.Б,
Шүүгдэгч П.Н, Г.Ж, Ц.М, Б.П нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Н, Г.Ж, Ц.М, Б.П нарт холбогдох эрүүгийн 201722000093 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г.Ж.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.П.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ц.М.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, П.Н.
Шүүгдэгч П.Н, Г.Ж, Ц.М, Б.П нар нь 2017 оны 01дүгээр сарын 20-ноос 24-ний хооронд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутаг дэвсгэрт иргэн И.Э-н 2 тооны, Б.Г-н 1 тооны, Б.О-н 1 тооны, Г.Ө-н 1 тооны, Д.Б-н 7 тооны, С.М-н 2 тооны, Ц.Э-н 1 тооны, Д.Б-ны 1 тооны, нийт 16 тооны адуу хулгайлж нийт 9.430,000 /есөн сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Н, Г.Ж, Ц.М, Б.П нар нь 2017 оны 01дүгээр сарын 20-ноос 24-ний хооронд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутаг дэвсгэрт иргэн И.Э-н 2 тооны, Б.Г-н 1 тооны, Б.О-н 1 тооны, Г.Ө-н 1 тооны, Д.Б-н 7 тооны, С.М-н 2 тооны, Ц.Э-н 1 тооны, Д.Б-ны 1 тооны, нийт 16 тооны адуу хулгайлж нийт 9.430,000 /есөн сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогч С.М-н: “Би Чандмань-Өндөр сумын 5 дугаар багийн Д гэх газарт амьдардаг юм. 2017 оны 01-р сарын 21-22-нд шилжих шөнө Чандмань-Өндөр сумын 5-р багийн Д-н голд байсан 20 тооны адууг бэлчээрт байхад нь Жаргалантын ам гэх газарт айлын хаваржааны хашаанд хашиж байгаад 7 морийг барьж аваад явсан байсан. Өмнө нь 2017 оны 1 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Нуурмаг гэх газраас аргамжаан дээрээс Э, Г нарын морийг хулгай хийгээд явсан байсан талаар манай нутгийнхан ярьсан байсан. Тэгээд мөрийг нь хөөгөөд байсан чинь миний 7 адууг хөтлөөд Алаг-Эрдэнэ сумын Яргис багийн Зүүн даваагаар даваад Адууны голын эхэнд очоод машинаар ачаад явсан байсан юм. ...тэгтэл алдсан байсан 7 адууны 3 адуу нь 2 сар гаруйн дараа уулнаас бууж ирсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 34, 2-р хх-ийн 173 дугаар хуудас/,
Хохирогч Д.Б-н: “2017 оны 01 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө Чандмань-Өндөр сумын нутаг Нарийн гэх газарт манай 30 орчим ижилтэй адууг бэлчээрт байхад хулгайлаад Хариу гэдэг газар айлын хаваржааны хашаанд хашаад халиун морь, 2 улаан хээр морь, буурал духтай хээр морь, хур дэлтэй халтар морь, жороо бор морь, зэрэг нийт 7 морийг хулгайд алдсан юм” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Хохирогч И.Э-н: “2017 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-ны шөнө Дөрөлжийн Үзүүр гэх газарт гэрийн гадаа аргамжаатай байсан буурал, хүрэн зүсмийн 2 тооны морийг аргамжаатай нь аваад явсан байсан. Буурал морийг Бага бургаст гэх газраас маргааш нь олж авсан. Хүрэн морийг 7-8 хоногийн дараа Даагайн голоос олж авсан. Миний хоёр морийг хэн хулгайлсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41 дүгээр хуудас/,
Хохирогч Б.Г-н: “2017 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Бага бургаст гэх газрын Хясаатын өвөрт гэрийн зүүн талд аргамжаатай байсан хар халтар зүсмийн бүдүүн морийг аргамжаатай нь хулгайлаад аваад явсан байсан. Хар халтар морь тамга тэмдэг байхгүй тарган морь байсан. Энэ үер П, М хоёрыг хулгайлсан гэж бодож байна. М манайхаар ирж очдог байсан. Энэ хоёроос гарцаа байхгүй.Морь одоо болтол байхгүй олдоогүй байна. Манай морьтой хамт О-н халиун морь хулгайд алдагдсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44 дүгээр хуудас/,
