Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 109/ШШ2024/0037

 

 

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С.Х

Хариуцагч: Архангай аймгийн Засаг дарга нарын хоорондох “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Сумын Засаг даргын захирамж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох, иргэдийн газар эзэмших эрхийг цуцлах тухай” А/457 дугаартай захирамжийн иргэн С.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э (цахим), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, Б.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Иргэн С.Х-гээс Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/457 дугаартай захирамжийн иргэн С.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч С.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга нь 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/78 тоот шийдвэрээр С.Х-д газар эзэмших эрхийг олгосон болно. Түүнийг үндэслэн 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын газрын даамал *******-гаар бүхий 50га газрыг 15 жилийн хугацаатайгаар үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээг олгосон. Гэтэл Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/457 дугаартай захирамжаар тус газрыг эзэмших эрхийг үндэслэлгүйгээр цуцалсан байна. Дээрх захиргааны актыг гаргахдаа сонсох ажиллагаа явуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж заасан байдаг. Тодруулбал, 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/457 дугаартай захирамж нь эрх зүйн шууд үр дагавар бий болгосон буюу иргэдийн газар эзэмших эрхийг цуцалснаараа С.Х- миний ашиг сонирхол шууд хөндөгдөхөөр байна. С.Х миний бие тус газарт 2013 оноос хойш өөрийн хашааг барьсан мөн Ловол 85 маркын трактор /85 сая төгрөг/, пресслэгч /37 сая төгрөг/, хадуур тармуур /15 сая төгрөг/- өөр тус тус худалдан авч малын ногоон тэжээлийг үйлдвэрлэсэн. Мөн тус газар нь маш их хэмжээний чулуутай бөгөөд тухайн чулууг цэвэрлэх ажиллагааг жил болгон хийж, жил болгоны 4 дүгээр сард хонь үхрийн бууцаар борддог. Миний бие 2013 оноос хойш тухайн газартаа хамгийн сайн үйл ажиллагаа явуулж 3 сумын төсөвт газруудад сүү, мах нийлүүлж мөн тус ажилд олон түмнийг уриалан манлайлж байсныг минь үнэлж 2022 онд Монгол Улсын Засгийн газраас “Монгол Улсын аварга фермер” цолыг олгосон. Гэтэл уг захиргааны актыг гаргахдаа ашиг сонирхол нь шууд хөндөгдөж байгаа этгээд буюу С.Х- надад нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олголгүйгээр 2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр газар эзэмших эрхийг минь ноцтой зөрчиж хуульд байхгүй үндэслэлээр цуцалсан захирамжийг надад өгсөн. Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах шаардлагыг хангаагүй тухайд, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т бичгээр гаргасан захиргааны акт дараах шаардлагыг хангасан байна. 40.2.3.-т “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах" гэж заасан байдаг. Мөн А/457 дугаартай захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 40 дүгээр зүйлийн 40.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдийг үндэслэжээ. Эдгээр нь бүхэлдээ аймгийн Засаг даргын бүрэн эрх болон гаргасан шийдвэрээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж улсын бүртгэлд тусгуулах талаарх зохицуулалтууд байгаа ба захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал буюу С.Х-гийн газар эзэмших эрхийг 2011 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн А/78 дугаар захирамж байхгүй мэдээллийн санд оруулсан гэх үндэслэлээр цуцалсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1- 40.1.7 дахь хэсгүүдэд Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөлүүдийг хуульчилсан байхад хуульд заасан үндэслэлгүйгээр газар эзэмших эрхийг цуцалсанд гомдолтой байна. Иймд Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/457 дугаартай “Сумын Засаг даргын захирамж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох, иргэдийн газар эзэмших эрхийг цуцлах тухай” захирамжийн С.Х-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А/457 дугаартай захирамжийн сумын Засаг даргын захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох иргэдийн газар эзэмших эрхийг цуцлах тухай захирамжийн С.Х-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгох шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ Архангай аймгийн Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/78 дугаар шийдвэрээр С.Х-д газар эзэмших эрхийг олгосон. Үүнийг үндэслээд 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ********** дугаартай 50 га газрыг 15 жилийн хугацаатайгаар үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалтаар эзэмшүүлэхээр ****** дугаартай гэрчилгээг олгож гэрээ байгуулсан. Гэтэл Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/457 дугаар захирамжаар тус газрын эзэмших эрхийг үндэслэлгүйгээр цуцалсан. Манай зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т захиргааны актын гэрчилгээг гаргахдаа захиргааны актад нь дараах шаардлагыг хангасан байна гэж заасан. 40 дүгээр зүйлийн 40.2.3-т бодит нөхцөл байдал хууль зүйн үндэслэлийг зааж өгөхийг заасан. А/457 захирамжид сумын Засаг даргын захирамжийн холбогдох хүчингүй болгох иргэдийн газар эзэмших эрхийг цуцлах тухай захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдийг үндэслэсэн. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-ээс-40.1.7 дахь хэсэгт аймаг, сум нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөлийг хуульчилсан байдаг. Гэтэл Архангай аймгийн Засаг даргаас гаргасан С.Х-гийн газар эзэмших эрхийг цуцалсан нь Газрын тухай хуульд заасан аль нэгэн зохицуулалтыг агуулаагүй байна. Иймд Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/457 дугаар захирамжийн С.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

