Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00231

 

 

 

 

 

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00231

 

С.Агийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/02810 дугаар шийдвэртэй

С.Агийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Эд холбогдох

Гэрээнээс учирсан хохиролд 3 250 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А, хариуцагч М.Э, түүний өмгөөлөгч Д.Наранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгч С.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.А 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр М.Этэй худалдах, худалдан авах гэрээг амаар байгуулан, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун Фабрик 4 дүгээр хэсгийн 6 дугаар байрны 8 тоот хаягт байрлах, 34 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 35 000 000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, тэрээр 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр орон сууцанд нүүж орон, орон сууцны урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөгийг төлсөн. Ингээд худалдах, худалдан авах гэрээгээ бичгээр байгуулж, орон сууцны үлдэгдэл төлбөр төлөхийг М.Эд мэдэгдэж байсан боловч тэрээр 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр байрыг худалдаж авахаа болилоо гээд нүүгээд явсан. М.Э нь урьдчилгаанд төлсөн 10 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлсэн ба би 10 000 000 төгрөгийг төлж барагдуулж байна. М.Э нь намайг илтэд хууран мэхэлж миний орон сууцыг худалдан авна гэж хэлээд үнэ төлбөргүй 13 сар миний орон сууцанд амьдарсан. Иймд би гэрээнээс учирсан хохирол буюу хэрэв би уг орон сууцыг бусдад түрээслэсэн бол 1 сарыг 250 000 төгрөгөөр тооцон, 3 250 000 төгрөгийг олох ёстой байсан тул учирсан хохиролд 3 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч М.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Агийн орон сууцыг худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа төлбөрт 10 000 000 төгрөгийг төлж, уг орон сууцанд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд амьдарсан нь үнэн. С.А нь 10 000 000 төгрөгийн урьдчилгаа авчаад үлдэгдэл мөнгөө байнга нэхдэг байсан ба тухайн үед миний бие жирэмсний амралттай байсан бөгөөд ажилдаа удахгүй ороод орон сууцны үлдэгдэл төлбөрийг өгье гэхэд зөвшөөрөхгүй өөр хүнд зарна гээд худалдахаа больсон. Ингээд С.А нь урьдчилгаа төлбөрт авсан 10 сая төгрөгийн 5 500 000 төгрөгийг буцаан өгч, үлдэгдэл 4 500 000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулсан. С.Агээс орон сууцыг худалдан авахаар тохиролцсон болохоос байрыг нь түрээслэнэ гэж тохироогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ШҮҮХ: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасныг баримтлан хариуцагч М.Эгээс гэрээнээс учирсан хохиролд 3 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 250 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Агээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 66 950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч М.Эгээс улсын тэмдэгтийн хураамжид 62 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Ад олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч М.Э давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Талуудын хооронд Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна, Хариуцагч М.Э гэрээгээр хүлээсэн орон сууцны үлдэгдэл төлбөр болох 25 000 000 төгрөг төлөх үүргээ зөрчсөний улмаас нэхэмжлэгч С.А гэрээнээс татгалзсан болох нь тогтоогджээ гэж дүгнэн надаас гэрээний үүрэг зөрчсөний хохиролд 3 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно. Шүүхийн эдгээр дүгнэлт, үндэслэлийг эс зөвшөөрч байна. Би нэхэмжлэгчээс орон сууц худалдан авахаар тохиролцож урьдчилгаа төлбөр төлсөн нь үнэн боловч аман хэлцэл хийх биш Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлэн эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох ёстой байжээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Хариуцагч орон сууцыг худалдаж авахаа болилоо гээд нүүгээд явсан гэсэн байхад шүүх эсрэгээр нь нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзсан гэсэн байна. Үнэн хэрэг дээрээ орон сууцны үлдэгдэл төлбөр хийх хугацааг тохиролцох талаарх миний саналыг нэхэмжлэгч хүлээн авахгүй, өөр хүнд байраа зарна гээд байсан учир би тухайн орон сууцыг худалдан авахаа больсон юм. Нэхэмжлэгч С.А нь намайг орон сууцанд нь амьдрах хугацаанд 10 000 000 төгрөгийг хүүгүйгээр ашигласан, өнөөг хүртэл 4 500 000 төгрөгийг буцааж өгөөгүй ашигласаар байгаа нь нотлогдсон байхад анхан шатны шүүх түүнд хохирол учирсан гэж үзсэн нь буруу юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч С.А нь хариуцагч М.Эд холбогдуулан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдуулан учирсан хохиролд 3 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...би уг орон сууцыг бусдад түрээсэлсэн бол 1 сарын 250 000 төгрөгөөр тооцон, 3 250 000 төгрөгийг олох ёстой байсан гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд талууд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч С.А Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Шувуун Фабрик 4 дүгээр хэсгийн 6 дугаар байрны 8 тоот хаягт байрлах 34 м.кв 2 өрөө орон сууцыг худалдах, хариуцагч М.Э 35 000 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, зохигчид худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний дагуу урьдчилгаа 10 000 000 төгрөг төлсөн, уг мөнгийг нэхэмжлэгч С.А хариуцагч М.Эд буцааж өгөх үүрэгтэй талаар хэн аль нь маргаагүй.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийг хариуцагч зөрчсөн үндэслэлээр зохигчдын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ цуцлагджээ.

Хариуцагч М.Э нь орон сууцанд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэл амьдарч байсан, хариуцагч М.Э 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр орон сууцыг буцаан хүлээлгэн өгсөн.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Иймд нэхэмжлэгч С.А нь гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлоо хариуцагч М.Эгээс нэхэмжлэх эрхтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр шинжээч томилсон, уг дүгнэлтээр Хан-Уул дүүргийн 13-р хороо, Туул тосгон 24 айлын орон сууцны 6 дугаар байрны 8 тоот хаягт байрлах 2 өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн 2017 оны 01 дүгээр сарын 6 дугаар сарын хоорондох түрээсийн зах зээлийн үнийг 252 300 төгрөгөөр тогтоосон байна. /хх.23-43/

Анхан шатны шүүх хариуцагч М.Э байрыг хүлээн авсан 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрөөс хүлээлгэж өгсөн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацааны 1 жилийн хугацаанд олох байсан орлогод 3 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2020/02810 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас төлсөн 62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

Ц.ИЧИНХОРЛОО