Хохирогч Б.О-н: “2017 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Бага бургаст гэх газарт гэрийн баруун хойд талд аргамжаатай байсан халиун зүсмийн морийг аргамжаатай нь хулгайлаад явсан байсан. Морио нэлээн хэд хоног хайгаад олдоогүй тэгтэл манай хулгайд алдсан байсан халиун морь өөрийнхөө адуунд нийлсэн байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 47 дугаар хуудас/,
Хохирогч Г.Ө-н: “2017 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр Чандмань-Өндөр сумын 5-р багийн Жаргалантын Бургаст гэх газраас манай гэрийн дээд талаас шөнийн 00 цагийн орчим аргамжаатай байсан Х үсгэн тамгатай шарга зүсмийн бүдүүн морь хулгайд алдагдсан. Тэгээд 7-8 хоногийн дараа адуундаа нийлсэн байсан. Аргамжаанаас нь тайлаад аваад явсан байсан. ...Мэдэхгүй байж байгаад дараа нь Ж, М нарыг авсан гэдгийг мэдсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 50 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Э-н: “Би М-н төрсөн эгч У-г авч суусан юм. С.М-н хүргэн нь юм. Г нь М-н төрсөн ах нь юм. Би Г-аас худалдаж авсан бор хээр зүсмийн морийг төрсөн дүү Д.Б-даа 2017 оны зун хязаалан үхэр дээр 300.000 төгрөг авч зарсан юм. Б-д зарсан морь нь бас М-н адуутай ижилдэн дассан морь байсан. Миний шар хээр морь өөрийн унаган адуу юм. С.М, Г манай адуу нэг дор явдаг юм. Би өөрөө арваад тооны адуутай. Арваад тооны адуу нь манай аавын адуу, манай дүү нарын адуу гээд нийлээд л нэг азарга адуу болоод нэг дор байдаг. ...Хулгайд алдсан шар хээр зүсмийн морь нь баруун талынхаа гуян дээр хас тамгатай, шингэн дэл, сүүлтэй, унаж явахад хөнгөлүүхэн, урьд өмнө нь уяж сойж байсан юм. Мундаан дээрээ хуруу дарам жижиг цагаантай байсан. Оломны ором байхгүй. Өөр содон шинж тэмдэг гээд байх зүйл байхгүй. ...Би гомдолтой байна. 700.000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 167 дугаар хуудас/,
Хохирогч Д.Б-ны: “2017 оны 01 дүгээр сарын 21-нээс 23-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын 5 дугаар багийн Даагайн гол гэх газраас иргэн С.М-ын адуунд байсан бор хээр зүсмийн нас бие гүйцсэн морио хулгайд алдсан. Би морь хулгайд алдагдах үед Улаанбаатар хотод ажил хийж байсан юм. Миний морийг хулгайд алдагдсан талаар миний морь байсан адууны эзэн М хэлж мэдэгдсэн. Би морио төрсөн ах Э гэж хүнээс 2017 оны зун хязаалан үхэр дээр мөнгө өгч худалдаж авсан юм. Э ах надад зарсан бор хээр морийг Г гэдэг хүнээс худалдаж авсан морь байсан юм. М-н адуу Даагайн гол, Жаргалант гэх газраар голдуу бэлчдэг юм. ..Би бор хээр зүсмийн нас бие нийлсэн морио 800.000 төгрөгөөр үнэлнэ. ...Би гомдолтой морио төлүүлж авмаар байна” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 170-171 дүгээр хуудас/,
Гэрч Л.Ц-н: “2016 оны 4, 5 дугаар сараас М нутгийн П гэж айлд эмнэг сургаж өгнө, хашаа барьж өгнө гээд явдаг болсон. П-нх манайхтай ойролцоо байдаг. Зуны цагт бол 500-600 метр зайтай, өвлийн цагт 2 километр зайтай өвөлждөг. Тэгээд саяханаас 2017 оны 01 дүгээр сарын дундуур Г, Л, Э нарын морийг М, П хоёрыг хулгай хийсэн гээд сураг гарсан. Эдгээр хүмүүсийн морьд нь олдсон. Г-н морь нь олдоогүй. Манай нутгийнхан энэ хоёрыг хулгай хийсэн гэж ярих болсон. Тэгээд М-н араас сураг ажиг тавихад гурван морьтой хүн ууланд гараад хулгай хийгээд байгаа талаар нутгийн хүмүүс ярьсан. ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 52 дугаар хуудас/,
Гэрч Д.С-н: “Б.П манайд ирээд маргааш нь надаас “ХААН банкны дансаа өгөөч хүнээс мөнгө шилжүүлж авах гэсэн юм” гэхээр нь “би ямар учиртай мөнгө юм бэ” гэж асуухад “3 сард зээл төлөх мөнгө байгаа юм” гэж хэлээд миний дансаар 1.000.000 төгрөг шилжүүлж авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 69 дүгээр хуудас/,