4. Хариуцагч Архангай аймгийн Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/457 дугаартай захирамжийн С.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Цэнхэр сумын Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/78 дугаар захирамж байхгүй, захирамжгүйгээр мэдээллийн санд оруулсан, нэгж талбарын хувийн хэрэг байхгүй. Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж иргэн С.Х-гийн гар утасны дугаарлуу 2024 оны 5 дугаар сарын 1-ний өдөр залгаж сонсох ажиллагааны талаарх мэдэгдэх хуудсыг гардуулж өгөх гэсэн боловч дээрх утасны дугаар нь ашиглалтад байхгүй байсан. Харин маргаан үүссэнээс хойш тариалалт хийж эхэлсэн. Иймд миний бие Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7 дахь заалт, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд заасан өөрийн бүрэн эрхийн хүрээнд Цэнхэр сумын Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/78 дугаар захирамжийг 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/457 дугаартай захирамжаар хүчингүй болгосон гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж хууль зөрчигдсөн холбогдох газруудыг Засаг даргын захирамжаар цуцалсан. Дүгнэлтэд дурдсан гол асуудал нь 78 дугаартай захирамж байхгүй, гараагүй гэж ажлын хэсэг дутуу шалгаснаас үүдсэн асуудал байсан учраас 78 дугаартай захирамжийн хэмжээнд бид нар хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэгэхдээ 78 дугаартай захирамжаар С.Х-д эзэмшүүлсэн газрын хэмжээ нь 20 га учраас бид нар 20 га хэмжээгээр хүлээн зөвшөөрье гэдэг байр суурьтай байгаа. Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу газрыг давуу эрхээр эзэмшүүлэхдээ багийн иргэдийн нийтийн хурал, сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэсэн байх гэсэн гол зарчмыг баримталдаг. Гэтэл тухайн хэрэгт авагдсан баримтаас харахад багийн иргэдийн нийтийн хурал тухайн жил хийгээгүй. Багийн иргэдийн нийтийн хурлын саналыг аваагүй харагддаг. Хариуцагчийн зүгээс багийн иргэдийн нийтийн хуралтай холбоотой маргаан үүсгэхгүй байгаа. Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4.2-т эрх бүхий байгууллага албан тушаалтны шийдвэрийг үндэслэнэ гэхээр Засаг даргын хууль ёсны шийдвэрийг үндэслэн аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмших асуудлаар гэрээ байгуулж эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системд явуулах нь газрын даамлын үүрэг юм. Газрын даамал 20 га хэмжээтэй газар эзэмшүүлэхээр шийдвэрээ гаргачхаад байхад 50 га болгож өгч буй үйлдэл нь Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага ногдуулах үндэслэлтэй харагдаад байна. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д Монгол улсын хууль бусад хуулийг хүндэтгэн сахин биелүүлэх гэдэг үүргээ тэр хүн биелүүлээгүй харагдаж байна. Дээрээс нь 39 дүгээр зүйлийн 39.1.1-д албаны эрх мэдлийг хэтрүүлсэн байна гэж үзээд байгаа. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д төрийн эрх бүхий байгууллага албан тушаалтан буюу даамал нь үйлдэл эс үйлдэхгүйгээр Газрын тухай хууль тогтоомж газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байгууллага албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны  байгууллага албан тушаалтан эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож үйлдлийг таслан зогсооно гэж заасан гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сумын газрын даамал нь газрын гэрчилгээг олгохдоо газрын хэмжээг дур мэдэн өөрчилсөн буюу захирамжаар 20 га гэж өгсөн байхад 50 га гэж газрын гэрчилгээг өөрчилж олгосон нь Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.10 дахь хэсгийг зөрчсөн байна. Иймд 30 га хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