Гэрч Д.А-н: “Б.П нь манайд ирээд удаагүй байхдаа “С ахын дансанд миний мөнгө байгаа. Таны гар утсанд мобайл байгаа юу” гэхээр нь би байгаа гэсэн чинь миний дансруу мөнгө шилжүүлээд тэр мөнгөө надаар ХААН банкны дансруу зээл төлөлт гэж шилжүүлж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 68 дугаар хуудас/,
Гэрч Г.У-н: “Э-с гэж бичсэн байгаа юм чинь манай нөхөр л шилжүүл гэсэн байх. Би мэдэхгүй байна. Ер нь бол манай нөхөр бид хоёр мөнгө төгрөг хүнд шилжүүлэхээр бол нөхрийн нэрээр юм уу өөрийнхөө нэрээр шилжүүлдэг юм. Энэ яг ямар учиртай мөнгө шилжүүлж байсныг санахгүй байна. Манай нөхөр л шилжүүл гэсэн болохоор шилжүүлсэн байх. Манай нөхрийг Б.Э гэдэг Алаг-Эрдэнэ суманд төрсөн. Манай нөхөр мал мах авдаг. Мал мах аваад 4 жил болж байгаа. Д.С гэдэг хүнийг танихгүй” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 187 дугаар хуудас/,
Гэрч Б.Э-н: “П.Н нь 2017 оны 11 дүгээр сарын үе буюу идэшний үеэр малынхаа арьс ширийг тушаасан байсан мөнгөө надад өгсөн. Энэ мөнгө нь Н-н хүүхдийнх нь сургалтын төлбөр гэж хэлж байсан. Тэгээд хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийх хугацаа болоогүй байсан учраас надад 1.200.000 төгрөгийг Н-с зээлж авсан байсан юм. Тухайн үед эхнэр бид хоёр Солонгос руу гарах виз хөөцөлдөөд данс руугаа мөнгө оруулж гаргаж байсан юм. Тэгээд дараа нь Н над руу утасдаад нөгөө мөнгө хэрэг боллоо хүнд өгөх гэсэн юм гэхээр нь эхнэр рүү залгаад 1 сая төгрөгийг шилжүүлсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 176 дугаар хуудас/,
Гэрч Ч.У-ийн: “Би Г.Ж гэдэг хүнийг танина. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Мөрөн сумаас урагшаа хорихын ар тал руу байдаг Ц гэж хүний адууны жүчээний урд манай фермерийн хашаа байдаг. Шинэ жилээр фермерийнхээ газарт шинэ жилээ тэмдэглэсэн юм. Над руу залгаад мөнгө зээлээч гэдэг байсан. Тэгээд би тухайн үед хүнд мөнгө зээлдэг хүн биш, дараа нь араас нь хөөцөлдөх гэж ядаргаа байдаг юм аа гэсэн чинь дахин дахин залгаад би Эг-Үүр сум руу яваад хуш гэл үү ямар ч байсан мод бэлтгэнэ тэгээд ирээд өгчихье гэхээр нь 40.000 төгрөг шилжүүлсэн санаж байна. Хүний нэртэй данс байх шиг байсан. Би гүйлгээний утга дээрээ өөрийнхөө нэрийг бичээд явуулсан. Надаас мөнгө авсан цагаас хойш холбогдоогүй. Тухайн үед надаас мөнгө зээлээч гэж залгахдаа бүүр ойр ойрхон олон удаа залгасан. Энэ үе нь 2017 оны 01 дүгээр сарын 10-ны үе болж таарч байна” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 184 дүгээр хуудас/,
Гэрч Д.Б-н: “2017 оны 01 дүгээр сарын 15-ны үеэр хөдөөнөөс манай хүү Б-н бие нь муудаад Мөрөн рүү орж ирээд сүүлд нь Улаанбаатар хот руу яв гэхээр нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр явсан санаж байна. ...Би У гэдэг хүнийг танихгүй. Би нэг их хүнд мөнгө төгрөг өгөөд байдаггүй. Би 40.000 төгрөг над руу орж ирэхээр нь Ж-т авч өгсөн санаж байна. Одоо бодоод байхад Жбайна. Би тэр үед Ж-г таньдаггүй байсан юм. Би захын банкин дээр 10.000 төгрөг авах санаатай байж байтал оочер дараалал их байна таны данс руу мөнгө хийлгээд та аваад өгөөч гэхээр нь дансаа өгсөн. Тэгээд Ж-т 40.000 төгрөг авч өгсөн. Тухайн үед Ж манай хүргэн Б-тэй хамт явж байсан. Манай хүргэн Б-тэй хамт явсан болохоор нь би данс руугаа мөнгө хийлгэж авч өгсөн юм” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 181 дүгээр хуудас/,
Гэрч Э.О-ны: “2017 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө босоод ажил төрлөө амжуулаад явж байтал оройхон хэдэн цагт залгасныг нь мэдэхгүй байна Б.П миний дугаар руу залгаад караокед оръё “чи замдаа явж байхдаа Мөрөн орж караокед орно гэж байсан шүү дээ” гэхээр нь ахынхаасаа гараад такси бариад хилийн цэргийн хойд талд байдаг караокед ортол Б.П, Ц.М хоёр нэг танихгүй залуутай пиво уугаад сууж байсан. Тэгээд П тэр залуутай намайг танилцуулсан. Тухайн үед Б.П тэр найзыгаа манай найз Дарханд байдаг гээд танилцуулж байсан. Тухайн үед тэр залуу өөрийнхөө нэрийг Ж гэж хэлж танилцуулж байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 183 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ц.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын 16-ны орчим байх Б.П, Ж бид нар нь Мөрөнгөөс захын ченж Н гээд эрэгтэй хүнтэй хөдөө хамт яваад Чандмань-Өндөр сумын Дөрөлжийн даваа гэх газарт очсон. Нараа өөрийнхөө машинтай явсан.Машиных нь номерийг авчихсан цагаан өнгийн пургон машин байсан. Н-г Ж сайн таньдаг юм. Н-р П, Ж бид гурав Дөрөлжийн даваан дээр хүргүүлчихээд буцаагаад Мөрөн сум рууявуулчихсан. Чандмань-Өндөр сумын Дөрөлжийн даваа гэх газар явган буугаад явган явж Э гэдэг айлын гадаа байсан аргамжаатай буурал морийг Ж хулгайлан авч зайдан унасан. Мөн Э-н хажуу талын айлаас хүрэн морийг нь мөн аргамжаанаас би очиж хулгайлан авсан. Бид гурав хоёр морьтой цааш явж байтал П-н халтар морь хазаартайгаа Э-н ойролцоо сул явж байхаар нь барьж авсан. Тэр шөнөө уруудаад Бага бургаст гэх газарт очсон. Тэр шөнөө Бага бургаст гэх газраас Г гэж хүний халтар хээр морь, халиун морийг шөнийн 00 цагийн үед авсан. Бага Бургастаас уруудаад Чавганцын даваа гэх газрыг даваад хойд гол орсон. Халтар морь, халиун морь хоёрыг Ж, П хоёр очиж хулгайлсан юм. Мөн тэр шөнөө цааш явж Ө гэдэг айлын гадаа аргамжаатай байсан шарга морийг Ж очиж хулгайлсан. Ингээд бид нар тэр шөнөө Хойд гол руу Чавганцын даваа гэдэг газраар давсан юм. Давж ороод П-н өөрийн халтар морь, Ж-н хулгайлсан шарга морь, Э-н буурал морь гурвыг сул тавиад тэнд байсан Б гэдэг айлийн 30 гаруй тооны адуунаас 7 морь барьж аваад хөтлөөд Чавганцийн даваа гэдэг өөд буцаж гараад морьдыг хөтлөөд Хамар даваа гэх газарт очиж нэг хоносон. Модон дотор хоносон. Өдөр нь модонд байж байгаад шөнөөр яваад Цэгэрийн даваан дээр байхдаа ченж Н-тай Ж утсаар хүрээд ир та гээд яриад байсан. Тэгээд шууд Адууны гол гэх газарт очсон. Ингээд Адууны гол гэх газарт очиж уг 7 адууг нядалж Н-н машинд мах, арьсыг ачиж явуулсан. Н бид нарыг хулгай хийж байгааг сайн мэдэж байсан. Тэгээд бид гурав Алаг-Эрдэнэ сум уруу нөгөө анх унасан 3 морьтойгоо явсан юм. Тэгээд Алаг-Эрдэнэ сумын тушаа Эгийн голын урд уг гурван адуугаа махалж янзалсан. Маргааш нь Мөрөнгөөс мөн ченж Н ирж мах арьсыг нь аваад бид нартай хамт Мөрөнд орж ирсэн. Мөрөнд Соёолж буудалд 2 хоног архи уусан. Уг 10 адууны хөлсөнд Ченж Н-с 5 сая төгрөгийг Ж өөрийн дансаар шилжүүлж авсан. Ингээд Ж такси хөлсөлж бид гурав Хатгал тосгон орсон. Хатгал ороод цаашаа Хүслийн хадны дээд аманд буусан. Таксинд 100 гаруй мянган төгрөг өгсөн. Таксидаж очсон өдрөө буюу 2017 оны 01 дүгээр сарын 20-ны үед байх сайн санахгүй байна Алаг-Эрдэнэ гол орж М гэдэг айлын 30 гаруй тооны хээр азаргатай адууг зуслангийн хашаанд хашиж 7 тооны морь барьж авсан юм. Уг 7 тооны адууг авч Адууны толгой дээр очиж 7 адууг нь алж махалсан. Мөн ченж Н руу утсаар ярьж дуудаад махыг ачуулаад хамт Мөрөнгийн төв рүү орж ирсэн. 7 адууныхаа махыг Н-д зарсан. Мөнгийг нь аваагүй байх би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120-121 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.