            1. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд

1.1. Анх Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг дарга 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 78 дугаар захирамжаар давуу эрхээр эзэмшүүлэх газрын хэмжээ, зориулалт, байршил, хугацааг хавсралтаар иргэн С.Х-д 50га газрыг үр тарианы зориулалтаар тус сумын Алтан овоо, Б гэх газарт олгохоор шийдвэрлэжээ. (Хавтаст хэргийн 87-88 дахь тал)

1.2. Улмаар иргэн С.Х-д 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулан кадастрын зургийг гаргажээ. (Хавтаст хэргийн 37-44 дэх тал)

1.3. Гэтэл аймгийн Засаг дарга 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/457 дугаар захирамжаар нэр бүхий иргэдийн газар эзэмших эрхийг цуцалсны хавсралт 17-нд иргэн С.Х-д хамаарах газар орсноор шүүхэд маргажээ.

  2. Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд

2.1. Маргаан бүхий акт болох Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/457 дугаартай “Сумын Засаг даргын захирамж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох, иргэдийн газар эзэмших эрхийг цуцлах тухай” захирамжийн хавсралтаар нийт 18 иргэний газар эзэмших эрхийг цуцалсны дотор захирамжийн хавсралтын 17 дахь дэс дугаарт зааснаар нэхэмжлэгч С.Х-гийн үр тарианы усалгаагүй тариалан эрхлэх зорилгоор эзэмшиж буй газрын эзэмших эрх багтжээ.

2.2. Дээрх маргаан бүхий А/457 дугаар захирамжид “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 40 дүгээр зүйлийн 40.4, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Аймгийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/298 дугаартай захирамжаар томилогдсон ажлын хэсгийн Цэнхэр сумын газар олголт, хууль зөрчигдсөн үйлдлийг шалгаж зөрчил дутагдлыг илрүүлсэн тухай 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн Цэнхэр сумын Засаг даргын захирамж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгож иргэдийн газар эзэмших эрхийг тус тус хавсралтаар цуцалсугай” гэжээ.

2.3. Маргаан бүхий захирамжийн хавсралтын 17 дахь дэс дугаарт зааснаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан үндэслэлийг хариуцагч заахдаа: “С.Х- **************, ************, 500853м2-аар Үр тарианы усалгаагүй тариалан тариалан 2011-04-26 А/78 дугаар захирамжтай холбогдсон байна. Тус 2011-04-26 А/78 дугаартай захирамж байхгүй, мэдээллийн санд оруулсан, мэдээллийн санд тусгаагүй нэгж талбарын хувийн хэрэг байхгүй.” гэх үндэслэлийг дурджээ.

2.4. Мөн хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Цэнхэр сумын Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/78 дугаар захирамж байхгүй, захирамжгүйгээр мэдээллийн санд оруулсан, нэгж талбарын хувийн хэрэг байхгүй./Ийм захирамж гараагүй/” гэх тайлбар гаргажээ.

2.5. Захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны актыг гаргаж буй тохиолдолд актын үндэслэл болж буй нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг юм.

2.6. Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргаан байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг баримт цуглуулах замаар тогтоох үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй байна. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д зааснаар “нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий акт нь үндэслэлтэй, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх ёстой.

2.7. Гэтэл хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцлахдаа нэхэмжлэгчид газар эзэмшүүлэх шийдвэр /захирамж/ гарсан эсэх үйл баримтыг шалган тогтоох үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй байна.