П-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Хорго нэртэй буудалд хоноод байж байтал Ж өөрийнхөө ... гэсэн дугаараас залгаад “Сонин сайхан асуугаад уулзмаар байна ярих юм байна” гэхээр нь М бид хоёр талбайн урд талын зоогийн газарт очиж уулзсан. Ж өөрөө талбайн урд талын зоогийн газарт байна гэхээр нь яваад очсон чинь Ж ганцаараа сууж байсан. Тэгээд хоол идэцгээгээд нэг нэг лаазтай пиво уугаад сууж байтал Ж “Хөдөө явмаар байна, мөнгө хэрэгтэй” байна гээд хулгай хийх талаар ярьсан. Ж тэндээс очиж мал хулгай хийе гэж байсан. Тэр үед би нөхөртэйгөө хэрэлдээд гэрээсээ зугтаагаад явж байгаа талаар хэлсэн. Тэгсэн чинь Ж надад хандаж “чамд ч гэсэн мөнгө хэрэгтэй л байгаа юм байна цуг явчихаад ирье” гэсэн.Тэгэхээр нь би бага зэргийн шийрэгнээд үгүй гэсэн чинь Ж “Хамт яваад ирье л дээ хүний нэг нэг адуу гурван л адуу хулгай хийнэ” гээд байхаар нь хамт явж хулгай хийе гээд зөвшөөрсөн. Ж мөн хулгай хийж байгаад баригдчих юм бол би өөрөө хариуцна гээд байхаар нь хамт явахаар болоод зөвшөөрсөн юм. Тэгээд М, Ж бид гурав шөнөжин пиводоод захын урд талын Од нэртэй буудалд хоносон. Од буудалд хоночихоод өглөө нь Ж гараад явсан М бид хоёр буудалдаа үлдсэн. Тэгээд орой байж байтал Ж залгаад “1 дүгээр хороонд хүрээд ир” гэхээр нь такси бариад М бид хоёр яваад очсон. Тэгсэн чинь Ж цагаан пургон машины жолоочийн эсрэг талын суудал дээр суучихсан бид хоёрыг хүлээж байсан. М бид хоёр цагаан пургон машины арын суудал дээр ороод буруу хараад суусан. Хойд талын суудалнууд нь байхгүй хойшоогоо харсан суудалтай пургон машин байсан. Би яг явж хулгай хийсэн өдрөө санахгүй байна. Цагаан өнгийн пургон маркын машинаар Хатгал чиглэлийн засмал замаар явсаар Хатгалын гүүрээр зүүн тийш салаад Булгын даваа даваад, Цэгэрийн даваа даваад Бургастаар даваад Дөрөлж дээр буусан. Бургастын давааны наад талаас М Ө гэдэг хүний шарга морийг ганцаараа явж хулгай хийж ирсэн. М шарга морийг унаад Дөрөлжийн даваа руу ганцаараа уруудсан. Дөрөлжийн даваан дээр Ж бид хоёрыг байж байгаарай гэхээр нь хүлээж байсан чинь М шарга морио унаад Дөрөлжийн даваан дээр хүрээд ирсэн. Тэгээд бид гурав машинаа буцаасан. Тэр машины жолоочтой Ж л харьцдаг байсан. М бид хоёр тэр жолоочийг танихгүй. Дөрөлжийн даваан дээрээс Ж бид хоёр явган буугаад М шарга морио унаад буусан. М хүрэн зүсмийн морь, буурал морь хоёрыг хөтөлж ирсэн. Энэ хоёр морь нь сүүлд сонсож байхад Э-н морь байсан. Гурвуулаа морио унаж аваад доошоо Нуурмагт уруудаад явсан. Нуурмагт уруудаад явж байхдаа Г-н халтар морь, мөн О-н халиун морийг авсан. Унаж явсан Э-н морины хазаарыг нь аваад тавьчихсан. Миний сумын төв рүү орохдоо унаж орсон нэг хээр морь байсан. Миний хээр морь, Г, О нарын гурван морийг унаад доошоо Нуурмагт уруудаад хулгай хийх адуу олдохгүй болохоор нь Нуурмагтаа өгсөөд явсан. Дөрөлж даваад явж байтал адуу олдоогүй Даагай гэх газар М-н 30 орчим тооны адуу байхаар нь Жаргалантад байдаг манай хаваржаан дээр М-н Бургастын даваа даваад явж байтал өдөр болчихоор нь өдөржин уулаар явсан. Маргааш нь гэрээсээ очиж дээлээ авсан. Энэ үед гэрт хүн байгаагүй. Тэгээд тэр шөнөө адуу олоогүй. Маргааш нь хойд голоос Б гэж хүний 40 орчим тооны адууг барьж аваад наашаа яваад Их бургастаар давж орж ирээд Нуурмагтаа өгсөөд Дөрөлж даваад Цэгэр өгсөөд Тагын гозгороор даваад газрын нэрийг нь мэдэхгүй нэг ууланд өнжсөн. Тэгээд орой нь уулын хаяа руу буугаад Б-н 7 тооны адуунаас 6 адууг нь нядлаад Ж нөгөө жолоочийг дуудаад 6 тооны махыг ирж авсан. Бид гурав яваагүй. Жолоочид махаа өгөөд явуулсан. Ж жолооч хоёрыг эртний танил эсэхийг мэдэхгүй байсан. Ямар ч л байсан Ж таньдаг хүн. Бид гурав наашаагаа уруудаж явж байгаад газрын нэрийг нь мэдэхгүй нэг ууланд унаж яваа морьтой ууланд өнжсөн. Унаж явсан гурван морио Алаг-Эрдэнэ сум өнгөрч яваад модон дотор нядалсан. Бас нөгөө жолоочийг дуудаж махаа ачаад Мөрөн орсон. Мөрөнд орж ирээд махыг тэр жолооч Н гээд байгаа хүн авч явсан. Намайг Дарханд байхад Ж над руу залгаад “дансаа явуул, мөнгө явуулна” гэхээр өөрийнхөө дансыг явуулах гэсэн чинь Ж өөр хүний данс явуул гэхээр нь С ахын дансыг явуулсан чинь 1 сая төгрөг хийсэн. Тэгээд би Сэлэнгэ нагац эгч Н-н гэрт байж байгаад 2017 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Мөрөн сум руу ирж байгаад цагдаад баригдсан.” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Шүүгдэгч П.Н-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2017 оны 01 дүгээр сарын дундуур Мөрөн сумын Хүнсний захын хашаанд өөрийнхөө цагаан өнгийн ... ХӨВ улсын дугаартай пургон маркийн машинтай сүү зараад ганцаараа байж байтал танихгүй хоёр залуу ирээд Алаг-Эрдэнэ сумаас мах ачиж өгөөч гээд 200.000 төгрөгийг хоёр залуугийн өндөр нь надад өгсөн. Тэгээд миний утасны дугаарыг аваад орой залгана гэж хэлсэн. Орой нь 20-21 цагийн үед миний утас руу залгаад захын урд талд “Ирээдүй” цайны газрын үүдэнд хүрээд гэхээр нь машинаа асаагаад яваад очтол хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүн гурвуулаа байж байсан. Гурван хүнийг машиндаа суулгаж аваад Алаг-Эрдэнэ сумын цаана цастай уулын модонд очоод 5 тооны нойтон адууны махыг ачсан. Тэгээд шөнөдөө яваад Мөрөн орж ирээд 9 дүгээр хороо руу гахай тахайны хонхорт ямар нэгэн номер дугаар байхгүй хашаанд махыг буулгасан. Тэр гурван хүн махтайгаа хамт буугаад үлдсэн. Би гэртээ өглөөний 04-05 цагийн үед ирсэн. Маргааш нь би хөдөө гэр рүүгээ явсан. Тэгээд 3 хоногийн дараа нөгөө хүмүүс утсаар залгаад мах ачихаар боллоо, Алаг-Эрдэнэ сумын Хойгоны таг дээр хүрээд ир гэхээр нь өөрийнхөө машинтай ганцаараа очоод Хойгоны тагаас 3 тооны адууны нойтон махыг ачсан. Мөрөн сум руу оруулж ирээд урд өмнө нь 5 тооны адууны мах буулгасан хашаанд махыг буулгасан. Хойгоны таг дээр намайг яваад очиход хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүн гурвуулаа байсан. Би Хойгоны таг дээр харанхуй болчихсон байхад 20-21 цагийн үед очсон. Мөрөн сум руу шөнийн 02-03 цагийн үед орж ирсэн. Би тэр гурван хүнийг хараад сайн танихгүй байх. Гэхдээ барагцаа байх байх. Эмэгтэй хүн нь бор царайтай, 30 орчим насны хүн байсан сайн анзаараагүй, нэг эрэгтэй нь 20 орчим насны, намхан туранхай, шар царайтай нөхөр байсан. Нөгөөх нь нөгөө хоёроосоо арай өндөр, бор царайтай хүн байсан. Содон шинж тэмдэг шарх сорвийг нь анзаараагүй. Дандаа шөнө тааралдсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 26-27 дугаар хуудас/
Эд зүйл хурааж авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 14 дүгээр хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тээврийн хэрэгслийн битүүмжилсэн тэмдэглэл /1-р хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 22-28 дугаар хуудас/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 29-32 дугаар хуудас/,
Мал үнэлсэн тайлан /2-р хх-ийн 08-09 дүгээр хуудас/,
Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын Хатгал тосгон дахь Цагдаагийн хэсгийн дарга, цагдаагийн хошууч Ц.Бадрахын тайлбар /2-р хх-ийн 76 дугаар хуудас/,
Гэрэл зургийн үзүүлэлт /2-р хх-ийн 77 дугаар хуудас/,
Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батзаяагийн илтгэх хуудас /2-р хх-ийн 78 дугаар хуудас/,
Нэгдсэн эмнэлгийн Шүүх эмнэлгийн комиссын 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шүүгдэгч Б.М-н сэтгэцийн байдалд хийсэн 29 дугаартай:
Д.С-н ХААН банкны дипозет дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 70 дугаар хуудас/, 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Э-с Д.С-н ... тоот дансанд 1.000.000 төгрөгийг шилжүүлсэн орлогын мэдүүлгийн баримтын хуулбар /2 хх-ийн 227 дугаар хуудас/,