2.8. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан маргаан бүхий акт нь үндэслэлтэй, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх мөн хуулийн  24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг бодитой хийлгүйгээр шийдвэр гаргаснаас үүдэж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг, сонирхол зөрчигдсөн байна.

2.9. Өөрөөр хэлбэл хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож буй үндэслэл болох “газар эзэмшүүлсэн захирамж байхгүй, захирамжгүйгээр мэдээллийн санд оруулсан, ийм захирамж гараагүй” гэх үндэслэл няцаагдаж байх бөгөөд хэрэгт цугларсан Архангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Аймгийн 2011 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 10 дугаартай тогтоол, Архангай аймгийн Цэнхэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2010 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 8 дугаартай тогтоолуудын хавсралтаар батлагдсан тус сумын 2011 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Цэнхэр сум “Б” нэртэй газарт Үр тариа, төмс хүнсний ногоо тарих зориулалтаар 264.7 га газар эзэмшүүлэхээр, (нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар энд хамаарч байна), иргэн С.Х-д Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/78 дугаартай “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай” захирамж, захирамжийн хавсралтад зааснаар Цэнхэр сумын “Б” гэх газарт 20 га газрыг үр тарианы зориулалтаар эзэмшүүлэх шийдвэр гарсан болох нь тус тус тогтоогдож байх тул аймгийн Засаг даргын дээрх шийдвэр нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх зарчим шаардлагыг хангахгүй байна.

2.10. Мөн хариуцагчаас маргаан бүхий актын нэхэмжлэгчид хамаарах нэг үндэслэлдээ “...мэдээллийн санд тусгаагүй нэгж талбарын хувийн хэрэг байхгүйгэжээ.

2.11. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмын дагуу аливаа захиргааны байгууллага нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, субьектив эрхэд халдах тохиолдолд үндэслэл нь бодитой, хууль зүйн хувьд үндэслэл бүхий байх нөхцөлийг шаарддаг.

2.12. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10.-т зааснаар "нэгж талбарын хувийн хэрэг" гэж газар өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхтэй холбоотой цаасан болон цахим баримт бичгийн бүрдлийг.” ойлгоно гэж, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2. дахь хэсэг Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараах эрх хэмжээтэй байна: 23.2.22.-т “нэгж талбарын хувийн хэрэг хөтлөх журмыг батлах” гэж заасан.

2.13. Тодруулбал, газрын нэгж талбар бүр хувийн хэрэгтэй байх бөгөөд Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн А/169 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан “Нэгж талбарын хувийн хэрэг хөтлөх журам”-ын 2.10-д “газар эзэмшигч иргэний нэгж талбарын хувийн хэргийг суманд Газрын даамал, аймаг, нийслэл дүүрэгт Газрын албаны холбогдох мэргэжилтэн нэгж талбарын дугаарыг дэс дараалуулан хавтсанд үүсгэж архивлах ажлыг гүйцэтгэнэ.” гэж заажээ.

2.14. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч иргэний эзэмшиж буй газрын нэгж талбарын цаасан хувийн хэрэг, баримт олдоогүй боловч Цэнхэр сумын газрын даамал, Архангай аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт тус газрын цахим хувийн хэрэг холбогдох баримт бичиг нь хадгалагдаж байгаа болох нь тогтоогдож эдгээр баримт нь хэрэгт авагдсан болно. (Хавтаст хэргийн 37-46 дахь тал)

2.15. Нөгөөтээгүүр, газар эзэмшигч иргэний эзэмшиж буй газрын нэгж талбарын хувийн хэргийг хөтлөх, хадгалах чиг үүрэг нь захиргааны байгууллагад өөрт нь хадгалагдаж буй нөхцөлд эл үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгах, нэхэмжлэгчийг газар эзэмших эрхийг хөндөх хууль зүйн үндэслэлгүй байна.

2.16. Аймгийн Засаг дарга нь доод шатны Засаг даргын шийдвэрийг хожим нь “хууль бус” гэх үндэслэлээр хүчингүй болгох шаардлагатай гэж үзвэл энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгээр зохицуулагджээ.