Шүүгдэгч П.Н-н эзэмшлийн битүүмжилсэн цагаан өнгийн УАЗ пургон маркын автомашиныг 9.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /2-р хх-ийн 99 дүгээр хуудас/ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч П.Н, Г.Ж, Ц.М, Б.П нар нь 2017 оны 01дүгээр сарын 20-ноос 24-ний хооронд Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын нутаг дэвсгэрт иргэн И.Э-н 2 тооны, Б.Г-н 1 тооны, Б.О-н 1 тооны, Г.Ө-н 1 тооны, Д.Б-н 7 тооны, С.М-н 2 тооны, Ц.Э-н 1 тооны, Д.Б-ны 1 тооны, нийт 16 тооны адуу хулгайлж нийт 9.430,000 /есөн сая дөрвөн зуун гучин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд энэ нь хохирогч Д.Б, С.М, И.Э, Б.Г, Б.О, Ц.Э, Д.Б, Г.Ө нарын мэдүүлэг, мал үнэлсэн тайлан зэрэг хэрэгт авагдсан баримтат мэдээлэл, бусад баримтуудаар тогтоогдсон гэж шүүх үзэв.
Шүүгдэгч П.Н, Г.Ж, Ц.М, Б.П нарт Аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Ж, Б.П, Ц.М нар нь хохирогч И.Э-н 2 тооны адуу, Б.О-н 1 тооны адуу, Г.Ө-н 1 тооны адууг тавьж явуулсан, хохирогч И.Э, Б.О, Г.Ө нар нь шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Г.Ж, Ц.М, Б.П нарыг хохирогч И.Э, Б.О, Г.Ө нарт төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Н, Г.Ж, Ц.М, Б.П нар нь хохирогч Д.Б-д 4.280.000 төгрөгийн, С.М-д 1.150.000 төгрөгийн, Б.Г-т 600.000 төгрөгийн, Ц.Э-т 650.000 төгрөгийн, Д.Б-д 650.000 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлсөн болох нь:
Хохирогч Д.Б-н 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн: “...Б.П нь надад учирсан хохирлын өөрт оногдох хэсгийг дараах байдлаар төлж барагдуулсан болно. Үүнд: хүрэн хязаалан байдас 1 ш, унагатай хээр гүү 1ш, хар сарлагын охин шүдлэн 1ш, 1.000.000 төгрөгийг бэлнээр. Иймд Б.П-с цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх гарын үсгийн баталгаа,
2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хохирогч Д.Б-н: “5-р багийн иргэн Ц.М нь нэг моринд 500.000 төгрөг төлж хохирол барагдуулсан нь үнэн болно” гэх өргөдөл,
Чандмань-Өндөр сумын 5-р багийн иргэн Н.Б-н 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын цагдаагийн хэсэгт гаргасан: “...миний бие 2016 онд Нуурмагтын голоос 1 тооны морь алдсан ба ...2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр морийг төлж миний бие хохиролгүй болсон нь үнэн болно” гэх тодорхойлолт,
Хохирогч Б.Г-н 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн: “Хайрхан толгой багийн иргэн Ц.М нь 1 моринд 550.000 төгрөг төлж хохирол барагдуулсан бөгөөд морио алдаад эрж хайх явцад зарцуулсан хохирол 200.000 төгрөгийг нэмж төлүүлж авсан” гэх өргөдөл,
Хохирогч Б.Г-н 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн: “Ц.М нь миний хохирол болох морийг бэлэн мөнгөөр үнэлэн төлж барагдуулсан тул цаашид би Ц.М-д гомдолгүй” гэх тодорхойлолт,
2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хохирогч Д.Б: “...том биетэй эрлийз бор гүү, буурал унагатай 1.000.000 төгрөгөөр, цуурхай чихтэй хүрэн гүү 800.000 төгрөгөөр, цавьдар даага 300.000 төгрөгөөр, бэлнээр 1.000.000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 500.000 төгрөг, нийт 3.600.000 төгрөгийн үнэ бүхий мөнгө, малыг тус тус хүлээн авсан, ...хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх хохирол төлсөн тухай /дахин хийсэн/ эвлэрлийн гэрээ,
2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүгдэгч Б.П нь хохирогч Ц.Э-т 1 тооны морины үнэ 550.000 төгрөгийг хүлээлгэж өгсөн тухай эвлэрлийн гэрээ,