2.17. Хэдийгээр аймгийн Засаг дарга нь Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7.-д “газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах”, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол …түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, ….хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсоох эрх хариуцагчид хадгалагдаж буй боловч энэхүү эрх нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар Захиргааны байгууллага энэ хуулийн 48.2.1, 48.2.2, 48.2.3, 48.2.5-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно.” гэж заасны дагуу хязгаарлагдаж байна.

2.18. Өөрөөр хэлбэл, аймгийн Засаг дарга нь доод шатны Засаг дарга болох сумын Засаг даргын захирамжийг хүчингүй болгох эрх хэмжээ олгогдсон боловч өмнө гаргасан доод шатны Засаг даргын шийдвэрийг хэдийд ч ямар ч хамаагүй үндэслэлээр хүчингүй болгох боломжгүй гагцхүү хуульд заасан зайлшгүй тодорхой нөхцөлд л хүчингүй болгох боломжтой байна.

2.19. Мөн Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны (2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн Дугаар 001/ХТ2020/0282 тогтоол, 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн Дугаар 001/ХТ2020/0330) хүчин төгөлдөр тогтоолуудад Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3 дахь хэсгийн зохицуулалттай холбоотойгоор тодорхой тохиолдолд хууль тайлбарлан хэрэглэсэн байгааг дурдах нь зүйтэй. 

3. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгчид газар эзэмшүүлсэн Архангай аймгийн Цэнхэр сумын Засаг даргын 2011 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн А/78 дугаартай захирамжийн хавсралтад зааснаар 20 га гэж тэмдэглэгдсэн байх боловч 2011 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаартай Газар эзэмших эрхийн гэрчилгээнд газрын хэмжээ 50 га, 2011 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 1 дугаартай газар эзэмшүүлэх гэрээнд газрын хэмжээ 50 га, 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хэвлэгдсэн **************** дугаартай иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээнд 5000853 м.кв газар эзэмшүүлэхээр тус тус тусгагджээ. (Хавтаст хэргийн 3-41, 43 дахь тал)

4. Хариуцагчаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “…Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагааг зохион байгуулж Газрын удирдлагын цахим системээс С.Х-гийн гар утасны ********* дугаарлуу 2024 оны 5 дугаар сарын 1-ний өдөр залгаж сонсох ажиллагааны талаарх мэдэгдэх хуудсыг гардуулж өгөх боловч дээрх утасны дугаар нь ашиглалтад байхгүй байсан” гэх тайлбарыг гаргах боловч хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь захиргааны шийдвэр гаргах ажиллагааны журмыг баримтлаагүй, тухайлбал, Захиргааны ерөнхий хуулийн 24, 25, 26 дугаар зүйлүүдэд заасан, нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримт цуглуулах, оролцогчийг сонсож тайлбар, санал аргах боломжоор хангаж, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох үүргээ хангалттай гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна.

5. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “ ... сумын газрын даамал хууль зөрчиж, албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн газрын хэмжээг нэмэгдүүлсэн ...” гэх тайлбар гаргасан боловч энэ нь маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дурдагдаагүй, уг асуудлыг эрх бүхий байгууллага шалган шийдвэрлэж тогтоосон шийдвэр гараагүй, баримтаар нотлогдож тогтоогдохгүй байна.

6. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэгт цугларсан баримтаар захирамж нь гарч ирсэн боловч тус захирамжид газрын хэмжээг 20 га гэж заасан байх тул 20 га газрын хэмжээгээр эвлэрэх боломжтой гэж тайлбарлаж байх боловч маргаан бүхий актын үндэслэл эл агуулгаар гараагүй, нэхэмжлэгчийг газар эзэмших эрхийг /50 га/ бүхэлд нь хүчингүй болгохоор гарсан, хэргийг шийдвэрлэх цаг хугацаанд тус актад ямар нэгэн өөрчлөлт ороогүй, хүчин төгөлдөр үйлчлэл үзүүлсэн хэвээр байна.

7. Иймд дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий А/457 дугаартай захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12, 106.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч С.Х-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Сумын Засаг даргын захирамж, захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгох, иргэдийн газар эзэмших эрхийг цуцлах тухай” А/457 дугаартай захирамжийн иргэн С.Х-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.ТҮВШИНТУЛГА