2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Д.Б-н “... Б.П-с нэхэмжилсэн 200 литр бензинийг төлж хохиролгүй болгосон нь үнэн” гэх тодорхойлолт,
Шүүгдэгч П.Н, Г.Ж, Ц.М, Б.П нар нь 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хохирогч С.М-д хулгайд алдсан 2 адууны төлбөр болох 1.200.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгөх тухай 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн эвлэрлийн гэрээ,
Шүүгдэгч П.Н, Г.Ж, Ц.М, Б.П нар нь 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хохирогч Д.Б-д хулгайд алдсан адууны төлбөр болох 650.000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгөх тухай 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн эвлэрлийн гэрээ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч П.Н, Г.Ж, Ц.М, Б.П нарыг хохирогч Д.Б, С.М, Б.Г, Ц.Э, Д.Б нарт төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч П.Н, Г.Ж, Ц.М, Б.П нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч П.Н, Г.Ж, Ц.М, Б.П нар нь урьд ял шийтгэлгүй болох нь /1-р хх-ийн 172-174, 2-р хх-ийн 98 дугаар хуудас/ ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн 201722000093 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Ж 121 /нэг зуун хорин нэг/ хоног, шүүгдэгч Б.П 106 /нэг зуун зургаа/ хоног, шүүгдэгч Ц.М 48 /дөчин найм/ хоног, шүүгдэгч П.Н 21 /хорин нэг/ хоног тус тус цагдан хоригдсон болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн 201722000093 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгч П.Н-н гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан ... ХӨА улсын дугаартай 9.000.000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн УАЗ-2206 маркийн пургон автомашиныг битүүмжилсэн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож уг автомашиныг шүүгдэгч П.Н-д буцаан олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Ж, Б.П, Ц.М, П.Н нарыг бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ж, Б.П, Ц.М, П.Н нарт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар 145.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-г эд хөрөнгө хураахгүйгээр 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.П-г эд хөрөнгө хураахгүйгээр 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ц.М-г эд хөрөнгө хураахгүйгээр 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч П.Н-г эд хөрөнгө хураахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж, Б.П, Ц.М нарт оногдуулсан 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч П.Н-д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Г.Ж, Б.П, Ц.М нарт оногдуулсан 04 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, тус бүр 03 /гурав/ жилийн хугацаагаар, шүүгдэгч П.Н-д оногдуулсан 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 02 /хоёр/ жилийн хугацаагаар тус тус хянан харгалзаж, шүүгдэгч нарт хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-н цагдан хоригдсон 121 /нэг зуун хорин нэг/ хоногийг, шүүгдэгч Б.П-ийн цагдан хоригдсон 106 /нэг зуун зургаа/ хоногийг, шүүгдэгч Ц.М-ын цагдан хоригдсон 48 /дөчин найм/ хоногийг, шүүгдэгч П.Н-н цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-н гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан ... улсын дугаартай 9.000.000 төгрөгийн үнэ бүхий цагаан өнгийн УАЗ-2206 маркийн пургон автомашиныг битүүмжилсэн 2017 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, уг автомашиныг шүүгдэгч П.Н-д буцаан олгосугай.
8. Эрүүгийн 201722000093 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ж-т урьд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.П, Ц.М, П.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.НЯМСҮРЭН